Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0196/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  А.Цэрэндулам

Улсын яллагч                                                  Г.Мөнхболд

Шүүгдэгч                                                          Д.Г нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Д-ийн Г-од  холбогдох 2039........ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Г нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 10-07 тоотод согтуугаар иргэн  Д.Б-тай марган улмаар  түүнийг цохих өшиглөх  зэргээр зодож иргэн  Д.Б-гийн эрүүл мэндэд  зүүн талын  гайморовын  хөндийн гадна  хажуу ханын  цуурсан хугарал, зүүн нүдний дээд  доод зовхи, баруун нүдний  дотор булан дух,  баруун хацар эрүү  хэсгийг хамарсан, баруун зүүн бугалга, цээж бүсэлхий, уjуулын дотор  салст завьж хэсэгт цус хуралт, цээжинд зулгаралт, зүүн нүд баруун  хацрын  зөөлөн эдийн няцрал бүхий   хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Б-гийн  өгсөн:.. Би 2020 оны 01 дүгээр сард Д.Г гэдэг хүнтэй танилцсан. Ингэж танилцсанаас хойш бид хоёр хоорондоо утсаар ярьдаг байсан. Ингээд 2020 оны 05 дугаар сарын эхээр Д.Г Дархан сумаас ирсэн. Ингээд бид хоёр манай 10 гаран хоносон...Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө Д.Г бид хоёр 0.5 литрийн архийг дунд нь ортол хувааж уусан. Би тэр архинаас 2,3 удаа татсан. Д.Г тал шил архиа ундааны саванд хийгээд гарсан. Тэгээд эргээд ирэхдээ нэг хүн дагуулж ирсэн...Машинаа Д.Г бариад би арын суудалд нь суугаад нөгөө Г Д.Гын хажууд суугаад бид гурав Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 10-07 тоотод Д.Гын найз Аийн хашаанд нь орж гэрийнх нь урд машинаа зогсоосон. Ингээд Д.Г Аийн гэрт орохоосоо өмнө машины урд талын хайрцагнаас 0.33 литрийн архи аваад буусан. Нөгөө Г машины суудал дээр унтаад байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Д.Г гарч ирэхдээ согтоод гараад ирсэн. Тэгэхээр нь чи одоо яагаад архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь Д.Г миний нүүрэнд цохиод доошоо тонгойхоор намайг үсдэж газар мөргүүлсэн тэгээд нүүрэнд маань өвдөглөсөн. Тэгээд дээшээ өндийгөөд ирэхэд дахин нүүрэнд маань гараараа цохьсон... Би 90.000 төгрөгөөр тархины зураг авахуулсан, 50.000 төгрөг, 8000 төгрөгөөр Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Би тухайн үед нүүрэндээ нилээн их гэмтэл авсан. Би Д.Г-оос 1.000.000 төгрөг нэхэмжилнэ... Би Д.Г-од зодуулсандаа маш их гомдолтой байна... Над руу утсаар байнга залгаж, ална шулна гэж дарамтлаад байна...Надад Д.Г хохирол төлж барагдуулаагүй. Харин Д.Г бид хоёр хохирлын талаар харилцан тохирсон. Би урьд 1.000.000 төгрөг нэхэмжилж байснаа болиод 500.000 төгрөг хохиролд авахаар болсон. Д.Г надад 2020 оны 09 дүгээр сарын 13-ны дотор 500.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон. Би Д.Г-той сайн дураараа эвлэрсэн. Надаас уучлал гуйсан, би ч гэсэн уучлалыг нь хүлээн авсан... Би 500.000 төгрөгөөс өөр зүйл нэхэмжлэхгүй...Надад гомдол, санал байхгүй...Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 9-10, 13 хуу/

Гэрч Э.Б-ийн өгсөн... 2020 оны 05 дугаар сарын 19-ний орой манай ээжийг Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнхийн 10-07 тоотод найз А-ийн хашаанд А-ийнхөө хажууд гараараа цохиж, газарт толгойгоор нь мөргүүлж, дээшээ босоод ирэхээр нь нүүрэнд гараараа цохиж зодчихоод ална гээд аймгийн төвөөс хойш хогийн наана аваачсан байна. Тэгээд согтуу машинаа барьж явсан болохоор согтоод унтсан. Тэр шөнө ээжтэй хамт хөдөө хээр машинд унтсан байсан. Би маргааш нь ээжийгээ эрж байгаад А гэдэг хүнийд хамгийн сүүлд очсон гэдгийг нь мэдээд, тэр хүнийг ээжийг олж өг гэж байгаад 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой ээжтэй уулзахад нүүр нь битүү хаван, хавдар, хоёр нүд нь хөхөрчихсөн аймаар зодуулсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Гэрч Б.А-ийн өгсөн:... Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед гэртээ ганцаараа байхад Д.Г, Б өөр бас нэг танихгүй залуу дагуулаад ирсэн. Д.Г тэр танихгүй залууг эмнэлгийн баруун талаас суулгаад ирсэн. Аймгийн төвд барилгын ажил хийх гэж ирээд өртөг таарахгүй болоод буцаж байгаа гэж байсан. Манайд Д.Г орж ирэхдээ нэг шил архитай нөгөө хоёрыгоо дагуулаад гурвуулаа согтуу гэрт орж орж ирсэн. Тухайн үед Б нилээн согтуу байсан. Нөгөө танихгүй залуу нь нилээн халамцуу байсан. Д.Г архи уучихсан согтуу байсан. Д.Г машинаа бариад манай хашаанд орж ирээд гэрийн урд машинаа тавьсан. Тэр архийг нь бид дөрөв хувааж уусан...Тэгээд архи нь дуусаад Д.Г, Б хоёр явахаар болсон. Нөгөө танихгүй залуу манайд хоноод өглөө шуудангаар явна гээд манай гэрт үлдсэн. Би тэр үед араас нь гараагүй Д.Г  машинаа асаагаад эхнэрээ аваад явсан Д.Г шаргал өнгийн Верна маркийн машинтай явдаг юм. Тэгээд би нөгөө залуугийн хамт гэртээ унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед Д.Г, Б хоёр манай гэрт машинтайгаа ирсэн. Тэгэхэд Б-гийн зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Тэгээд Д.Г бид хоёр хөдөө хоноод ирлээ гэж хэлсэн...Д.Г өглөө 09 цагийн үед ирэхдээ Б-г цохиод нүдийг нь хөх болгочихсон гэж надад хэлсэн, Б ч гэсэн Д.Г намайг зодож нүдийг маань хөх алаг болгосон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  16 хуу/

Шинжээж  эмч Ж.Ж-гийн өгсөн:... Д.Б-гийн бие учирсан дээрх гэмтлүүдээс биед зүүн талын гайморовын хөндийн гадна хажуу ханын цуурсан хугарал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 266 дугаартай дүгнэлт

 

  1. Д.Б-гийн  биед зүүн  талын гайморовын хөндийн гадна хажуу ханын цуурсан хугарал, зүүн нүдний  дээд доод зовхи, баруун нүдний дотор булан, дух  баруун хацар эрүү хэсгийг хамарсан, баруун, зүүн бугалга, цээж, бүсэлхий , уруулын  дотор салст завьж  хэсэгт цус хуралт, цээжинд зулгаралт, зүүн нүд, баруун  хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.
  4.  Дээрх гэмтлүүд нь  эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах  тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 24 хуу /

 

Д.Г-ын яллагдагчаар өгсөн:... Би 2020 оны 01 дүгээр сард Д.Бтай танилцаж бид хоёр утсаар харилцаатай байсан юм. Ингээд 2020 оны 05 дугаар сарын эхээр уулзаж 10 гаран хоног нэг гэрт хамт байсан. Тухайн үед Бгийн гэр нь Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн 8 айлын байранд байсан...бид гурав Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн гудамжинд Б гэдэг хүүхнийг аваад Б-гийнд очиж нэг шил архиа гаргаад уух гэж байх үед би Б-тай маргалдах гээд яриа нийлэхгүй байхаар нь би гараад явсан. Тэгээд нилээн явж байгаад эргэж ирэхэд Б явсан байсан. Тэгээд би Г Б хоёрыг аваад   эмнэлгийн хажуугаар гараад Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 10-07  тоотод байдаг найз А-ийн гэрт очсон. Тэгээд би гэрт нь орохдоо 0.33 литрийн архийг аваад орсон. Нөгөө Г согтуу байсан болохоор машинд Б-гийн хамт үлдсэн. Тэгээд А-ийн гэрт орж 0.33 литрийн архиа уусан. Би танилцсан Г-ыг Аийнд үлдээхээр болсон. Ингээд А Г-ыг авахаар надтай хамт гарч ирээд Г-ыг түшээд гэртээ оруулсан. Тэр хойгуур би Б-тай маргалдаж нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиод, доошоо тонгойхоор нь үснээс нь татсан нь үнэн. Би Б-гийн биед гэмтэл учруулсан, мөн хохирол төлж барагдуулна. Ингээд хэсэг хугацааны дараа машинтайгаа Б-гийн хамт аймгийн төвийн хойно гарч унтаад, маргааш өглөө нь А-ийн гэрт буцаж ирсэн. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуу/

Д.Г-ын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 43 хуу/

Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75 хуу/

Д.Г-оос гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 76 хуу/

Хохирогч Д.Б-гийн гаргасан “Д.Г-той сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй” тухай тодорхойлолт   /хх-ийн  77 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Д.Г-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 10-07 тоотод согтуугаар хохирогч  Д.Б-тай маргалдан түүнийг цохих, өшиглөх  зэргээр зодож  зүүн талын  гайморовын  хөндийн гадна  хажуу ханын  цуурсан хугарал, зүүн нүдний дээд  доод зовхи, баруун нүдний  дотор булан, дух,  баруун хацар, эрүү  хэсгийг хамарсан, баруун зүүн бугалга, цээж бүсэлхий, уруулын дотор  салст, завьж хэсэгт цус хуралт, цээжинд зулгаралт, зүүн нүд, баруун  хацрын  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Б, гэрч Э.Б, Б.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Б-г зодсоны  улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

 

Аймгийн Прокурорын газраас Д.Г-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 76 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 79 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Г хүлээн зөвшөөрч /хх-ийн  84 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Д.Г-од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч  Д.Б нь  “Д.Г-той сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй” тухай тодорхойлолт   /хх-ийн  77 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон   овгийн Д-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ