Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0218/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  А.Цэрэндулам

Улсын яллагч                                                  Г.Мөнхболд

Шүүгдэгч                                                          Г.А нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.А-д холбогдох 2039........... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.А  нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны  өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Ногооны талбай гэх газрын дэргэд байх Хэрлэн голын  эрэг дээр  иргэн Х.Б-тэй  хувийн таарамжгүй харьцааны улмаас  марган  улмаар түүний толгой, нүүрэн тус газар гараараа цохин зодож Х.Б-ийн  эрүүл мэндэд  баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, буланд цус хуралт, хүзүү, цээж, баруун суга, зүүн бугалга, шуунд зулгаралт, зүүн бугалганд  цус хуралт  арьсны улайлт, дагз, баруун  сарвуунд зөөлөн эдийн  няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Х.Б-ийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийг 2008 онд төгссөн ангийн хүүхдүүд Г.А, Т, Б, Э нартай 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уулзаж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Ногооны талбайн баруун талд Хэрлэн голын эрэг дээр очицгоосон. Хэрлэн голын эрэг дээр 15 цагийн үед очиж ямаа боож идэж, бөөндөө 4 шил архи, 1 сагс шар айраг уусан. Архи ууж сууж байгаад би Г.А-д хандаж чи өмнө яагаад миний ээжийг яагаад гичий гэж хэлсэн бэ? гэсэн одоо ч гэсэн хэлнэ гээд миний нүүр лүү 4,5 удаа цохьсон. Намайг цохихоор нь би дээр нь гараад би чамайг өрөвдөөд байна гээд би цохиогүй. Надтай Г.А муудах үед цуг явж байсан хүмүүс та нарын асуудалд оролцмооргүй байна гээд хараад байж байсан. Би тэгээд босоод Хэнтий аймгийн Хэрлэн сум руу алхаж байгаад сүлжээ орохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Миний үүдэн нэг шүд унасан, нэг шүд хөдөлсөн, дээд доод уруул хавдсан, зүүн суганы дотор талд маажуулсан...Би гомдолтой байна, биед үүссэн гэмтэл шархаа эмчлүүлмээр байна... гэх мэдүүлэг / хх-ийн 10 хуу/

Гэрч Э.Т-ийн өгсөн: ... Х.Б, Г.А хоёр голын эрэг дээр суугаад загас барьж байгаад хоорондоо хэрэлдээд зодолдсон. Хэн нь хэнийгээ зодсон талаар сайн мэдэхгүй байна. Газар унаад дээр доороо л ороод  байсан. Тэгж байгаад босож ирэхдээ хэрэлдээд байсан. Тэр үед нь харахад хоёулаа нүүр нь цус болчихсон байсан. Босож ирээд Х.Б миний шүдийг унагачихлаа цагдаад хэлнэ гэсэн Г.А өг гэж байсан... Г.А ээжийг нь доромжилж байсан. Тэрнээс болж муудсан гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 12 хуу/

Гэрч Б.Б-гийн өгсөн:... Би 10 жилийн найзууд болох Б, А, Т өөрийн эхнэр Э нарын хамт Хэнтий аймгаас зүүн тийш 5 км зайд Хэрлэн голын эрэг дээр 1 хоног амрахаар очсон. Амрахаар очих үедээ 2 шил архи, нэг сагс шар айраг авч очсон. Авсан архи, шар айрагнуудыг манай эхнэрээс бусад нь хуваагаад уусан. Ууж дуусаад би эхнэрийн хамт машин дотор ороод унтаад өгсөн. Нэг сэрээд харсан Б алхаад явчихсан байсан. Бид нар үлдээд тэндээ хоносон...гэх мэдүүлэг / хх-ийн 14 хуу/

Гэрч Ш.О-гийн өгсөн:... Г.А бид хоёр 4 жил хамтран амьдарч байгаад 2020 оны 1 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан дундаасаа нэг хүүхэдтэй... Миний нөхөр Г.А нь багаасаа аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн. Хэнтий аймгийн Хан Хэнтий цогцолбор сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд Улаанбаатар хотын Монгол Улсын Их сургуулийн химийн ангийг 2012 онд төгссөн. Миний нөхөр төлөв даруу , нийтэч, хүнд их тусархаг, найз нөхөддөө түшиг тулгатай, уур уцаар багатай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ажилсаг, шударга, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон, цохион хийгээд байдаггүй, архи, тамхийг бараг хэрэглэдэггүй баяр ёслолын үеэр жилдээ ганц нэгэн удаа хэрэглэдэг. Ямар нэгэн гаж, муу зуршилгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

              Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 471 дугаартай дүгнэлт

  1. Х.Б-ийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, буйланд цус хуралт, хүзүү, цээж, баруун суга, зүүн бугалга, шуунд зулгаралт, зүүн бугалганд  цус хуралт, хүзүүнд  арьсны улайлт, дагз, баруун  сарвуунд зөөлөн эдийн  няцрал гэмтлүүд  тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг  түр   хугацаагаар сарниулах тул  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх нэг шүдний булгарал гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5%  алдагдуулна.  Бусад гэмтлүүд нь  цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / хх-ийн 27 хуу /

 

Г.А-гийн  яллагдагчаар  өгсөн:... Би арван жилийн ангийн найзууд болох Т, Б, Б, Э нарын хамт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумаас зүүн зүгт Хэрлэн голын эрэг дээр салхинд гарахаар явсан. Бид явахдаа 0.75 граммын савлагаатай хоёр шил архи, 1 сагс пиво, хорхог хийхээр ямааны мах, бас бус хүнсний материал авч явсан. Бид ил гал асаагаад тойрч суугаад тогооны хорхог хийж идээд авч очсон согтууруулах ундааны зүйлээ уугаад дуусч байхад Б надад хандан чи манай ээжийг доромжилсон гээд агсараад байхаар нь би “Чи битгий тэнэг юм яриад байгаарай, би санахгүй байна” гэж хэлсэн чинь уурлаж босож ирээд намайг хойш нь түлхэж унагаад дээр гарч суугаад намайг заамдсан. Би ноцолдож байгаад босож ирээд намайг хойш нь түлхэж унагаад баруун хавирга орчим 2 удаа өшиглөсөн. Би босож ирээд түлхэж унагаад нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд удалгүй Б аймаг руу алхаад яваад өгсөн. Би тэндээ үлдэж унтаж амарсан... Би Х.Бийн нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 41 хуу/

Г.А-гийн  иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 44 хуу/

Г.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 64-65 хуу/

Хохирогч Х.Б-ийн гаргасан “гомдол байхгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 63 хуу/

Яллагдагч Г.А-гийн  гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 67 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А  нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны  өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Ногооны талбай гэх газар Хэрлэн голын  эрэг дээр  хохирогч Х.Б-тэй  согтуугаар маргалдан  зодож баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, буйланд цус хуралт, хүзүү, цээж, баруун суга, зүүн бугалга, шуунд зулгаралт, зүүн бугалганд  цус хуралт, хүзүүнд  арьсны улайлт, дагз, баруун  сарвуунд зөөлөн эдийн  няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.Б, гэрч  Э.Т нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Г.А нь хохирогч Х.Б-ийг зодсоны  улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

Аймгийн Прокурорын газраас Г.А-гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 67 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 69 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Г.А  хүлээн зөвшөөрч /хх-ийн  68 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Г.А-г   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Х.Б нь гэмт хэргийн хохиролтой холбоотой нотлох баримт гаргаагүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй тухай тодорхойлолт /хх-ийн 63 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Г-ийн А-г   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ