| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0188/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0188/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж, шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл
Гэрч Ц.Г
Гэрч Б.М
Гэрч Л.Ө
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т холбогдох 1939............... дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Б нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” бүжгийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Д-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э нь: “аав Д минь хүнд зодуулсан талаар хүнээс сонсоод эмнэлэг дээр очиход аав тархиндаа гэмтэл авсан, ухаангүй байсан, аймгийн эмнэлэг болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, 3 дугаар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, Б-т цохиулснаас хойш эмчилгээ хийлгэж байгаад эмнэлэгээс гарсан ч гэсэн биеийн байдал, ухаан санаа нь хүнд байсан, заримдаа бид нарыг танихгүй, ухаан санаа нь самуурсан байдалтай байсан, Б-ийн ар гэрийнхэн эмчилгээний явцад 2 сая төгрөг өгсөн, ар гэрийхэн нь гэнэт л “харсан гэрч гарч ирсэн Б цохиогүй юм байна лээ” гээд эхэлсэн, үүнээс хойш уулзахаа больсон, аав минь 2020 оны 4 дүгээр сарын 13-нд зүрхний дутагдал гэсэн оноштойгоор нас барсан бөгөөд энэ нь тархины гэмтлийн улмаас биеийн байдал нь дордсонтой холбоотой гэж үзэж байгаа, Б-т маш их гомдолтой бөгөөд эмчилгээний зардалд зарцуулсан 13 сая төгрөг нэхэмжилж байгаа” гэжээ
Гэрч Б.М нь: “хөгжимчин ахыг Б цохихыг хараагүй бөгөөд Б гараа далайсан байдалтай байсан, хөгжимчин ах ухарч байгаад арагшаа унасан, тухайн үед мөнгө хураадаг эгч, хөгжимчин ах, Б, Г нар байсан” гэжээ.
Гэрч Л.Ө нь: “ Б нь согтуу байсан учраас бүжгэнд оруулахгүй гэхэд уурлаж намайг түлхэж орох гээд байхаар нь нөхөр Д-ыг дуудахад нөхөр ирэхэд Б мөн “орно” гэж маргалдаж байгаад Б нь нөхөр Д-ыг нүүрэнд нь цохиход арагшаа дагзаараа савж унаад ухаан алдсан” гэжээ.
Гэрч Д.Г нь: “ намайг мэдүүлэг авахаар дуудаагүй, би өөрөө сайн дураараа очиж хэргийн талаар мэдүүлэг өгсөн, тухайн үед бүжгэн дээр байж байгаад хувцасаа солих гээд үүдний өрөөнд байж байхад улаан дээлтэй залуу зогсож байсан, Д бүжгийн заалнаас үүдний өрөө рүү гарч ирж байхдаа өөрөө унасан, хэн нэгэн хүн цохиогүй, Д-ын эхнэр үүдэнд байгаагүй” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-ын өгсөн:... Манай аав Д-ын Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нас тогтох сайхан” нийтийн бүжгийн газарт ажиллаж байгаад тухайн бүжгэн дээр явж байсан Мөрөн сумын харьяат Чинзоригийн Б гэдэг залууд нүүрэндээ цохиулж унасан байна. Тэр залуу манай ээж Ө-тай бүжигт орно гэж хэрүүл маргаан хийгээд байхаар нь ээж аавыг бүжгийн заалнаас дуудсан чинь аавтай Б хэрэлдэж маргалдаж байгаад аавыг баруун гараараа нэг удаа цохиж унагаасан байсан. Ингээд толгойдоо гэмтэл авч ухаангүй Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, нөгөөдөр нь Улаанбаатар хот руу явж Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очиж гурав хоног хэвтүүлсэн. Тэр үед манай аавыг цохиж гэмтэл учруулсан гэх Мөрөн сумын харьяат Ч-гийн Б-ийн эхнэр нь тухайн үед манай ээж Ө болон надад манай нөхөр архи уухаараа ухаанаа алдаад тавьтиргүй болдог, намайг их зовоодог гэж ярьж байсан. Тэгээд эмчилгээнд зарцуулж байсан зардлаас 2 сая шахуу төгрөг тэр эмэгтэй гаргасан байх...улсын гуравдугаар төв эмнэлэгт аавыг шилжүүлсэн, гуравдугаар эмнэлэгт тархины хүнд хагалгаанд орсон...хагалгаанд орсноос хойш ямар нэгэн хэл чимээгүй, сураг тасарсан, сүүлд нь цагдаагийн газарт би Д гэдэг хүнийг зодоогүй гэж өмгөөлөгчөөрөө дамжуулж өргөдөл гаргасан гэж сонссон... Тухайн үед Б-той бүжигт хамт орж ирсэн Мөрөн сумын Б гэдэг хүн манай аавтай Б-ийг муудаж байхыг харсан гэсэн...Аав маань 2020 оны 03 дугаар сарын 30-наас хойш өөрийнхөө тоглодог байсан аяыг даралтад хөгжим дээрээ тоглоод байдаг болсон. Би ааваас юу болсныг санаж байна уу гэхэд би юм санахгүй байна гэж байсан. Манай эгчийн гэрт ирэхээр эгчийг бол охин маань ирлээ гээд байсан. Тэрүүхэн хугацааны юмаа санаж байгаад эргээд л ярьснаа мартаад л байдаг байсан. Өөрийнх нь биеийн тамир нь сайжирч өгөхгүй байсан. Тэгээд цагдаа дээр очъё гэхээр жоохон азнаж байгаад очъё гээд байхаар нь бид нар хүчлэхгүй байсан юм. Сүүлийн үед аав гадаа дулаараад ирэхээр хайрхандаа гаръя, мөргөе гээд хэд хоног хэлээд байсан юм. Ингээд миний аав Д-н Д 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өндөрхаан” уулын бэлд гэнэт нас барсан. Аав маань хагалгаанаас хойш бие нь их сайжирч, хайрхандаа нэг гарья гэж ярихаар нь сэтгэлийг нь сэргээж, ууланд мөргүүлэх гэж явсан юм. Манай гэр бүлийнхэн бол бусдад зодуулснаас болж, тархиндаа хүнд гэмтэл авсан энэ нь биеийг сулруулах, сульдуулах дархлааг нь муутгах зэрэгт ихээр нөлөөлснөөс болж, аав минь нас барсан гэж бодож байна. Аавыг маань Б гэдэг хүн зодоогүй бол одоо эрүүл саруул зүгээр л байх байсан гэдэгт итгэлтэй байна. Урьд өмнө өвчин зовлон хэлдэггүй хүн байсан. Аав маань бие сайтай, эрүүл чийрэг хүн байсан. Байнга алхана, унадаг дугуй унадаг хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э-ын өгсөн:..Би аавыг бусдад зодуулах үед 8 сартай жирэмсэн байсан болохоор өөрийн дүү П-ыг хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оруулж явсан юм. Одоо би энэ хэрэг маргаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний аав Д нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд 10 гаран жил бүжиг зохион байгуулж ажиллаж амьдарч байсан. Манай аавыг аймгийн төвд бүжиг зохион явуулдаг, бүжигт ордог хүмүүс сайн мэднэ аав маань бие өвдлөө гээд эмнэлгээр яваад, эм тариа хэрэглэж байгаагүй, хөнгөн шингэн хүн байсан. Ер нь өвчин хэлж байгаагүй...Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр хоног хэвтсэн. Биеийн байдал маш хүнд байсан. Эмч нар энд ийм хагалгаа хийх боломжгүй Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэсэн. Тэгээд аавыг маань хоёр эмч, нэг сувилагч хот руу хүчилтөрөгч залгаад аваад явсан. Аав бол ухаан ороогүй хэвээрээ явсан. Ингээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очоод эмнэлэгт 3, 4 хоног хэвтсэн байх тэгээд ийм хүнд хүнийг манайх хагалгаанд оруулахгүй Улсын Гуравдугаар эмнэлэг рүү яв гэсэн. Тэгээд Улсын гуравдугаар эмнэлэг дээр очиход бараг л хүлээн авахад хүнд байна гэсэн. Бид нараас хагалгаанд ороод амь насанд нь эрсдэл гарах юм бол гомдолгүй гэсэн баталгаа бичгээр гаргуулж авсны дараа тархины хагалгаанд оруулсан. Үүнээс хойш Улсын гуравдугаар эмнэлэгт бараг сар хэвтсэн. Тэгээд эмнэлгээс гараад аймгийн төвд ирсэн. Энэ хооронд эмчилгээ хийсээр л байсан. Аав маань хоёр хөл дээрээ босож чадахгүй, дөрвөн мөч нь саажилт, сулралтай болсон байсан, ээж л асарч хоол ундыг нь өгч байсан. Ээж маань байнга памперс хийж өтгөнийг нь цэвэрлэж байсан. Шээс бол гуурсаар гарч байсан. Ээж шөнө нойртой, нойргүй л асарч байсан. Энэ байдлаар 2020 оны 02 дугаар сарын сүүлээр л аавын бие нь арай дээр болж байсан. Тэгсэн хэдий ч ухаан санаа л эрүүл саруул болоогүй, болсон асуудлыг юу ч санахгүй, хүүхдүүдээ танихгүй тийм байдалтай байсан... Ингээд 2020 оны 03 дугаар сарын 10-ны үеэр аав босоод орон дээрээ суугаад, сүүлдээ хоёр хөл дээрээ яваад эхэлсэн. Тархины зүүн талдаа хагалгаанд орсон учраас зүүн талын хөл гар мэдээ муутай хөлөө чирээд таяг тулаад явж байсан. Гэр дотор ганц нэг алхахаараа ядарчихлаа гээд байдаг байсан. Аав сүүлдээ бид нарыг муухан таниад байсан. Бид нар байнга л юмаа санаж байна уу гэж асуудаг байсан. Тэгэхэд санахгүй байна л гэдэг байсан. Бид нар байнга л юмаа санаж байна уу, аав хөгжмөө дарж чадах уу гэхэд чадна гэхээр нь юмыг нь сануулах гээд л оролдоод байсан. Аавын ухаан санаа орохгүй хэвээрээ л байсан. Ээжийг 00 ороод ирэхэд нь жоохон хүүхэд шиг галаа ухаад, цогтой нүүрсийг зуухнаас гаргаад тавьчихсан, хулдаас шатаачихсан байдаг. Хажуугаас нь хүн холдож болохгүй байсан. Байнгын асаргаатай байсан. Иймэрхүү байдалтай байж байгаад нас барахаасаа 3, 4 хоногийн өмнө бие нь гэнэт л хөнгөрөөд, хотоос хүүхдүүдээ дууд гээд, хүүхдүүдээ дуудаад, намайг хүүхдээ аваад ир ачаа хармаар байна гээд, уул овоондоо гармаар байна гээд л шал өөр болоод явчихсан. Бид нар ч гэсэн өргөс авчихсан юм шиг огцом гэнэт бие нь сайжирахад нь гайхацгаасан юм. Тэгээд л аав маань нас барсан. Манай аавын нас барсан шалтгаан зүрхний шигдээс байсан хэдий ч тархины гэмтлээс болж олон сараар хэвтэрт байсан, зүрх судасны үйл ажиллагаа муудаж нөлөөлсөн гэж үзэж байгаа. Б гэдэг хүнд бол маш их гомдолтой байгаа... Одоо болтол Б-той ч уулзаагүй, тэр хүн ч бид нартай уулзаагүй, хүний урамд миний аавын биеийг асууж ч утсаар яриагүй... Аавыг нас барахаас 3, 4 хоногийн өмнө бие нь сайжрахад би аав одоо цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө шүү гэж хэлж байсан. Тэгэхэд аав харин тиймээ, бие маань сайжирч байгаа юм чинь цагдаа явж мэдүүлгээ өгнө өө гэж байсан. Тэр муу золигийг аав нь цохичихно гэж бодоогүй байтал нүүрэнд тас хийтэл цохиод авч байгаа юм даа гэж ярьж байсан. Одоо бол Б үхсэн хүн үг хэлэх биш, энэ хэргээс мултарна гэсэн бодолтой явж байх шиг байна... Эмчилгээний зардалд 15.000.000 / арван таван сая/ төгрөг гарсан...Бид нар урьд өмнө шүүх цагдаагаар явж үзээгүй болохоор сүүлд нь эм, тарианы баримтаар буруутай хүнээс авдаг гэдгийг мэдсэнгүй, бидний хувьд тийм сөхөө байсангүй. Бийг өгчих байх гэж бодсон юм... Маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг / хх-ийн 32-34 хуу/
Гэрч Л.Ө-ын өгсөн:... Би нөхөр Д-ын хамт Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Солонго нийтийн бүжгийн газрыг ажиллуулдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цагт бүжгийн газраа нээсэн. Би касс хийж үүдэнд зогсдог юм. Нэг хүний мянган төгрөгөөр орж бүжиглүүлдэг. Манай нөхөр Д хөгжим дээрээ ажилладаг юм. 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим согтуу эрэгтэй хүн зааланд орж ирэх гэсэн. Би согтуу хүн оруулахгүй гэж тэр хүнд хэлсэн. Миний урд нь харж байгаагүй хүн байсан. Тэр согтуу хүн мөнгийг нь өгөөд оръё гээд дайрсан. Тэгээд тэр залуу намайг түлхсэн татсан, цохисон энэ байдлаар 20 минут болсон. Тэр согтуу хүн намайг ална шүү гэсэн ханцуйгаа шамлаад дайраад байсан. Нөгөө хэрүүл хийгээд байсан залуу өвөр дотроосоо шилтэй архи гаргаж ирээд унагаж алдсан. Шилтэй архи нь хагарсан. Архины хагархай шилийг авах гэсэн би тэгэхээр нь айгаад нөхөр Д-ыг хашхирч дуудсан. Д ирээд надаас яасан бэ гэсэн би болсон асуудлыг хэлсэн. Манай нөхөр тэр согтуу хүнд хандаж “дүү болохгүй шүү, чи согтуу байгаа юм байна” гэж хэлсэн. Манай нөхөр цагдаа дуудъя гэсэн. Тэгсэн нөгөө согтуу залуу манай нөхөр Д-ын баруун хацар, хамрын ойролцоо нэг удаа цохисон. Манай нөхөр чанх арагш унасан тэгээд ухаан алдаад сэрээгүй... 30 гаран насны болов уу гэмээр эрэгтэй хүн байсан, хөдөөний хүн шиг надад санагдсан, улаан хүрэн өнгийн дээлтэй, бөөрөнхий үстэй чих нь буудаггүй хар малгайтай байсан, дээд уруул дээгүүрээ сахалтай харагдаж байсан, бордуу царайтай хүн байсан. Өндөр залуу байсан. Бараг 180 см өндөртэй байх...Тэр согтуу хүн өөр нэг хүний хамт явсан. Тэр хүн нь манай бүжгийн зааланд орчихсон байсан... Бүжгийн заал нь 3 ширхэг камертай. Хэрэг болдог үүдний өрөө камергүй... Манай нөхрийг цохисон залуу манай нөхрийг Д-аа гээд нэрийг нь хэлээд байсан. Манай нөхрийг таньдаг юм байна лээ... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 хуу/
Гэрч Д.Б-ний өгсөн:... Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой Хэрлэн сумын 3 дугаар багт Солонго бүжгийн газарт орж бүжиглэсэн. Ингээд бүжигэн дундуур салхинд гараад гадаа тамхилаад бүжиг рүү орох гэж байтал машинаас хоёр залуу, хоёр хүүхэн буугаад бүжиг рүү орох гэж байсан. Тэгтэл улаан дээлтэй залуу нь бүжигт орохгүй, явъя гэсэн чинь цуг явж байсан хоёр хүүхэн нь жоохон байж байгаад явъя л даа гээд байсан. Тэгээд би бүжгийн заалны үүдний өрөөнд ороход тэр дөрвөн хүн цуг араас орж ирээд дотогшоо орох гэхээр нь би Ө эгчид энэ хүмүүс орно гээд байгаа юм уу гэтэл тийм гэхээр нь улаан дээлтэй согтуу залуутай цуг явсан Мөрөн сумын Б гэх хүнд чи энэ залуугаа аваад яваач гэсэн. Тэгээд би бүжигт орох хүмүүсийн баримтлах зарчим санамжийг улаан дээлтэй залууд /согтуу хүн оруулахгүй, дотор тамхи татахгүй, бохир хувцастай оруулахгүй гэх санамж байсан/ энийг уншихгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд залуу за за гээд эргээд гарсан. Тэгээд тэр залуу буцаж гадаа гараад бахирахаар нь би буцаад гадаа гартал тэр улаан дээлтэй согтуу залуу дээлийнхээ ханцуйгаа арагшлуулаад бүгдийг чинь орж хүйс тэмтэрнэ гээд байхаар нь би хүрч очоод дүү яасан бэ, юу болов гэхэд таньтай юм ярихгүй машинд суулгаад өгчих гэхээр нь би эргээд бүжигт орсон. Тэгээд бүжиглэж байхад Ө эгч муухай бахираад явчихаар нь бүжиглэж байсан хүнээ орхиод хурдан очиход Ө эгч бүжгийн заалны хаалганы урд хэсэгт, Д ах шалан дээр толгой нь баруун хойшоо харсан чигтэй, нөгөө улаан дээлтэй согтуу залуу баруун талын хувцас сольдог өрөөнд хаалганы хойд талд зогсож байсан. Тэгээд Ө эгчээс яачихав гэсэн чинь Ө эгч энэ залуу цохиод унагаачихлаа гэсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ настай хүн цохиод гэсэн чинь ахаа би цохиогүй шүү дээ гэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 42 хуу/
Гэрч Т.Х-ийн өгсөн:... Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой Хэрлэн сумын 3 дугаар баг, Солонго бүжгийн клубт 22 цаг 15 минутын үед намайг бүжиглэж байхад тухайн бүжгийг явуулдаг эмэгтэй болох Ө гэнэт чангаар орилсон. Тэгэхээр нь би Өын хажууд яваад очиход нөхөр нь болох Д дээшээ хараад шалан дээр баруун хойд зүгт хараад хэвтэж байсан. Тэнд улаан дээлтэй сахалтай эрэгтэй хүн Д-ын хөлийнх нь баруун талд нь хувцас сольдог өрөөний үүдэнд нь зогсож байсан...Тухайн үед Ө улаан дээлтэй залууг энэ хүн нөхрийг маань цохичихлоо гээд тэнд байсан хүмүүст чангаар орилж хэлээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/
Гэрч Ч.Д-ын өгсөн:... Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Д болон төрсөн ах Б, Мөрөн сумын харьяат А-ийн Д нарын хамтаар Мөрөн сумын төвөөс аймгийн төв рүү 14 цаг болж байхад өөрийн хувийн эзэмшлийн хар өнгийн Aqua маркийн 39-08 УБМ улсын дугаартай машинаараа аймгийн төвд ирсэн... Ах Ч.Б улаан өнгийн дээлтэй, урт түрийтэй хар гуталтай, ногоон өнгийн бүстэй, цэнхэр өнгийн орой дээрээ бөндгөртэй ноосон малгайтай явсан. Ах маань дээд уруул дээрээ ширвээ сахалтай юм. Харин Д бол чернилэн ягаан өнгийн гэмээр хөх дээлтэй, хар өнгийн түрийтэй гуталтай явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 48 хуу/
Гэрч А.Д-гийн өгсөн:... айлд хүмүүс архи ууж байсан Б ах бид хоёр тэнд архи уусан би согтсон байсан. Золжигүүр дэлгүүрээс 1 ширхэг 500 граммтай цагаан нэртэй архи Б ах бид хоёр аваад буцаад нөгөө айлдаа орсон. Тэр айлд 3 шил архи уусан би согтсон байсан. Тэр айл тайга нохой тэжээдэг хүн байсан. Б ах тэр хүнтэй нохойны тухай ярилцаад байсан. Би согтсон. Нэг мэдэхэд Андууд караокед 2 эгчтэй хамт байсан. Тэр хоёр эгч яваад өгсөн. Андууд караокед архи уусан эсэхээ мэдэхгүй байна. Андуудаас гараад явж байхад Б гэх Мөрөн сумын ахтай тааралдсан. Б ах нэг бүжгийн газар очно гэсэн Б ах бид хоёр дагаад явсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Бүжигт орохгүй явах уу гэж Б ахад хэлсэн тэгсэн Б ах Б ахыг дагуулаад орчихсон. Бүжиг болж байгаа газрын гадаа нь зогсоод үлдсэн. Хэсэг зогсож байгаад бүжиг болж байгаа газар руу нь орох гэтэл хаалгаа дотроосоо түгжсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуу/
Гэрч Д.Г-гийн өгсөн:... би даараад бүжгийн том заалнаас хувцас сольдог өрөө рүү орохоор явсан. Тэгэхэд том заалны гардаг хаалган дээр хар хөх куртиктэй залуу, бүжгийн заал руу орох гээд зогсож байсан. Би тэр хар хөх куртиктэй залуугийн хажуугаар гараад хувцас сольдог өрөө рүү орох гэхэд наад талд нь нэг улаан дээлтэй залуу нэлээн согтуу зогсож байхаар нь би цааш нь түлхээд нарийн ширээний баруун талаар оруулаад хажуугаар хувцас сольдог өрөөнд ороод суугаад гутлаа өмсөж байсан. Тэр үед нөгөө улаан дээлтэй залуу урд талын хананд манарсан байдалтай, бараг зогсож байгаагаа мэдэж байгаа юм уу гэхээр шал согтуу зогсож байсан. Тэгтэл Д бүжгийн заалны хаалгаар гарч ирж байхдаа унасан. Тэгэхээр хамгийн түрүүнд би ойччихлоо сувилагч эмч байна уу? Гэтэл цаанаас нь Д-ын эхнэр гарч ирээд муухай бахираад авраарай, эмч байна уу гэж бархирсан. Манай нөхрийг цохичихлоо, авраарай гээд байсан. Тэгэхэд нь би цохиогүй, цохиогүй гэж хэлэхэд миний хэлснийг ойлгох шинжгүй Д-ын эхнэр хашхираад байсан...Хувцас сольдог өрөө нь хаалга байхгүй болохоор би тэр улаан дээлтэй залууг ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй гэдгийг гэрчилж байгаа юм. Тэр хүний гар нь гэнэт л сунадаггүй юм бол том заалнаас гарч ирж байгаа хүнийг цохих ямар ч боломж байхгүй, нилээн зайтай байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 53 хуу/
Гэрч Ц.Б-ын өгсөн:... Б надтай уулзаад нэг шил архи уух уу, ахдаа нэг юм авч өгнө гэсэн. Тэгээд Мандах дэлгүүрийн урд талын Галаа гэх хүний бааранд орж гурвуулаа нэг шил 0.5 литрийн Улаанбаатар архи авсан. Тэгээд бид 3 бааранд нь архиа задлаад дээрээс 2, 3 удаа архины бакалд хийж уугаад талд нь оруулсан. Ингээд тал шил архийг нь өвөртлөөд гурвуулаа бүжиг оръё гээд баарны гаднаас такси бариад Нас тогтох бүжиг рүү тэр хоёрыг дагуулж явсан. Тэгээд таксины мөнгийг Б төлсөн. Тэгээд би Бийн хамт бүжиг рүү орсон. Ингээд үүдний мөнгө авдаг эгчид би 1000/ нэг мянга/ төгрөг өгөөд орсон. Б шууд бүжгийн заал руу орох гэхэд мөнгө хураадаг эгч Б-ийг мөнгөө өгөөч ээ, согтуу хүнийг оруулахгүй гэж байсан. Тэгтэл Б би оръё л доо гээд байсан. Тэгтэл Д гэдэг бүжиг зохиодог хүн ирээд мөн Б-той маргалдаад байсан. Д, Б хоёр 4, 5 минут орчим маргалдаад байсан. Д ах Б-ийг гар гээд, Б гарахгүй гэж байтал Б-ийн өвөрт байсан тал шил архи нь өврөөс нь мултарч унаж хагарсан. Тэр үед би зүүн талын бүжиг болдог том заалны хаалганы дотор талд зогсож байсан. Мөнгө хураадаг эгч том заалны хаалганы гадна талд зогсож байсан. Тэгээд гэнэт нөгөө мөнгө хураадаг эгч хөөе нөхөр үхээд өглөө гэж бахирсан. Тэгээд юу болов гээд очиход том бүжгийн заалнаас хүн гаргахгүй байсан. Ингээд удалгүй эмнэлэг, цагдаа ирээд Д ахыг эмнэлэг аваад явсан. Тэгээд зааланд байсан хүмүүсийг заалнаас гаргах үед би заалнаас гараад Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны арын шинэ эгнээнд байдаг гэртээ харьсан... Би Б-ийг Д гэх хүнийг цохиж байхыг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуу/
Гэрч Ю.С-ийн өгсөн:... намайг бүжиг рүү орох гэхэд гадна талын хаалганы үүдэнд Мөрөн сумын иргэн Б, Б-ийн бүснээс татчихсан оръё л доо гээд байсан. Тэгэхэд Б нилээн согтуу харагдаж байсан. Тэгэхээр нь би Б-т яаж яваа юм бэ, наадах чинь бүжигт орж чадахааргүй явж байна шүү дээ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж байсан. Ингээд намайг дотогш ороход сүүлийн 3 бүжиг гэж Д ах хэлж байсан. Тэр үед би бүжгийн заалны баруун урд талд сууж байгаад гарах хаалга руу явж байтал, Дархаа ойччихлоо өнгөрсөөн гээд Ө эгч гэнэт бархирсан. Тэгээд заалны хаалгаар гарах гэсэн чинь гаргахгүй байсан. Тэгэхэд Ч-ийн Б хувцас сольдог жижиг өрөөний хаалганы хойд талд зүүн тийшээ хараад зогсож байсан. Тэгсэн чинь Б намайг хараад С эгчээ би хүн цохисон юм уу гээд асуухаар нь “би мэдэхгүй эгч нь хараагүй” гэсэн. Тэгэхэд Д ах үүдний жижиг өрөөнд дээшээ хараад унасан байгаа харагдсан. Ингээд арагшаа болоход Б заалны дотор талын хаалганы урд талын сандал дээр хээв нэг сууж байсан. Тэгэхээр нь би Б-т “Чи яах гэж Бийг оруулж ирсэн юм дээ” гэсэн чинь би мэдэж байна аа л гэсэн. Ингээд удалгүй цагдаа, эмнэлэг ирээд Б, Д нарыг авч явсан...жижиг өрөөнд Ө эгч, Б хоёр зогсож байсан. Харин Д ах газар унасан байсан. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 57 хуу/
Гэрч Г.У-ийн өгсөн:... Би бүжгийн заалны зүүн урд талын мухарт сууж байхад хөгжимчин Д нь гэнэт гарах хаалга руу явж байгаа харагдсан. Тэгээд тун удалгүй хүмүүс над дээр ирээд хүүе ээ эмнэлгийн хүн байна тусламж үзүүлээрэй Д хүнд цохиулсан ч юм уу яасан юм бүү мэд гэхээр нь би бүжгийн заалны гардаг хаалга руу очиход Ө ингэчихээд байна шүү дээ арга хэмжээ гээд сандарчихсан байсан. Тэгэхэд Д баруун хойшоо чигтээ хараад дээшээ хараад, толгой ар дагзаараа унасан байсан. Амьсгаагаа дотогшоо татаад ч байгаа юм шиг, хурхираад ч байгаа юм шиг байдалтай, амнаас нь бага зэрэг хөөс тургаад байгаа юм шиг мэдрэгдсэн. Ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй ухаангүй байдалтай байсан... Намайг заалнаас гарч ирэхэд жижиг өрөөнд Ө мөн нэг согтуу улаан дээлтэй залуу, хувцас сольдог өрөөний хаалганы хойд талд нэлээн согтуу зогсож байсан. Харин Д шалан дээр дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Ө манай нөхрийг энэ залуу цохиод унагаасан гээд улаан дээлтэй, сахалтай, нэлээн согтуу залууг заагаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/
Гэрч Б.М-ний өгсөн:... би бүжгийн үүдэнд бүжгээс гарч ирээд тамхи татаад зогсож байхад манай Мөрөн сумын Б, Б хоёр хамт явж байсан. Тэгээд намайг Б хараад нутгийн дүү явж байна гэж Б-т хэлсэн чинь Б намайг хараад малгай надад өгчих, толгой дээр тавьчих гээд байсан. Б өөрөө малгайгүй толгой нүцгэн явсан. Тэгээд Б, Б хоёр бүжгийн үүдний өрөө рүү орсон.Тэгээд би тамхи татаад араас ороход Б үүдний мөнгө тушаадаг эгчтэй маргалдаад байсан. Б орчихъё гээд нөгөө мөнгө хураадаг бүдүүн эгчтэй маргалдаад байсан. Тэр эгч нөхөртэйгөө цуг бүжиг зохиодог юм. Нөхөр нь хөгжим тоглодог эхнэр нь бүжигт орж байгаа хүмүүсээс мөнгө хураадаг. Тэгсэн чинь хөгжим дардаг ах цаанаас нь ирсэн чинь, мөнгө хураадаг эгч, энэ согтуу мөртлөө орно гээд байна гэж нөхөртөө хэлсэн чинь, нөхөр нь архи уусан улсуудыг оруулахгүй байгаа шүү дээ гэж Б-т хэлсэн. Тэр үед би Б-ийг хаалган дээр зогсож байсан болохоор буцаад гараад жоохон байж байгаад эргээд хаалгаар орох гэтэл хөгжим дардаг ах арагшаа унаж байсан. Тэгээд яг толгойн ар хэсгээр буюу дагзаараа шалан дээр арагшаа унасан. Тэр үед Б тэр ахыг цохисон бололтой гараа зангидаад өрөлт авсан шинжтэй зогсож байсан. Тэр үед мөнгө хураадаг эгч, хөгжимчин, мөн Б гурав тэр жижиг өрөөнд байсан. Тэр асуудал бүжгийн заалны залгаа жижиг өрөөнд болсон. Би Б хөгжимчин ахыг цохиод унагалаа гэж бодсон. Тэгтэл мөнгө хураадаг эгч манай нөхрийг цохичихлоо ш дээ гээд бархирсан... гэх мэдүүлэг / хх-ийн 60 хуу/
Шинжээч Б.Ө-ын өгсөн:... Д.Д-ын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь дух, чамархай, зулайн, зүүн хажуу хэсгээр унах, мохоо зүйлээр цохигдох эсвэл нүүрэнд цохигдсоноос дагз хэсгээр арагшаа хатуу зүйл мөргөж унах, мөн дагзанд хатуу зүйлээр цохигдох үед үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуу/
Гэрч Ж.А-ийн өгсөн:... Би 2009 оноос хойш Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын ажлыг тасралтгүй хийж байна. Чинзоригийн Б эхнэр Д-ийн Ш болон 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Ч.Б 2019 оны зун, намраас хойш Мөрөн сумын 4 дүгээр багт амьдрахгүй байгаа. Улаанбаатар хот руу нүүгээд, тэндээсээ дахин Төв аймаг руу нүүсэн сураг гарсан. Ч.Б малын А дансандаа малгүй, Ч.Б-ийн залуучуудын дунд зохиосон арга хэмжээнд дуулж оролцдог, урлагийн авьяастай залуу байдаг. Эхнэр нь сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан хийж байсан. Харин Ч.Б ажил хийж байгаагүй. Одоогоос хоёр гурван жилийн өмнө цагдаагийн байгууллагад шалгагдсан шиг санаж байна. Архи согтууруулах ундааны зүйл хааяа уудаг байсан... Намайг багийн дарга болохоос өмнө малын хулгайн хэрэгт холбогдож байсан гэж сонсож байсан. 2019 онд манай сумын иргэн Д-ийг зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Өөр бусад зүйлийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт:
Д.Д-ын Улсын 3 дугаар төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 73-83 хуу/
Д.Д-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 84-91 хуу/
Д.Д-ын Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 102-125 хуу/
Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би гэрч Г гэдэг хүний мэдүүлэгт итгэж байна. Би Д гэдэг хүнийг зодоогүй. Г эмэгтэй надтай уулзаад чи Д-ыг цохиогүй гэж хэлсэн юм. Өөр мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 136 хуу/
Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 137 хуу/
Ч.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138 хуу/
Ч.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зураг болон схем зураг /хх-ийн 10-17 хуу/
Ч.Б-ийн биед болон өмсөж явсан хувцсанд /улаан өнгийн хөвөнтэй дээл, ногоон өнгийн бүс гэх мэт/ үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 18-22 хуу/
Ч.Б-ийн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 141-147 хуу/
Хохирогч Д.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан тухай лавлагаа /хх-ийн 170 хуу/
Хохирогч Д.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /171 хуу/
Д.Д нь зүрхний булчингийн эмгэгшилийн улмаас зүрхний цочмог дутагдалд орж нас барсан, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авсан гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтийн хуулбар /хх-ийн 197 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 200-201 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Б-тхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” нэртэй бүжгийн газарт хохирогч 59 настай Д.Д-тай “бүжгэнд оруулаагүй” гэх шалтгаанаар согтуугаар маргалдан нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж унагаасаны улмаас Д.Д-ын биед тархины эд болон аалзавч доорх цус харвалт, зүүн дух хэсгийн цусан хураа, тархины өмнөд холбогч артерийн цүлхэн, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө “гэрч Д.Г нь намайг Д.Д-ыг цохиогүйг гэрчилж байгаа тул тухайн гэмт хэргийг үйлдээгүй, яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдааны үед мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь тухайн үед согтуурсан байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь гэрч А.Д-ийн өгсөн:... айлд хүмүүс архи ууж байсан Б ах бид хоёр тэнд архи уусан би согтсон байсан. Золжигүүр дэлгүүрээс 1 ширхэг 500 граммтай цагаан нэртэй архи Б ах бид хоёр аваад буцаад нөгөө айлдаа орсон. Тэр айлд 3 шил архи уусан...гэх мэдүүлэг, гэрч Д.Г-гийн өгсөн:... нөгөө улаан дээлтэй залуу урд талын хананд манарсан байдалтай, бараг зогсож байгаагаа мэдэж байгаа юм уу гэхээр шал согтуу зогсож байсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-ын өгсөн:... Б надтай уулзаад нэг шил архи уух уу, ахдаа нэг юм авч өгнө гэсэн. Тэгээд Мандах дэлгүүрийн урд талын Галаа гэх хүний бааранд орж гурвуулаа нэг шил 0.5 литрийн Улаанбаатар архи авсан. Тэгээд бид 3 бааранд нь архиа задлаад дээрээс 2, 3 удаа архины бакалд хийж уугаад талд нь оруулсан...гэх мэдүүлэг, гэрч Ю.С-ийн өгсөн:... Тэгэхэд Б нилээн согтуу харагдаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.У-ийн өгсөн:... нэг согтуу улаан дээлтэй залуу, хувцас сольдог өрөөний хаалганы хойд талд нэлээн согтуу зогсож байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь “тухайн үед архи уусны улмаас согтоод юу болсныг мэдэхгүй байгаа” талаараа Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар болон Прокурорын газарт өмгөөлөгчийн хамт гаргасан хүсэлтэндээ / хх-ийн 176, 177 хуу/ тус тус дурджээ.
Тухайн үед шүүгдэгч Ч.Б нь согтуугаар бүжгэнд орох гэхэд нь гэрч Л.Ө “согтуу хүн оруулахгүй” гэх шалтгаанаар бүжгийн заалны үүдэнд маргалдсан, улмаар Л.Ө нь нөхөр Д.Д-ыг бүжгийн заалнаас дуудахад Д.Д нь ирж шүүгдэгч Ч.Б-той маргалдсан нөхцөл байдлын талаар гэрч Д.Б, Л.Ө, Ц.Б, Б.М нарын мэдүүлгэнд дурдагдсан байх бөгөөд энэ талаархи гэрчүүдийн мэдүүлэгүүд хоорондоо зөрүүгүй байна.
Хохирогч Д.Д-ыг шүүгдэгч Ч.Б цохиж унагаасан үйлдлийн хувьд гэрч Л.Ө уг үйлдлийг харсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд бусад гэрчүүд нь хохирогчийн унасаны дараа нь очсон, хэн цохисоныг хараагүй, тухайн үед хажууд нь улаан дээлтэй залуу зогсож байсан, Ч.Б гараа далайсан байдалтай байсан гэх зэргээр мэдүүлэг өгчээ.
Хохирогч Д.Д-ын Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийн хуулбарт /хавтаст хэргийн 102-125 дугаар хуу/ “толгойн ар дагз орчимд баруун талдаа хуйхан дор цус хурсан, зүүн нүдний зовхи орчим хөхөрсөн байдалтай” /хх-ийн 115 хуу/, “дагз орчимд зөөлөн эдийн няцралтай, хавантай, зүүн нүдний дээд зовхинд улайлт, хөхрөлт үүссэн /хх-ийн 117 дугаар тал/ гэж тусгагдсан, шинжээч нь ...Д.Д-ын биед үүссэн тархины эд болон аалзавч доорх цус харвалт, зүүн дух хэсгийн цусан хураа, тархины өмнөд холбогч артерийн цүлхэн, тархины эдийн няцрал гэмтлүүд нь дух, чамархай, зулайн, зүүн хажуу хэсгээр унах, мохоо зүйлээр цохигдох эсвэл нүүрэнд цохигдсоноос дагз хэсгээр арагшаа хатуу зүйл мөргөж унах, мөн дагзанд хатуу зүйлээр цохигдох үед үүсгэгдэх боломжтой...гэсэн мэдүүлэг өгсөн байгаагаас дүгнэхэд хохирогчийн нүүр болон дагзанд үүссэн нүдэнд ил харагдах дээр дурдсан цус хуралт, улайлт, хөхрөлт нь Ч.Б-т цохиулсны улмаас үүссэн гэж үзэх үндэслэлтэй, гэрч Л.Ө-ын өгсөн “Ч.Б нь Д.Д-ыг нүүрэнд нь цохиж унагаасан” гэх мэдүүлэг нь хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
Харин гэрч Д.Г нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед “хохирогч Д нь өөрөө унасан, хэн нэгэн хүн цохиогүй, улаан дээлтэй залуу гар хүрэхээргүй хол зогсож байсан, түүнийг унах үед Л.Ө байгаагүй” гэж мэдүүлэг өгчээ.
Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Д.Г-г гэрчээр байцаалгах хүсэлт /хх-ийн 176/ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасныг мөрдөгч 2019 оны 12 дугаар 27-ны сарын өдөр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /хх-ийн 175 хуу/ байх бөгөөд хх-ийн 53 дугаар хуудсанд байх байцаалтын тэмдэглэлээс үзэхэд Д.Г нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрөө сайн дураараа ирж гэрчийн мэдүүлэг өгсөн талаар тусгажээ. Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10–ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Би гэрч Г гэдэг хүний мэдүүлэгт итгэж байна. Би Д гэдэг хүнийг зодоогүй. Г эмэгтэй надтай уулзаад чи Д-ыг цохиогүй гэж хэлсэн юм” гэж мэдүүлэг өгсөн байна.
Ч.Б-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг 2020 оны 07сарын 09-ний өдөр дуусгаж, хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан /хх-ийн 200, 201 хуу/ байх бөгөөд гэрч Д.Г нь хэргийн талаар ямар мэдүүлэг өгсөн болохоо хэргийн материалтай танилцахаас нь өмнө шүүгдэгчид хэлсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрч Д.Г-гийн мэдүүлгэнд дурдагдсан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлуудтай харьцуулахад бусад гэрчүүдийн мэдүүлгэнд дурдагдсан “гэрч Л.Ө, хохирогч нь Д.Д нар нь шүүгдэгч Ч.Б-ийг бүжгэнд оруулахгүй гэж маргалдсан” нөхцөл байдлын талаар дурдаагүй байх бөгөөд энэ нь түүнийг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Гэрчүүд болон шүүгдэгч нарын тухайн үеийн хоорондын хамаарлыг авч үзвэл гэрч Ц.Б нь шүүгдэгчтэй хамт бүжгэнд орохоор очсон, гэрч Д.Б, Б.М нар нь шүүгдэгчээс тусдаа бүжгэнд очсон байсан болох нь тогтоогджээ.
Иймд гэрч Д.Г-гийн өгсөн “шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Д-ыг цохиогүй, Д.Д өөрөө унасан” тухай мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй, Д.Д-ын биед үүссэн дагз болон нүдний зовхины улайлт, цус хуралт, хөхрөлт болон тархины эд болон аалзавч доорх цус харвалт, зүүн дух хэсгийн цусан хураа, тархины өмнөд холбогч артерийн цүлхэн, тархины эдийн няцрал зэрэг гэмтэл нь гэрч Д.Г-гийн мэдүүлгэнд дурдагдсан “өөрөө унасан” гэх хүчин зүйлийн улмаас үүссэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед шүүгдэгчийг эрүүдэн шүүж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан, хохирогчийн дагавар хүүхэд Л.Ө-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй, гэрч Л.Ө, Д.Г нарын мэдүүлэг зөрүүтэй байхад нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй, гэрч Б.М нь бичиг үсэг мэдэхгүй бөгөөд мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг нь эргэлзээтэй, шүүгдэгч нь гэм буруугүй байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай дүгнэлт гаргасан.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Б нь тухайн хэрэгт гэрчээр 2 удаа байцаалт өгсөн /хх-ийн 61-64 хуу/ байх бөгөөд эдгээр байцаалтуудыг эрүү шүүлт тулгаж болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогчийн дагавар хүүхэд Л.Ө-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй, гэрч Л.Ө, Д.Г нарын мэдүүлэг зөрүүтэй байхад нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй гэх асуудлын талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ. Гэрч Б.М нь мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө “хөгжим дардаг ах арагшаа унаж байсан. Тэгээд яг толгойн ар хэсгээр буюу дагзаараа шалан дээр арагшаа унасан. Тэр үед Б тэр ахыг цохисон бололтой гараа зангидаад өрөлт авсан шинжтэй зогсож байсан” гэсэн бөгөөд шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө “ Б гараа далайсан байдалтай байсан, хөгжим дардаг ах ухарч байгаад арагшаа унасан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр мэдүүлгүүдийг хэргийн нөхцөл байдлын талаар зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Д-ын нүүрэнд нь цохиж унагаасан болох нь тогтоогдсон, хохирогчийн биед учирсан тархины эд болон аалзавч доорх цус харвалт, зүүн дух хэсгийн цусан хураа, тархины өмнөд холбогч артерийн цүлхэн, тархины эдийн няцрал гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй хамааралтай байна гэж дүгнэв.
Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Ч.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Ч.Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э нь шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс гэмт хэргийн хохиролд тооцож 13.000.000 /арван гурван сая/ төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотойгоор нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б-ийн энэ хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэн гүн овгийн Ч-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Б-ийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн хохиролд тооцож нэхэмжилсэн 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ОДХҮҮ