Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0223/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                     Ж.Хонгорзул

Улсын яллагч                                 Г.Мөнхболд

Шүүгдэгч                                            Ж.Д, Д.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д,Б Ж:Д нарт  холбогдох  2039003510209 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Ж.Дбүлэглэн 2020 оны  07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Ж.Ш марган улмаар Хэнтий аймгийн Мөрөн   сумын  4 дүгээр  баг Ноёны 6-604 тоот хашаанд иргэн Ж.Ш өшиглөн зодож Ж.Ш биед 2 шүдний булгарал, уруулд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимын салстад цус харвалт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ж.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Д.Б бүлэглэн     2020 оны  07 дугаар сарын 27-28-д шилжих шөнө иргэн Ж.Ш марган улмаар Хэнтий аймгийн Мөрөн   сумын  4 дүгээр  баг Ноёны 6-604 тоот хашаанд иргэн Ж.Ш цохих, өшиглөх зэргээр зодож Ж.Ш биед 2 шүдний булгарал, уруулд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.Ш өгсөн:..  2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би эхнэрийн хамтаар гэр бүлийн найзууд болох Б гэрт очсон. Гэрт нь очиход Бат-Эрдэнэ байгаагүй, эхнэр Загдхорол нь хоол, унд хийгээд бид нар пиво ууцгаасан. Тэгээд шөнө 00 цагийн орчимд Б гаднаас согтуу ирээд бид нар нийлээд ууцгаасан. Тэгээд Б намайг хамт Д гэрт орчихоод ирье гэхээр нь хамтдаа очиход Д гэртээ унтаж байсан. Тэгээд Б сэрээх гээд татаж чангааж байх хооронд нь би буцаад Б гэр рүү явсан. Тэгээд тэнд 20 минут орчим болоод эргээд Д гэрт нь очтол тэр хоёр архи уугаад сууж байснаа Д дургүй шинжтэй “юу хийж яваа юм” гэж хэлэхээр нь танайхаар орж болдоггүй юм уу гээд маргалдсан. Тэгээд барьцалдаж аваад гадаа гарсан тэгтэл Д намайг доош нь дараад Б хажуунаас өшиглөөд би толгойгоо дараад хэвтсэн боловч тал талаас хоёулаа өшиглөсөн. Тэгээд түр зодохоо болих хооронд нь би босоод зугтаагаад Б гэрт очсон. Тэгээд эмнэлэг дуудаад оёдол тавиулаад цагдаа дуудсан... Би эм, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна... Миний хувьд Д  маргалдаад гадаа гарсан. Тэгээд газар унаснаас хойш юу болсон гэдгийг санахгүй байна, нэг мэдэхэд дээрээс өшиглөж байсан. Би биеэ хамгаалаад хазах гэж оролдсон байж магадгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Б ирэхдээ чи намайг ингээд хазсан гээд хөлийнхөө булчин орчмыг харуулсан. Шүдний ором харагдаж байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Д миний хохирлыг барагдуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 12-14 хуу/

Гэрч Ш.Баасандоржийн өгсөн:... 2020 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай ээж над руу утсаар яриад аав чинь хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд яваад очтол аав Д  гэрт уруул нь сэтэрсэн, шүд нь унасан, амнаас нь цус гарсан, нүд нь хавдсан, нүүр нь халцарсан байдалтай ээж Д  руу та нар яахаараа хүнийг ингэж зоддог юм гэж уурласан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар ааваас асуухад яагаад гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан нийлээд зодоод дээрээс нь өшиглөцгөөсөн гэж ярьж байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр ирээд уруулдаа оёдол тавиулаад явсан тэгээд маргаашаас нь аймгийн эмнэлэгт үзүүлээд хэвтсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 17 хуу/

            Гэрч Н.Номинзулын өгсөн:... 2020 оны 07 дугаар сарын 27-ны орой гэрт Д ах согтуу унтаж байсан. Би нөгөө өрөөндөө чихэвч зүүгээд утсаар кино үзээд хэвтэж байтал гаднаас Б ах, Ш ах хоёр орж ирсэн миний хувьд орж ирэхийг нь харсан тэгэхдээ босолгүй утсаараа юмаа үзэж байсан гэтэл тэр 2 Д ахыг сэрээгээд архи ууцгаасан тэгтэл Ш ах гараад явсан хэсэг хугацааны дараа эргээд орж ирсэн тэгээд тэр гурав архи уугаад сууж байсан бөгөөд би хөнжил авахаар өрөөнд ороход Ш  ах Д  ах руу хоёулаа эр хүн шиг үзчихье гээд чанга чанга дуугараад сууж байхад нь цохиод авсан. Тэгтэл Д ах босож ирээд тэр хоёр барьцалдаад гараад явсан удалгүй Б ах араас нь гараад явсан гадаа юу болсон гэдгийг нь мэдэхгүй, би ороо засаад хувцсаа өмсөөд гартал зодолдсон байдалтай Ш амнаас цус гарчихсан гурвуулаа гадаа газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Ш  ахыг түшээд хашааны хаалгаар гаргаж өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 18 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт:

  1. Ж.Ш  биед хоёр шүдний  булгарал, уруулд мэс заслын  оёдол  бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний  алимын  салстад  цус харвалт, цус хуралт, зөөлөн  эдийн  няцрал, духанд цус  хуралт, баруун хацар, баруун  сарвуунд зулгаралт гэмтлүүд   тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул   шүүх эмнэлгийн   гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар    гэмтлийн хөнгөн зэрэгт     хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх  цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт  /хх-ийн 24-25 хуу/

 

Д.Б яллагдагчаар өгсөн:.. 2020 оны 07 дугаар  сарын  27-ны өдөр ногооны талбай дээрээ ажиллаж байгаад  орой гэртээ ирэхэд  Ш эхнэртэйгээ манайд архи уугаад сууж байсан. Тэгээд тэр хэдтэй гэртээ  хоол унд идэнгээ  нэг шил архи хувааж  уусан. Тэгсэн  Ш  хоёулаа  Д  орчихоод  ирье гэхээр  нь тэгье  тэгье гээд  хамт  Д  руу  орсон, тэгсэн Д гэртээ унтаж байсан. Тэгээд Д   сэрээхэд  орных нь  толгой дээр  1 шил архи байсан, тэгсэн  Д  өмнө  нь уусан байдалтай  халамцуу  босож ирээд  орныхоо толгой  дээр байсан архиа задлаад тойруулж байхад Ш гэрээс  гарч яваад удалгүй ороод ирсэн.  Тэгээд Дашжамцын  задалсан архийг  тойруулж  сууж байхад  Ш, Д   хоёр нь юм  ярьж байснаа гэнэт  муудаад  барьцалдаад  гэрээс гарсан. Тэгээд би  жоохон сууж байгаад  тэр хоёрын араас гарахад Ш Д өмсөж явсан макаар  нь боочихсон зогсож байхаар нь  би ч өөрөө халамцуу байсан болохоор тэр  хоёрыг  хоёр тийш нь салгахад  нөгөө хоёр согтуу нөхөр чинь  хоёр тийшээ  ойчоод өгсөн.  Тэгсэн Ш  миний баруун хөлийн шилбэнээс  хазаад авахаар  нь болиоч  гээд хөлөө  жийгээд татаад  авсан. Тэгсэн Ш ч явлаа  гээд яваад өгсөн, тэгээд  би Д ороод  сууж байхад Ш  эхнэр хүүхдүүдтэйгээ  орж ирснээ  эхнэр  хүүхэд нь Д бид хоёрыг зодлоо загнаад байсан...Ш, Д   хоёрыг  салгах үед л Ш согтуудаа  миний хөлөөс  хазаад авсан, тэгэхээр нь би  болиоч гээд хөлөө жийгээд  татаж авсан, тухайн үедээ ам руу  нь өшиглөсөн гэдгээ  ч мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Ж.Д яллагдагчаар өгсөн:... 2020 оны  07 дугаар сарын  27-ны  өдөр  хотоос  манай ангийн  хоёр хүн  ирээд тэр хоёртой  ганц нэг шил  архи уучихаад  орой нь  амарч байхад  манай сумын  Б, Ш хоёр халамцуу  манайд орж ирээд  намайг сэрээсэн, тэгээд өдөр  нь ангийнхантайгаа  уух гээд  авсан 1 шил  архиа тэр хоёрт гаргаж  өгсөн, би ч  Ш  занг  мэддэг  болохоор  хамт  архи уух санаагүй байсан, тэгсэн Ш  ч манайхаас  гараад явсан, тэгээд Б бид хоёр манайд  байсан архийг  тойруулаад  дээрээс нь  ганц нэг  татаж байхад Ш манайд  буцаад ороод  ирсэн.  Тэгээд Ш ганц  хийж өгөөд  нэг татуулсан тэгсэн Ш хажууд суучихаад  би  цэрэгт атаман байсан   гээд  агсан  тавьж эхэлсэн. Тэгэхээр нь би  одоо хөгшөөн  болсон байна  унтаж  амар гээд  хэвтүүлэх  гэсэн чинь  миний зүүн гарын  бугалган  дотроос хазаад  авсан,  тэгэхээр нь яаж байгаа юм гээд  хөлөөрөө  жоохон жийгээд  холдоод суусан чинь босож  ирээд  намайг цохиод авсан тэгэхээр нь  чи яаж  байна гээд  босоод ирсэн чинь  Ш миний өмсөж байсан майкаар  боогоод намайг гэрээс чирээд гарахаар  нь би  боолтыг  нь тавиулах  гээд  Ш нүүр лүү нэг цохиод авсан, тэгээд  боолтоос болоод  ухаан балартчихсан байсан, тэгээд  хэсэг хугацааны дараа  ухаан  ороход  Б гэрээс гараад ирчихсэн  Шуурайдагвын хамар нь цус болчихсон  байхаар нь  би дотроо  хамар луу нь уул нь  цохиогүй л юмсан нүд рүү л  цохисон  доо гэж бодсон.  Тэгээд Ш  ч  яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр манайд  орж ирээд  сууж байхад Ш   эхнэр, хүүхэд нь орж ирээд та хоёр  элбэж   хүн зодлоо  гээд загнаж байгаад  гарсан... Сүүлд сонсоход  Ш   намайг  боочихсон зогсож  байхад Бат-Эрдэнэ  гарч ирээд  бид хоёрыг салгасан гэсэн, тэгсэн Ш  надтай  андуураад Б хөлөөс хазаад авсан гэсэн тэгэхээр нь  Б хөлөө  татаж авахдаа  гутлынхаа  өсгийгөөр  цохичихсон гэж хэлж  байсан, тэрийг  нь бол  би мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/ 

Ж.Ш  амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-29 хуу/

Д.Б, Ж.Д нарын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 69, 70 хуу/

Д.Б  Ж.Д нарын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 76 хуу/

Д.Б, Ж.Д   нар нь хохирогч Ж.Ш  5949001840 дугаартай Хаан банкны дансанд нийт 1.100.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 110-111 хуу/

 

Хохирогч Ж.Ш гаргасан “Ж.Д, Д.Б  нар нь сэтгэл санаа болон эд  материал, мөнгөн дэмжлэг  үзүүлсэн ямар нэгэн  хохирол гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 86 хуу/

 

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 83-85 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Д.Б, Ж.Д  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б, Ж.Д нар  нь 2020 оны  07 дугаар сарын 27-28-д шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн   сумын  4 дүгээр  баг Ноёны 6-604 тоот хашаанд хохирогч Ж.Ш согтуугаар маргалдан бүлэглэн зодож Ж.Ш биед 2 шүдний булгарал, уруулд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Б, Ж.Д нар  нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд тэдгээрийн үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Ш , гэрч Ш.Баасандорж, Н.Номинзул нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Д.Б, Ж.Д нар  нь хохирогч Ж.Ш  бүлэглэн зодсоны  улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

Аймгийн Прокурорын газраас Д.Б, Ж.Д  нарын   үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б, Ж.Д нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, шүүгдэгч Д.Б  хувьд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг  тус тус 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  тэдний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ж.Ш мөрдөн байцаалтын үед эмчилгээний зардалтай холбоотой 649.240 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь  хохирогчид 1.100.000 төгрөг төлсөн, хохирогч Ж.Ш шүүгдэгч нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Д.Б , Ж.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдах  нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б, Ж Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ж.Д нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б , Ж.Д  нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Б, Ж.Д нар  нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б, Ж.Д нар  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Ж.Дашжамц нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ