Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01872

 

Л.Я, Л.Энарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01969 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1734 дүгээр магадлалтай,

Л.Я, Л.Энарын нэхэмжлэлтэй

Ц.Эт холбогдох

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 21 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Эийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ягийн нэр дээр 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн 2002, 2003 оны Хонда сивик загварын суудлын автомашин 2 ширхэг, Л.Энэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн, 2004 оны Сузуки свивт загварын суудлын автомашин 2 ширхэгийг тус тус 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ц.Эт нэг автомашиныг 7 500 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ гэрээ байгуулсан өдрөө 20 000 000 төгрөг бэлнээр өгөхөөр тохирч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон боловч урьдчилгаа төлбөрөөс 15 800 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 14 200 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Бид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, түүнтэй утсаар ярьж байгаад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээг сунгаж, үлдэгдэл төлбөрөө сар бүр төлөхөөр тохирсон боловч төлөхгүй байна. Иймд иргэн Ц.Эээс автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр 14 200 000 төгрөг, алданги 7 100 000 төгрөг, нийт 21 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч талд өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах боломж байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01969 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар Ц.Эээс 21 300 000 төгрөг гаргуулан Л.Я, Л.Энарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эээс 264 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1734 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01969 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эээс 19 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Я, Л.Энарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 100 000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын хариуцагч Ц.Эээс 264 450 төгрөг гэснийг хариуцагч Ц.Эээс 255 450 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Э хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагч миний бие бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд Л.Баибаатарын5059117652 тоот дансанд 5720446030 тоот С.Мандахын дансанд шилжүүлсэн 400 000 төгрөг, Т.Ганбатаар 500 000 төгрөгийг Л.Батбаатартай 99113494 тоот утсаар КТМС-ийн хажууд ярьж өгч явуулсныг хуулга өгсөн хүн нь байхад огт тооцоогүй. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль бус тайлбар авах хугацаа дуусаагүй байхад нэг талыг барьж хурал зарлаж шийдвэр гаргаж ядарсан миний гомдлыг тоохгүй байгаад гомдолтой байна. Би боломжоороо нийт 16 700 000 төгрөгийг цувуулж өгсөн. Одоо үлдэгдэл 13 300 000 төгрөг байгаа болно. Миний бие Л.Батбаатартай гэрээний хугацааг нарийн тооцоогүй байсан. Тэд өөрсдийн хүссэнээрээ он сараа тооцож бичсэн. Анх машин авахад он сар бөглөөгүй цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Миний хөөцөлдөж байсан ажил, зээл бүтэхгүй хойшилж ажилгүй байсаар өдийг хүрч үлдэгдэл мөнгийг нь төлж чадаагүй байсан. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж бэлнээр өгсөн болон шилжүүлсэн 900 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаж, алдангийг чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 19 200 000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч Л.Я, Л.Энар хариуцагч Ц.Эт холбогдуулан худалдсан эд хөрөнгийн үнэ 14 200 000 төгрөг, алданги 7 100 000 төгрөг  нийт 21 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Зохигч талууд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр гэрээ байгуулж,  нэхэмжлэгч нар Япон улсаас оруулж ирсэн Хонда сивик маркийн автомашин 2 ширхэг, Сузуки свивт маркийн автомашин 2 ширхэг тус бүрийн үнэ 7 500 000 төгрөг, нийт, 30 000 000 төгрөгөөр худалдах, Ц. Ц.Э нь 20 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөх 20 000 000 төгрөгөөс 15 800 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 14 200 000 төгрөгийг сар бүр 1 000 000 төгрөгөөр төлөхөөр тохирч, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дахин гэрээ байгуулжээ.

Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч Л.Я, Л.Энар гэрээнд заасан 4 ширхэг машиныг хариуцагчид шилжүүлж, үүргээ биелүүлсэн бол хариуцагч Ц.Э нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  байна.

Давж заалдах шатны шүүх гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, уг хугацааг тоолох журам, гэрээнд заасан алдангийн тохиролцоо, түүний агуулгыг зөв дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу хариуцагчийн үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон, энэ талаарх эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1734 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА