Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0193/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  А.Цэрэндулам

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар 

Шүүгдэгч                                                          Д.Э нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э холбогдох  2039000.......... дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Э нь 2020 оны  08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын  3 дугаар баг Баянмөнхийн 14-06 тоотод  байрлах өөрийн гэртээ  архи, согтууруулах  ундааны  зүйл  хэрэглэсэн үедээ  иргэн Н.Ц  маргаж  түүн рүү 250 граммын шил  чулуудаж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

ХохирогчН.Ц өгсөн:... Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Түмэнхүүгийн хамт Өмнөдэлгэр сумын Баяраа гэх айлын зоорь ухах гэж явсан юм. Тэгээд газар гүйцэд гэсээгүй болохоор 2.5 метрээс доошоо ухаж чадаагүй. Тэгээд бид 2 Өмнөдэлгэр сумаас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төвд ирсэн. Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 08 цагийн орчим Түмэнхүүгийн гэр лүү явж байгаад Түмэнхүүтэй таараад бид гэрт нь очсон. Гэрт нь ороход Түмэнхүүгийн эхнэр байсан өөр хүн байгаагүй. Тэгээд байж байтал Түмэнхүү нэг шил 500 грммын “Монгол стандарт” нэртэй архи гаргаж ирсэн. Хаанаас гаргаж ирсэнийг нь би мэдээгүй. Тэгээд бид гурав архиа хувааж уучихаад байж байтал Түмэнхүү  эхнэр Энхтуяатай мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгэхээр нь бид хоёр мөнгө авч чадаагүй 2.5 метрээс доошоо газар хөлдүү байсан гэж Энхтуяад хандаж хэлсэн юм. Тэгсэн Энхтуяа ширээн дээр байсан шилэн сав аваад чулуудсан чинь шидсэн сав нь миний ард байсан номын санг онож, хагархай нь миний зүүн гарын  бугалганы дотор талыг зүсчихсэн юм. Миний  гараас цус гарахад Энхтуяа, Түмэнхүү хоёр даавуугаар боож өгсөн... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Г.Түмэнхүүгийн өгсөн:...Н.Ц ах надтай таараад манай гэрлүү явж байна гэж хэлсэн. 500 граммын 1 шил “Монгол стандарт” нэртэй архи барьчихсан явж байсан. Тэгээд манай гэрт очоод бид гурав Н.Ц ахын  авчирсан архийг хувааж уусан. Тэгээд байж байтал манай эхнэр Энхтуяа намайг хөдөө  7 хоног ажил хийж ирсэн байж мөнгөгүй ирсэн гээд надтай маргалдсан. Тэгсэн чинь Н.Ц ах манай эхнэрт хандаж чи тэнэг авгай чамд юу гэж мөнгөө өгдөг юм чи муу гичий зайлаарай бид 2 Өмнөдэлгэр сумаас авгайтай болсон гэж хэлсэн чинь эхнэр уурлаад ширээн дээр байсан дарсан ногоотой шилийг аваад Н.Ц ах руу чулуудсан чинь номын санг онож хагараад хагарсан хэсэг нь Н.Ц ахын гарыг зүсчихсэн. Тэгээд би Н.Ц ахын гарыг боогоод эмнэлэгт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг  /хх-ийн 19 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 420 дугаартай  дүгнэлт:

1.Н.Ц биед  зүүн гарын шуунд  мэс заслын  оёдол бүхий  шарх зөөлөн  эдийн няцрал, зулгаралт гэмтэл   тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх  цаг хугацаанд  үүсэх боломжтой.

3. Дээрхи  гэмтэл нь  мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш  удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул  шүүх  эмнэлэгийн гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/

Д.Эгийн яллагдагчаар өгсөн:.. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Түмэнхүү 06 цагт гэрээсээ гарч яваад 07 цагийн орчим эргэж орж ирэхдээ Н.Ц ахын хамт 500 граммын “Монгол стандарт” нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид гурав “Монгол стандарт” нэртэй архиа хувааж уусан. Тэгээд би нөхөр Түмэнхүүд 7 хоног ажил хийж ирчихээд мөнгөгүй ирлээ гэж уурлаад маргалдсан юм. Тэгсэн хажуунаас Н.Ц ах яахаараа чамд мөнгөө өгдөг юм. Түмэнхүү бид хоёр Өмнөдэлгэр суманд авгайтай болсон янхан минь, гичий минь гэхээр нь миний уур хүрээд Н.Ц ах руу ширээн дээр байсан цагаан өнгийн таваг аваад чулуудсан чинь орны хөл оноод хагарсан. Тэгэхээр нь дахиж ширээн дээр байсан 250 граммын даршилсан мангирын таана гэх нэртэй ногоотой байсан шилэн савыг Н.Ц ах руу дахин шидсэн чинь ард талд нь байсан номын санг онож хагараад хагарсан бутархай хэсэг үсрээд Н.Ц ахын зүүн гарыг зүссэн. Тэгээд Н.Ц ахын гараас цус гарахаар нь нөхөр бид хоёр гарыг нь боосон тэгээд манай нөхөр  Түмэнхүү Н.Ц ахыг гэрт нь хүргэж өгье гээд цуг явсан.  Н.Ц ахыг шилэн саваар шидэж гарын гэмтээсэн нь миний буруу... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/      

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / хх-ийн 4-9 хуу/

17х10 см, 8.5х6.5 см хэмжээтэй шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12 хуу/                     

Д.Э-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 хуу/

Д.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/

Хохирогч Н.Н.Цгийн гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 65 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Э нь 2020 оны  08 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын  3 дугаар баг Баянмөнхийн 14-06 тоотод  байх гэртээ  согтуугаар хохирогч Н.Н.Цтэй  маргалдаж  түүн рүү 250 граммын хэмжээтэй шилэн сав  шидэж,  зүүн гарын шуунд  зүсэгдсэн  шарх, зөөлөн  эдийн няцрал, зулгаралт бүхий  гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Н.Н.Ц, гэрч Д.Түмэнхүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Н.Н.Цгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

   Аймгийн Прокурорын газраас Д.Эгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Н.Н.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гаргасан /хх-ийн 65 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан 17х10 см, 8.5х6.5 см хэмжээтэй шилний хагархайг устгахаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эг 450 /дөрвөн  зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Э нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан 17х10 см, 8.5х6.5 см хэмжээтэй шилний хагархайг   устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ