Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 11

 

     Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.А даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: П.Б- нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Дорнод аймгийн СХЗХ-т холбогдох,

    Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн СХЗХ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б., түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагч СХЗХ-ийн дарга Э., түүний өмгөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч П.Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн СХЗХ-ийн даргын 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаал нь Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72 тоот тогтоолыг үндэслэсэн байх ба уг тогтоолд гомдол гаргах хугацааг тооцоогүй тушаал гаргасан. Би хугацаандаа гомдол гаргаж байгаа болно. Тушаалын үндэслэл болсон тогтоол нь хүчингүй болсон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон бол хяналтын шатны шүүх шийдвэрийн заалтыг өөрчилсөн байх тул хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэрт тооцон Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

     ...Миний бие ОХУ-д  сургуулиа төгсөж ирээд, 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст баталгаажуулалтын шинжээчээр ажилд орсон. Түүнээс хойш ажлаа нэр төртэй гүйцэтгэж ирсэн. ...Баталгаажуулалтын шинжээч нь үйлчилгээний байгууллагуудыг стандартад заасан үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэн, тэдэнд тохирлын гэрчилгээ олгодог. Гэтэл Э. нь энэ байгууллагыг хувийн байгууллага мэт үзэж, ямар ч хяналт шалгалтгүйгээр танил тал, найз нөхдөдөө тохирлын гэрчилгээ олгуулахаар дарамт шахалт үзүүлж, үүнийг нь эсэргүүцэж байсны минь төлөө надад янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Эхлээд 2016 онд цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Ямар ч үнэлгээ хийлгээгүй байгууллагад тохирлын гэрчилгээ олгуулах гэхээр нь би тухайн асуудлыг тавьсаны төлөө арга хэмжээ авч байсан. Дараагийн удаа сануулах арга хэмжээ авсан. ...Албан ёсны шинжээч байсаар байтал намайг сургалтад хамруулаагүй. М.ийг 14 хоногийн сургалтад хамруулж шинжээч болгосон. Энэ асуудал дээр маргасны төлөө надад сануулах арга хэмжээ авсан юм. Гурав дахь нь сургалтын томилолтын асуудлаас болж 2017 оны 12 дугаар сард ажлаас халах арга хэмжээ авсан. М.т 14 хоногийн томилолт олгосныг миний бие мэдээгүй байсан. Жилийн эцэст томилолтын тухай яриа болоход мэдэж, ...асуудал тавьсаны төлөө намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж байсан. 2018 оны 07 сарын 30-ны өдөр болсон шүүх хурал дээр Э. дарга өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, би 2018 оны 09 сарын 17-ны өдөр эргээд ажилдаа орсон. Намайг ажилдаа ороход “...өргөдөл бич...” гэж дарамталж байгаад өргөдөл бичүүлж байсан. Энэ хүний урьд нь авч байсан арга хэмжээнүүд үндэслэлгүй гэж тогтоогдсон, арга хэмжээ авах үндэслэл байхгүй байсан учраас өргөдөл бичүүлж, шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлийг гаргаж, 2019 оны 01 сарын 16-ны өдөр хүчингүй болсон заалтыг үндэслэн намайг ажлаас халах тушаал гаргасан. Намайг ажилд авахдаа төрийн үйлчилгээний ажилтнаар түр томилох тухай тушаал гаргасан, миний ажиллаж байсан орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байсан учир би Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд  гомдол гаргасан. Үүний дагуу тус Салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Дүгнэлт гаргах тухай” 72 дугаар тогтоолыг гаргасан. ... Энэ тогтоолд гомдол гаргах хугацаа өгөлгүйгээр маргааш нь ажлаас халах тушаал гаргаж байгаа нь Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлтэй хуйвалдсан байх магадлалтай байгаа юм. “...Чамайг ажлаас халаад М.ийг ажилд авна. Чиний хэрэг байхгүй. Өөрөө өргөдлөө өгөөд гар...” гэх зэргээр дарамт шахалт ирж байсан учраас миний бие сүүлдээ гар утсан дээрээ бичлэг хийдэг болсон. Гар утасны бичлэгийн зарим хэсгийг диск болон цаасан дээр буулгаж хэргийн материалд хавсаргаж өгсөн. Намайг ажлаас халдаг гол шалтгаан нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Би 2016 онд Авилгатай тэмцэх газарт хандсан. Үүний дараа “...чи Авилгатай тэмцэх газарт ханддаг хэн бэ. Чамайг ажлаас хална. Өөрийнхөө шинжээчийг ажилд авна...” гэж хэлсэн нь бичлэгт тодорхой байгаа. ...Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа намайг хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэсэн байсан. Миний бие ОХУ-д сургууль төгссөн. Орос хэлтэй. Баталгаажуулалтын шинжээчид бакалавараас дээш боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй байх, 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавигддаг. Мөн баталгаажуулалтын шинжээч нь инженер технологич мэргэжилтэй хүн байх ёстой. Эдгээр шаардлагыг миний бие бүрэн хангасан. Намайг шаардлага хангаагүй гэсэн мөртлөө өөрийнх нь ажилд авсан хүмүүс нь гадаад хэлний мэдлэг байхгүй, ямар ч сонгон шалгаруулалтаар ороогүй, хүнсний технологич мэргэжилтэй хүн байхгүй, төрийн албаны шалгалтад орж тэнцсэн гэсэн бичигтэй л ирсэн байдаг. Миний бие барилгын инженер мэргэжилтэй, энэ байгууллагад 18 жил ажиллачихаад байхад шаардлага хангахгүй гэдгийг ойлгохгүй байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох” ажиллагааг явуулаагүй гэв. 

       Хариуцагч СХЗХ-ийн дарга Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 26 дугаар зүйлийн 26.1.3, 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт тухайлбал: Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, захирах, захирагдах ёсыг удаа дараалан зөрчсөн, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиагүй, төрийн албаны шалгалтад ороогүй нь нотлогдсон зэргийг харгалзан П.Б.г 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 тоот тушаал гаргаж баталгаажуулалтын шинжээчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн билээ. Гэтэл Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолд миний гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэл буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсанд хүндэтгэлтэй хандаж хариу тайлбар, мэдээллийг тус Салбар зөвлөлд хүргүүлсэн боловч хариу ирээгүй байсан болно. Харин Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар тогтоолоор иргэн П.Б.г төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй албан тушаалтан ажиллаж байгаа нь хууль бус гэж үзэж төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтыг зарласан нь хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болохыг нотолсон. 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 дугаар шийдвэрээр ...П.Б.г баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд ажиллуулж байгаа нь хууль бус болохыг тогтоосугай гэснийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Давж заалдах шатны шүүхийн 226 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байдаг. Эдгээр шийдвэр, магадлал гарснаас хойш 7 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа боловч П.Б. нь өнөөдрийг хүртэл төрийн албаны шалгалт өгөөгүй ажиллаж байсан ба дээр нь хэлтсийн ажилтнуудыг үндэслэлгүй гүтгэх, доромжлох, ёс зүйн олон алдаа гаргаж, захирах захирагдах ёсыг удаа дараалан зөрчсөн учраас дээрх шийдвэрийг өмнө нь гаргаж байсан болно. ...Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр П.Б. нь “...хоёр хүүхдээ Улаанбаатар хот руу шилжүүлсэн. Хотод ажилд орох талаар хэд хэдэн газарт хандсан. Тушаалаа л гаргуулчих юм бол болоо...” гэх утгатай зүйлийг ярьсан. Тэр үед Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О нь “...Энхболд даргаа энэ хүн чинь Улаанбаатар хот руу шилжих гэж байгаа юм байна. Шилжих хүртэл нь түр аваад байж болохгүй юм уу. Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн тогтоол ч гарсан юм байна” гэхэд нь “үнэхээр тэгж байгаа бол би Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэр, хувь хүний хэлж ярьж байгаа зүйлүүдийг нь хүндэтгэж үзээд шилжих хүртэл нь давж заалдах шатны шүүхэд хандахгүйгээр асуудлыг шийдэж түр хугацаагаар эргүүлж авъя” гэж тухайн шүүх хуралдаан дээр хэлж байсан талаар захирамжид дурдагдсан байгаа. ...Ингээд П.Б.г түр томилон ажиллуулж байсан болно. Тус хэлтэс нь баталгаажуулалтын шинжээчийн сул орон тоог 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 108 дугаар албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс өмнө нь мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулсан боловч иргэн П.Б. нь сонгон шалгаруулалтад оролцоогүй. Энэ шалтгаанаа 2001 онд төрийн албаны тангараг өргөсөн учир орох шаардлагагүй гэсэн өргөдлөө Төрийн албаны зөвлөлд гаргасныг харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд шилжүүлсэн. 2001 оны 07 дугаар сард Төрийн албаны тангараг өргөх арга хэмжээ болоогүй, тухайн оны 09 дүгээр сард тангараг өргөх албан хаагчдын нэрсийн жагсаалтад иргэн П.Б.гийн нэр байхгүй болохыг баталж тус хэлтэст албан тоот ирүүлсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлд хавсаргасан материал дотор тамгагүй, хуурамч тангаргийн хуудас байгааг хэлэхийг хүсч байна. Аймгийн архиваас төрийн албаны шалгалт өгсөн, нөөцөд бүртгүүлсэн баримт бичгийг 2010, 2018 онд хоёр удаа шүүлгүүлсэн боловч шалгалт өгсөн, нөөцөд бүртгүүлсэн баримт олдоогүй болно. Тухайн сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан, албан тушаалын ерөнхий ба тусгай шаардлагыг хангасан Н.Х-ыг баталгаажуулалтын шинжээчээр ажиллуулах тухай Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 105 дугаар тогтоолыг хүлээн авч, баталгаажуулалтын шинжээч П.Б.г 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хяналтын шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолд “...цаашид төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог хуульд заасан журмын дагуу нөхөх ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй...” гэж заасан байгааг хэлэхийг хүсч байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээд П.Б.г баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд ажиллуулж байгаа нь хууль бус болохыг тогтоож, ёс зүйн олон алдаа гаргаж байсныг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 2012 оны шийдвэрт тодорхой тусгасан байдаг. Учир нь өндөр настай ээжийгээ асарна гэж 2 жилийн чөлөө авсан боловч дээрх хугацаанд хилийн Ульхан, Хавирга, Эрээнцав, Замын-Үүдийн боомтуудаар тасралтгүй 60 удаа орж гарч, ОХУ, БНХАУ-д арилжаа наймаа хийсэн нь тогтоогдсон. М.Ө нь гуравдагч этгээд П.Б.г ажиллаагүй байхад түүний нэр дээр цалин гаргуулан, өөрөө гарын үсэг зурж авч байсан нь санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Мөн дээрх хугацаанд П.Б.гийн Нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх хуультай байсан ч ажиллаж байснаар төлж байсан гэх мэт ноцтой дутагдлуудыг гаргасан. Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн шаардлага хангасан хэнийг ч болов ажилд авч, шаардлага хангаагүй иргэн төрийн албанд ажиллах үндэслэл байхгүй болсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолд тохирлын үнэлгээнд заавал хамрагдах 16 үйлчилгээний газар болон баталгаажуулалтын шинжээчийн ажлын байрны тодорхойлолтод хүнсний үйлдвэрийн технологи, эрүүл ахуйч, түүхий эд, таваар судлал мэргэжилтэй байх бөгөөд иргэн П.Б. нь Барилгын инженер мэргэжилтэй тул баталгаажуулалтын шинжээчийн ажлын байрны тодорхойлолт цаашид ч нийцэхгүй, ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй болно.

     ...Миний бие удирдах ажлыг 2000 оноос хойш тасралтгүй хийж ирсэн. Сонгон шалгаруулалтад хоёр ч удаа орсон байдаг. Аймгийн Засаг дарга намайг энэ ажилд томилохдоо Авилгатай тэмцэх газартай зөвшилцөх, Стандарт хэмжил зүйн газартай зөвшилцөх зэргээр хуульд заасны дагуу томилсон. Тухайн үед миний бие “...сонгон шалгаруулалтыг нь зарлахад яадаг юм бэ...” гэж асуухад “...бид мэднэ. Та өмнө нь сонгон шалгаруулалтад хоёр удаа орсон. Гурван жил болоогүй учраас нөөцөд байгаа...” гэж хариулсан. ...Сая тохирлын гэрчилгээтэй холбоотой нилээд зүйлүүдийг ярих шиг боллоо. Миний бие 2015 оны 09 сарын 03-ны өдөр ажилдаа орсон. Маргааш нь буюу 2015 оны 09 сарын 04-ний өдөр П.Б. 100 ширхэг тохирлын гэрчилгээ барьж орж ирсэн. “...Юу юм бэ...” гэж асуухад “...та гарын үсэг зурах ёстой...” гэж хэлээд гарын үсэг зуруулаад гарч байсан. Л.Х дарга 2013 онд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа “Баталгаажуулалтын зөвлөл”-ийг 9 гишүүнтэйгээр анх байгуулсан. Үүнээс хойш намайг ажилд орох хүртэл 2 жил гаруйн хугацаанд “Баталгаажуулалтын зөвлөл”-ийн хурлыг нэг ч удаа хийж үзээгүй. П.Б. нь Ө. даргын гарын үсгийн хэв шиг зүйлээр дараад өөрөө тохирлын гэрчилгээг 2 жил тарааж явсан. Жинхэнэ дуртай хүндээ өгөөд явж байсан талаар гадуур зөндөө яриа байдаг. Миний бие аймгийн Засаг дарга М.Б-гээр захирамж гаргуулаад, 2016 онд 9 удаа, 2017 онд 18 удаа, 2018 онд 16 удаа хурлыг хийж, тохирлын гэрчилгээг албан ёсоор олгож байгаа. ...“Шинь шинь” ХХК-аас 3,8 сая төгрөг авсан талаар ярьж байна. Манай байгууллагын 40 жилийн ой болсон. Ном хэвлүүлэхэд тодорхой мөнгө нь орсон. Хашаа, байраа янзалсан. Энэ асуудал дээр намайг гадаадын компаниас мөнгө авч хашаа хийсэн гэж Авилгатай тэмцэх газарт өгсөн. Шалгалтаар хууль зүйн үндэслэл алга байна гэсэн. П.Б. “...миний зэрэг дэвийн нэмэгдэл 18 байх ёстой...” гэж 2016 онд Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд өргөдөл гаргасан байдаг. Үүний дагуу тус Салбар зөвлөлөөс хүмүүс ирж материалыг нь шалгасан. Ингээд төрийн албанд орохдоо шалгалт өгөөгүй, тангаргийн хуудас нь тамгагүй, өөрөө биччихсэн байдалтай байгаа талаар анхааруулсан. Анх 2000 онд “эксперт” гэсэн орон тоон дээр Д.Б.г ажилд авсан байдаг. ...Түүнээс хойш 2012 онд Шадар сайдын 54 дүгээр тогтоолоор баталгаажуулалтын шинжээчийн 3 орон тоо батлагдсан. 2002 онд зэрэг дэв олгосон гэж ярьж байх шиг байна. Түүнийг миний бие олж хараагүй. Харин 2010 онд гутгаар зэрэг, 17 хувь гэж аймгийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Үндэслэлүүд нь огт байхгүй. Ингэж яваад байж болохгүй. Хамгийн сүүлд хяналтын шатны шүүх шийдвэр гаргасан. Зарим заалтыг хүчингүй болгосон. Энэ шийдвэр дээр “...ямар ч шийдвэр гарсан ч гэсэн сул орон тоо гарсан тохиолдолд түүнийг нөхөхөд энэ шийдвэр нөлөөлөхгүй...” гэсэн байгаа. Шалгалт өгсөн гэдэг баримтыг Г.гийн маргааны үед ч, миний үед ч аймгийн архиваас гаргуулах гээд олоогүй. Тангаргийн хуудас нь хүчин төгөлдөр биш. Үнэхээр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгчихсөн хүнийг өгөөгүй гээд байгаа бол би өөрөө буруутна гэдгээ сайн мэдэж байгаа. ...Ө. даргын гэрчээр өгсөн мэдүүлгийг харахад тэгсэн байх, ингэсэн байх гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байна. Ийм байдлаар хандаж өнөөдрийг хүртэл явж ирсэн нь харамсалтай. ...2018 оны 09 сарын 17-ны өдөр ажилд авахдаа уулзаж хэлсэн, сонгон шалгаруулалт зарлагдана гэдгийг мэдсэн, 12 дугаар сард орон тоо зарлагдсан. ...Сонгон шалгаруулалт зарлагдахдаа хүнсний технологичи гэсэн мэргэжлээр зарлагдсан. Гэхдээ П.Б.г олон жил ажилласан учраас шалгалтад оруулна. Шалгалтаа өгч тэнцээд жинхэнэ төрийн албан хаагч болох ёстой гэж хандсан.  Гэтэл “...би орох ёсгүй хүн...” гээд өөрөө шалгалтад ороогүй гэв.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч П.Б. нь “Дорнод аймгийн СХЗХ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

     Нэхэмжлэгч П.Б. нь Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн төвийн даргын 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар тус төвийн баталгаажуулалтын экспертээр томилогдсон байна. 

     Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтын дагуу хуульд заасан бусад үндэслэл тогтоогдсон, Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын        30-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлал, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 72 дугаар тогтоолыг үндэслэн Баталгаажуулалтын шинжээч Пүрэв овогтой Б.г 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг гаргажээ.[1]

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

   1.Маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн СХЗХ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

     1.1 Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно:

     22.1.1. Монгол Улсын иргэн байх;

     22.1.2. дээд боловсротой байх;

     22.1.3. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

     22.1.4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;

     22.1.5. сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

     22.1.6. хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх.

     Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн албан тушаалд  тавих тусгай шаардлагыг тус тус хуульчилжээ. Гэтэл Дорнод аймгийн СХЗХ-ийн дарга Э. нь тус хэлтэст баталгаажуулалтын шинжээч ажилтай П.Б.г дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл П.Б. нь Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлийн аль зүйл, заалтыг хангахгүй байгаа нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаас тодорхой харагдахгүй байна.

     1.2 Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлалын тухайд:

     Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т ...төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээд П.Б.г баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд ажиллуулж байгаа нь хууль бус болохыг тогтоосугай гэж шийдвэрлэсэн[2] бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.[3]

     Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор дээрхи анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж ... П.Б. нь тухайн албан тушаалд хууль бусаар томилогдон ажиллаж байгаа болохыг тогтоолгох ...зэрэг нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.[4] 

    Гэтэл Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус хэлтсийн баталгаажуулалтын шинжээч П.Б.г ажлаас чөлөөлөхдөө Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаар магадлалыг тус тус үндэслэсэн нь буруу байна.

     Өөрөөр хэлбэл Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор дээрхи анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсаныг анзааралгүй П.Б.г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

     1.3 Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 72 дугаар тогтоолын тухайд:

     Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 72 дугаар тогтоолын тогтоох хэсэгт ...төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагыг хангаагүй нь Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр тогтоогдсон ...гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

     Мөн Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь дээрхи анхан шатны шүүхийн шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоолоор өөрчлөлт орсныг анзааралгүй орхигдуулж, дүгнэлт гаргасан байна.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж хуульд заажээ.

     Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг зохион байгуулахдаа бичгээр мэдэгдэл өгч саналыг авах, биечлэн уулзалт хийх зэргээр зохион байгуулж болно. Сонсох үйл ажиллагааг бичгээр авахаас бусад хэлбэрээр зохион байгуулсан бол тэмдэглэл үйлдэх, албажуулах арга хэмжээ авна. Гол нь сонсох ажиллагааг зохион байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27.3-т заасан мэдээллийг оролцогчид мэдээлсэн байна.

     Гэтэл П.Б.г ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан  баримтуудаар нотлогдож байна.

     Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т  “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэжээ. Хариуцагч Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нь дээрхи шийдвэрийг гаргахдаа  үндэслэл болгож байгаа шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын үндэслэлийг нарийвчлан судалж, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг ажиллагааг хийгээгүй, Хяналтын шатны шүүхээс өөрчлөлт орсон шүүхийн шийдвэр, магадлал зэргийг үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

     Иймд Дорнод аймгийн СХЗХ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

    1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн СХЗХ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б.д олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.А

 

 


[1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 23-34 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 17-22 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас