| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0209/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0209/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэнгэлийн Энхсайханд холбогдох 2039000000195 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Энхсайхан нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг Хөлийн холбоо гэх газар байрлах Лонхотын цагаан чулуут гэх нөхөрлөл дээр нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн А.Гантөмөртэй архи булаацалдан хагаллаа гэх шалтгаанаар уурлаж архины хагархай шилээр зүүн суганы арын шугамаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч А.Г өгсөн:.. Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг Хөлийн холбоо гэх газарт байх Лонхотын цагаан чулуут гэх нөхөрлөл дээрээ хамт ажилладаг Амгаланбаатар гэх залуугийнхаа хамт байж байхад үдээс хойш л юм даг яг хэдэн цаг болж байсан болохыг нь сайн санахгүй байна, манай нөхөрлөл дээр миний танил Э нь согтуу нэлээн хэдэн шил архитай хүрээд ирсэн. Тухайн үед би ч бас согтуу байсан юмаа. Тэгээд би цаашхи үйл явдлаа сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Э бид хоёр архиа булаацалдаад байж байсан. Тэгээд Э бид хоёр архиа булаацалдаж байгаад 1 шил архиа хананд цохиод хагалчихсан бөгөөд уг хагарсан архины шилний хүзүү хэсэг нь э гарт нь үлдчихсэн юм шиг байса. Тэгээд л уг хагарсан шилний үзүүр хэсгийнх нь шилээр Э нь миний зүүн талын суганы доод хэсэгт буюу хавирганы орчимд нэг удаа зүсчихсэн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 9-10 хуу/
Гэрч Б.Нямцогтын өгсөн:...Э нь зан байдлын хувьд даруу төлөв, мөрөөрөө, их хүнд тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи дарсыг байнгын бол хэрэглээд байдаггүй, яахав хааяа нэг хэрэглэх нь хэрэглэдэг, тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу бол зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэж байгаагаар урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л нэг зодоон цохионы хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, ном унших сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, эхнэр хүүхэдгүй, ер нь эхнэр огт авч байгаагүй, Э нь ерөнхийдөө даруу төлөв, мөрөөрөө хүнд их тусархаг л хүн байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 16 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаартай дүгнэлт:
1. А.Г биед цээжний зүүн талд суганы арын шугамаар зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/
Ц.Э яллагдагчаар өгсөн:.. Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөлийн холбоо гэх газарт байрлах “Лонхонтын цагаан чулуут” гэх жоншны нөхөрлөл дээр А.Гантөмөр гэх хүнийг архины хагархай шилээр зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Тухайн үед Гантөмөр нь миний авчирсан архийг өөрийнхөө архи гээд надтай архийг маань булаацалдаж байгаад 1 шил архийг маань хагалчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд архины шилний хагархай хэсгээр нэг удаа зүсчихсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Ц.Э иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 44 хуу/
Ц.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49-50 хуу/
Хохирогч А.Гантөмөрийн гаргасан “Энхсайханд ямар нэгэн гомдол санал байхгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 48 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Энхсайхан нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 1 дүгээр багийн нутаг Хөлийн холбоо гэх газарт хохирогч А.Г “архи булаацалдаж хагаллаа” гэх шалтгаанаар согтуугаар маргалдан түүнийг архины хагархай шилээр зүсэж цээжний зүүн талд суганы арын шугамаар 10 см урт, 3 см гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч А.Г мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хохирогч А.Г биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Ц.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч А.Гнь “Э ямар нэгэн гомдол санал байхгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 48 хуу/ гаргасан, мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэнгэлийн Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ