Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0426

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Нэхэмжлэгч Г.Б-

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар бүхий “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0192/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б- нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар бүхий “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр: “Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.11, 21 дүгээр зүйлийн 21.2.7, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2, 54.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-өөс гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар бүхий “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн ажиллах журмын 1.1 дэх хэсэгт “Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс нотариатч хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотой гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино”, түүнчлэн 2 дугаар зүйлд Сахилгын зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс нотариатчын гаргасан үйлдэл нь Нотариатын тухай хуульд заасан ямар зүйл заалтыг зөрчсөн тухай үндэслэлээ дурдах, ... өргөдөл гомдол гаргагч өөрийн гарын үсэг, ... тусгах тухай нарийвчлан зохицуулсан. Үүнээс үзэхэд Сахилгын зөвлөл нь Нотариатын тухай хуульд заасны дагуу дээрх харилцааг зохицуулах чиг үүрэгтэй хэдий ч өөрөө дур мэдэн хэрэг үүсгэж хэн нэгнийг шалгах, хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй юм. Гэвч бодит байдал дээр хэн нэгэн иргэн, хуулийн этгээд энэ тухай ямар ч өргөдөл, гомдол гаргаагүй байхад уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь процессын алдаатай болсон.

3.2. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдээллүүдийг дутуугаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн буюу сахилгын зөвлөлийн ажлын албаны утсаар ярьсан тэмдэглэлийг үндэслэл болгосон нь учир дутагдалтай. Учир нь тухайн утсаар ярьсан тэмдэглэл нь нотолгооны ач холбогдолгүй, итгэл үнэмшил төрүүлэхээргүй баримт бөгөөд тухайн тэмдэглэлийг үйлдэж буй хүний үнэн зөв тэмдэглэл хөтөлсөн эсэх, утсаар ярьсан хүмүүс юу гэж мэдүүлсэн зэргийг өөр хөндлөнгийн гэрч зэрэг этгээд мэдэхгүй юм. Шүүхийн ажиллагааны явцад дуудагдаж гэрчээр мэдүүлэг өгсөн Ю.Баттөмөр гэх хүний мэдүүлэгт тухай үед болсон процессын тухай маш дэлгэрэнгүй, үнэн зөв тайлбар гаргасан, энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримттай яв цав таарахын зэрэгцээ харилцан биенээ эх сурвалжаар зааж байгаа ач холбогдол бүхий мэдүүлэг юм. Гэвч шүүх үүнийг нотлох баримтын хувьд үнэлж үзээгүй нь мөн алдаа болсон. Цаашлаад хэрэгт авагдсан СД бичлэгт өөр хүн тамга дарж буй зэрэг үйлдэл нь тухайн хүн яг нотариатын тамга дарж байгаа, нотариатчийн гарын үсгийг дуурайлган зурж байгаа зэрэг үйл баримт огт биш бөгөөд үүнийг нотлох баримтаар зааж буй нь үндэслэлгүй юм. Хэрэв үнэхээр тухайн хүн нотариатчийн тамга дарж, нотариатчийн гарын үсгийг дуурайлган зурж буйг дүрс бичлэгт шууд харуулсан, энэ нь хангалттай тодорхой харагдаж буй тохиолдолд тухайн зөрчил гарсныг нотлох баримт гэж үнэлэх боломжтой. Гэтэл ердөө нотариатчийн ажлын өрөөнд тамга дарж гарын үсэг зурж байгаа л бол нотариатчийн тамгыг дарж, нотариатчийн өөрийн гарын үсгийг зурж байгаа хэмээх таамаглалаар үйл баримтыг хүчээр нотолсон мэт тайлбарлах нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.1. Нотариатын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно:” гээд 18.1.5-д “энэ хуулийн 21.3.6-д заасныг зөрчиж нотариатын тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлж зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:” гээд 21.3.6-д “хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх” 54 дүгээр зүйлийн 54.2-т “Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн ... Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулна.” гэж тус тус зааснаар нотариатч нь зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн бол сахилгын зөвлөл хянан шалгаад хууль зүйн сайдад шийтгэл оногдуулах саналыг хүргүүлэх ба Хууль зүй, дотоод хэргийн сайд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохоор зохицуулжээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12:15 цагт цахим орчинд “Хууль зүйн яам, Нотариатын танхимын тусгай зөвшөөрөл эзэмшигч Нотариатын тусгайлсан хууль зүйн заалтад заасан байдлыг үгүйсгэж, эрхийн зөвшөөрөлгүй хүн гэрчилж байна” гэсэн тайлбартай, нэхэмжлэгч Г.Б-ийн эзгүйд түүний туслах гэх Б.О нь түүний ажлын өрөөнд үйлчилгээ үзүүлж буй бичлэг цацагдсан байна. Үүнийг Нотариатын танхимын Мэдээллийн албан ажилтан бичлэгийг хадгалан авч улмаар Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс шалгаад 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16 дугаар тогтоолоор Г.Б-ийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох сахилгын шийтгэл оногдуулах саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр шийдвэрлэсэнд хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр А/288 дугаар бүхий “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тушаалыг гаргасан байна.

2.3. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг биелүүлээгүй гэх боловч хуульд шийдвэр гаргахдаа шалган тогтоох үүргийг Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл хэрэгжүүлэхээр заасан ба зөвлөлөөс хүргүүлсэн саналыг харгалзан хариуцагчаас шийдвэр гаргасан бөгөөд сахилгын зөвлөлийн хуралдаанд нотариатч Г.Б- оролцсон, уг нөхцөл байдлыг мэдэж байсан ба энэ тохиолдолд энэ тохиолдолд хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй.

2.4. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.”, 4.3-д “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус зааснаар нотариатч нь аливаа этгээдүүд хоорондын гэрээ, хэлцэл, бусад хуульд заасан баримтыг төрийн нэрийн өмнөөс гэрчлэх онцгой эрх үүрэг бүхий этгээд бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрөл авсан этгээд уг үйлчилгээг үзүүлэх нь хувь хүн, байгууллагын нууцыг хамгаалах, бусад этгээдийн хувьд үнэнд тооцох тогтоогдсон үйл баримтыг гэрчлэх, цаашлаад хожим үүсэх аливаа маргаанаас сэргийлэх чухал ач холбогдолтой учир ноториатч нь ажил үүрэгтэй анхааралтай хандаж, бусад этгээдэд уг эрхээ шилжүүлэлгүйгээр, үнэнч шударгаар гүйцэтгэх шаардлагатай.

2.5. Уг хэргийн хувьд нэхэмжлэгчээс “...миний бие ажлын байран дээрээ өөрийн биеэр байсан, нотариатын тамга, баталгааны тэмдгээ бусдад шилжүүлсэн зүйл огт байхгүй ... бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй ... оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй...” гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар маргасан боловч анхан шатны шүүх “...нэхэмжлэгч ажлын өрөөндөө, эсхүл ... хаа нэгтээ байсан нь чухал биш ... Г.Б- өөрөө үзүүлсэн эсэх нь чухал...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ю.Б-ийн мэдүүлэгт “...Хойд өрөөнд байсан эрэгтэй хүн нь дарж байсан... эмэгтэй материал авч канондоод, иргэний үнэмлэхийг мөн канондож бэлдээд хүн байна...” гэсэн байтал анхан шатны шүүх үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд шүүхийн шийдвэр дэх дүгнэлтэд дурьдаагүй нь шүүх нотлох баримтыг дутуу, үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэх боломжгүй.

2.7. Тодруулбал хэрэгт авагдсан “А.Э” гэх фэйсбүүк хаягаар лайв хийж цацагдсан 07 минут 03 секундын бичлэгийг мөн эсэхэд хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд давж заалдах гомдолд “...үнэхээр тухайн хүн нотариатчийн тамга дарж, нотариатчийн гарын үсгийг дуурайлган зурж буйг дүрс бичлэгт шууд харуулсан, энэ нь хангалттай тодорхой харагдаж буй тохиолдолд тухай зөрчил гарсныг нотлох баримт гэж үнэлэх боломжтой...” гэж тайлбарласанчлан тус бичлэгт “НОТАРИАТ” гэсэн хаягтай өрөөнд 02 минут 35 секундээс 03 минут 01 секунд хүртэл эмэгтэй хүн үйлчлүүлэгч нарын материалд тамга, тэмдэг дарж, 03 минут 05 секундээс 03 минут 13 секунд хүртэлх хугацаанд гарын үсэг зурж байх ба тухайн үйлчлүүлэгч нараас төлбөр авч гарган явуулж буй үйлдэл бичигдсэн бөгөөд энэ нь нотариатын эрхгүй этгээд /Г.Б-ийн туслах Б.О-ын тухайд хэргийн оролцогч маргаагүй/ үйлчилгээ үзүүлж буйг илэрхий харуулж байх тул анхан шатны шүүх таамаглалаар үйл баримтыг хүчээр нотолсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8. Сахилгын зөвлөл нь өөрөө дур мэдэн хэрэг үүсгэж хэн нэгнийг шалгах, хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй хэмээн тайлбарлаж байх боловч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн үйлдэл цахим орчинд нэгэнт цацагдсан, үүнийг Монголын Нотариатчдын танхимын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 503 албан бичгээр Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд хандаж шийдвэрлүүлсэн бөгөөд энэ тохиолдолд “Авирмэдийн Эрдэнэбаяр” гэх фэйсбүүк хаягаар олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулсан этгээд уучлалт гуйж, бичлэгээ устгасан нь Сахилгын зөвлөл шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл болохгүй. Учир нь Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн ажиллах журмын 3.13-д “Нотариатчийн хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн мэдээллийг Танхимын ажлын алба хүлээн авч, шалгах бөгөөд шаардлагатай тохиолдолд нотлох баримтын хамт Зөвлөлд шилжүүлнэ.” гэж зааснаар ажиллагаа хийгдэн Сахилгын зөвлөл шалгасан тул гомдол үндэлслэлгүй.

2.9. Мөн нэхэмжлэгч нь Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн Г.Б-ийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох сахилгаан шийтгэл оногдуулах санал гаргасан 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолтой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БатбААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА