Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2020/0201/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Ж.Хонгорзул

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч         Ц.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                          Д.Т нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар   зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3 дахь заалтад  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Т-т холбогдох 2039........... дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар  сарын 31-ний   өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Т нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн  Жаргалтхаан сумын төвд  1995 унэ улсын дугаартай  Хонда Мобилио” маркийн тээврийн хэрэгслийг  жолоодон  замын хөдөлгөөнд  оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12 дугаар зүйлийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон  тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын  нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг  харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг  энэ дүрэмд тогтоосон  хязгаараас  хэтрүүлэхгүйгээр  тохируулан  сонгон явна. Мөн 12.3. Жолооч  хөдөлгөөнд  аюул саад тулгарахыг  мэдсэн үед  тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох  арга хэмжээ  авна  гэх заалтуудыг  зөрчсөний улмаас насанд хүрээгүй  Өндөр овгийн У.М-г  дайрч түүний  эрүүл мэндэд  хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Насанд хүрээгүй хохирогч У.М-гийн өгсөн:... Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гараад сумын төвийн дэлгүүр орж чихэр авч идэх гээд явж байхад усны худгийн зүүн урд талд миний араас саарал өнгийн машин ирж намайг мөргөж газар унагаагаад жолооч нь гэж нэг өвөө машинаасаа бууж ирээд надад хандан гайгүй юу миний хүү гэж хэлэхээр нь би гайгүй  ээ өвөө гэж  хариулахад за за гэж хэлээд намайг орох гэж байсан дэлгүүрийн үүдэнд буулгаад яваад өгсөн....Би тэр үед замын хажууд явж байсан миний нэг хөл маань шороон замын урд ирмэг хэсэг дээр л явж байсан байх...Миний толгой тархи их өвддөг одоо ч бас өвдөөд л байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ий өгсөн:...2020 оны 05 дугаар сарын 19-ний орой 18 цаг өнгөрөөд би гэртээ байж байхад манай нөхрийн хамаатан Халиун над руу залгаад том хүү У.М-г машинд дайруулсан байна сая эмнэлэг дээр авчирсан байна гэж хэлсэн. Ингээд би яаран сумын эмнэдэг дээр ирэхэд хүү маань эмнэлгийн яаралтай тусламжийн орон дээр хэвтэж байсан. Сүүлд сонсоход тэр үед хүү маань сумын төвийн дэлгүүр лүү чихэр авах гэж явахад нь замд мөнгөлөг саарал өнгийн машин мөргөсөн юм байна лээ. Тэр машины жолоочийг  нь Төмөрбаатар гэх манай сумын харьяат нэг өвгөн байсан. Тэр хүн манай хүүхдийг машинаараа дайрчихаад сумын эмнэлэгт үзүүлэхгүй хүүг маань дэлгүүрийн гадаа буулгаад яваад өгсөн байсан. Хүүгийн маань баруун талын толгойн чамархай хугарсан, дагзны ар яс хугарсан, тархины цууралт ихтэй хавантай байна гэдэг оноштой одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна...Миний хувьд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

 

          Гэрч Г.Д-гийн өгсөн:... 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөхөр бид 2 хөдөө гэрээсээ нүүж ирээд 05 дугаар сарын 19-ний өдөр нөхөр маань машинтайгаа дэлгүүр лүү талханд явсан юм. Ингээд дэлгүүрээс ирэхдээ худгийн урд хүүхэд шүргэчихлээ гэж хэлээд цагдаад мэдэгдье гэж хэлээд удаагүй байхад цагдаа нар ирсэн нөхөр маань надад хэлэхдээ гэнэт л хүүхэд гараад ирлээ гэж хэлсэн... Нөхөр маань тухайн үед эрүүл саруул байсан хүүхэд дайрснаасаа хямраад даралт нь ихсээд эмнэлэгт очиж хэвтэж тариа хийлгэж байгаад гайгүй болсон.../хх-ийн 27 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтэнд:

1. У.М-гийн биед баруун талын чамархай, зулай, суурь ясны хугарал,  хатуу хальсан доор цус хуралт, тархины хаван, баруун талын  чамархай, зулайн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын  үед  үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул  гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон  эдгэрэлтээс  хамаарна гэх дүгнэлт  /хх-ийн 48 хуу/

 Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12 дугаар зүйлийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон  тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын  нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг  харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг  энэ дүрэмд тогтоосон  хязгаараас  хэтрүүлэхгүйгээр  тохируулан  сонгон явна. Мөн 12.3. Жолооч  хөдөлгөөнд  аюул саад тулгарахыг  мэдсэн үед  тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох  арга хэмжээ  авна  гэх заалтуудыг  зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан, Д.Т нь 1243280 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болохыг тодорхойлсон 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 51-52 хуу/

Д.Т-ын яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д заасан ялыг би зөвшөөрч байна...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут 4 дүгээр баг хөдөө хэсэгт эхнэрийнхээ хамтаар мал маллаж амьдардаг. Эхнэр бид хоёр 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Жаргалтхаан сумын төвд гэртэй ирж хоноод маргааш үдээс хойш нь хэдэн цагт гэдгийн сайн санахгүй байна талханд дэлгүүр орох санаатай өөрийн 19-95 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод гэрээсээ гарч яваад зам дээр хүүхэд байсныг анзаарахгүй мөргөж зам тээврийн осол гаргасан юм...Би “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй...Би эмчилгээний зардал 1 сая гаран төгрөг өгчихөөд байгаа...Миний 100% буруу байгаа юмаа...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/  

 

Хэргийн газарт  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, ослын газрын бүдүүвч зураг  /хх-ийн 10-18 хуу/

            Д.Т  нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 900.000 төгрөг  төлсөн  мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 76 хуу/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-н шүүх хуралдааны үед гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотойгоор нийт 6.434.901 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохиролтой холбоотой нотлох баримтууд /хх-ийн 105-111 хуу/

Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 хуу/

Д.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 хуу/

Насанд хүрээгүй хохирогч У.М-гийн  төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 78 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 130-132 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д 4.666.871 /дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга найман зуун далан нэг/ төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн  баримт /хх-ийн 112 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Т нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн  Жаргалтхаан сумын төвд  1995 унэ улсын дугаартай  Honda mobilio маркийн автомашиныг  жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12 дугаар зүйлийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон  тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын  нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг  харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг  энэ дүрэмд тогтоосон  хязгаараас  хэтрүүлэхгүйгээр  тохируулан  сонгон явна. Мөн 12.3. Жолооч  хөдөлгөөнд  аюул саад тулгарахыг  мэдсэн үед  тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох  арга хэмжээ  авна  гэх заалтуудыг  зөрчсөний улмаас 11 настай У.М-г  дайрч баруун талын чамархай, зулай, суурь ясны хугарал,  хатуу хальсан доор цус хуралт, тархины хаван, баруун талын  чамархай, зулайн хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч У.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, Т.Д нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Т нь автомашин жолоодож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12 дугаар зүйлийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон  тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын  нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг  харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг  энэ дүрэмд тогтоосон  хязгаараас  хэтрүүлэхгүйгээр  тохируулан  сонгон явна. Мөн 12.3. Жолооч  хөдөлгөөнд  аюул саад тулгарахыг  мэдсэн үед  тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох  арга хэмжээ  авна  гэх заалтуудыг  зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь мөрдөгчийн магадлагаагаар, уг ослын улмаас хохирогч У.М-гийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

 

 Тухайн үед 1995 унэ улсын дугаартай  Honda mobilio маркийн автомашиныг Д.Тр нь жолоодож явсан болох нь шүүгдэгч Д.Т болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон,  шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Д.Т-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Т-ын  дээрх үйлдлийг нь Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед хохирогчийн эмчилгээний зардалд тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 900.000 сая төгрөг өгсөн нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна гэж үзлээ

Шүүх хуралдааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шинээр гарган өгч нэхэмжилсэн эмчилгээ болон бусад зардалд зарцуулсан гэх 6.434.901 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримтыг талуудад танилцуулан шинжлэн судлаад 4.066.871 төгрөгийн нэхэмжлэлийг  хангаж  шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хоол хүнсэнд зарцуулсан гэх 960.866 төгрөг болон нотлох баримтын шаардлага хангахгүй /үнийн дүн баларсан, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй/ 507.164 төгрөг нийт 1.468.030 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар хүсэлт гарган шүүх хуралдааныг завсарлуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ний ХААН банкин дахь дансанд 4.666.871 төгрөг шилжүүлсэн нь  Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн  баримтаар /хх-ийн 112 хуу/ тогтоогдож байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх  үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар  хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Т-ыг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар  шүүгдэгч Д.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж,   хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Т-т  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь цаашид гарах  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ОДХҮҮ