Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0193/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  А.Цэрэндулам

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар 

Шүүгдэгч                                                          Р.З нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт    заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжир овгийн Равжирын З-т холбогдох 2039.......... дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Р.З нь 2020 оны  03 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум    сумын  4 дүгээр баг Хэрлэнгийн 8-13 тоотод  архи, согтууруулах  ундааны  зүйл  хэрэглэсэн үедээ  иргэн  Ю.М-той маргаж цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  Ю.М-ийн өгсөн:... Надад гомдол санал байхгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуу /

Гэрч А.Н-гийн өгсөн:... 2020 оны 03 сарын 16-ны орой   18 цагийн орчим би гадуур явж байгаад гэрт очсон манай гэрт З эхнэр Ц-гийн хамт ирчихсэн байсан. Манай гэрт архи ууж байсан. Тэд нар Монгол стандарт гэдэг 750 граммтай архи ууж байсан. Надад архи хийж өгсөн би 2 хундага уусан. Гэнэт З намайг гэрээс чирээд гаргасан, миний хоолойг боосон би ухаан алдсан. Манай нөхөр чамайг зодоод байна шүү дээ бос гээд байсан. Би хэдий хугацаанд ухаан алдаж хэвтсэнээ мэдэхгүй байна. Би тэгээд босоод гэртэй орсон. З эхнэрийн хамт гэр лүүгээ явчихсан байсан. Манай гэрийг эмх цэгцгүй болгосон байсан.  Би тэгээд төрсөн эх Чимэдцэрэнгийн гэрт очсон. Манай ээжийнх Хэрлэн сум 1 дүгээр баг Л-69 дүгээр байранд байдаг юм. Би ээжийнхээ гар утасаар дуудлага өгчихөөд буцаад гэртэй очсон. Намайг очиход З манай хашааны хойд талын хаалгаар гарч байсан З буцаж манай гэрт ирсэн байсан. Би хашааныхаа урд хаалгаар гэртээ орсон. Намайг гэртээ ороход манай нөхөр гэр дотроо газар дээшээ хараад хэвтэж байсан. Манай нөхөр М ам, хамраас цус гарсан нүүр нь цус болсон, хоолойг нь боож зодсон байсан. Манай нөхрийн ам нь хөдлөхгүй байсан юм идэж чадахгүй байхаар нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч ирж үзээд эрүүний зургаа авахуул цууралт өгсөн байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Гэрч Ю.М-ийн өгсөн:... 2020 оны 03 дугаар сарын 16 ны өдөр би гэртээ байсан. Намайг гэртээ байхад 13 цагийн орчим З эхнэр Д-ийн хамт ирсэн. Би гэртээ ганцаараа байсан. З Бид хоёр Монгол стандарт нэртэй 750 граммтай архи хувааж уусан. Би архийг худалдаж авсан. Дараа нь дахиж 500 граммтай монгол стандарт архи би худалдаж авч уусан бид хоёр хувааж уусан. З манай эхнэрийг хүүхэд гаргадаггүй гэсэн тэгээд бид хоёр маргалдсан. Намайг цагдаад бууны нохой хийдэг гэж З хэлсэн. Тэгээд намайг 2-3 удаа өшиглөсөн. Би З-ыг чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. З миний цээж, толгой хэсэгт өшиглөсөн. Тэгээд З эхнэрийн хамт яваад өгсөн. З тэгээд орой дахиж манай гэрт ирсэн. Би гэртээ ганцаараа байсан. З согтуу байсан. Чи цагдаагийн бууны нохой, манай хашааны ард байсан мөрийг чи муу цагдаад хэлж өгсөн гэж намайг зодсон...З хүн амины хэрэгт шалгагдаж байгаа. Тэгээд хашааны ард байсан мөрийг зааж өгсөн гээд байгаа юм. Би З-ын хашааны ард мөр байсан гэж цагдаад хэлээгүй.../хх-ийн 13 хуу/

Гэрч Г. Д-ийн дахин өгсөн:... Би Р.З-тай нэг гэрт ороод 12 жил болж байна. Би 18 настай байхдаа л нэг гэрт орсон. Дундаасаа 4 хүүхэдтэй хамгийн том нь 10 настай. Ааш зангийн хувьд сайхан ааштай, хэлье гэсэн зүйлээ хэлчихдэг. Өр зээлтэй ч гэсэн амьдралаа аваад явчихдаг. Хэрлэн сумын төвд олдсон ажлаа хийгээд амьдралаа сайн авч явж байгаа... Р.З-ын ээж, ах хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй би гэртээ асарч байдаг. Нөхөр 4 хүүхэд, 2 асрамжийн хүний хамт амьдардаг.../хх-ийн 18-19 хуу /

А.Нгийн биед гэмтэл тогтоогдоогүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаартай  дүгнэлт /хх-ийн 22 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаартай  дүгнэлт:

1. М  биед  завьжны  баруун талын  дотор салстанд  язарсан  шарх, доод  уруул  шарх, зүүн шанаа, доод эрүүнд  зулгаралт, баруун  шанаанд  зөөлөн  эдийн  няцрал гэмтэл   тогтоогдлоо.

2.  Дээрхи  гэмтэл нь  мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш  удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл  нь шүүх  эмнэлэгийн гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын  тогтонги   алдагдуулахгүй.

5. Дээрх  гэмтлүүд нь тухайн  хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой байна....гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/

Р.З-ын яллагдагчаар өгсөн:..Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 8-13 тоотод эхнэр Д, найз Ю.М, Ю.М-ийн эхнэр Н нарын хамт хоол хийж идсэн. Хоол хийж идчихээд Ю.М нэг шил архи гаргахаар нь би хуваагаад уусан. Архи ууж байхад Нарантуяа гараад явчихсан. Тэгээд би архи уусандаа согтуурхаад найзынхаа нүүр лүү нь өшиглөчихөөд эхнэрийн хамт гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн хуу 35/

Р.З-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 39 хуу/

Р.З эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 76-77 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Зт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.З нь 2020 оны  03 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум    сумын  4 дүгээр баг Хэрлэнгийн 8-13 тоотод  согтуугаар хохирогч  Ю.М-той маргалдан зодож завьжны  баруун талын  дотор салстанд  язарсан  шарх, доод  уруул  шарх, зүүн шанаа, доод эрүүнд  зулгаралт, баруун  шанаанд  зөөлөн  эдийн  няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Р.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ю.М, гэрч А.Н, Г.Д нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Ю.М-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

   Аймгийн Прокурорын газраас Р.З-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Р.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.  

Хохирогч Ю.М нь хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Р.З-ыг бусдад төлөх төлбөргүй   гэж үзлээ.

Шүүгдэгч Р.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Балжир овгийн Р-ын З-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Зыг 300  /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Р.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ