Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0211/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              Ж.Хонгорзул

Улсын яллагч                                                              Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                                      А.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                         Х.Биязхан нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А Н холбогдох  2039002820199 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол  Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Н нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ приус-20 маркийн 7852 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эхлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчиж, Б.А мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б өгсөн:..Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Оонотын 5-1 тоотод хадмын хашаанд нөхөр хүүхдийн хамт гэр барьж амьдардаг. Хэрэг учрал болох үед би хүүхдээ усанд оруулах гээд ус халаагаад хадмын гэрт байж байсан. Хадам ээж ус авна гээд тэрэг түрээд гарсан, худаг дээр хадамтай Н таараад машинтай усыг нь гэрт хүргэж ирсэн байсан. Гэрт ирж ус буулгасан. Би ус суллачихаад гэрт орсон, ус буцалж байхаар нь салгаад усанд оруулаад солих хувцсыг нь аваад ирье гээд өөрийнхөө гэр лүү орсон. Солих хувцсыг нь авчихаад талийгаачийг хайсан, хашаанд байхгүй байхаар нь хойд хаалгаар гарах гэж байсан өөдөөс хойд айлын эгч Нацагдорж гүйж орж ирээд хүүхдээ хардаггүй юм уу хүүхдийг чинь дайраад алчихлаа шүү дээ гэхээр нь хашааны хаалгаар шагайгаад харсан дайруулчихсан толгойноос нь цус гарчихсан доошоо хараад хэвтэж байсан миний охины цаад талд Н приус маркийн машинтай явж байсан...надад гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуу/ 

 

Гэрч Ю.Нацагдоржийн өгсөн:... Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багт байх гэрийнхээ гадаа угаалгын машинаар хувцасаа угаагаад зогсож байхад манай гэрийн урд талын хашаа буюу Оонотын 1-5 тоот хашааны гадаа цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл баруун тийш хараад зогсож байсан. Тэгээд хашаанаас эмэгтэй хүүхэд гарч ирээд машинаа асаагаад хөдөлсөн. Хөдлөх үед нь дугуй нь хавираад байгаа юм шиг сонин дуугараад байхаар нь харахад хүүхэд байх шиг байхаар нь хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд гараараа заасан. Намайг гараараа заахад зогсоод буцаж очиж машинаасаа буугаад жоохон хүүхдийн хажууд зогсож байгаад өргөөд хашаа руугаа орж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

Гэрч Ш.Амарсанаагийн өгсөн:.. А.Н миний 2 дахь хүүхэд. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 2000 оны 09 дүгээр сарын 18-нд төрсөн. Сургуульд ортлоо эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Ерөнхий боловсролын сургуульд 2007 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр элсэн орж суралцсан. Жаргалтхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2015 онд төгсөөд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуульд 10 дугаар ангидаа суралцсан. Улаанбаатар хотод 2017-2018 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд бүрэн дунд суралцаж төгссөн. Бүрэн дунд сургуулиа төгсөөд Этүгэн их сургуульд шүдний эмчээр суралцдаг. Одоо 3 дугаар курсийн оюутан болох ёстой. Зан аашны хувьд даруухан, харьцаа сайтай, хүнтэй амархан эвээ олдог. Урлагийн авьяастай бүжиглэдэг, дуулдаг, хөгжим тоглодог хүүхэд байгаа юм. Хичээлдээ сайн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд сайн сурлагатай хүүхдийн нэг байсан. 2018 оноос эхэлж цусны өвчтэй гээд эмнэлгээр их явдаг байсан. Биеэр нь юм туураад, хамраас нь цус гараад байдаг байсан. Эмчилгээ их хийлгээд гайгүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд: 7852 хэа улсын дугаартай хар өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Амарсанаагийн Н нь /рд см00291804/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйл “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. 3.1/а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, мөн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эхлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэжээ /хх-ийн 49 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаачийн  биед  гавал ясны зүүн талын  суурийн заадсаас эхлэн дух зулайн заадсын гол  хэсэг  хүртэл  үргэлжилсэн, уг  хугарлын  дунд хэсгээс  дух яс руу  үргэлжилсэн шугаман  хугарал, хугарлын эхлэлээс  суурийн  урд, дунд арын хонхорыг  хамарч олон салаалсан шугаман хугарал, суурийн дунд  хонхорын  чамархай хэсгээс  зулай яс руу  үргэлжилсэн шугаман хугарал, их тархины  баруун тал  бөмбөлгийн  чамархайн дэлбэнд  аалзан  хальсан  доор  цус харвалт, зүүн чамархайн булчинд цус  хуралт, зулайн  хуйханд  шарх, нүдний  зүүн хэсгийг  хамарсан зулгаралт, цус хуралт  гэмтэл тогтоогдоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр  зам тээврийн ослын үед  үүсгэгдэх боломжтой.
  3. Талийгаачийн биед үхэлд  хүргэх  архаг хууч  өвчин  тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.
  5. Талийгаач нь авто машины  дугуйнд дайрагдаж  гавал тархины  битүү гэмтлийн  улмаас нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 37 хуу/

 

А.Н- яллагдагчаар  өгсөн:... Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна...буяны ажил манай гэрт болсон, гарсан зардлыг манай ээж төлж барагдуулсан. Миний төрсөн ах А.Ууганхүү, бэр эгч Д.Баасан нар надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 05-10 хуу/

А.Н жолоодож явсан 7852 хэа улсын дугаартай автомашинаас хураан авсан “sandisk” нэртэй дүрс бичлэгийн төхөөрөмжөөс хуулбарлан авсан бичлэг бүхий DVD-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 47 хуу/

А.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 хуу/

А.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 82-83 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Баасан, А.Ууганхүү нарын  гаргасан “А.Н ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 80 хуу/

            Яллагдагч А.Н гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  хүсэлт /хх-ийн 113 хуу/ хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 114 хуу/ яллагдагч А.Номин-Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар  тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэж  байх үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-ийн 119 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  А.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Н нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ приус-20 маркийн 7852 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа 1 нас 10 сартай Б.А дайрч амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Баасан, гэрч Ю.Нацагдорж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч А.Н нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д  заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чир өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн  дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хохирогчийг дайрсан болох нь мөрдөгчийн магадлагаагаар, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Аминхүслэн нас барсан болох нь Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

 

Тухайн үед приус-20 маркийн 7852 ХЭА улсын дугаартай автомашиныг Н нь жолоодсон болох нь шүүгдэгч А.Н  болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон,  шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна. А.Н  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь  мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдсон байх  тул А.Н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзлээ.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул А.Н  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж  дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас А.Н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар   зүйлийн 3 дахь   хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 113 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 114 хуу/ гарган яллагдагчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял ял оногдуулахгүйгээр 3 жилийн  хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт  тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэж  байх  үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ авах  саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч А.Н хүлээн зөвшөөрч /хх-ийн  119 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч А.Н хөдөлгөөний аюулгүй  байдлын  тухай хууль  түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны  хэм хэмжээний актыг  зөрчсөний  улмаас  хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял ял оногдуулахгүйгээр 3 жилийн  хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт  тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэж  байх  үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Баасан, А.Ууганхүү нар нь  “А.Н ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 80 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий DVD-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А Н хөдөлгөөний аюулгүй  байдлын  тухай хууль  түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны  хэм хэмжээний актыг  зөрчсөний  улмаас  хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял  оногдуулахгүйгээр 3 /гурав/  жилийн  хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт  тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Н  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “26 дугаартай бичлэг” гэсэн нэртэй  цагаан өнгийн 1 ширхэг DVD-г хэрэгт  хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Номин-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ