| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0241/э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 228
2020/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: П.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт П Цэд холбогдох 2012002900271 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ааймгийн Т сумын Б багийн Б гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт П Ц /РД: ../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Тсумын Б багийн нутаг Б гэх газарт хашаанаас гарах гэж байсан адууг хаах зорилгоор шон ухаж байсан төмөр лоомоо авч шидсэний улмаас иргэн Д.А толгойн ар хэсэгт онож, түүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012002900271 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.А мэдүүлсэн: ...Манайх А аймгийн Тсумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах Б гэх газар олон жил мал маллаж нутаглаж байгаа айл байгаа юм. 2018 оны намар 09 дүгээр сарын дундуур өдөр манайхтай айл саахалт нутагладаг П гэх айл намаржаан дээрээ адуугаа тамгалж байхад би туслахаар нутгийн хүүхэд Г хүү Р хамт Пд очсон. Тухайн үед Р бид хоёр Пд очоод адууных нь хашаан дээр буухад гэгээтэй байсан бөгөөд оройны 17 цаг орчим болж байсан. Адууны хашаан дээр нь П хүү Ч, Ахүү Н гэх залуу, Адъяахүүгийн Баттөмөр гэж Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байдаг залуу гээд нийт 3 залуу адуу тамгалаад байж байсан. Би мориноосоо буугаад тамгалж байсан адуун дээр нь дарж өгч тусалж байтал намайг ар талаас толгой руу цохисон. Миний толгойноос их хэмжээгээр цус гараад толгой эргээд байхаар нь би Пд бага гэрт нь ороод хэвтсэн бөгөөд толгой эргээд зүгээр болохгүй болохоор нь сумын төвөөс эмч дуудсан чинь эмч ирээд надад оёдол тавиад явсан. Одоогийн байдлаар толгой руу цохиулснаас болоод миний зүүн нүдний хараа бүрэн алдагдсан бөгөөд дахиад баруун нүдний хараанд нөлөөлж би нүдээ үзүүлж харуулахаар 2018 оны хэрэг явдал гарснаас хойш эмнэлгийн байгууллагаар зөндөө явсан боловч надад одоо эмчилгээ байхгүй гэж эмч нар хэлж байна. Намайг тухайн үед П гэх адуу тамгалж байсан айлын хүү Ч төмөр лоомоор цохисон. Намайг цохиулсны дараа Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх гэж байхад Ч надад 1.000.000 төгрөг дансаар хийж өгсөн. Би мөнгө төгрөг өгөхөөр нь залуу хүүхэд алдаагаа ойлгосон байх гэж бодоод шүүх, цагдаа гэж нэг их хөөцөлдөөгүй. Гэтэл одоогоор миний хараа муудаад эмчилгээний төлбөр мөнгө их гарч байгаа учраас надад тусламж хэрэгтэй байна. Чтэй уулзаад энэ талаар хэлсэн боловч надад хариу хэлээгүй. Намайг адуу тамгалаад дарж байхад араас минь миний толгой руу Ч 1 удаа төмөр лоомоор цохисон. 1 алд урттай төмөр лоом байсан бөгөөд би сайн хараагүй. Би адуу тамгалж байсан бөгөөд Чтэй хэрэлдэж маргалдаагүй. Намайг ямар шалтгаанаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Дараа нь намайг Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвд мэс заслын тасагт хэвтэж байхад Ч ирж уулзахдаа ахаа би согтчихсон байна, уучлаарай гэж хэлж байсан. Ч архи уусан юм шиг согтуу байсан. 2018 оноос хойш зөндөө эмчилгээ хийлгэж байна. Нүдний хараа муудаад зүүн нүд бүрэн харахаа байсан учраас их эмчилгээ хийлгэж үзсэн. 3-4 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ч миний толгойны ар хэсэгт лоомоор цохисноос болоод толгойны ар дагз хэсэгт том хагарсан, нүдний торлог бүрхэвч цохилтын хүчнээс болоод ховхроод зүүн нүд одоогоор хараагүй болсон. Манай нутгийн Ахүүхэд Н гэх залуу, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байдаг Баттөмөр гэх залуу, мөн надтай хамт очсон Р нар Ч нь намайг цохисон болохыг мэдэж байгаа. Ч надад 1.000.000 төгрөг өгөхөөр нь гэм буруугаа ойлгосон байх, залуу хүүхэд юм чинь цагдаа, шүүхийн байгууллагаар яваад яах вэ гэж бодсон юм. Би гомдолтой байна. Одоогоор миний зүүн нүд бүрэн хараагүй болсон байна. Өдийг хүртэл эмчилгээ хийлгэж явсан. Яг одоо хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Өмэдүүлсэн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын дундуур Төвшрүүлэх сумын Эрүүл мэндийн төвд эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үед намайг эмнэлэгт хэвтэж байхад Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Баахан булаг гэх газарт манай хөдөө гэрт манай нөхөр А ганцаараа байж байсан. Намайг эмнэлэгт байхад манай охин надад аав хүнд зодуулаад Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд хэвтэж байгаа гэж хэлсэн. Би А тухайн үед зодуулсан талаар ингэж мэдсэн. Тэгээд юу болсон талаар асуухад П ахынд адуу тамгалж байхад нь П ахын хүүхэд Ч аавыг зодсон гэж манай охин надад хэлсэн. Би тухайн үед гайгүй юм байх гэж бодож байтал нилээн хүнд байдалтай Архангай аймгийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт хэвтсэн байсан. Би эмнэлгээс А дээр очиход эмчилгээ хийж байсан эмч нь ер нь энэ хүний биеийн байдал хүнд байна, яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна гэж хэлсэн. Үүнээс хойш олон удаа эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн боловч А толгойныхоо ар хэсэгт цохиулснаас болоод зүүн нүд нь хараагаа алдсан байсан бөгөөд эдгэрэх байх гэсэн боловч одоог хүртэл эдгэрээгүй байна. Цаашид улам хүндрээд баруун хараанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдалтай байгааг эмнэлгийн байгууллага оношилж байна. Манай нөхөр Аг манай нутгийн П гэх хүний хүүхэд Ч гэх хүн төмөр лоомоор цохиж гэмтээснээс болоод ийм зүйл болж байна. Ч тухайн үед Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх гэж байхад манай нөхөрт эмчилгээнд хэрэглээрэй гэж 1.000.000 төгрөг өгч байсан. Одоог хүртэл өөр тусламж үзүүлээгүй байна. Одоогоор манай нөхрийн биеийн байдал тааруу байна. Толгой руугаа төмөр юмаар цохиулснаас болоод байгаа байдал нь хэвийн бус их сонин болсон. Өмнө нь болсон юм аа мартдаг бөгөөд аливаа зүйл ярилцаж байхад хүртэл удаан ойлгож байгаа нь мэдэгддэг. Мөн зүүн нүд нь хараагаа бүрэн алдсан байдалтай байна. Өмнө нь А нүдний шил гэх мэт зүйл хэрэглэдэггүй байсан. Нүд муу харлаа гэж байгаагүй. Харин цохиулснаас болоод зүүн нүд нь хараагүй болсон. Толгой нь том хэмжээгээр хагарснаас болоод оёдол зөндөө тавиулсан бөгөөд шимэгдэх эмчилгээ, нүдний харааг сэргээх эмчилгээ зэрэг олон төрлийн эмчилгээ хийлгэж байсан боловч зүүн нүдний хараа нь дээрдээгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Ж мэдүүлсэн: ...Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Баахан булаг гэх газарт манайх нутагладаг хөдөөний айл байгаа юм. Тухайн өдөр хэрэг явдал гарах үед би нөхөр Птэй хамт Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум ороод хөдөө гэртээ эргэж ирэхэд манай гэрт манай хүү Ч байж байсан бөгөөд архи дарс уусан юм шиг бага зэрэг согтуу байсан. Хурим найр нь болоод удаагүй 3 хонож байсан учраас архи ууж гэж бодоод дуугүй байсан. Маргааш нь А толгойдоо оёдол тавиулаад Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд хэвтсэн байна гэж манай гэрийнхэн мэдээд яагаад хэвтсэн талаар нь сонсоход толгой тархи нь хагарсан гэсэн. Архангай аймагт Ад хоол унд эмнэлэгт зөөх хүн байхгүй байсан учраас би төв ороод хоол ундыг 3 хоног зөөж өгсөн. Тухайн үед намайг хоол зөөж байхад А хэлэхдээ Улаанбаатар хот руу явж томограффын зураг авхуул гэсэн, нүдээ үзүүл гэсэн гэж хэлэхээр нь би 1.000.000 төгрөг өгөөд хамт Улаанбаатар хот руу явсан. Бид нар Улаанбаатар хотод очоод “Гэмтлийн эмнэлэг”-т үзүүлээд байж байтал А эхнэр Ө нь надад хандаад та нар одоо хэрэггүй, та нартай хамт үзүүлэх шаардлага байхгүй гээд намайг загнаад байхаар нь би буцаад Төвшрүүлэх суманд ирсэн. Би эмчилгээ хийх хэрэгтэй байна уу, мөнгө төгрөгийн туслалцаа хэрэгтэй юу гэж асуухад А эхнэр Ө надад тийм хэрэг байхгүй, бид нар өөрсдөө үзүүлж харуулаад болно, гар хөлгүй хүмүүс байгаа биш гээд хамт эмнэлгээр явахгүй байсан. Үүнээс хойш манай хүү Ч А гэрт түлээ мод байхгүй гэхээр нь өвлийн бэлтгэл гээд түлээ мод буулгаж өгч байсан. Манай хүү гэм буруугаа ойлгоод эмчилгээний зардал болон бусад зүйлсэд нь туслахад бэлэн байсан. Тухайн үед ч гэсэн 1.000.000 төгрөг эмчилгээнд өгч байсан. Гэтэл өдийг хүртэл хэл сураггүй байж байгаад манай хүүд өргөдөл гаргасан байна. Ч намайг ирэхэд гэртээ унтсан байсан. А Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд хэвтсэн байна гэхээр нь араас нь очиж хоол цай зөөж өгөхдөө уулзаад мэдсэн. Анх Архангай аймгаас Улаанбаатар хот руу явна гэхэд нь зардлын мөнгө 100.000 төгрөг өгсөн, дараа нь эмчилгээний зардал гээд 1.000.000 төгрөг өгч байсан. Манай хүү өвөл нь түлээ түлшгүй боллоо гэхэд нь түлээний мод буулгаж өгч байсан. Өөр байдлаар эмчилгээний төлбөр мөнгө гэж өгөөгүй. Намайг очиход унтаж байсан бөгөөд сэргэхдээ гайгүй байсан. Ч болон А нар нь өс хонзонгийн болон өр авлагын асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бмэдүүлсэн: ...Тухайн үед 2018 оны 09 дүгээр сар болж байсан бөгөөд яг өдрийг нь сайн санахгүй байна, Ч хуримаа хийгээд би найран дээр нь очсон байсан үе. Гэтэл нэг өдөр Баахан булаг гэх газарт манайхтай ойрхон нутагладаг П гэх айл адуугаа тамгалах гэж байсан бөгөөд би адуу тамгалахад нь туслахаар П гэрт нь очсон байсан. Чийн хурим найр болсон, бас тэнд адуу тамгалж байсан болохоор ерөнхийдөө архи уусан байсан. Намайг архи уугаад тасраад сэрэхэд П гэрт А ах ирээд П хүүхэд Чэд цохиулсан байсан. Энэ талаар би сэрээд мэдсэн. Яг юу болсон талаар би мэдээгүй. Ч яг хэрхэн, яаж цохисон талаар би мэдээгүй. Тухайн үед Н, П Ч нар байсан. Бид нар ямар ч байсан тэр өдөр адуугаа тамгалж байсан. Ч Аг цохиж, зодсон талаар би мэдэхгүй. Тухайн хэрэг явдал болох үед би архи уугаад тасраад унтаад сэрсэн. Ч тухайн үед их архи уусан, их муудсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бдахин мэдүүлсэн: ...Тухайн үед А, Ц, Р, Б нар байсан. Мөн Хотонт сумын О байсан. Одоогоос 2 жилийн өмнө болсон хэрэг учраас би мартсан байна. О нь манай нутгийн хүн биш учраас санаанд орсонгүй. Адууны хашаан дээр О гэх залуу байж байсан бөгөөд адуу тамгалахад тусалж байсан. Ц А руу лоом шидсэн асуудал болсныг би мэдэхгүй. Тухайн хэрэг явдал болох үед би архи уугаад тасраад унтаад сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн: ...Тухайн өдөр 2018 оны 09 дүгээр сар болж байсан бөгөөд яг өдрийг нь сайн санахгүй байна, намайг гэртээ байж байхад манайхтай ойрхон нутагладаг П ахын хүү Ч манайд ирээд өнөөдөр адуу тамгалж байгаа юм туслаад өгөөч гэсэн. Би зөвшөөрөөд тэдний гэрт очоод адуу тамгалж байсан. П ахынд тэдний хүү Ч, Б бид 3 адууны хашаан дээр адуу тамгалаад би адуун дотроос унага барьж өгөөд байж байсан. Удалгүй бид 3 дээр ойрхон нутагладаг А ах Р гэх залуутай ирсэн байсан. Би унага бариад байж байтал миний ард ёо ёо гээд хүн орилоод байхаар нь би эргээд хартал А ах газар суугаад толгойгоо бариад байж байсан. Би зодолдсон юм байх гэж бодоод гүйж очоод Чийг салгаж аваад А ахыг морин дээр нь мордуулж өгөөд явуулсан. Тухайн үед П Ч, Б, Г ахын хүү Р нар байсан. Намайг унага барьж байхад миний ард орилоод явчихсан. Яг юу болсон талаар мэдэхгүй. Би их согтсон байсан. Намайг моринд мордуулж өгөхөд нүүрийг нь дагаад бага зэрэг цус гарсан байсан. Ч тухайн үед нилээн архи уусан, их муудсан байсан. Би Чийг гартаа юм барьсан байсан эсэх талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан орилоод зогсож байсан бөгөөд хажууд нь А ах газар сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын дахин мэдүүлсэн: ...А, Ц, Р, Б нар байсан. Мөн Хотонт сумын О байсан. Одоогоос 2 жилийн өмнө болсон хэрэг учраас би мартсан байна. Бас О манай нутгийн хүн биш учраас санаанд орсонгүй. Адууны хашаан дээр О гэх залуу байж байсан адуу тамгалахад тусалж байсан. А Ц хоёр хоорондоо ноцолдсон эсэх талаар мэдэхгүй байна. Би эргэж харахад А газар сууж байсан. Би морин дээр нь мордуулж өгсөн. Ц хажууд нь байсан. А болон Ц нар ноцолдож, зууралдсан асуудал байхгүй. Хэрвээ ноцолдсон зууралдсан бол бид нар мэдэх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Р мэдүүлсэн: ...Би тухайн өдрийг яг сайн санахгүй байна, 2018 оны 09 дүгээр сар болж байсан бөгөөд П хүүхэд Ч гэх залуу адуугаа тамгалж байсан. Тухайн үед нь А ах бид хоёр манай гэрт хамт байж байгаад адуу тамгалж байгаа айлд очиж тусалъя гээд Чийн гэрт А ах бид хоёр хамт очсон. Бид хоёрыг очиход Ч адууны хашаан дээрээ адуугаа хашчихсан байж байсан. Чтэй хамт Н, Б гэх хоёр адуу тамгалаад байж байсан. А ах бид хоёр мориноосоо буугаад нэг, нэг унага барьж аваад тамгалуулах гээд ноцолдож байсан. Гэтэл Ч гэнэт цагаан өнгийн төмөр лоом шидээд А ахын ар нуруу хэсэг газарт нь оносон. Би гайхаад А ахыг аваад Чийн гэрээс явсан. Төвшрүүлэх сумын төв рүү утсаар холбогдож түргэн тусламж дуудсан бөгөөд түргэний эмч ирээд А ахын толгойд оёдол тавиад явсан. Ч ямар шалтгаанаар А ахын араас лоом шидсэн талаар би сайн мэдэхгүй. Уг нь А ах бид хоёр тэдний гадаа буугаад мэнд мэдээд өөр байдлаар хэрэлдэж маргалдаагүй адуу тамгалахад нь тусалж байсан. А ах бид хоёрыг Чийн адууны хашаан дээр очиход Ч халамцуу, архи уусан байдалтай байсан. Магадгүй согтуудаа агсамнаад А ах руу лоом шидсэн байх. Тухайн үед П Ч, Б, Н гэдэг залуучууд байсан. Бас Хотонт сумын гаралтай О гэдэг залуу байсан. А ах бид хоёрыг унага барьж байхад Ч гадасны нүх ухаж байсан төмөр лоомоо шидээд А ахыг оносон. Өөр байдлаар цохиж, зодсон талаар би мэдэхгүй байна. Толгойноос нь цус гойжоод нүүр, ам нь цус болчихсон газар хэвтэж байсан. Н А ахыг моринд нь мордуулж өгсөн. А ах толгой өвдөөд, эргээд байна гэж байсан. Ч тухайн үед нилээн архи уусан их муудсан байсан. Чийн шидсэн лоом цагаан өнгөтэй төмөр лоом байсан бөгөөд уртаараа нэг алд орчим урттай байх шиг байсан. Би сайн хараагүй. Чэд цохиулахын өмнө А ахын нүд зүгээр байсан. Одоо зүүн нүд нь хараагүй болсон гэсэн. Чийн бүтэн нэрийг нь Ц гэдэг. Бид нар Ч гэж дууддаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Р дахин мэдүүлсэн: ...Тухайн үед П Ч, Б, Н гэдэг залуучууд байсан. Бас Хотонт сумын гаралтай О гэдэг залуу байсан гэж би өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн байгаа. А ах бид хоёрыг Чийн адууны хашаан дээр морьтой очиход тэр залуу байж байсан бөгөөд адуу тамгалахад тусалж байсан. Ц А ах руу лоом шидэх үед Цийн хажууд байсан. Би харин А ахын хажууд байсан. Би яг хэрхэн шидэж байгааг нь хараагүй. Гэхдээ Цийн зүгээс шидсэн лоом А ахыг оносон. Яагаад шидсэн, яаж шидсэнийг нь хараагүй. Ц адууны хашаанаас адуу гарах гээд байхаар нь урдуур нь хааж лоомоо шидсэн. Гэтэл цаана нь байсан Аг шидсэн лоом нь оносон. Адууны хашааны хаалганы наана, цаана байсан гэхээр 4-5 орчим метр зайтай байсан гэсэн үг...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байсан бөгөөд тухайн үед манай цэргийн он жав найз Чийн хурим болсон. Би хурим дээр нь очсон. Бас хуримын 3 хоногийн дараа Ч адуугаа тамгална гэхээр нь би адууг нь тамгалахад туслаад байж байсан. Тэр өдөр Ч, Н, Б бид дөрөв адуу тамгалаад байж байтал Чийн хойд талд байдаг А гэдэг ах, Р гээд бас нэг залуутай хамт бид дөрөв дээр хүрч ирсэн. Тэр хоёр ирээд адуу тамгалахад туслаад байж байтал Ч адууны хашаан дотор байсан адуу гарах гээд байхаар нь Ч унаганы зэлний шонгийн нүх ухаж байсан төмөр цагаан лоомыг аваад адууны урдуур шидтэл цаад талд нь унага тамгалж байсан А ахыг Чийн шидсэн лоом оносон юм. Өөр явдал болоогүй. Тэд нар маргалдаж, хэрэлдээгүй. Тухайн үед Чийн хурим найр болоод удаагүй байсан учраас Ч архи уусан согтуу байсан. Ч зөвхөн лоом шидсэн. Өөр байдлаар цохиж, зодоогүй. Ч лоом шидсэн бөгөөд тухайн шидсэн лоом нь А ахын ар нуруу хэсэг газарт нь хөндлөнгөөрөө маягтай онож харагдсан. Тухайн лоом нэг алд гаруй урттай, цагаан харагддаг төмөр лоом байсан. А болон Ч нарын хооронд хэрүүл, маргаан болоогүй. Ч лоом авч адуу руу шидээд, шидсэн лоом нь А ахыг оноод асуудал болсон. Ч бид хоёрыг хоорондоо 2-3 алхам зайтай зогсож байсан. Бид хоёрын эсрэг талд үүдэн хоймрын зайтай 4-5 метр орчим зайтай А, Р хоёр зэрэгцээд зогсож байсан. Тухайн үед Чийн адууны хашааны гадаа Н, Р, А, Б, Ч нарын хамтаар би байсан. Бид нар ер нь архи, айраг уусан согтуу байсан. Чийн бүтэн нэрийг Ц гэдэг. Бид нар Ч гэж дууддаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын дахин мэдүүлсэн: ...Би тухайн үед хэрэг явдал болоход Чийн гэрт нь байсан. Тухайн үед Цийн хурим болоод удаагүй байсан учраас би тэнд очсон байсан. Удалгүй тэднийх адуугаа тамгалах гэж байхад Ц А руу лоом шидсэн үйл явдал болсон. Ц А хоёр адууны хашааны хоёр талд байсан. А адууны хашааны зүүн талд унага дараад цаашаа харсан байдалтай байсан. Харин Ч бид хоёр адууны хашааны баруун талд байсан. Ч унаганы зэлний шон ухаж байсан төмөр лоом гартаа барьсан байж байгаад адууны хашаанаас адуу гарах гээд байхаар нь адууны урдуур шидсэн. Би тухайн үед Чийн яг хажууд нь байсан. Тухайн үед хэрэг явдал болох үед Б, Н, Ц бид нар адуу тамгалаад байж байсан. Би эдгээр хүмүүсийг танина, найз нөхдийн холбоотой. Харин удалгүй бид нар дээр хоёр морьтой хүн ирсэн бөгөөд тэрний нэг нь А, нэг нь Р гэх хоёр залуу байсан. Би тэр хоёрыг сайн танихгүй. Ц адууны хашаанаас адуу гарах гээд байхаар нь урдуур нь хааж лоомоо шидсэн. Гэтэл шидсэн лоом нь цаана нь байсан Аг оносон. Адууны хашааны хаалганы наана, цаана байсан. Тэгэхээр 4-5 орчим метр зайтай байсан гэсэн үг...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Цийн мэдүүлсэн: ...Би Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн малчин бөгөөд мал аж ахуй эрхэлж амьдардаг. Одоогоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Баахан булаг гэх газарт нутаглаж байгаа. Манай эхнэр Шүрэнчимэг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилладаг юм. Би өөрийн эхнэр Шүрэнчимэгтэй 2 жил гаруй хамт амьдарч байгаа. Одоо бид хоёр нэг хүүхэдтэй. Манайх Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Баахан булаг гэх газарт адуугаа тамгалж байсан юм. Би хуримаа хийгээд 3 хонож байсан учраас айраг, монгол архи уусан, бага зэрэг согтсон байсан. Манай адууны хашаан дээр ойрхон нутагладаг А ах, Р гэх залуутай хамт бид нарыг адуу тамгалж байхад ирсэн. Би унаганы зэлний шон зоох гээд нүх ухаж байсан цагаан өнгийн лоомыг аваад адуу хашаанаасаа гарах гээд байхаар нь урдуур нь хаах гээд шидсэн чинь цаана нь байсан А ахыг миний шидсэн лоом оносон. Бид нар Төвшрүүлэх сумын төвөөс түргэн тусламж дуудаад А ахыг үзүүлсэн. А ах толгойдоо оёдол тавиулсан бөгөөд хэдэн оёдол тавиулсныг нь би санахгүй байна. Үүний дараа би А ахтай уулзаад дүүгээ уучлаарай, эмнэлэгт үзүүлбэл хэрэглээрэй гээд хот руу явахад нь 1.000.000 төгрөг өгсөн. Мөн тэдний гэрт 2018 оны өвөл болох гэж байсан учраас түлээ мод буулгаж өгсөн. Үүнээс хойш А ахтай би дахиж уулзаад та дахиад эмчилгээ хийлгэх юм байна уу, өөр эмнэлэг эмчид үзүүлэх үү гэтэл А өөрөө намайг хэрэггүй гар, хөлгүй хүн байгаа биш бид нар болно гэж хэлсэн. Ингээд би гайгүй байх гэж бодоод дахиж уулзаагүй. Гэтэл 2020 оны 07 дугаар сард энэ талаар өргөдөл өгсөн байна. Үүнээс хойш би дахиад Атай уулзаад гэрт нь очоод хохирол мөнгө хэрэгтэй бол төлөхөд бэлэн байна гэсэн боловч надад юм дуугараагүй. Би бүр болохгүй болохоор нь өөрийн аав Пг уулзаад өг гэж гуйгаад А ахтай уулзуулсан боловч мөн адил хохирол мөнгө аваагүй. Ийм асуудал болсон. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, гомдлыг бүрэн барагдуулахад бэлэн байна. Би тухайн прокурорын тогтоолтой танилцсан, яллагдагчаар татсан зүйл ангитай санал нийлж байна. Би Атай уулзаж хохирол мөнгөө барагдуулах гэсэн боловч А зөвшөөрөхгүй байна, уулзахаар надтай юм ярихгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 279 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.А биед, 2 нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний торлогийн ба шар толбоны хууралт, толгойд зүүн зулай, дагз хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. Зүүн нүдний торлогийн 7 ба шар толбоны хууралтын улмаас зүүн нүд хараагүй болсон байна. 2. Д.А амбулаториор эмчлүүлэгчдийн картны бичлэгүүдээс үзэхэд дээрх гэмтүүдийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой байна. 3. Зүүн нүдний торлогийн ба шар толбоны хууралтын улмаас зүүн нүд хараагүй болсон гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7. 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт, 2 нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, толгойд зүүн зулай, дагз хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн улмаас үүснэ...гэх дүгнэлт /хх-ийн 06-07 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-25 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87-88 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг Б гэх газарт хашаанаас гарах гэж байсан адууг хаах зорилгоор шон ухаж байсан төмөр лоомоо авч шидсэний улмаас иргэн Д.А толгойн ар хэсэгт онож, түүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Ц нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч П.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Т сумын Баян-Өндөр багийн нутаг Б гэх газарт хашаанаас гарах гэж байсан адууг хаах зорилгоор шон ухаж байсан төмөр лоомоо авч шидсэний улмаас иргэн Д.А толгойн ар хэсэгт онож, түүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.А мэдүүлсэн “Би мориноосоо буугаад тамгалж байсан адуун дээр нь дарж өгч тусалж байтал намайг ар талаас толгой руу цохисон. Миний толгойноос их хэмжээгээр цус гараад толгой эргээд байхаар нь би П бага гэрт нь би ороод хэвтсэн бөгөөд толгой эргээд зүгээр болохгүй болохоор нь сумын төвөөс эмч дуудсан чинь эмч ирээд надад оёдол тавиад явсан. Одоогийн байдлаар толгой руу цохиулснаас болоод миний зүүн нүдний хараа бүрэн алдагдсан бөгөөд дахиад баруун нүдний хараанд нөлөөлж би нүдээ үзүүлж харуулахаар 2018 оны хэрэг явдал гарснаас хойш эмнэлгийн байгууллагаар зөндөө явсан боловч надад одоо эмчилгээ байхгүй гэж эмч нар хэлж байна. Намайг тухайн үед П гэх адуу тамгалж байсан айлын хүү Ч төмөр лоомоор цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Өмэдүүлсэн “Намайг эмнэлэгт байхад манай охин надад аав хүнд зодуулаад Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд хэвтэж байгаа гэж хэлсэн. Би А тухайн үед зодуулсан талаар ингэж мэдсэн. Тэгээд юу болсон талаар асуухад П ахынд адуу тамгалж байхад нь П ахын хүүхэд Ч аавыг зодсон гэж манай охин надад хэлсэн. Би тухайн үед гайгүй юм байх гэж бодож байтал нилээн хүнд байдалтай Архангай аймгийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт хэвтсэн байсан. Би эмнэлгээс А дээр очиход эмчилгээ хийж байсан эмч нь ер нь энэ хүний биеийн байдал хүнд байна, яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна гэж хэлсэн. Үүнээс хойш олон удаа эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн боловч А толгойныхоо ар хэсэгт цохиулснаас болоод зүүн нүд нь хараагаа алдсан байсан бөгөөд эдгэрэх байх гэсэн боловч одоог хүртэл эдгэрээгүй байна. Цаашид улам хүндрээд баруун хараанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдалтай байгааг эмнэлгийн байгууллага оношилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Ж мэдүүлсэн “Маргааш нь А толгойдоо оёдол тавиулаад Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд хэвтсэн байна гэж манай гэрийнхэн мэдээд яагаад хэвтсэн талаар нь сонсоход толгой тархи нь хагарсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бмэдүүлсэн “Намайг архи уугаад тасраад сэрэхэд П гэрт А ах ирээд П хүүхэд Чэд цохиулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 63-64/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн “Би унага бариад байж байтал миний ард ёо ёо гээд хүн орилоод байхаар нь би эргээд хартал А ах газар суугаад толгойгоо бариад байж байсан. Би зодолдсон юм байх гэж бодоод гүйж очоод Чийг салгаж аваад А ахыг морин дээр нь мордуулж өгөөд явуулсан. Намайг унага барьж байхад миний ард орилоод явчихсан. Намайг моринд мордуулж өгөхөд нүүрийг нь дагаад бага зэрэг цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 61-62/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Р мэдүүлсэн “Гэтэл Ч гэнэт цагаан өнгийн төмөр лоом шидээд А ахын ар нуруу хэсэг газарт нь оносон. Би гайхаад А ахыг аваад Чийн гэрээс явсан. Төвшрүүлэх сумын төв рүү утсаар холбогдож түргэн тусламж дуудсан бөгөөд түргэний эмч ирээд А ахын толгойд оёдол тавиад явсан. А ах бид хоёрыг унага барьж байхад Ч гадасны нүх ухаж байсан төмөр лоомоо шидээд А ахыг оносон. Толгойноос нь цус гоожоод нүүр, ам нь цус болчихсон газар хэвтэж байсан. Н А ахыг моринд нь мордуулж өгсөн. А ах толгой өвдөөд, эргээд байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48, 59-60/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын мэдүүлсэн “Тэр хоёр ирээд адуу тамгалахад туслаад байж байтал Ч адууны хашаан дотор байсан адууг гарах гээд байхаар нь Ч унаганы зэлний шонгийн нүх ухаж байсан төмөр цагаан лоомыг аваад адууны урдуур шидтэл цаад талд нь унага тамгалж байсан А ахыг Чийн шидсэн лоом оносон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51, 57-58/,
мөрдөн байцаалтын шатанд П.Цийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би унаганы зэлний шон зоох гээд нүх ухаж байсан цагаан өнгийн лоомыг аваад адуу хашаанаасаа гарах гээд байхаар нь урдуур нь хаах гээд шидсэн чинь цаана нь байсан А ахыг миний шидсэн лоом оносон. Би тухайн прокурорын тогтоолтой танилцсан, яллагдагчаар татсан зүйл ангитай санал нийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/
хохирогч Д.А биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 279 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 06-07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц овогт П Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, шууд бус туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч П.Ц нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн боломжоор нөхөн төлсөн ба бусад хохирлыг төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 89 тоот тогтоолоор яллагдагч П.Цэд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч П.Ц зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Цийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч П.Ц нь хохиролд 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг төлөхийг хохирогчтой тохиролцсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт П Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дахь хэсэгт тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч П.Цийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч П.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Цийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч П.Ц нь хохиролд 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг төлөхийг хохирогчтой тохиролцсон болохыг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Цэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ