| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0333/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/334 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2038000000389 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 4 дүгээр гудамжны 25 тоотод 2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Ббиед халдан гараараа толгойн тус газарт, гэдэс хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 4 дүгээр гудамжны 25 тоотод 2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Ббиед халдан гараараа толгойн тус газарт, гэдэс хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000389 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Машинаа асаагаад араас очоод суучихаач гэсэн чинь машинд чинь суухгүй гэхээр нь би пизда гээд хэлчихсэн юм, тэгсэн чинь манай эхнэр гартаа барьж байсан хогийн тармуураа далайгаад байхаар нь би чи тэгээд цохичихооч гэсэн чинь тармуураараа намайг цохисон. Би тэгэхээр нь уур хүрээд зөрүүлээд хацар руу нь алгадчихсан юм...Тэр үед их согтолттой байсан учраас миний оюун ухаан орон гаран байсан. Би эхнэрээ үснээс нь чирээд цохисон юм шиг байгаа юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орой би ажлаасаа 22 цагийн үед ирээд гэртээ охинтойгоо байж байтал Б.Б гаднаас согтуу орж ирээд амандаа юм уншаад унтахгүй шинжтэй түгшүүртэй байдалтай байсан. Тэгэхээр нь би зугтъя гэж бодоод хувцсаа өмсөөд гараад 00 ороод сууж байтал Б.Б араас гарч ирээд хашааны хаалга сахиж зогсоод намайг гаргахгүй байсан. Б.Б гэртээ оръё гэхээр нь би орохгүй чамаас айж байна гэж хэлтэл Б.Б гэртээ оръё гэж байна шүү пизда минь гээд намайг үсдэж аваад гэр рүү чирч гараараа миний уруулыг язартал цохисон. Мөн толгой руу цохиод байсан. Тэгээд намайг уйлахаар дуугүй байгаач хүн сонслоо гээд миний амыг гараараа дараад газар унагааж байгаад миний нуруу, ууц, хэвлий хэсэг рүү өшиглөөд байж байтал хажуу хашааны залуу орж ирээд Батсуурийг надаас салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 23-24-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ээжийн нүүр царайг нь хараад хүнд нүдүүлсэн байна гэж бодоод ээжээс асуухад хамтран амьдрагч Б.Бд зодуулаад зугтаах гэхээр хаалга сахиж зогсоод гаргахгүй байсан. Тэгээд үсдэж чирсэн, гэртээ орох гэхээр бага дүүг чинь айчих байх гэж бодоод ээж нь гэртээ ороогүй..харин хажуу айлын залуу ирж ээжийг нь салгаж авсан гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай:
1 .Б.Ббиед дээд уруулд цус хуралт, зүүн дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2 .Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
З. Б.Ббиед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-41, 43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000389 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 4 дүгээр гудамжны 25 тоотод 2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Ббиед халдан гараараа толгойн тус газарт, гэдэс хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Б/хх-ийн 7-8, 23-24-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Б/хх-ийн 25-26-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 482 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Ббусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000389 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2038000000389 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР