Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2017/00050

 

    Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, эрэгтэй, 34 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 4-55 тоотод оршин суух, Дуутан овогт Гөлөгийн Ганзориг /РД:ЗЮ83092715/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дуутан овогт Гөлөгийн Уртнасан /РД:ЗЮ72121609-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1972 онд төрсөн, эмэгтэй, 45 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Булангийн дэрс гэх газар нутаглах, малчин, Жард овогт Пунцагийн Саруул-Оюун /РД:ЛД72071005, утас:98547210, 99607245/,

 

Хариуцагч: 1979 онд төрсөн, эмэгтэй, 38 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 65 дугаар байрны 02 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт дуудлага хүлээн авагч ажилтай Өргөн овогт Бямбаагийн Мөнхсүх /РД:ЗГ79042103, утас:93050573, 91114311/ нарт холбогдох

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан, хариуцагч П.Саруул-Оюун, түүний өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Б.Мөнхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн биелэлт болгон Г.Ганзориг өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоотод хаягтай, гэрчилгээний дугаар №000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай, 2 өрөө орон сууцыг 5 000 000 төгрөгийг барьцаанд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж тавьсан болно. Гэтэл П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нар барьцааны өмчлөгчид мэдэгдэлгүй дураар аашилж нэмж зээл авсан үндэслэлээр өнөөг хүртэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй. Г.Ганзориг нэг сарын хугацаатай 5 000 000 төгрөгийг барьцаанд л өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн бөгөөд нэмж зээл авсан гэх зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд ямар нэгэн тохиролцоог хүлээн зөвшөөрөөгүй, 5 000 000 төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүй болно. Мөн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд дурдсанаар нэг сарын хүү 15 хувь буюу 750 000 төгрөгийг зээлдүүлэгч суутган тооцож, зээлдэгчид 4 250 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байдаг. Одоо П.Саруул-Оюунд Б.Мөнхсүх 4 сая гаран төгрөг төлсөн гэсэн. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд Г.Ганзоригийг оролцуулалгүй, Б.Мөнхсүх 20 510 000 төгрөг төлнө гэж тохиролцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.4-т зааснаар шаардлага гаргах эрхтэй. Иймд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарын байгуулсан зээлийн гэрээний барьцаа болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Б.Мөнхсүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Саруул-Оюунаас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлж авсан. Уг барьцаанд хүргэн дүү Г.Ганзоригийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг зээлийг төлөх гэсэн боловч санхүүгийн хямрал үүсч миний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд орсон, ар гэрт хүндрэлтэй байдал үүссэнээс болж уг зээлийг төлж чадаагүй. Уг зээлийн талаар П.Саруул-Оюун бид хоёр ойлголцох юм бол нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй орон сууцыг чөлөөлж өгөх боломжтой. Гэтэл надтай уулзахгүй, өмгөөлөгчтэй уулз гээд байгаа. Би энэ зээлэнд анх 750 000 төгрөгийн хүү суутгуулаад 4 250 000 төгрөг авсан. Дараа нь бага багаар хүү гэж мөнгө өгсөн. Тухайн үед гарын үсэг зураагүй учраас одоо надад баримт байхгүй. Сая оны сүүлээр 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Би Г.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч П.Саруул-Оюун шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бүхэлд нь эсэргүүцэж байна. Би Б.Мөнхсүхэд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаатай 5 сая төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ингэхдээ Г.Ганзоригийн орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Мөн дараа нь Б.Мөнхсүх надаас 07 дугаар сард 2 сая төгрөг нэмж зээлж авахдаа өөрийн эд зүйлээ барьцаанд тавьсан. Анхны 5000 000 төгрөгний зээлийн хүү 750 000 төгрөгийг би суутгаж, 4 250 000 төгрөг өгсөн. Дараа нь бага багаар бензиний мөнгө гэж өгч байсан боловч чиний мөнгийг төлөхгүй удаасан учраас алдангидаа тооцъё гээд эвлэрүүлэн зуучлахаар орж зээл, зээлийн хүү нийт 20 510 000 төгрөг төлөхөөр болсон, үүнээс хойш 2 сая төгрөг л төлсөн. Одоо би Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах гээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. 2 зээлийн гэрээний хүг тус тусад нь бодсон зүйл байхгүй. Нийт 7 сая төгрөгийн хүүг бодсон. Иймд гэрээнд тохирсноор барьцааг чөлөөлөх үндэслэл одоогоор үүсээгүй байна гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганзоригийн итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан нь П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Б.Мөнхсүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч П.Саруул-Оюун нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

П.Саруул-Оюун нь  2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 15 хувийн хүүтэйгээр Б.Мөнхсүхэд зээлдүүлсэн гэсэн зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.Ганзоригийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг барьцаалж, П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх, Г.Ганзориг нарын хооронд мөн өдөр барьцааны гэрээ байгуулагдсан нь  хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Учир нь  дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаснаас гадна Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зүйлүүд тусгагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Г.Ганзориг нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг хариуцагч Б.Мөнхсүхэд урьдчилан олгосон хэдий ч Б.Мөнхсүхтэй хамт барьцааны гэрээ байгуулах ажиллагаанд оролцож,  өөрийн биеэр гарын үсэг зурсан, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Уртнасан маргаагүй.

 

Гэхдээ П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарын зээлийн гэрээний нэмэлт нөхцлөөс үзэхэд тэдний хооронд 5000 000 төгрөгийн бус, 4 250 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Гэтэл зээлдүүлэгч П.Саруул-Оюун нь зээлдэгч Б.Мөнхсүхэд 4 250 000 төгрөг шилжүүлэн /хүү 750 000 төгрөгийг урьдчилан суутгаж авсан/ өгсөн байна. Барьцааны гэрээний зорилго нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болдог тул зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн дүнгээс шалтгаалж, барьцааны гэрээний үнэ буюу барьцаагаар хангагдах шаардлага тодорхойлогдох учиртай. Тэгэхээр барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тооцохдоо үндсэн зээл 4 250 000 төгрөг болон барьцааны гэрээний 6,7 дугаар зүйлд заасан бусад төлбөр гэж үзэхээр байна.  

 

            Ийнхүү хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх тул барьцааны эрх дуусгавар болж, барьцаа хөрөнгө өмчлөгчид шилжих боломжтой болсон эсэхийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж үзэхэд:

 

Барьцааны эрх нь нэг талаас үндсэн үүргийн гүйцэтгэлээс хамааралтай, нөгөөтэйгүүр барьцааны зүйлтэй салшгүй холбоотой хэрэгждэг учраас үндсэн үүрэг дуусгавар болсон эсхүл хүчин төгөлдөр бус болоход барьцааны эрх дуусгавар болохоос гадна барьцааны зүйл устаж үгүй болох, барьцаалагч барьцааны эрхээсээ татгалзах тохиолдолд барьцааны эрх дуусгавар болох юм.

 

            Хариуцагч буюу зээлдэгч Б.Мөнхсүх нь 1 сарын хугацаатай 4 250 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100 000 төгрөг, мөн 12 дугаар сард нэмж бэлнээр 1500 000 төгрөг нийт 2000 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч Б.Мөнхсүхийн П.Саруул-Оюунд бичиж өгсөн тэмдэглэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШЗ2016/00698 тоот “Талуудын эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамж, 2 000 000 төгрөг төлсөн тухай талуудын маргаангүй тайлбараар нотлогдож байна.

 

Харин хариуцагч Б.Мөнхсүх нь ...үүнээс өмнө зээлийн хүүнд тодорхой хэмжээний бэлэн мөнгө болон эд зүйлийг өгсөн гэсэн тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Уртнасан нь ...Б.Мөнхсүх, П.Саруул-Оюун бид гурав 2016 оны 08 дугаар сард хамтдаа уулзахад 2 сая төгрөг төлсөн байсан, үүнээс хойш 2 сая төгрөг төлсөн байна, ингээд нийт 4 сая орчим төгрөг төлсөн гэсэн тайлбарыг тус тус гаргасан боловч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл хариу тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагч П.Саруул-Оюун нь ...дээрх зээлийн гэрээний дараа Б.Мөнхсүх дахин 2 000 000 төгрөг нэмж зээлж аваад өөрийн эд зүйлээ барьцаанд тавьсан, мөн энэ зээлийн хүүнд бага багаар бэлэн мөнгө, эд зүйл төлсөн боловч үүнийгээ тооцохгүйгээр, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож энэ 2 зээлийн гэрээний дагуу надад нийт 20 510 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан байна.

 

“Талуудын эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамжийн агуулгаас үзэхэд П.Саруул-Оюун нь 2 зээлийн гэрээний үүргийг нэгтгэж шаардсан байх бөгөөд аль зээлийн хүү нь хичнээн төгрөг болж байгаа талаар шүүгчийн захирамжинд тодорхой тусгагдаагүй, шүүх хуралдаанд хэн аль нь 4 250 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл, хүү хичнээн төгрөг болсон талаар тооцож, тодорхой тайлбарлаагүй, шүүхийн шийдвэрээс хойш 2000 000 төгрөг төлсөн, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болоогүй, тэрээр шаардлагаасаа татгалзаагүй тул ипотек өмчлөгчид шилжих үндэслэл тогтоодсонгүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуульд нийцүүлж нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл хариуцагч Б.Мөнхсүх зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэдгийг нотлоогүй тул шүүх Б.Мөнхсүх, П.Саруул-Оюун нарын хооронд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дахин нотлох ажиллагаа хийх эрхгүй юм.     

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасан нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.4-т зааснаар ...би энэ 2-ын тохиролцсон 20 510 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, ...шаардлага гаргах эрхтэй гэж тайлбарласан боловч, шүүх хуралдаанд албан ёсоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаагүй тул шүүх анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уртнасангийн гаргасан П.Саруул-Оюун, Б.Мөнхсүх нарт холбогдох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 55 тоот /гэрчилгээний дугаар: 000219375, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1902001304 дугаартай/ 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ