Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00012

 

М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ч.Саранхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд 2006 оны 10-р сард галчаар орж, 2009 оны 10-р сараас эхлэн жолоочийн орон тоонд ажиллаж, 2016 оны 06-р сарыг хүртэл 10 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажил үүргээ чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 6-р сарын 30-ны өдрийн 32 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Гаалийн хорооны дарга Ч.Саранхүү нь 2016 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн 06-р сарын 01-ний өдөр галлагаа зогсох хүртэл галчаар ажиллуулахаар тогтоосон. Би тухайн үед буюу 03-р сарын 01-нээс 04-р сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх зорилгоор 1 сарын чөлөө авсан. Тэгээд чөлөөний хугацаа дуусаад жолоочийн ажилдаа эргэн орох гэтэл дээрх хариуг өгсөн. Намайг сарын түр чөлөөтэй байх хугацаанд жолоочийн орон тоонд Г.Золзаяа гэж жолооч авсан байсан. Гэтэл удалгүй Золзаяа ажлаасаа гарч дахин жолоочийн орон тоон дээр Пүрэвдалай гэх хүнийг шинээр ажилд авсан. Манай гаалийн жолоочийн орон тоо нь угаасаа л нэг хүний орон тоотой бөгөөд тэр үед ч, одоо ч нэг хүний орон тоо байгаа. Гэтэл намайг Ч.Саранхүү дарга нь жолоочийн орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Би 2016 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт 22 хоног амарсан. Би ээлжийн амралтаа дуусаад ажилдаа орох гэтэл намайг галлагаа зогссон та гэрээт болсон тул зуны 3 сар ажил байхгүй, 09-р сарын 01-ээс эхлэн ажилдаа орно биз гэсэн. 09-р сарын 01-ний өдөр ажилдаа орох гээд очтол 09-р сарын 15-нд ажилд авна гэж дарга Ч.Саранхүү хурал дээр хэлсэн. Тэгээд би 09-р сарын 15-ны өдөр очтол нягтлан бодогч Лхамсүрэн дарга ирээд гэрээ хийгээд та нарыг ажилд авна нилээд удах байх шүү 10-р сар хүрэх байх шүү гэсэн. Гэтэл 2016 оны 09-р сарын 24-нд ажлаас чөлөөлсөн тул тушаалаа ирж ав гэж Гаалийн ахлах байцаагч Ганбат хэлэхээр нь очтол 2016 оны 06-р сарын 30-ны өдөр жолоочийн ажлаас чөлөөлсөн тухай даргын тушаалыг өгсөн. Би өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж огт мэдэлгүй түр хугацаагаар сул зогсож байгаа юм байна гэж бодож явтал ийм тушаал гаргаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж намайг хохироогоод байна.

 Иймд Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 07-р сарын 29-ний өдрийн 38/б тоот тэтгэмж олгох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ... Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-32 дугаар тушаалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Гаалийн хорооны даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь алдаатай байсан тул засварлан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-32 тоот тушаалыг гаргасан байгаа тул уг тушаалд холбогдуулан шаардлагаа өөрчилж байгаа юм. Миний ажлаас чөлөөлсөн тушаалыг цаг хугацаанд нь өгөөгүй. ... Би яагаад ажилгүй болж байгаагаа мэдээгүй, тус Гаалийн хороонд 10 жил ажилласан. Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ханх дахь гаалийн хорооны бүтцэд жолоочийн ажлын байр 2009 оноос эхлэн байнгын 2 орон тоотой байсан боловч 2016 оны ГТЕГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/91 тоот тушаалын хавсралтад Ханх дахь гаалийн хорооны 2016 онд ажиллах орон тооны хязгаарыг /17/ баталж жолоочийн орон тоо 1 байхаар цөөрүүлсэн тухай ТЗУГ-ын даргаас мэдэгдсэн. Гаалийн хорооны даргын зөвлөл болон ажиллагсдын хуралд бүтэц орон тооны тушаал танилцуулж 2 жолоочийн талаар санал асууж 2 жолоочийн ур чадвар ажил гүйцэтгэл дээр сонгон шалгаруулалт хийхээр шийдвэрлэсэн. Хурлын дараа М.Бат-Эрдэнэтэй биечлэн уулзаж автомашины жолоочоор ажиллуулах боломжгүй гэрээг цуцалж галчаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. ГТЕГ-ын даргын А/91 тоот тушаал, Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурал ажиллагсдын хурал тэдгээрээс гарсан шийдвэрийн дагуу М.Бат-Эрдэнийн 2016 оны 1 дүгээр улиралд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байдлыг үндэслэсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2016 оны 04 сарын 08 өдөр өгсөн, 2016 оны 6-р сарын 1-нээс ээлжийн амралтын мэдэгдлийг өгсөн, дээрх 2 сарын хугацаанд галчаар ажиллуулж цалинг жолоочийн албан тушаалын ангиллаар олгосон. Нэгэнт тус гаалийн хороонд 1 жолооч ажиллахаар ГТЕГ-ын даргын 2016 оны А/91, А/195 тоот тушаалд заагдсан тул тухайн гаалийн хороонд ажиллаж байгаа 2 жолоочийн мэргэжлийн ур чадвар ажил гүйцэтгэлийн чанар жолооч сонгон шалгаруулсан дүн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийн биелэлт, хамт олны болон даргын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг харгалзан ГТЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 2.6.8, Улаанбаатар хот, орон нутаг дахь гаалийн газар хороо салбарын дүрмийн 4.3.4-д заасан эрх хэмжээний хүрээнд М.Бат-Эрдэнэтэй холбогдож ирж уулзах талаар 6 сарын 27-нд бичиг хэрэг Г.Мөнхзулд үүрэг өгч хэлүүлсэн боловч хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй ба дээрх хугацаанд галчаар ажиллах хүсэлтээ бичгээр өгөөгүй. М.Бат-Эрдэнэ нь ажил явдалтай байсан учраас гаргасан тушаалыг ирж аваагүй, ажил явдал дууссаны дараа ирж ав гэж хэлэхээр ажлын утаснаас 6 сарын 30 болон 7 сарын 01-ний өдөр залгахад утас нь холбогдох боломжгүй байсан, тушаалыг аваагүй тул менежер П.Бат-Эрдэнэд хүргүүлсэн. Менежер П.Бат-Эрдэнэтэй М.Бат-Эрдэнэ утсаар ярьж тушаал ирснийг мэдэгдэж 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагт хүү Б.Золжавхланд тушаалыг гардуулж өгсөн. Иймд халагдах тушаалыг хуулийн хугацаанд өгсөн байна. Тушаалыг явуулсны дараа нягтлан шалгаж үзэхэд бичиг хэрэг 40.1.1 гэж бичихийг 46.1.1 гэж техникийн алдаа гаргасныг анзааралгүй баталгаажуулж алдаа гаргасан тул тушаалд өөрчлөлт оруулах тухай А/32 тоот тушаал гаргаж залруулсан. А-32 тоот тушаалыг 7 сарын 18-25 хооронд хорооны дарга миний бие Ханх суман дахь АЗШНБ дээр ажиллахдаа М.Бат-Эрдэнэд гардуулж өгөхөөр дуудуулсан боловч ирээгүй. 2016 оны 3 дугаар улирлын цалингийн сан хүрэлцээгүй байгааг харгалзан тэтгэмж олгох тухай тушаалыг 7 сарын 29-ний өдөр гаргаж нябо-д өгсөн ба санхүүжилтийн байдлыг харгалзан 9 сарын 27-нд тэтгэмжийн мөнгийг олгосон. Техникийн алдааг залруулсан А/32 тоот тушаалыг 9 сарын 22-нд дотоод сүлжээгээр хуулбараар тэтгэмж олгох тухай 38 тоот тушаал болон А/32 тоот тушаалуудыг гаалийн хорооны ахлах байцаагч Л.Ганбатаар 9 сарын 26-нд эх хувиар нь өгүүлсэн болно. Жолоочоор ажиллаж байсан М.Бат-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-нд дууссан ба 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2015 оны гэрээг дүгнэж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийж галчаар ажиллах санал тавьсан боловч хүлээж аваагүй, галчаар ажиллах хүсэлтээ ирүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 сарын 30-ны өдөр дуусгавар болгосон. М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хорооны дарга Ч.Саранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газартай нэгдэж 2016 оноос Гааль, Татварын Ерөнхий газар болсон. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/95 тушаалаар харьяа газар хэлтсүүдийн бүтэц, орон тоог баталсан. Үүнд Хөвсгөл аймгийн Гаалийн хороонд 18 ажилтантай байсан бол 17 ажилтантай байхаар орон тоог баталсан. Манайхаас зарим нэг орон тоонд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. 2 жолооч ажиллаж байсан бол бүтцийн өөрчлөлтөөр нэг жолоочийн орон тоог хассан. Үүнийг баталгаажуулж 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр албан тушаал, ажилтан тус бүрээр нарийвчлан тоог зааж ирүүлсэн. 2016 оны 3 дугаар сард ирсэн А/95 дугаар тушаалыг үндэслэн жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан хамт олондоо энэ талаар танилцуулан хурал хийсэн. Энэ хурлаар хоёр жолоочийн хэнийг нь авч үлдэх талаар хамт олноороо хэлэлцүүлж, жолооч нарын ажил гүйцэтгэж байгаа байдлын талаар хуралд оролцсон хүмүүсийн санал дүгнэлт хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Хамт олны хурлын дараа Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурлаар мөн жолооч нарын ажиллаж байгаа байдлыг харгалзан үзэж цаашид гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн ханган явуулж чадах ажилтныг авч үлдэхээр шийдвэрлэн жолоочоор Золзаяаг авч үлдэж байгаагаа 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр М.Бат-Эрдэнэтэй уулзахдаа хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэл өгнө, үүний дараа галчаар ажиллах боломжтой шүү гэдгийг хэлж байсан. Нэхэмжлэгчийн хувьд өөрөө галчаар ажиллана гэдгээ ойлгосон. Төрийн Албаны Зөвлөлийн зааврын төрийн албан хаагчдыг ажилд авах сонгон шалгаруулалт зарлаагүй. ... Миний хувьд бүтцийн өөрчлөлт, дээд газрын шийдвэрээр жолоочоор ажиллах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын дагуу байгууллагаас гурван сарын тэтгэмж авах, улсаас мөн тэтгэмжээ авчхаад хүрээд ир гэж өөрт нь хэлсэн. Хэрвээ хүсэлтээ өгсөн бол галчаар ажиллах эрх нь нээлттэй байсан боловч өөрөө шүүхэд хандана гэсэн тул галчаар ажиллуулах тушаал гаргаагүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг Хөвсгөл аймаг дахь Гаалийн хорооны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Гаалийн хорооноос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.458.591 /гурван сая дөрвөн зуун тавин найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бат-Эрдэний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хорооноос 140.487 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороо давж заалдах гомдолдоо: ... Шүүх 2016 оны10 дугаар 06 өдөр 1948 дугаартай бүртгэлээр хүлээн авч, ИХШХШ тухай хуулийн 64-р зүйлд заасан хуулийн заалтыг хэрэгжүүлсэн. Уг нэхэмжлэлд 9 дугаараар дараалсан баримтыг хавсаргасны 2-т ажлаас чөлөөлсөн 32 тоот тушаалын хуулбарыг гэж тэмдэглэжээ. /Дээрх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид зохих журмаар гардуулсан/ Нэхэмжлэлийн шаардлагыг тэмдэглэхдээ: Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 06 дугаар 30-ны өдрийн 32 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 07 дугаар 29-ний өдрийн 38/Б тоот тэтгэмж олгох тушаалыг тус тус хүчингүй болгож, жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү ... гэжээ. Гэтэл: Шийдвэрт заахдаа “... Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016.06.30 өдрийн А/32 тоот тушаалд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь алдаатай байсан тул засварлаж 2016 оны 06 дугаар 30-ны өдрийн А-32 тоот тушаалыг гаргасан байгаа тул уг тушаалд холбогдуулан шаардлагаа өөрчилж байгаа ...” гэжээ.

Шүүх хуралдаан дээр бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагаа өөрчлөөгүй билээ. Эхэлж гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.

Харин шүүх хурал даргалагч шүүгч нь нэхэмжлэгчид хандаж, шүүх бол “Нэхэмжлэлийн хүрээнд л хэргийг шийдвэрлэнэ, тийм болохоор нэхэмжлэгч та, нэхэмжлэлээ өөрчилж ... 32 тоот тушаалд биш, ... А-32 тоот тушаалд нэхэмжлэлээ өөрчилж гаргаж байна ... гэж ойлгож байгаа ш дээ, ... тиймүү ... гэх мэтээр хүсэл зорилгын нь эсрэг нөлөөлж оролцсоноор, ... шүүх хурал даргалагч шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх мэтгэлцэх, зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна ... гэсэн ИХШХШ тухай хуулийн 89-р зүйлийн 89.2 дахь заалтыг зөрчсөнд гомдолтой байна. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг 2017. оны 01 дүгээр 20-ны өдөр хүлээн авсан. Шийдвэр гардан аваад бодит нөхцөл байдалтай шийдвэрт тусгагдсан нөхцөл байдал хоорондоо зөрчилтэй байгаа тул хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг хүсэлт болгоход тэмдэглэл нь цаасан хэлбэрээр гаргаагүй байна, файл хэлбэрээр шүүгч танилцаж байна,.. гээд удаасан тул танилцах боломжгүй байсан. Шүүх хурлын тэмдэглэл дууссан өдрөөс хойш 3 хоног дотор бэлэн болсон байх хуулийн заалттай байхад энэ шүүх хурлын тэмдэглэл, шийдвэр гардан аваад байхад гараагүй тул хуулийн шаардлагыг зөрчсөн тэмдэглэл гаргасан байхыг үгүйсгэхгүй тул шүүх хуралдааны камерын бичлэгтэй тэмдэглэлийг тулгаж үзэх шаардлага үүсэж байгаа юм аа. /Энэ талаар тусад нь хүсэлт гаргах болно./ Ажил олгогч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад миний засварлаагүй тушаалд “гомдол” гаргажээ гэж ойлгосон. Хоёр тушаалыг хоёулангийн М. Бат-Эрдэнэ хүлээн авсан байдаг. Харин алинд нь нэхэмжлэл гаргах нь түүний эрх байхад шүүгч оролцож, шийдвэрийг шударгаар гаргалгүй зөвхөн нэхэмжлэгч талд шийдвэр гаргаж байгаа нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл боллоо. Үүнд гомдолтой байгаа болно гэжээ.

                                                    

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч,хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороо М.Бат-Эрдэнийн ажиллаж байсан жолооч гэх орон тоо хасагдсан тул М.Бат-Эрдэнийг ажиллуулах боломжгүй гэж маргажээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд жолоочийн ажилд эгүүлэн тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь ажил олгогчийн гаргасан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 32 тоот тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 24 –ны өдөр хүлээж авсан болох нь тогтоогдсон ба шүүх нэхэмжлэгчийг хуулинд заасан хугацаанд  гомдол гаргасан гэж үзсэн  дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана ” гэж заасантай нийцсэн байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ханх дахь Гаалийн хорооны бүтэц орон тоо цөөрүүлсэн нь тогтоогдож байгаа боловч шүүх ажил олгогч жолоочийн орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэд мэдэгдээгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

            Учир нь ажил олгогч ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 тоот тушаалыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байх ба тэрээр нэхэмжлэгчид уг тушаал гарснаас хойш мэдэгдэх атал ГТЕГазрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  А/91 тоот тушаалын дагуу  нэхэмжлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 Түүнчлэн  нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь жолоочийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, ажил олгогчийн гаргасан №32, 38/Б тоот тушаалуудыг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан боловч шүүх  ажил олгогчийн гаргасан тушаалыг хүчингүй болгох шаардлагаа өөрчилсөн гэж үзэж уг шаардлагыг шийдвэрлээгүй нь  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд сөргөөр нөлөөлөхгүйгээр байна.

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.487 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                    

                                                                                       Т.ГАНБАТ