Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0407

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгч “ТП” ХХК

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 250 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0943/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ТП” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б-д холбогдуулан “Б-йн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 250 дугаар шийдвэрээр: “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан “ТП” ХХК-иас гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б-йн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан, шүүхэд авагдсан нотлох баримтыг бүхэлд нь үнэлж үзээгүй шийдвэрлэсэн. Дээж авсан вагон болох ******* дугаартай үйлдвэрийн чанарын паспорт, гаалийн ерөнхий газрын төв лабарторийн шинжилгээний дүгнэлт мөн түүнчлэн хөндлөнгийн гуравдагч буюу “А” ХХК-ийн шинжилсэн шинжилгээний дугнэлтэд манай компанийн зах зээлд худалдан борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дизелийн түлш, Техникийн шаардлага MNS6861:2020 стандартад заасан шаардалагын алийг нь зөрчөөгүй хангаж байхад тус нотлох баримтыг үнэлээгүй.

3.2. Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д "Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал дагаж мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зорчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр заасны дагуу шийтгэл ногдуулсан үндэслэлтэй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.3. Гэтэл Зөрчлийн хэрэг үүсгэсэн процесс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Дээж авахдаа ямар журмаар авсан нь тодорхой бус, авсан дээжийг дээр дурьдсан лаборториуд болох Ашигт малтмал газрын тосны газрын лаботори, Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборториудад шинжлүүлсэн байдаг ба тус шинжилгээнүүд хоорондоо зөрүүтэй гарсан. Эргэлзээтэй, бүрэн нотлогдоогүй үйлдлээ бүрэн тогтоогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байтал шүүх түүнийг үнэлж үзэхгүйгээр, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлж үзэхгүйгээр шийдвэр гарсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 250 дугаартай шийдврийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “ТП” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б-д холбогдуулан “Б-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3.2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Зах зээлд чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдаалж байна” гэх мэдээлэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт явуулаад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүд гаргажээ.

3.3. Нэхэмжлэгч “ТП” ХХК-ийн хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн 2, 3 дахь заалтаар Шинжилгээний сорилтын СШ21/156, СШ21/172 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS 0216:2017, Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй гэж, дүгнэлтийн 3 дахь заалтаар Шинжилгээний сорилтын GT090, СШ21/155, СШ21/171 дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м3 тодорхойлогдсон нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэлт гаргасныг эс зөвшөөрөн маргаж байна.

3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “ТП” ХХК-ийн дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид зэрэг шалган хэмжиж хянасан бөгөөд чанарын шаардлага хангахгүй гэх хариу гарчээ.

3.5. Тодруулбал "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2 дахь заалтын 1-р хүснэгтийн 1 дэх хэсэгт тусгагдсан цетаны тоо 45-аас багагүй байх шаардлагын тухайд “ТП” ХХК-ийн СШ21/156 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр цетаны тоо 43.3 0.1, СШ21/172 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр цетаны тоо 42.7 0.1 тус тус тодорхойлогдсон нь шаардлага хангахгүй,

"Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартын 5.2 дахь заалтын 1-р хүснэгтийн 17 дахь хэсэгт тусгагдсан нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх шаардлагын хувьд СШ21/155 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 20С дахь нягт 819.2 0.1 кг/м, СШ21/171 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 20С дахь нягт 819.10.1 кг/м3 тодорхойлогдсон нь шаардлага хангахгүй,

GT090 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 15С дахь хувийн жин 845.6 kг/м3 тодорхойлогдсон нь мөн заалтын 1-р хүснэгтийн 16 дахь хэсэгт тусгагдсан нягт буюу хувийн жин 843.4 кг/м-ээс ихгүй байх шаардлагыг тус тус хангахгүй байх тул хариуцагчаас дүгнэлт гаргасныг буруутгах боломжгүй.

3.6. Хэдийгээр нэхэмжлэгчээс захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа 2 өөр лабораторид шинжилгээ хийлгэсэнд өөр хариу гарсан нь эргэлзээтэй гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн тайлбарлаж буй нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулахгүйн үүднээс илүү чанарын шаардлага хангаж буй шинжилгээний дүнгээр шалгалтыг тооцож үзсэнч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хариу нь тус бүр зохих стандарт, шаардлагыг хангаагүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.7. Иймд “ТП” ХХК нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх гэж”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

3.8. Нэхэмжлэгчээс маргаж буй өөр үндэслэлээ “...гуравдагч буюу “А” ХХК-ийн шинжилсэн шинжилгээний дүгнэлтэд манай компанийн зах зээлд худалдан борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дизелийн түлш, Техникийн шаардлага MNS6861:2020 стандартад заасан шаардлагын алийг нь зөрчөөгүй...” гэж тайлбарлаж байх боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд шалгалт явуулж “ТП” ХХК-ийн ШТС болон гадаад вагоноос авсан дээжний хугацаа дууссан, мөн дахин авч шинжлах нь маргаан бүхий актыг үгүйсгэхгүй бөгөөд шатахууныг шаардлага хангасан гэж дүгнэсэн “А” ХХК-ийн шинжилгээний дүгнэлт нь нэгэнт хариуцагчийн хүлээн авсан дээж биш тул шаардлага хангаагүй гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй.

3.9. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б-йн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүд нь нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд шалгалт хийж, шийтгэл оногдуулсан шийдвэр биш тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримталсан эсэх тухай гомдолд тайлбар хийх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч эрх үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан ба харин зөрчил шалган шийдвэрлэсэн захиргааны байгууллага өөр тул тухайн байгууллагын шийдвэртэй холбогдуулан маргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэхэд тайлбар өгөх боломжтой.

3:10. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан.” гэж зааснаар зөрчилд шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3020 дугаар шийтгэлийн хуудастай маргаагүй харин захиргааны байгууллагын дүгнэлтийг эс зөвшөөрөн нэхэмжлэл гаргасан байх тул ердийн журмаар хянан шийдвэрлэх маргаан байна.

3.11. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдвэрт хамаарахгүй бөгөөд ажиллагааны явцад давж заалдах шатны шүүх зөвтгөн явуулах боломжтой тул анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчТП” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА