Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0199/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  А.Цэрэндулам

Улсын яллагч                                                    Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                            П.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Баярсайхан нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зав овгийн П-ийн Г холбогдох 2039........... дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр  сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  П.Г нь 2020 оны  07 дугаар сарын 11-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн   сумын  3 дугаар баг Баянмөнхийн 8б-20 тоотод  архи, согтууруулах  ундааны  зүйл  хэрэглэсэн үедээ  иргэн  Д.Г-тай маргалдаж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  Д.Г-гийн өгсөн:.. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8/б-20 тоот гэртээ хамтран амьдрагч З.Г-ийн хамт 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр юм угааж байхад гаднаас П.Г ирсэн. Гэрт ирээд нэг шил архи задлаад тэр хоёр хувааж уусан. Би тэр архинаас 2 удаа амссан. Тэгээд тэр архийг уучихаад Б гэх айл руу явсан. Тэр айлд очоод П.Г нэмж 2 шил архи аваад бид дөрөв хувааж уусан. Бид нар хувааж уугаад дуусаж байхад гаднаас Э гэх эмэгтэй орж ирсэн. Э орж ирээд удаагүй байхад араас хүүхэд нь орж ирээд Б, Э хоёр орж ирсэн хүүхэдтэй хамт гараад явчихсан. Тэр гурвыг гарч явах үед миний хамтран амьдрагч Гансүх тасарчихсан унтаж байсан. Би толгойных нь хажууд сандал дээр сууж байхад П.Г хөлнийх нь хажууд сууж байсан. Тэгээд П.Г надад танай дүү манай эгчээс 3 сая төгрөг авсан гэж хэлэхээр нь наадахыг чинь энд ярьдаг асуудал биш хуулиар нь шалгуулж болно шүү дээ гэж хэлсэн. Тэгж хэлээд дууссан миний баруун хөхний дээр, эгэмний доор өшиглөсөн. Намайг өшиглөхөөр нь арай хэтэрхий өшиглөж байгаа юм биш үү гэсэн тэгдэггүй юм гээд миний уруулыг өшиглөсөн. Миний уруулыг өшиглөчихөөр нь нүүрээ дараад доошоо хараад хэвтээд өгсөн. Тэгсэн ахиад миний баруун гарны бугалганы ар хэсэг, гуяны булчин, баруун хавирга руу өшиглөсөн. Тэгж намайг өшиглөчихөөд гарахдаа амьд явахдаа баярлаарай гээд гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн  4 хуу/

            Гэрч Д.П-ын өгсөн:... миний төрсөн эгч Д.Г зодуулсан, цус нөж болсон байдалтай орж ирээд миний  дүү Солонгос улсаас Б, С хоёроос мөнгө авсан юм уу гээд орж ирсэн. Тэгж орж ирэхээр нь би харсан уруул нь сэтэрчихсэн байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн алба хаагч ирсний дараа эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд уруул сэтэрсэн, хамар хавдсан, биеийн ихэнх хэсэг хөхөрсөн, баруун хавирга хөндүүртэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуу/

            Гэрч З.Гийн өгсөн:... Би эхнэр Д.Г-гийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8/Б-20 тоот гэрийнхээ юмыг эхнэрийн хамт хатааж байхад П.Г гэрт ирээд нэг шил архи авч өгсөн. Тэрийг нь хувааж уугаад би хоёр шил архи аваад нэмж уусан. Тэр 3 шил архинаас манай эхнэр уугаагүй. Би сүүлийн шилтэй архи ууж байснаас цаашаа санахгүй байна. Нэг ухаан ороод харахад эхнэрийн амнаас цус гарчихсан, цагдаа нар ирчихсэн байсан... Хэн зодсон талаар сайн мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуу /

            Гэрч Н.П-гийн өгсөн:... П.Г нь миний бага хүү байгаа юм... Би Хэнтий аймгийн Баян-Овоо суманд насаараа амьдарсан. Баян-Овоо суманд амьдрах хугацаандаа 10 хүүхэд гаргаж өсгөсөн. П.Г миний 8 дахь хүүхэд болж мэндэлсэн. Би 1980 онд гэртээ хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэр үед гэрт гал гараад П.Г галд түлэгдсэн. Галд биеийнхээ ихэнх хэсгийг түлж би гэрээс хормойлоод гарсан. Биеийн 70% буюу биеийн баруун хэсгийг тэр чигт нь түлсэн. Миний хүүхдүүд том болж тусдаа гарч явснаас хойш П.Г-тэй хамт амьдарч байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацлын 5-1 тоотод 2017 онд нүүж ирсэн. Би П.Г-ийн хамт амьдардаг. Намайг асарч тойлоод л гэрт байж байдаг. Хааяа архи уудаг. Архи уухаараа яасан гэдгээ мэдэхгүй байна гэдэг. Бид хоёр тэтгэврийн мөнгө, группын мөнгөөр л амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу /

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний  өдрийн 413 дугаартай  дүгнэлт:

1. Д.Г-гийн  биед  доод уруулын  гадна хэсэгт  шарх, дотор салстанд  сорви, цээж, баруун бугалганд цус хуралт, цээжний  зөөлөн  эдийн няцрал гэмтлүүд   тогтоогдлоо.

2.  Дээрхи  гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл  нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар  алдагдалтанд нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн18 хуу/

П.Г-ийн яллагдагчаар өгсөн:.. Би 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8-20 тоотод Г, Г нар дээр нэг ширхэг архи авч очсон. Тэрийгээ тэдний гэрт Г бид 3 хувааж уучихаад Ц гэх хүүхний гэр лүү очсон. Тэдний гэрт очиход 2 шил архи аваад бөөндөө хувааж уусан. Архиа дуусгаад Г агсан тавиад нөхрөө цохиж аваад байхаар нь би голоор нь ороод боль гэсэн чамд хамаагүй гээд түлхэж унагаад миний толгойг хаалганд цохьсон тэгэхээр нь босож очоод уруул руу нь өшиглөсөн. Тэр үед Г, Г бид 3 л байсан. Тэгээд толгойгоо дараад доошоо хэвтчихээр нь цээж рүү нь 2 удаа өшиглөсөн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 29хуу/ 

П.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 хуу/

П.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “П.Г нь өвчний учир хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан” болохыг тодорхойлсон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрийн хуулбар /хх-ийн.......... хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Г нь 2020 оны  07 дугаар сарын 11-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн   сумын  3 дугаар баг Баянмөнхийн 8б-20 тоотод  согтуугаар хохирогч  Д.Г-тай маргалдан  зодож доод уруулын  гадна хэсэгт  шарх, дотор салстанд  сорви, цээж, баруун бугалганд цус хуралт, цээжний  зөөлөн  эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Г, гэрч Д.П, З.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Д.Г-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

   Аймгийн Прокурорын газраас П.Г-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч П.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өвчний учир хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэн 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.Г нь гэмт хэргийн хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдах  нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зав овгийн П.Гийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 /найман зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Г нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ