Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2020/0225/Э |
Дугаар | 184 |
Огноо | 2020-10-07 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0225/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч М.Мэндбаяр /онлайнаар оролцсон/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б –д холбогдох 2040........... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод оршин суух Б.Аийн байшингийн цоожийг эвдлэн нэвтрэн орж 32 инчийн TCL маркийн телевизор, зурагтын удирдлага, ДДШ кабелийн удирдлага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Аэд 234.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-04 тоот хашаанд байх иргэн Д.Лын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Finlux брэндийн 32 инчийн зурагтыг хулгайлан бусдад нийт 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод оршин суух Б.Аийн байшингийн цоожийг эвдлэн нэвтрэн орж 32 инчийн TCL маркийн зурагт, зурагтын удирдлага, ДДШ кабелийн удирдлага зэргийг хулгайлж 234.000 төгрөгийн,
2020 оны 05 дугаар сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-04 тоот хашаанд байх иргэн Д.Лын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Finlux маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг дэнжийн 501 тоотод эхнэр Нарантуяагийн хамт 2020 оны 01 дүгээр сараас хойш амьдарч байна. Манай гэр Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн гудамжинд байх “Шарга” дэлгүүрийн урд талын улаан өнгийн модон банзаар хийсэн хашаатай дотроо улбар шар өнгийн дээвэртэй 1 байшинтай, зүүн тийш харсан цагаан цэнхэр өнгийн торон хаалгатай хашаа байгаа. Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө эхнэрийн хамт 07 цаг 30 минутын үед ажилдаа явсан. Бид хоёр ажилдаа явахдаа гэрийнхээ гадна хаалгыг хар өнгийн цоожоор цоожлоод түлхүүрээ аваад явсан. Хашааны гадна хаалгыг онгорхой орхиод явсан. Тэгээд би эхнэрийн хамт 12 цагт цайны цагаар гэртээ ирэхэд байшингийн гадна талын хаалганы цоожны цүүг нь юмаар цохисон байдалтай цоож нь байхгүй, цоожийг нь хүн аваад явчихсан юм шиг байсан. Тэгэхээр нь бид 2 гэртээ ороод харахад гэрийн дотор эд зүйлс эмх замбараатай, гэрийн том өрөөний зүүн талын хананд байх хүрэн бор өнгийн модон телевизорийн тавиур дээр байх TCL маркийн 32 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Биднийг гэртээ орж үзэхэд зурагтнаас өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй байсан. Би зурагтаа 2016 онд 350.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авч байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/
Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Манай байшин үүдэндээ амбаартай юм. Тэр өдөр би гэрээсээ гарахдаа байшингийн бүргэд хаалгыг цоожлоогүй, харин гадна талд нь байх амбаараа зүүдэг цоожоор цоожлоод явсан юм. Тэгсэн манай гэрт хулгай орохдоо амбаарын хаалганы цүүг цоожтой хамт эвдээд аваад явсан. Манай гэрт хулгай ороход зөвхөн хаалгаар нэвтэрсэн байсан. Өөр манай байшингаас эвдэрсэн зүйл байхгүй. Би хаалганы цүү болон цоожийг цүүг нь 1000 төгрөгөөр, цоожийг нь 3000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Уг цоож маань хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цоож байсан юм... Манай гэрээс зурагт болон зурагтны удирдлага мөн ДДШ тв-ийн удирдлага алдагдсан... Би зурагтны удирдлагыг 8000 төгрөгөөр, ДДШ тв-ийн удирдлагыг 5000 төгрөгөөр тус тус үнэлнэ... Би Хэнтий аймагт ажиллаж амьдарч байгаад Бор-Өндөр суманд ирээд 2 жил л болж байна. Иймд би хөрш айлуудаа танихгүй, ямар хүмүүс байдаг эсэхийг мэдэхгүй... Манай байшингийн цонх болон хаалганы дэргэд, мөн хашааны хаалганы дэргэд гутлын улны мөр үүссэн байсан. Уг мөрийг цагдаа нар үзлэг хийхдээ зургийг нь дарж байсан. Би ямар хэлбэр дүрстэй гутлын улны мөр гэдгийг хэлж мэдэхгүй байна. Энэ гутлын мөр нь миний болон манай эхнэрийн гутлын мөр биш. Манай гэрээр хүн нээх орж гараад байдаггүй юм... Би гомдолтой байгаа. Миний зүгээс зурагт болон цоож, цүү, зурагтны удирдлага болон ДДШ тв-ийн удирдлагын мөнгө төгрөгөө олоод авчихвал цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би манай гэрт хулгай орсон хүнээс эдгээр мөнгийг нэхэмжилнэ. Мөн зурагтны үнэлгээ гаргуулахад 15000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг мөн нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод эхнэрийн хамт амьдардаг юм. Манай эхнэр Б.Нарантуяа нь Бор-Өндөр цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан, би өөрөө Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дулааны мастер ажилтай. Бид хоёр өглөө ажилдаа яваад оройдоо ирдэг. Зарим завтай өдрөө үдийн цайгаараа гэртээ ирдэг юм. 2020 оны 05 дугаар сарын 27-ны 07 цаг 30 минутын үед ажилдаа гараад 12 цагийн үед үдийн цайгаа уух гээд гэртээ очтол манай хаалгыг эвдэж ороод хар өнгийн TCL маркийн 32 инчийн зурагтыг маань аваад явсан байсан. Гэр орныг маань ухаж төнхөөгүй, бүх юм байрандаа байсан. Манай гаднах хаалгыг эвдэж орсон байсан. Хаалга маань цул хар өнгийн цоожтой байсан. Цоожийг маань аваад явсан байсан... Би TCL маркийн 32 инчийн зурагтаа 2016 онд Улаанбаатар хотоос 350.000 төгрөгөөр авч байсан. Содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Мөн хагарч гэмтсэн зүйлгүй хэвийн ажиллагаатай байгаа... Надад сэжиглэж байгаа хүн байхгүй... Би авсан үнэ болох 350.000 төгрөгөөр үнэлнэ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
2. Гэрч Э.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 501 тоотод нөхрийн хамт амьдардаг юм. Манай нөхөр А нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт дулааны мастер ажилтай, би өөрөө Бор-Өндөр цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан ажилтай. Бид хоёр өглөө эрт ажилдаа яваад орой гэртээ ирдэг юм. 2020 оны 05 дугаар сарын 27-ны 07 цагийн үед ажилдаа гараад 12 цагийн үед үдийн цайгаа уух гээд гэртээ очтол манай хаалгыг эвдэж ороод хар өнгийн TCL маркийн 32 инчийн зурагтыг маань аваад явсан байсан. Гэр орныг маань ухаж төнхөөгүй бүх юм байрандаа байсан. Манай гаднах хаалга нь хар өнгийн цоожтой байсан... Манай гэрээр хүмүүс ирээгүй. Бид хоёр л гэртээ байсан. Өглөө ажилдаа яваад л орой гэртээ ирдэг. Зарим үедээ гэртээ ирж үдийн цайгаа уудаг юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
3. Гэрч Д.Өвгөний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 5-611 тоотод ганцаараа амьдардаг юм. Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө гэртээ байж байтал 07 цагийн үед Б нь Мөнх-Эрдэнэ залуугийн хамт манайд орж ирсэн. Б нь жоохон байж байгаад дэлгүүр онгойхоор ганц юм авч өгнө гэж хэлээд цуг ирсэн Мөнх-Эрдэнэ гэх залуутайгаа хамт гараад явсан. Нилээн удаж байгаад 08 цаг жоохон өнгөрөөгөөд манайд нөгөө залуутайгаа ороод ирсэн. Тухайн үед манайд Бадмаа, Бааяа, Лхагваа нар нь унтаж байсан. Б нь намайг дэлгүүр явъя гээд дагуулж явсан. Гэрээс гарахдаа Б нь Бадмаагийн хар саравчтай малгайг гуйж аваад өмсөөд гарсан. Бид хоёр гэрээс гараад “Зулбаяр-2” дэлгүүр орох гэтэл хаалттай байсан болохоор “Шарга” дэлгүүр лүү явсан. Б нь миний араас дагаж явж байгаад эргээд хартал байхгүй болцон байсан. Би тэндээ хүлээгээд зогсож байтал зүүн тал руугаа харсан цагаан төмөр хаалгатай хашаанаас гараад ирсэн. Гарч ирээд дэлгүүр оръё гэж хэлээд “Шар” дэлгүүрээр орсноо юм авалгүй буцаад гарсан. Дэлгүүрээс гараад урагшаа алхаж байгаад нөгөө зүүн талдаа хаалгатай хашаа руугаа эргээд орсон. Би тэгэхээр нь чигээрэй алхаад гэр лүүгээ харьсан. Намайг гэртээ очиход Мөнх-Эрдэнэ гэх дагуулж явсан залуу нь гараад явсан байсан. Тэгээд би гэртээ хэвтэж байтал цагийн дараа Б нь Мөнх-Эрдэнэ гэх залуугийн хамт нэг шил архи бариад ороод ирсэн. Тэгээд авчирсан архиа хувааж уучихаад нөгөө залуутайгаа хамт яваад өгсөн... Б гэх хүнийг багаас нь таньдаг байсан. Мөн Хэнтий аймгийн хорих ангид хамт ял эдэлж байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх залууг огт танихгүй. Жоохон хүүхэд байсан. Б нь дагуулаад явж байсан... Б нь зүүн талдаа цагаан торон хаалгатай хашаа руу орж гараад байсан. Бид хоёр “Зулбаяр-2” дэлгүүрийн гаднаас “Шарга” дэлгүүр лүү алхах замд алга болсноо тэр хашаанаас гараад ирсэн. Тэгээд “Шарга” дэлгүүрээс урагшаа алхаж байхад эргээд нөгөө хашаа руугаа ороод явсан. Тэгээд би гэртээ харьсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/
Гэрч Д.Өвгөний мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 5-611 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг ба одоогоор гэртээ ганцаараа амьдарч байна. Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед гэртээ байхад гаднаас Дулмаагийн Б гэх миний танил залуу нэг Бор-Өндөр суманд амьдардаг Мөнх-Эрдэнэ гэх залуугийн хамт гэрт орж ирсэн. Тэгээд Б надад дэлгүүр онгойхоор нэг шил архи авч өгнө гэж хэлсэн. Тэгээд Б манайхаас гараад явсан ба Мөнх-Эрдэнэ гэх залуу манайд үлдээд би тог янзалж байсан учраас Мөнх-Эрдэнэ хамт тогны утас янзлаад дуусч байхад Б гаднаас орж ирсэн. Тэгээд би Б, Мөнх-Эрдэнэ нарын хамт гэрээс гараад Дэнж дээр байх “Шарга” нэртэй дэлгүүр лүү явсан. Мөнх-Эрдэнэ тэр үед хаачсаныг мэдэхгүй байна. Б бид хоёр дэлгүүр ороход Б гаръя гээд юм аваагүй гарсан. Тэгээд бид хамт урагшаа алхаад явж байхад Б “Шарга” хүнсний дэлгүүрийн урд талд байх хашааны буланд зогсоод би гэр лүүгээ явсан. Тэгэхдээ би Бэд дэлгүүрээс юмаа аваад очно биздээ, би гэр лүүгээ хариад байж байя гэхэд Б надад та гэртээ очоод байж бай би танайх руу яваад очъё гэж хэлсэн. Би тэгээд шууд гэр лүүгээ явсан ба Б надаас салаад “Шарга” хүнсний дэлгүүрийн урд талд байх улаан өнгийн банзан модон хашаатай зүүн тийш харсан хаалгатай хашаа байсан ба тэр хашааны хаалга нь томоороо онгорхой байсан. Тэгээд би Бээс салаад гэртээ ороод байж байхад 1 цаг орчмын дараа манай гэрт Б, Мөнх-Эрдэнэ гэх залуугийн хамтаар 1 ширхэг 0.75 литрийн савлагаатай “Монгол стандарт” нэртэй архи авч орж ирсэн. Би түүнийг дэлгүүрээс архи аваад ороод ирлээ гэж бодсон. Тэгээд бид хамт тэр авч ирсэн архийг нь ууж дуусчихаад тэр 2 гараад яваад өгсөн. Тэрнээс хойш бид дахин уулзалдаагүй байгаа... Би дэлгүүр орохдоо саарал өнгийн подволктой, хар өнгийн өмдтэй, малгайгүй, цагаан өнгийн масктай явж байсан. Б хар өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн маск зүүсэн, цэнхэр өнгийн куртиктэй явж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
4. Гэрч Г.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байр 3-4 тоотод ах, эгчийн хамт амьдардаг. Би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 407 тоотод байх өөрийн төрсөн аав Батмөнхийн гэрээс өөрийн амьдардаг нийтийн байр 3-4 тоот руу алхаад явж байхад гэр хорооллын дунд урьд Хэнтий аймгийн 419 дүгээр хорих ангид хамт ял эдэлж байсан Б гэх ах надтай таарсан. Тэгээд би салаад нийтийн байр руу оччихоод буцаад гэрт ирчихсэн байхад Б ах аавын гэрт нь хүрээд ирсэн. Тэр ах аавын гэрт орж ирээд архи уусан. Тэгээд байж байхад манай аав гэрт орж ирээд хөөгөөд явуулсан. Тэгээд тэр өдөр таараагүй. Би 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нийтийн байрны 03-04 тоотод унтаж байхад өглөө 06 цаг өнгөрөөгөөд Б ах гаднаас орж ирээд танай аавын гэрт утсаа орхичихсон байна, хамт очоод авъя гэж хэлсэн. Тэгээд бид хамт явж байтал Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн гудамжинд байх Өвгөнийх гэх айл руу ороод Б ах Өвгөнийг сэрээгээд шарыг нь тайлна гэж хэлсэн. Тэдний гэрт ороод байж байтал Б ах намайг манай дүүгийн гэр лүү яваад ирье гэхээр нь бид хамт 45 дугаар байрны хамгийн хойд талын орц руу орсон. Намайг орцны гадна үлдээгээд орсон. Би хаашаа орсныг нь хараагүй. Тэгээд тэр орсон айлаасаа удалгүй 20.000 төгрөгтэй гарч ирсэн. Тэгээд бид хоёр хамт явж байтал Бор-Өндөр суманд байдаг хоёр ах таарсан. Тэд нартай хамт явж байгаад Б ах Бумаа гэх ахыг Бор-Өндөр суманд байх гэр хороололд архи зардаг айл руу оруулаад архи авахуулсан. Тэгээд бид дөрөв хорооллоос баруун тийшээ гараад тэр гурав архиа уусан. Тэгээд би гэр лүүгээ явлаа гэхэд Б ах намайг Өвгөний гэр лүү хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгөх замд Б ах дэлгүүр орж архи авна гэж хэлээд явсан. Би Өвгөнийх рүү орж байтал Б ах “Монгол стандарт” гэх архи бариад Өвгөнийх рүү орсон. Тэднийд Өвгөнөөс гадна Бааяа гэх ах, хоёр гаргүй эрэгтэй, бас нэг танихгүй эрэгтэй хүн хамт байсан. Тэр архийг бүгд уучихаад Б ах Өвгөний гэрээс гарахдаа гаргүй эрэгтэйн хар саравчтай малгайг өмсөөд гарсан. Гарахдаа Өвгөнтэй хамт архи авч ууна гээд гарсан. Тэгэхээр нь би шууд гэр лүүгээ харьсан. Тэрнээс хойш Б ахтай уулзаагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 тал/
Гэрч Г.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би Д.Б гэгчтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Намайг Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангид ял эдэлж байхад Д.Б мөн ял эдэлж байсан юм. Тэр утгаараа л би Д.Б ахыг мэднэ. Тэрнээс бид хоёрын дунд харилцаа холбоо болон ах дүү, төрөл садангийн холбоо байхгүй. Намайг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр аав Батмөнхийн гэр болох Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 4-407 тоотоос өөрийн амьдардаг гэр лүү буюу Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр луу явж байхад Бор-Өндөр сумын 3 дугаар багт Зулбаяр-2 дэлгүүрээс чанх урагш нүүрний эгнээнд шинээр баригдаж байгаа нэг давхар барилгын урд хэсэгт Д.Б ахтай таарсан. Тухайн үед Б Өвгөн гэдэг ахтай уулзахаар явж байна гээд явж байсан. Ингээд бид хоёр шоронгоос хэзээ гарсан талаараа ярихад Д.Б ах хоёулаа хамт айл руу оръё гээд уг шинээр баригдаж байгаа 1 давхар барилгын ертөнцийн зүгээр баруун талд нь байх цэнхэр төмөр хаалгатай хашаа руу орсон. Д.Б ах бид хоёрыг ороход Өвгөн, хонин хочит Баяа болон хоёр гаргүй ахын хамтаар сууж байсан. Ингээд тэдний гэрт ороод удаагүй гэрээс нь гарч аавын гэр лүү буцаад явж байтал Б ах хойноос гарч ирээд намайг дуудаж ах нь танайд очъё гэхээр нь би аав загнана гэхэд тоохгүй надтай хамт аавын гэрт орсон. Ингээд аавын гэрт байж байгаад унтаад өгсөн. Би тухайн үеийн цаг, минутыг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Б ах бид хоёрыг байж байхад манай аав ажлаасаа тарж ирээд юун хүн гэрт авчирчихаад байгаа юм гэж уурлаад Д.Б ах бид хоёрыг хөөсөн. Ингээд бид хоёр манай аавын гэрээс гараад би төвд байх гэр лүүгээ явсан. Харин Б ах буцаад Өвгөн ахынх руу орсон. Тэгсэн Б ах 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өглөө 06 цаг өнгөрч байх үед манай гэрт хүрээд ирсэн. Ингээд намайг дуудаад хоёулаа хамт манай ахынх руу явъя гээд явж байгаад ах нь танай аавынд утсаа орхисон байна, хамт очиж авъя гэхээр нь би тухайн үед хамт манай аавынх руу яваад орхисон гэх хар өнгийн корпустай нугастай утсыг нь өмнөх өдөр нь хэвтэж байсан газраас нь олж аваад буцаад гарсан. Ингээд бид хоёр хамт 45 дугаар байрны гадаа ирэхэд Б 45 дугаар байрны хамгийн хойд талын орц руу орсон. Би хаашаа хэдэн давхрын хэдэн тоотод орсон эсэхийг мэдэхгүй. Би гадаа хүлээгээд байж байсан. Ингээд удалгүй Б гарч ирээд шууд гэр хороолол руу айлаас архи авахаар явж байтал нүдэн хочит Бааяа, Бумаа гэх ах нартай таарсан. Тэд бие биенээ танидаг бололтой, бие биетэйгээ мэнд ус мэдэлцсэн. Тэгсэн Б ах нүдэн хочит Бааяа ахад 20.000 төгрөг өгч 0.75 литрийн савлагаатай хараа гэх нэртэй архи авахуулсан. Ингээд уг архиа аваад баруун талд байх овоон дээр гарч ууцгаасан. Ингээд архи дуусахад Б ах намайг Өвгөнийх рүү хүргээд өг гэхээр нь би Өвгөн ахын гэрт Б ахыг хүргэж гэрт нь хамт ороход өмнөх өдөр байсан ах нар бүгд байсан. Тэгсэн Б ах Өвгөн ахынд байсан хоёр гаргүй ахын хар өнгийн саравчтай малгайг өмсөөд Өвгөн ахтай хамт гэрээс нь гарсан. Тэр хоёр архи авна гээд гарсан. Ингээд би тэр хоёрыг гараад явснаас нь хойш удалгүй гэрээс нь гарч өөрийн гэр лүүгээ явсан. Ингээд би дахин Б ахтай уулзаагүй... Б ах дээгүүрээ хар бараан өнгийн цамцтай, доогуураа мөн л хар саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн пүүзтэй явж байсан. Мөн толгой дээрээ шар өнгийн малгай гозойлгоод тавьсан байсан... Манай гэрт бол ирээгүй... Харин аавын гэрт ирсэн эсэхийг би мэдэхгүй байна... Саарал хагас ханцуйтай подволк өмссөн нь Өвгөн ах байна. Харин хар малгайтай, цэнхэр күртиктэй нь Б ах байна... Би өмсөж явж байгаа хувцаснаас нь болон биеийн төрх, байгаа байдлаар нь таниж байна. Камерийн бичлэг дээр Өвгөн ахтай явж байгаа хүн нь Б ах мөн байна. Б ах Өвгөн ахтай дэлгүүрээс хамт гараад айлын хашаа руу ороод удалгүй гарч ирээд дахин уг хашаа руу ороод тэгээд нэг зүйл бариад гараад явж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
5. Гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Д.Б гэгчийг танина. Би Бийг манай танил ахын дүү гэдгээр нь л зүс танина. Тэрнээс бид хоёрын дунд ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй... Би тэр үед танил ах болох Өвгөн гэдгийнд архи уугаад байж байсан байх... Би өдөр хоногоо нарийн сайн санахгүй байна. Намайг Өвгөн ахынд унтаж байхад Өвгөн болон Баба буюу Бадмаагийн хамтаар байж байхад Б нь манай сумын хүүхэд болох Мөнх-Эрдэний хамтаар орж ирсэн. Ингээд орж ирээд Б нь Өвгөн ахын хамтаар дэлгүүр ороод ирье гээд хамт гарсан. Б нь гарахдаа Бадмаагийн саравчтай хар малгайг нь өмсөөд гарсан. Ингээд хэсэг хугацааны дараа Өвгөн ах ганцаараа орж ирсэн. Б нь ирээгүй. Ингээд бид нарыг байж байхад удалгүй Өвгөн ахыг цагдаа нар аваад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй... Б, Өвгөн нарыг ямар хувцастай байсан эсэхийг сайн санахгүй байна. Б нь бараан өнгийн гутал, хувцастай явж байсан шиг санагдаж байна. Харин Өвгөн ах саарал пудволктой явж байсан байх. Би нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би согтолтын байдалтай байсан... Танина... Мөн байна. Б болон Өвгөн ах байна... Би өмсөж явж байгаа хувцаснаас нь болон гаднах төрөх байдлаар нь таниж байна. Камерийн бичлэг дээр Өвгөн ахтай явж байгаа хүн нь Б мөн байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 тал/
6. Гэрч А.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Б гэгчийг танихгүй. Бидний дунд ямар ч холбоо байхгүй. Би Бор-Өндөр сумын урд гаалийн талбайд хувиараа буюу жонш савлаж мөнгө олдог. Би өглөөний 08 цагаас оройн 20 цагийн хооронд ажилладаг юм. Би өдөр хоногийг сайн санахгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 26 билүү 27-ны өдөр намайг орой 21 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай хүү Мөнх-Эрдэнэ нэг танихгүй залуугийн хамтаар ирчихсэн унтаж байсан. Би Мөнх-Эрдэнэтэй хамт байсан залууг танихгүй учир хүү Мөнх-Эрдэнэдээ уурлаж гэрээсээ хөөгөөд явуулсан. Ингээд л би гэртээ унтаж амарсан. Тэр цагаас хойш манай хүүтэй явж байсан залуу ирээгүй... Би өмнө нь харж байгаагүй. Би Мөнх-Эрдэнээс юун хүн юм, хэн гэдэг юм гэж асуухад манай хүү Мөнх-Эрдэнэ би танидаг юм, бид хоёр хамт хорих ангид ял эдэлж байсан юм, нэрийг нь Монхор буюу Б гэдэг юм гэж байсан... Би ямар гутал хувцастай явж байсан эсэхийг нь анзаараагүй. Хальт харахад бараан өнгийн хувцастай л явж байсан... Би хараад танина... Яг царай зүс нь харагдахгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан саарал пудволктой нь манай сумын Өвгөн гэдэг хүн мөн байна. Хамт явж байгаа бараан хувцастай хүнийг нь харахаас нааш танихгүй юм байна. Харин Д.Б нь иймэрхүү хувцастай явж байх шиг байсан... Мөн байна. Манай гэрт манай хүүтэй орж ирсэн залуу мөн байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/
7. Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд бага залуу насаа өнгөрүүлсэн нутгийн хүүхэд юм. Би Бор-Өндөр суманд Улаанбаатар хотод түрүү булчирхайн хорт хавдраа эмчлүүлэн эмчийн хяналтад байж байгаад 2020 оны 05 дугаар сард ирсэн. Би он сараа сайн санахгүй байна. Бор-Өндөр сумын танил Өвгөн гэдэг айлд очиж архи ууж байгаад Өвгөнтэй хамт дэлгүүр лүү архи авах гэж явж байгаад дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд хэсэгт нь байх танил дүүгийнх рүүгээ орж мөнгө гуйх гэсэн боловч байхгүй байшингийнх нь хаалга, цонх цоожтой байсан. Тэгэхээр нь буцаж гараад Өвгөнтэй уулзахад дэлгүүрээс архи авч чадаагүй байсан учир би буцаж нөгөө айл руугаа ороод байшингийнх нь цоожийг эвдээд гэрт нь ороод том өрөөнд нь байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад гарсан. Ингээд би уг зурагтыг авч гараад гудамжинд явж байгаад нэг залуу таарахаар нь уг зурагтаа 20.000 төгрөгөөр зарчихсан. Би надаас зурагт авсан залууг танихгүй. Одоо харсан ч танихгүй. Тэр залуу байгаа нь 20.000 төгрөг байна гээд л авсан. Ингээд би уг мөнгөнийхөө 15.000 төгрөгөөр нь замын зардал хийж Хэнтий аймгийн Чингис хотод ирсэн. Ингээд Чингис хотод ирээд мөн л нэг айлаас зурагт хулгайлаад үйлдэл дээрээ баригдсан. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болон Хэрлэн суманд бусдын гэр лүү нэвтэрч зурагт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би дээрх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа... Надад эм тарианы мөнгө хэрэг болоод би зурагт хулгай хийх болсон. Тухайн үед тэр залууд байгаа нь л 20.000 төгрөг гэхээр нь зарчихсан. Мөн би гудамжинд нь зурагт тэврээд яваад байвал хүний анхаарал татах байх гэж бодоод хурдхан шиг л зарчихсан... Би тухайн үед бараан өнгийн пүүз, доогуураа хар өнгийн өмд, хар өнгийн цамцтай явж байсан. Би Өвгөний гэрээс гарахдаа гэрт нь байсан хүний хар өнгийн саравчтай малгайг нь өмсөөд гарсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ ийм л хувцастай байсан. Одоо эдгээр гутал хувцас байхгүй хаячихсан... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 131 тал/
8. Хохирогч Д.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-14 тоотод эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Би 2020 оны 05 дугаар сарын 30-ны өглөө хөдөө ажлаар яваад орой 19 цагийн үед ирэхэд гэр маань цоожтой байсан. Ингээд гэртээ байж байгаад эргэж ахынх руугаа явахдаа гэрээ дахин цоожлоод ахындаа очоод байж байхад эхнэр маань 22 цаг 30 минутын үед ажил тарсан, ирж ав гэхээр нь эхнэрээ ажлаас нь авчихаад 22 цаг 45 минутад гэртээ ирэхэд гэрийн маань хаалга нь онгорхой гэрэлгүй байсан. Ингээд би хулгай орчихлоо гэж бодоод гэр лүү орж гэрлээ асаасан чинь манай гэрийг онгичсон, гэрийн баруун талын хананд байсан 32 инчийн хар өнгийн Finlux брендийн телевизор байхгүй байсан... Би 2020 оны 04 дүгээр сард ахаасаа авч байсан юм... Би тэрийг нь сайн мэдэхгүй байна... Тийм ээ, би өөрийн гэрээ цоожлоод явсан. Орой гэртээ ирэхэд цоожийг маань татаж онгойлгоод хулгайч орсон байсан... Одоогоор байхгүй. Тэгэхдээ манай зүүн айлын хүмүүс байнга архи уудаг... Зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ... Манай гэрт урьд нь хулгай орж байгаагүй... Миний хувьд гомдолтой байна. Би телевизороо эргүүлэн авмаар байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-88 тал/
Хохирогч Д.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Гэрээ хятад жижиг цоожоор цоожилсон байсныг цохиж эвдлээд хаалгаар орсон байсан.... Гутлын улны мөр байсан. Би очиж хараагүй, цагдаа нар ирээд үзэж байгаад явсан... 2020 оны 05 дугаар сарын 30-ны орой 22 цаг 40 минутаас 23 цаг 00 минут хүртэл эзэнгүй байсан. Бусад цагт нь би гэртээ байсан... Манай ах бэлэг болгож өгч байсан юм. Би үнэлж мэдэхгүй байна... Манай зурагтны марк Finlux байсан... Надад гомдол санал байхгүй, зурагтаа авмаар байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 89 тал/
9. Гэрч Х.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Б53-15 тоотод оршин суудаг юм. Би 2020 оны 05 дугаар сарын 30-ны орой 22 цаг 40 минутад өөрийн найз болох Лтай гэрт нь ирэхэд гэрийн хаалга нь онгорхой хулгай орсон юм шиг байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Манай найзын гэрээс 32 инчийн хар өнгийн “Haier” нэртэй телевизор алдагдсан гэсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 тал/
Гэрч Х.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би Лын зурагтыг сайн мэдэхгүй, хар өнгийн 32 инчийн зурагт байсан. Би брендийн нь Haier гэж андуурч хэлсэн байна... Finlux брендийн зурагт байгаа юм аа ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/
10. Гэрч Э.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай нөхөр Энхсүх 05 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед Болдоотой нийлээд “Далайхан” гэх нэртэй дэлгүүр орчихоод ирье гээд гараад явсан. Тэгээд 11 цагийн үед намайг гудманд ажил руу явж байхад тэр хоёр такси барьчихсан гэр лүү буцаад явж байсан. Би орой 19 цагийн үед намын сурталчилгааны ажлаасаа ирэхэд Энхсүх хойд гудманд байдаг Чулуунбаатар ахынхаас гараад гэр лүү шал согтуу орж байсан. Тэгээд гэр лүү ортол баруун амбаарт Болдоо нэг хүүхэнтэй согтуу унтаж байсан. Энхсүх надад агсам тавиад зодох гээд байхаар нь би Чулуунбаатар ахынд 19 цаг өнгөрөөгөөд очсон. Тэндээ хоноод өглөө 07 цагийн үед гэртээ ирэхэд Энхсүх ганцаараа цай уугаад сууж байсан... Би өөрөө айлд байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би өчигдөр байшингаа цоожлоод ахынх руу орсон байсан болохоор цонхны модон хаалтыг нь аваад цагаан байшин руу орчихсон байсан. Өглөө ирэхэд нөгөө модыг нь буцаагаад хадаж байсан. Тэр цонхны шил нь хагарсан байсан юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/
11. Гэрч Р.Энхсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг болж байхад Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-13 тоот болох өөрийн гэрээсээ найз Болдоогийн хамт гараад Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Далайхан” хүнсний дэлгүүрт иртэл манай найз Болдоо намайг чи гадаа хүлээж бай, би ороод аваад ирье гэж хэлж ороод удалгүй 0.75 граммын нэг шил архи авч гарч ирээд бид хоёр буцаад манай гэрт ирээд авсан архиа хувааж ууж дуусгаад би “Од” дэлгүүр орж дахин нэг шил архи авчираад хувааж ууж дуусгаад эхнэрийн ах болох Чулуунбаатарын гэрт очоод байж байгаад өөрийн гэртээ 21 цагийн үед ирсэн санагдаж байна. Гэртээ ирээд л шууд унтсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/
12. Гэрч М.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би дээрх хүнийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Дээрх хүн 2020 оны 05 дугаар сарын 30-ны орой манай гэрт орж ирээд надад телевизор худалдаж авах уу гэж хэлээд телевизороо манайд үлдээгээд явсан... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 8-8 тоотод байх Нэргүй гэх айлын хашаанд түр гэр барьж эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаа юм л даа. 2020 оны 05 дугаар сарын 30-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Харуй, бүрий болсон намайг гэртээ ганцаараа байж байхад манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 160 см орчим өндөртэй ах хүү 32 инчийн телевизор барьчихсан орж ирээд надаас энэ телевизорийг авах уу гэсэн. Тэгэхээр нь би та хэдэн төгрөгөнд зарах гэж байгаа юм гэж асуухад 30.000 төгрөгөнд зарна гэсэн. Ингээд би муу санаалаад хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод тэр хүнд хандан: “... одоо надад мөнгө байхгүй байна, маргааш мөнгөтэй болно... ” гэж хэлэхэд тэр хүн за тэгвэл маргааш ирж мөнгө авъя гэж хэлээд телевизороо үлдээгээд манай гэрээс гараад явсан. Ингээд тэр хүн буцаж ирээгүй. Тэгээд би тэр хүнийг ирэхгүй болохоор нь танидаг цагдаа найздаа хэлээд хулгайн телевизор гэдгийг мэдээд цагдаагийн байгууллага хураан авсан. Өөр зүйлийн талаар би сайн мэдэхгүй... 32 инчийн хар өнгийн Finlux брендийн телевизор байсан... Би асааж үзээгүй. Эхнэр хүүхэд маань хөдөө байгаа учраас би энэ гэртээ бараг амьдардаггүй. Анх уг 32 инчийн хар өнгийн Finlux брендийн телевизорыг гэрийнхээ хойморт телевизорынхоо урд шалан дээр тавьсан. Яг л энэ хэвээрээ байгаа... Би тэр хүнд мөнгө өгөөгүй болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/
13. Гэрч Э.Ижилцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-14 тоотод хулгай орсон гэх дуудлага мэдээлэлд мэргэжилтнээр оролцсон. Хэргийн газрын үзлэгийн явцад ДДШ станц болон залгуур дээрээс соронзон нунтаг, соронзон багс ашиглан 6 ширхэг гарын мөрийг илрүүлж наалт туузаар бэхжүүлэн авсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/
14. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ШД-254 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 32 инч TCL маркийн зурагтны зах зээлийн үнэлгээг нийт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-37 тал/
15. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ШД-300 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд цоожны цүү, цоож, зурагтын удирдлага, ДДШ тв-ийн удирдлагын зах зээлийн үнэлгээг нийт 24.000 /хорин дөрвөн мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-46 тал/
16. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ШД-249 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 32 инч Finlux зурагтын зах зээлийн үнэлгээг нийт 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 106-108 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аэд 234.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бээс 234.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Аэд олгох, мөн хохирогч Д.Лд 240.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаарх хураагдсан Finlux брендийн 32 инчийн хар өнгийн LCD телевизорыг хууль ёсны өмчлөгч буюу Д.Лд буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн ажил амьдралын зан төлөв, дадал зуршил, биеэ авч яваа байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бэд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар 3 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сар 26 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд оногдуулсан 2 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бээс 234.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Аэд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Finlux брендийн 32 инчийн хар өнгийн LCD телевизорыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Лд буцаан олгож, бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ