| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0058/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Б.Н, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Иргэдийн төлөөлөгч Ц.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Б, Т.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г, Э.Т
Шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я.Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Замын-Үүд сумын ... ажилладаг байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, бие эрүүл Б овогт Я.Г,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б овогт Я.Г нь 2020 оны 01 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоотод иргэн Д.С-г зодож биед нь гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтод цус харвалт, тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал бүхий олон тооны гэмтэл учруулж, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.Г мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ: “...намайг нэг сэрэхэд гэрийн үүд хэсэгт нэг хун цус нөж болчихсон хэвтэж байсан. Би тэр хүнээс чи хэн бэ гэж асуухад тэр хүн дуугарахгүй, хана руу шүлсээ хаясан. Тэгэхээр нь би баруун гараараа тухайн хүний шанаа руу 1 удаа цохисон, тэгтэл тэр хүн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, сэргэхгүй байсан тул би үүдэнд байсан гутлаа өмсөөд гэрээс гараад цагдаа руу явсан. ...гадаа харанхуй болсон байсан. ...тухайн хүний нүүр, ам нь нил цус болсон байсан тул би тэр хүнийг таниагүй. ...согтчихоод сэргэхэд миний гар тэр чигтээ хавдчихсан, хуруунуудад зүсэгдсэн шарх үүссэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-142/
Шүүгдэгч Я.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний санахгүй байгаа байдалд мэргэжлийн байгууллага нь дүн шинжилгээ хийгээд тогтоосон учир надад өөр хэлэх зүйл байхгүй байна” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид нар эцэг эхээс 4-үүлээ 3 охин 1 хүүтэй ах маань эцэг эхийнхээ гал голомтын залгах ганц хүү нь байсан. Харамсалтайгаар энэ хэрцгий хүний гарт хэрцгийгээр амь хохирсон. Энэ бидний хувьд маш их харуусал болж байна. 80 гарсан эцэг эх, ах дүү нар, үр хүүхдийнх нь хувьд маш их гомдолтой байгаа. Энэ их гомдол, цөхрөл, гуниглалыг үгээр хэлэх аргагүй. Миний ах энэ хүний гарт хэн ч биш болтлоо амиа алдаагүй бол эцэг эхийнхээ гал голомтыг залгуулаад, эцэг эхийнхээ ачийг хариулаад явж байсан бид нар маш их харамсаж байгаа. Өнөөдөр Монголчууд малаа гаргахдаа хүртэл тэгж хороодоггүй шүү дээ. Энэ хүнийг харахад хүн төрхтэй болохоос хүн гэж харахгүй байгаа. Яагаад хүнийг тэгж хороодог юм. Миний ахыг өмнө нь харж байгаагүй хүн тэр үед харсан бол иймэрхүү царайтай хүн байжээ гэж хэлэхийн аргагүй. Би эрх биш төрсөн дүү нь болохоор ахыгаа гараар нь өмссөн хувцсаар нь таньсан. Миний ах бид 2-ын гар адилхан. Ямар зэвсэг юугаар хүнийг тийм болгож болдгийг би бол өдийг хүртэл хүнийг тэгж алж болдог гэдгийг харж байгаагүй. Энэ хүнийг хүн гэж хэлэхэд хэцүү, харахад ээжээс төрсөн байх гэхдээ маш их гомдолтой байгаа. Хохирлын тухайд 22,376,477 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өчигдөр 13,000,000 төгрөг миний ээжийн дансанд хийсэн байна. Одоо үлдэгдэл 9,376,477 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
А.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...намайг унтаж байгаад сэргэхэд хүмүүс ярьж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь нүдээ нээгээд хартал С ах ороод ирчихсэн ширээний хажууд Г-тэй зэрэгцээд суучихсан юм ярьж байсан... буцаад унтчихсан. Ингээд сандал дээрээ унтаж байгаад сэрсэн, тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан бидний сууж байсан ширээ хөмөрчихсөн хөл нь дээшээ харчихсан байсан. Тэгээд би Г-н гэрээс гараад хаалгыг нь гаднаас нь хаачихаад ажлын газар руугаа явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-94/,
А.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Я.Г-н биед тухайн үед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, харин 2020 оны 01 сарын 23-нд баривчилгаанд явах үед Г-н гар нь шархтай хавдчихсан байна лээ, архи уудаг өдөр буюу 2020 оны 01 сарын 22-ны өдөр надтай архи ууж байхдаа зөв зүгээр л байсан шүү дээ тэгэхээр би Г талийгаач С-тэй муудалдсан, ам мурийж үзсэн байх гэж бодоод байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194/
Гэрч Д.Э “...цагдаа нарт манай дээд давхрын айл руу чимээ гаргаж байсан хүмүүс хоорондоо чанга чанга ярилцаад түчигнээд байсан гэж сонссоноо хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-28/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36/
Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 3-18-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 37-44/
Эд мөрийн баримт хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 74/
Эд мөрийн баримт хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 77/
Хүний биеэс шинжилгээнд биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 81/
Согтуурал шалгасан магадлагаа /1-р хх-ийн 84/
Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 002 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 217-225/
Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 003 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 231-248/
Дорноговь аймийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/005 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“3. ..Талийгаач Д.С нь гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтод цус харвалт, тархины суурь эсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ.
4. Нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой байсан байна.
5. Талийгаач Д.С-д үхэлд хүргэх шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 19-24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 003 дугаартай дүгнэлтэнд:
“З. Хэргийн газар цогцосны толгойн зүүн талд байсан хагарсан шилэн савны гадаргуйгаас илрүүлж бэхжүүлсэн 7, гал тогооны өрөөний цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шалан дээр хагарсан байсан виноны шилний хагархайны шошго бүхий хэсгээс илрүүлж бэхжүүлсэн 8 гэж дугаарласан гарын цусан мөр нь “АДИС-Папилон” станцын санд Ми005110000676 гэсэн дугаараар бүртгэгдсэн ... регистрийн дугаартай Я.Г-н баруун гарын долоовор, ядам хурууны өндөгөөр тус тус үүсгэгдсэн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 231-234-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 06 дугаартай дүгнэлтэнд:
“1. Я.Г нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин үгүй болно. 2. Я.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 36-37/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 963 дугаартай дүгнэлтэнд:
“2. Я.Г-н гэх хар өнгийн куртика, хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, цаг нь дээр ирсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Д.С-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 59-60/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 821 дугаартай дүгнэлтэнд:
“2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн савхин куртика, хромон гутал, ботинка, хар өнгийн өмд, малгай, оймс, Хөвөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо талийгаач Д.С-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх цэнхэр өнгийн өрөөсөн углааш дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Я.Г-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 67-69/
Шинжээч П.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэхдээ:
“...хүний цусанд 4.5 промилл, ходоодны шингэнд 7.2 промилл спиртийн агууламж илэрсэн үед согтолтын хүнд зэрэгт хамааруулан үздэг...хүний цусанд 3 промиллоос дээш спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэг гэж үздэг бөгөөд ийм зэргийн согтолттой хүн өөрөө бие даан үйлдэл хийх боловч үйл, үйлдэл, хөдөлгөөн, хэл яриа хянах чадваргүй, өнгөц мэдрэхгүй болон өвдөлтийн мэдрэхүй буурдаг, багасдаг төдийгүй Парасимпатик үйл ажиллагаа буюу шүлс гоожих, шээх үйл ажиллагаа алдагдана тухайн хүний биеийн онцлогоос хамаараад зарим тохиолдолд /тасарч унах/ унтах тохиолдол байж болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 138/
Хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалууд /2-р хх-ийн 174-198/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон төрөл садны хүмүүс нь шүүх хуралдаанд ирж, буцсаны зардалууд /3-р хх-ийн 155-158/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт Я.Г хохирогч Д.С нар нь 2020 оны 01 сарын 22-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг буюу шүүгдэгчийн гэрт архидан согтуурч улмаар хохирогч Д.С-г Я.Г нь зодож гавлын зулай, дух ясны хугарал, хамар, хоншоор, хацар, эрүү ясны хугарал, суурь ясны урд болон дунд хонхор ясны үйрч бяцарсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, эдийн голомтод цус харвалт, тархины суурь эсийн зөөлөн бүрхүүлийн урагдал, эдийн урагдал бүхий амьдрах боломжгүй олон тооны гэмтэл, шарх үүсгэж амь насыг нь хохироосон үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Я.Г-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Я.Г-г хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...Миний санахгүй байгаа байдалд мэргэжлийн байгууллага нь дүн шинжилгээ хийгээд тогтоосон учир надад өөр хэлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-н шүүх хуралдаанд өгсөн “…Бид нар эцэг эхээс дөрвүүлээ, 3 охин 1 хүүтэй ах маань эцэг эхийнхээ гал голомтын залгах ганц хүү нь байсан. Харамсалтайгаар энэ хэрцгий хүний гарт хэрцгийгээр амь хохирсон. Энэ бидний хувьд маш их харуусал болж байна. 80 гарсан эцэг эх, ах дүү нар, үр хүүхдийнх нь хувьд маш их гомдолтой байгаа. Энэ их гомдол, цөхрөл, гуниглалыг үгээр хэлэх аргагүй. Миний ах энэ хүний гарт хэн ч биш болтлоо амиа алдаагүй бол эцэг эхийнхээ гал голомтыг залгуулаад, эцэг эхийнхээ ачийг хариулаад явж байсан бид нар маш их харамсаж байгаа. Өнөөдөр Монголчууд малаа гаргахдаа хүртэл тэгж хороодоггүй шүү дээ. Энэ хүнийг харахад хүн төрхтэй болохоос хүн гэж харахгүй байгаа. Яагаад хүнийг тэгж хороодог юм. Миний ахыг өмнө нь харж байгаагүй хүн тэр үед харсан бол иймэрхүү царайтай хүн байжээ гэж хэлэхийн аргагүй. Би эрх биш төрсөн дүү нь болохоор ахыгаа гараар нь өмссөн хувцсаар нь таньсан. Миний ах бид 2-ын гар адилхан. Ямар зэвсэг юугаар хүнийг тийм болгож болдгийг би бол өдийг хүртэл хүнийг тэгж алж болдог гэдгийг харж байгаагүй. Энэ хүнийг хүн гэж хэлэхэд хэцүү, харахад ээжээс төрсөн байх гэхдээ маш их гомдолтой байгаа. Хохирлын тухайд 22,376,477 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өчигдөр 13,000,000 төгрөг миний ээжийн дансанд хийсэн байна. Одоо үлдэгдэл 9,376,477 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, А.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...намайг унтаж байгаад сэргэхэд хүмүүс ярьж байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь нүдээ нээгээд хартал С ах ороод ирчихсэн ширээний хажууд Я.Г-тэй зэрэгцээд суучихсан юм ярьж байсан... буцаад унтчихсан. Ингээд сандал дээрээ унтаж байгаад сэрсэн, тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан бидний сууж байсан ширээ хөмөрчихсөн хөл нь дээшээ харчихсан байсан. Тэгээд би Г-н гэрээс гараад хаалгыг нь гаднаас нь хаачихаад ажлын газар руугаа явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-94/, А.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Я.Г-н биед тухайн үед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, харин 2020 оны 01 сарын 23-нд баривчилгаанд явах үед Г-н гар нь шархтай хавдчихсан байна лээ, архи уудаг өдөр буюу 2020 оны 01 сарын 22-ны өдөр надтай архи ууж байхдаа зөв зүгээр л байсан шүү дээ тэгэхээр би Г талийгаач С-тэй муудалдсан, ам мурийж үзсэн байх гэж бодоод байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-28/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 3-18-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 37-44/, эд мөрийн баримт хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 74/, эд мөрийн баримт хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 77/, хүний биеэс шинжилгээнд биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 81/, согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 84/, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 002 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 217-225/, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 003 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 231-248/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/005 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 19-24/, Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 003 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 231-234/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 963 дугаартай “2. Я.Г-н гэх хар өнгийн куртика, хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, цаг нь дээр ирсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Д.С-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 59-60/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 821 дугаартай “2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн савхин куртика, хромон гутал, ботинка, хар өнгийн өмд, малгай, оймс, Хөвөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо талийгаач Д.С-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх цэнхэр өнгийн өрөөсөн углааш дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Я.Г-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 67-69/, Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хүний цусанд 4.5 промилл, ходоодны шингэнд 7.2 промилл спиртийн агууламж илэрсэн үед согтолтын хүнд зэрэгт хамааруулан үздэг...хүний цусанд 3 промиллоос дээш спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэг гэж үздэг бөгөөд ийм зэргийн согтолттой хүн өөрөө бие даан үйлдэл хийх боловч үйл, үйлдэл, хөдөлгөөн, хэл яриа хянах чадваргүй, өнгөц мэдрэхгүй болон өвдөлтийн мэдрэхүй буурдаг, багасдаг төдийгүй Парасимпатик үйл ажиллагаа буюу шүлс гоожих, шээх үйл ажиллагаа алдагдана тухайн хүний биеийн онцлогоос хамаараад зарим тохиолдолд /тасарч унах/ унтах тохиолдол байж болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216/, хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалууд /2-р хх-ийн 174-198/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Я.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, согтуугаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр үйлдэж бусдын амь насыг хохироосон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Я.Г нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсныг мэдэх боломжгүй, өөрөө мөн адил согтуу байсан, согтуурлыг шалгахдаа 5-6 цагийн дараа шалгасан байдаг энэ байдлыг харгалзаж үзнэ үү. Биеэ хамгаалж чадахгүй байдлыг заавал мэдсэн байх ёстой байдаг...” гэх боловч шинжээчийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 1050 тоот дүгнэлтээр хохирогчийн цусанд 4.5 промилл, ходоодны шингэнд 7.2 промилл спиртийн агууламж илэрсэн, мөн шинжээч эмч П.Г-н “хохирогчийн цусанд 4.5 промилл, ходоодны шингэнд 7.2 промилл спиртийн агууламж илэрсэн хүнд зэрэгт хамааруулан үздэг...хүний цусанд 3 промиллоос дээш спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэг гэж үздэг...” гэх мэдүүлгээр хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй байсан нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч нь хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж зодсон байдал нь түүнийг үйлдэл хийх чадваргүй, гүн согтолттой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 12,376,477 төгрөг, хоёр өмгөөлөгчийн хөлсөнд тус бүр 5,000,000 төгрөг нийт 22,376,477 төгрөгний хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч Я.Г-н ар гэрээс оршуулгын зардалд 13,000,000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгч авах, эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд түүний өмгөөлөгчид төлсөн хөлсийг энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцох боломжгүй тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 10,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс үлдсэн 9,376,477 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Г нь 2020 оны 01 сарын 23-ны өдрөөс 11 сарын 04-ны өдрийг буюу өнөөдрийг хүртэл нийт 286 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 286 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтын талаар оролцогч нар нь шүүх хуралдаанд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Я.Г-н “Самсунг галакси жи-5” “маркийн гар утас 1 ширхэг, Д.С-н “IPHONI-5” маркийн гар утас 1 ширхэг, А.Б “Самсунг галакси эс-7” маркийн гар утас 1 ширхэг, “ДВД” 2 ширхэг, нөгөөн өнгийн даавуун өмд 1 ширхэг, 3b гэх бичиглэлтэй хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, зүүн талынхаа энгэр дээр “О” дүрстэй хөх цагаан өнгийн босоо захтай ноосон цамц, хар хөх өнгийн ноосон өмд, хөх эрээн өнгийн турсинк 1 ширхэг, ARMANI гэсэн бичигтэй хар өнгийн юүдэнтэй куртка, Immigration гэсэн бичигтэй хар хөх өнгийн ноосон цамц, хар өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн подволк, ажлын бээлий 3 ширхэг, хүрэн эрээн өнгийн шорт, хөх саарал өнгийн босоо захтай цахилгаантай ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, босоо захтай саарал өнгийн подволк, “LEVIS” гэсэн бичигтэй саарал өнгийн саравчтай малгай, хөх эрээн өнгийн турсик, хар өнгийн зузаан өмд, үстэй захтай хөр өнгийн коноптой цахилгаантай зузаан куртка, А.Б үс, хумс, Я.Г-н үс, хумс, Д.С-н арчдас, хар өнгийн үстэй дотортой эрэгтэй загварын савхин куртка 1 ширхэг, хар өнгийн хромон гутал 1 хос, хар өнгийн зүүн хөлийн ботинк 1 ширхэг, хар өнгийн зузаан өмд 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн цагаан ултай 41-42 размерийн углааш 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, оймс 4 ширхэг, хэргийн газраас авсан 1, 2 гэж дугаарласан цус мэт зүйлийн арчдас 2 ширхэг, Я.Г-н өмсөж байсан хар өнгийн шөвгөр хоншоортой кобой загварын гутал 1 хос, А.Б өмд цахилгаантай богино түрийтэй хар өнгийн гутал 1 хос, талийгаач Д.С-н өмсөж явсан хар өнгийн үргэлж ултай 42 размерийн үдээстэй ботинк 1 хос зэрэг, Хятад ханз бичигтэй 35х29х7 см хэмжээтэй индукцэн плитка 1 ширхэг хагарсан/, тунгалаг хувцанцар 14х4 см хэмжээтэй бөглөө онгойлгогч, Е архины шил 3 ширхэг, Соёрхол архины шил 1 ширхэг, төмөр хайрцаг 1 ширхэг, Виноны шилний хагархай 1 ширхэг , салат болон ногооны шил дундаараа хагарсан хагархайнууд, 71 см урттай ширээний хөл 1 ширхэг, шаргал өнгийн эвдэрхий сандал 1 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэж, тогтоол хүчин төгөгдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгуулахаар даалгаж, 2 ширхэг СИДИ бичлэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Г нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т шүүгдэгч Я.Г-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Я.Г нь хохирогчид олон тооны шарх, гэмтлийг олон удаагийн үйлчлэлээр үүсгэсэн, тодорхой цаг хугацаанд үргэлжлүүлэн үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь гэнэт үүссэн гадны хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан тул шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчийн толгойн хэсэгт амьдрах боломжгүй маш олон тооны шарх, гэмтэл үүсгэж нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулсан, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 20 жилийн хорих ял оногдуулж, 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Б овогт Я.Г-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-д оногдуулсан 20 /хорь/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-н цагдан хоригдсон 286 /хоёр зуун наян зургаан/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Я.Г нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 13,000,000 /арван гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 9,376,477 /есөн сая,гурван зуун далан зургаан мянга, дөрвөн зуун далан долоон/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Я.Г-н “Самсунг галакси жи-5” “маркийн гар утас 1 ширхэг, хохирогч Д.С-н “IPHONI-5” маркийн гар утас 1 ширхэг, А.Б “Самсунг галакси эс-7” маркийн гар утас 1 ширхэг, “ДВД” 2 ширхэг, нөгөөн өнгийн даавуун өмд 1 ширхэг, 3b гэх бичиглэлтэй хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, зүүн талынхаа энгэр дээр “Очир” дүрстэй хөх цагаан өнгийн босоо захтай ноосон цамц, хар хөх өнгийн ноосон өмд, хөх эрээн өнгийн турсинк 1 ширхэг, ARMANI гэсэн бичигтэй хар өнгийн юдэнтэй куртка, Immigration гэсэн бичигтэй хар хөх өнгийн ноосон цамц, хар өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн подволк, ажлын бээлий 3 ширхэг, хүрэн эрээн өнгийн шорт, хөх саарал өнгийн босоо захтай цахилгаантай ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, босоо захтай саарал өнгийн подволк, “LEVIS” гэсэн бичигтэй саарал өнгийн саравчтай малгай, хөх эрээн өнгийн турсик, хар өнгийн зузаан өмд, үстэй захтай хөр өнгийн коноптой цахилгаантай зузаан куртка, А.Б үс, хумс, Я.Г-н үс, хумс, Д.С-н арчдас, хар өнгийн үстэй дотортой эрэгтэй загварын савхин куртка 1 ширхэг, хар өнгийн хромон гутал 1 хос, хар өнгийн зүүн хөлийн ботинк 1 ширхэг, хар өнгийн зузаан өмд 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн цагаан ултай 41-42 размерийн углааш 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, оймс 4 ширхэг, хэргийн газраас авсан 1, 2 гэж дугаарласан цус мэт зүйлийн арчдас 2 ширхэг, Я.Г-н өмсөж байсан хар өнгийн шөвгөр хоншоортой кобой загварын гутал 1 хос, А.Б өмсөж явсан цахилгаантай богино түрийтэй хар өнгийн гутал 1 хос, талийгаач Д.С-н өмсөж явсан хар өнгийн үргэлж ултай 42 размерийн үдээстэй ботинк 1 хос зэрэг, Хятад ханз бичигтэй 35х29х7 см хэмжээтэй индукцэн плитка 1 ширхэг хагарсан/, тунгалаг хувцанцар 14х4 см хэмжээтэй бөглөө онгойлгогч, Е архины шил 3 ширхэг, С архины шил 1 ширхэг, төмөр хайрцаг 1 ширхэг, Виноны шилний хагархай 1 ширхэг , салат болон ногооны шил дундаараа хагарсан хагархайнууд, 71 см урттай ширээний хөл 1 ширхэг, шаргал өнгийн эвдэрхий сандал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгуулахаар даалгаж, 2 ширхэг СИДИ бичлэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ц
ШҮҮГЧИД Б.Н
Д.Ц