| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0212/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0212/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Г холбогдох 2039003090196 дугаартай хэргийг 2020 оны 09 сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутагт, тус багт оршин суух иргэн Ж.Ч маргалдаж түүний толгойн тус газарт нь бургасаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ж.Ч өгсөн:... Манай өвөлжөө рүү бог малаа хариулаад байхаар нь би олон удаа хэлж байсан, би хүүтэйгээ хоёулаа байдаг болохоор нүүж чаддаггүй юмаа, жилийн дөрвөн улирал байдаг болохоор гэхэд за ойлголоо гэдэг байсан. Сүүлд буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дахин манай бэлчээрээр бог малаа бэлчээхэд нь уур хүрээд хонийг нь цааш туусан, тууж байх үед малчин Г ирээд гичий, янхан чинь яагаад манай хонийг тууж байгаа юм бэ гэхэд нь би чамд 4,5 удаа хэлж байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд би чамайг ална шүү, чамайг гэж ирэх хүн байхгүй шүү дээ чаддаг юм бол чамайг гэх хүн аваад ир гэхэд нь хажуу талд байсан аргалыг аваад шидсэн. Тэгэхэд барьж явсан саваа модоороо миний нуруу руу цохиход би мориных нь цулбуурыг барьж авах гэтэл миний гар луу цохичихоод дараа толгой руу маань цохисон...толгой руугаа модоор цохиулснаас хойш толгой маань байнга өвдөж байна...эмнэлэгээр явсан зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч С.Ууганбаатарын өгсөн:... 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3-р баг Дэлбэрэхийн булаг гэх газрын зүүн толгой дээр байх гэрээсээ Ч эгч айлын хонь өвөлжөөний ард ирчихсэн байна очиж уулзчихаад ирье гээд гараад явсан. Удалгүй гэрийн гадаа мотоциклоо тавьчихаад гэр лүү орчихоор нь араас нь ортол толгойгоо барьчихсан орон дээр сууж байх үед би та яагаа вэ? юу болов гэж асуухад зодуулчихаад ирлээ гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Гэрч Ш.Нандинцэцэгийн өгсөн:... Би Г гэх хүнийг мэддэг болоод 2 жил болж байна. Манайд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр туслах малчнаар ирж байсан... Ер нь сайн мэднэ анх ирсэн цагаас хойш хүнтэй ам зөрж байгаагүй аливаа зүйлд их хүлээцтэй ханддаг. Би өөрийнхөө хэмжээнд ирсэн цагаас нь хойш 2 жилийн хугацаанд тухайн хүн ямар зан араншин гаргадаг талаар сайн мэднэ гэж бодож байна хамаатан садан ах дүүс шиг байдаг... гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай дүгнэлт
Б.Г яллагдагчаар өгсөн:... Намайг бог малынхаа бэлчээр дээр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сууж байх үед ногоон өнгийн Даюун маркийн мотоциклтой эмэгтэй ирээд манай хонийг хөөсөн тэгэхээр нь очоод хонь яагаад хөөгөөд байгаа юм бэ гэхэд намайг дөхөж очиход адууны хомоолоор урдаас шидээд буугаад ир гээд байсан. Тэгээд Ж.Ч гэх эмэгтэй намайг морин дээр сууж байхад маань буугаад ир гөлөг минь айлын муу барлаг, чаа гэх малгүй муу барлаг минь гэж хэлэхэд нь дуугүй сууж байхад урдаас чулуу шидээд чулуу барьж ирээд миний тохой руу цохисон. Тэгээд намайг явах гэтэл цулбуураас барьчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь хүрэн өнгийн богино хатуу бургасаар толгой руу нь нэг удаа цохичихоод давхиад яваад өгчихсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 36 хуу/
64 см урттай бургас модыг эд мөрийн баримтаар хураасан тухай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06 хуу/
Хохирогч Ж.Ч нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 15-18 хуу/
Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуу/
Б.Г иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 47 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 80-81 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутагт Дэлбэрэхийн булаг гэх газарт хохирогч Ж.Ч малын бэлчээр булаацалдан маргалдаж түүний толгойд бургасаар цохиж тархи доргилт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Ч, гэрч С.Ууганбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ж.Ч толгойд бургасаар цохисны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын үед хохирогч Ж.Ч нь эмчилгээний зардалтай холбоотой 693.890 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримт гаргаж өгөн шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд үүнээс Цэцэн хаан худалдааны төвөөс эд зүйл авсан гэх 162.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримт /хх-ийн 16 хуу/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, засвартай, тамга тэмдэггүй байх тул хасаж тооцон үлдэх 544.890 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Мөн хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд байх хохирогч нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэрлэн тэс ХХК-ий Мөнгөн гоёл ломбарднаас 3.000.000 төгрөгийн зээл авсан тухай баримт нь хэрэгт хамааралтай болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ.
Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64 см урттай, бургас мод 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Г 544.890 /таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун ерэн/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Чулуунцэцэгт олгосугай.
6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64 см урттай бургас мод 1 ширхэгийг устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ