| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2019/0005/З |
| Дугаар | 00010 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 00010
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох “Татварын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид ХХК гэх/ нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.М, хариуцагч Д.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нарыг оролцуулан шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 0294608 тоот актаараа нийт 47 168 180 төгрөгийн төлбөр ногдуулсан нь татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардаж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байгаа тул тухайн актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. И ХХК-ийг 2013 оны 1 сараас 2013 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа 2013 оны 5 сарын 25-ны өдөр Д ХХК-аас 409 090 991 төгрөгийн худалдан авалт хийсэн байна, 409 090 991 төгрөгийн НӨАТ-ийн хий бичилт хийж, татвар төлөхөөс зайлсхийсэн, уг бараа материалын үнийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан татвар ногдох орлогоо бууруулсан гэж үзэн 40 909 900 төгрөгийн нөхөн татвар, 6 136 363 төгрөгийн торгууль, 122 727.3 төгрөгийн хүү нийт 47 168 180.8 төгрөгийн татварын төлбөр ногдуулсан байна. Учир нь И ХХК цахим сүлжээнд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн, регистрийн дугаар бүхий худалдагчаас худалдан авалт хийхэд өгсөн татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөд тараадаг албан ёсны баримт болох НӨАТ-ийн падаан, түүнд дарагдсан компанийн болон санхүүгийн тэмдгүүд нь жинхэнэ эхээрээ байсан баримтыг үндэслэж татварын тайлангаа гаргасанд байгаа юм. Гэтэл татварын улсын байцаагчид дахин татвар төлөгчид дарамт учруулах, хууль бус татвар ногдуулалт хийх, татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардаж байна. Улмаар Татварын маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчийн актад холбогдуулан гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан тул хууль бус шаардлагыг зөвшөөрөхгүй ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Б.А би Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот актыг хүчингүй болгуулах тухай И ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 тоот албан бичгээр Б.А-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилж, нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгосон байх ба И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан буйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасантай нийцэж байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох “Татварын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ И ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ