Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 10

 

 

Я.А холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолтой, Я.А-Д холбогдох эрүүгийн 1736000000106 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 01-38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Зөөд овогт Я.А нь  2017 оны 12 сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэлт бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.Нямгэрэлийн цүнхэн дотроос түүний эзэмшлийн Самсунг Жи 7 маркийн гар утсыг нууцаар буюу хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Я.А-ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.4 зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Я.А-д 250 / хоёр зуун тавь /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Эрч хүч ОНӨУҮГазарт цас цэвэрлэх, хог цэвэрлэх ажил хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зөөд овогт Я.А нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, Эрүүгийн 1736000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Я.А-ИЙНэзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөргөгч битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.А түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Я.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөх зардалгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Мөн Я.А нь эхнэр, 3 настай хүүхдийн хамт хадам аав Л.Болдынд амьдардаг, эхнэр Гажидмаа нь Ховд их сургуульд суралцдаг, оюутан, мөн эхнэр нь жирэмсэн, бага насны хүүхдээ Я.А нь асран хамгаалдаг байна.  Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болон ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч Я.А үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хянан шийдвэрлэхдээ  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүгдэгч Я.А нь 2016 оны 12 дугаар сарыг 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд үйлчүүлж байсан иргэн Д.Нямгэрэлийн цүнхээс “Самсунг Жи-7” маркийн гар утсыг нууцаар буюу хууль бусаар хулгайлан авч 504000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Д.Нямгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн эцэг эхчүүдийн дунд шинэ жил тэмдэглэсэн. “Итгэл” төвд хүлээн авалт болсон. 20 цагийн үед би нөхөртэйгээ яриад утсаа цүнхэндээ хийсэн. 21 цаг 15 минутын үед дахиад нөхөртэйгээ ярих гэхэд цүнхнээс утас алга болсон байсан. Тэнд сууж байсан хүмүүсээс асуугаад олдоогүй.Надад хүлээлгэн өгч байгаа “Самсунг Жи-7” маркийн гар утас миний гар утас мөн байна.Утсыг асаагаад кодоо хийгээд дуудлага хийж үзэхэд зүгээр ажиллаж байна...”  /хх-20-23 дугаар тал/

            Шүүгдэгч Я.Алтангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн эцэг эхчүүдийн дунд шинэ жилийн арга хэмжээнд оролцсон.Хүлээн авалт "Итгэл" төвд зохион явагдсан.Тухайн арга хэмжээнд оролцож байхдаа Д.Нямгэрэлтэй хамт нэг ширээнд суусан.Ширээний хүмүүс босоод бүжиглэх үед би ганцаараа сууж байгаад Д.Нямгэрэл цүнхэн дотроос нь “Самсунг Жи-7” маркийн гар утас өмсөж явсан пиджакныхаа энгэрийн халаасанд хийчихсэн. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Их буян зах дээр утас засвар дээр энэ утасны код гаргуулах гэсэн юм гэхэд энэ утас хулгайд алдагдаад бүртгүүлсэн гээд эзнийг нь дуудсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдсан...” гэх мэдүүлэг / хх- ийн 36-37 дугаар тал/

            2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар тал/

            2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эд мөрийн баримтыг түр хураан аван тухай Мөрдөгчийн санал, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 9-13 дугаар  тал/   зэрэг нотлох баримтуудаар  тогтоогджээ. Шүүгдэгч Я.Алтангэрэлийн дээрх үйлдлийг мөрдөн шалгаж яллагдагчаар татаж  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл анги зөв байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан   шалгавал зохих байдлуудыг  хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Я.Алтангэрэлийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан боловч Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг  давж заалдах шатны шүүх зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар  нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх”-ийг хүсэж давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилжээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.А оногдуулсан ял шийтгэл нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хуульзүйн үндэслэлтэй байх бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байх тул алдааг зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зарим үгийг орхигдуулж бичсэн алдаа байх ба цаашид үг үсгийн алдааг  хянаж байхаас гадна “ Эрүүгийн хуулийн 5.4 зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлаж” гэж хуульд байхгүй зүйл заалт хэрэглэсэн байгааг анхаарвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  1 дэх заалтыг  “ Шүүгдэгч Я.А хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг  “ Шүүгдэгч Зөөд овогт Я.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 5.4 зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлаж” гэснийг хасаж,

            6 дахь заалтыг “Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2-т зааснаар” гэж өөрчлөлт оруулж,тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Я.Алтангэрэлд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ДАМБА

                                      ШҮҮГЧИД                                  Д.МӨНХӨӨ

                                                                                         Н.ТУЯА