Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2020/0220/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                               Ж.Хонгорзул

Улсын яллагч                                             Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                     Д.Г  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 203900.............. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр  сарын  22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Д.Г нь 2020 оны  04 дүгээр сарын 08-ны Хэнтий аймгийн Мөрөн сумын  4 дүгээр баг Ноёны 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Я.Э  хүн байнга  амьдрах зориулалттай  орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аягыг авч  бусдад 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Я.Э өгсөн:.. Миний бие эхнэр Оюунцэцэгийн хамт Мөрөн сумын 4-р баг ноёны 6-5 тоотод амьдардаг юмаа...2020 оны 04 сарын 08-ны өглөө эрт ажилдаа яваад цайны цагаар буюу 13 цагийн орчимд гэртээ ирэхэд хаалга хаалттай хэрнээ  түгжээгүй түлхүүр маань нуудаг газраа буюу модны завсар байж байсан. Би тухайн үедээ эхнэрийг цоожлохоо мартаад түлхүүрээ нуугаад явчихсан байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд үдээс хойш эхнэрийн хамт аймаг явах замдаа чи гэрээ цоожлоогүй байна лээ шүү гэж хэлтэл яах аргагүй цоожилсон гээд байсан. Тэгээд өнгөрсөн бөгөөд орой нь гэртээ ирж хоноод маргааш өглөө нь ажилдаа явцгаасан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 10 үдээс хойш гэртээ ирээд байж байтал манай хойморт байрлах шилэн шүүгээнд байдаг мөнгөн аяганууд алга болчихсон хундага болон ганц нэг зүйл хагарсан зарим нь хажуулдаад унасан байдалтай байсан. Тэгээд эхнэрээс асуухад мэдэхгүй байсан. Тэгээд хулгайч орсон байна гэж мэдээд ойр хавийн айлаас сураглаад явахад 4 сарын 8-ны өдөр ногоон дээлтэй согтуу хүн манай гэрийг асуугаад явж байсан гэсэн. Тэгээд тэр хүн нь хэн байна гэж сураглахад хуучин манай хамаатны хүргэн болж байсан Гантөмөр гэх залуу байсан. Уг залуу нь угаасаа хулгай хийдэг, архи уудаг болдоггүй нөхөр учраас гарцаагүй манай аягыг авсан байна гэж бодоод   ээж болон хүүхэд рүү нь холбогдсон, гэтэл Энхбаатар ахын мөнгөн аягыг авчихсан зараагүй гэж хэлүүлсэн байсан. Тэгээд би 2020 оны 04 сарын 28-ны өдөр утсыг нь олоод залгатал согтуу би таны аягануудыг авсан аа гурван аяга нь байгаа, бусдыг нь зарсан гэж хэлсэн... 1. Хуучин цагийн дотроо тагштай бага гарын мөнгөн аяга, манай хадам аавын багаасаа хэрэглэсэн аяга зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ 2. Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга аяган дээр нь багш Оюунцэцэгт дурсгав гэсэн бичигтэй зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ 3. Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга аяган дээр нь багш Оюунцэцэгт дурсгав гэсэн бичигтэй зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ 4.  Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга аяган дээр нь багш Оюунцэцэгт дурсгав гэсэн бичигтэй аяганы гадна доор хэсэгт хээ угалзтай, мөн шигтгээтэй аяга зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. 5. Шинэ цагийн дунд гараас арай том их гараас арай бага хэмжээтэй  мөнгөн аяга багш Оюунцэцэгт дурсгав гэсэн бичигтэй зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. 6 Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга ямар нэгэн бичиггүй хээгүй аяга байгаа зах зээлийн  үнэлгээгээр үнэлнэ нийт 6 тооны аяга байсан...Манай гэрийн цоож хаалганд  ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй үүдээр түлхүүр хайж байгаад  олоод онгойлгосон юм шиг байна лээ... Д.Г нь урьд манай эгчийн охинтой сууж байсан юм...Би өөрөө Мөрөн сумын иргэн Дашзэвэгээс 1 мөнгөн аягийг очиж уулзаж авсан. Харин цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагч надад 3 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн. Би одоогоор 4 мөнгөн аягаа олж аваад байна...гэх мэдүүлэг /хх-ийн хуу 22-26/

            Иргэний нэхэмжлэгч Д.Дашзэвэгийн өгсөн:... 2020 оны 4-р сард Д.Г манай гэрт орж ирээд Би Жаргалтхаан сум явлаа энэ мөнгөн аягыг 10.000 төгрөгөөр авчих би Жаргалтхаан явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун мөнгөн аяга юм, аяган дээр чинь  Оюунцэцэгт дурсгав гэсэн бичигтэй аяга байна гэж хэлэхэд Оюунцэцэг эгчийн аяга та мэдэж байгаа биз дээ бид  2 чинь хамаатан шүү дээ би буцаж ирнэ 10.000 төгрөг өгчих гээд байхаар нь  аягыг нь  авч үлдээд 10.000 төгрөг өгөөд явуулсан удалгүй хэд хоногийн дараа эмнэлгийн жолооч Энхбаатар дүү ирээд  манай хамаатан Гантөмөр манай хэдэн  мөнгөн аягыг хулгайлаад  аваад явсан. Танд нэг аяга нь байна гэж хэлээд Гантөмөрийн надад өгсөн мөнгөн аягаа аваад явсан... Надад гомдол санал байхгүй. Хүнд 10.000 төгрөг өгөө л биз дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбатын өгсөн:... 2020 оны 04 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Намайг хөдөө мал дээрээ байж байхад Д.Г мотоциклтой хүүхдээр хүргүүлж ирээд манайд байж байгаад  өмнөх өдөр нь архи  уусан  шинжтэй, шартсан царайтай надад 2 мөнгөн аяга үзүүлээд энэ манай охины аяга байгаа юм. Охин маань надад уг 2 аягыг өгсөн юм. Чи худалдаад авчих, би яг үхлээ мөн зардлын мөнгө байхгүй гэж хэлэхээр нь би  Д.Гт хандан: надад 70.000 төгрөг л байна гэж хэлэхэд хамаагүй гээд 70.000 төгрөгийг маань аваад 2  мөнгөн аягаа надад өгөөд би Д.Гийг зам дээрээс унаанд суулгаж өгөөд Улаанбаатар хот руу явуулсан өөр зүйлийн талаар мэдэхгүй... Би Д. Гантөмөрт өгсөн 70.000 төгрөгөө нэмж нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн  32 хуу /

            Иргэний нэхэмжлэгч З.Хурцбилэгийн өгсөн:... 2020 оны 4 дүгээр  сард би Жаргалтхаан сумын төв дээр байдаг гэрээсээ гараад хашааны гадаа зогсож байхад манай хажуу айлын Н.Төгсөө гэх залуу  гэрээсээ нэг өөрийнхөө үеийн хүнтэй гарч ирээд над руу ирж тамхилаад Н.Төгсөө надад хандан: манай энэ найзыг Гантөмөр гэдэг юм. Та энэ мөнгөн аягыг 50.000 төгрөг нь худалдаад авчих энэ мөнгөн аяга энэ Гантөмөрийн аяга байгаа юм гэж хэлэхэд хажуугаас нь тэр Гантөмөр тийм  шүү ах зардлын мөнгө байдаггүй, явах санаатай гэж хэлсэн. Ингээд би тэр Гантөмөр гэх залууд 50.000 төгрөг өгөөд мөнгөн аягийг нь худалдан авсан... Дээрх мөнгөн аяга одоо надад байгаа...Надад гомдол санал байхгүй, харин 50.000 төгрөгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

            Гэрч Ш.Даваасүрэнгийн өгсөн:... 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеийн орчимд би  малд явчихаад, сумын төв дээр гэртээ ирж байтал гудамжны үзүүрт 50 орчим настай бор царайтай, ногоон дээлтэй, туранхай залуу цүнхтэй жаахан юм барьчихсан намайг дуудаад байсан. Тэгээд очоод уулзтал мөнгө аяга зарах гэсэн юм та авах уу гэж асуугаад 2 ширхэг мөнгөн аяга үзүүлсэн, уг аяга нь шинэ цагийн дунд гарын хоёулаа багшдаа хэддүгээр төгсөлтөөс  дурсгав гэсэн бичигтэй аяга байсан. Тэгээд би энэ чинь бичигтэй хулгайн аяга юм биш үү гэж асуухад, үгүй ээ, манай охин багш хийдэг юм. Тэгээд одоо гадаадад байгаа гэж хэлж байсан. Тэгээд хоёр аргыг нийлүүлээд 150.000 төгрөгт   өгнө гэж яриад байсан. Мөн сумын Хурцаа гэдэг хүнд 1 жижиг аяга зарсан гэж өөрөө ярьж байсан. Тэгээд би  уг аягыг авахгүй гэдгээ хэлтэл Мөнхбат гэх айлд хүргээд өгөөч гээд гуйсан. Тэгээд би уг залууг Мөнхбатын гэрт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг/хх-ийн  36 хуу /

Гэрч Г.Мөнхбатын өгсөн:..2020 оны 04 дүгээр сарын дундуур шиг санаж байна Гантөмөр нь  манай хөдөө гэрт  архи уучихсан байдалтай  танихгүй  хүнээр хүргүүлж  ирсэн. Тэгээд манайд хоол цай  идээд  юм ярьж  сууж байснаа үүрч явсан цүнхнээсээ  2 ширхэг  мөнгөн аяга гаргаж ирээд  намайг худалдаж авах уу  гэж асуусан тэгэхээр  авахгүй  авахгүй гээд хэлсэн. Гантөмөр  нь айлаас жижиг  сажиг юм байнга хулгай хийж явдаг  хүн учраас   би уг аягыг  хулгайн аяга  гэдгийг  нь мэдээд  аваагүй.  Тэгээд Налайх  явах  хэрэгтэй байна Налайхад авгай дээрээ очно  гээд намайг  зам  хүргээд өг  гээд байсан. Тэгээд  би зам  дээр ирээд  замын унаанд  гар өргөж  зогсоогоод  суулгаад  явуулсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуу/

 

Гэрч Н.Төгсөөгийн өгсөн:.. 2020 оны 4 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг орой гэртээ байж байхад Д Гантөмөр архи уугаад нэлээн халамцуу орж ирээд манайд хоночихъё гэж хэлсэн. Ингээд гэртээ би хонуулсан чинь маргааш өглөө нь Гантөмөр сэрээд надад нэг нилээн хуучны мөнгөн аяга үзүүлээд энэ аяга миний аяга байгаа юм. Чи надад энэ мөнгөн аягийг 50.000 төгрөгөөр зараад өгөөч би зардлын мөнгөтэй болоод явмаар байна гэж хэлэхээр нь Гантөмөртэй гэрээсээ гарсан чинь хажуу айлынхаас манай сумын Хурцаа ах таарахаар нь Хурцаа ахтай уулзаад энэ мөнгөн аягыг 50.000 төгрөгөөр худалдаад авчих манай найзын өөрийнх нь аяга байгаа юм гэж хэлээд Хурцаа ахад Гантөмөрт байсан мөнгөн аягийг 50.000 төгрөгөөр зараад Гантөмөрийг явуулсан өөр зүйлийн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуу /

 

Гэрч Г.Оюунбилэгийн өгсөн:... Д.Г нь миний төрсөн аав  маань байгаа юм...Аав Д.Г маань зан байдлын хувьд төлөв даруу, үнэн шударга, ажилсаг, хичээнгүй, хар ажилд сайн хүн байгаа юм. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг учраас хулгайн гэмт хэрэг үйлдээд байдаг юм. Мөн урьд нь 4-5 удаа ял шийтгүүлж байсан шиг санагдаж байна. Аав маань цагдаагийн байгууллагад шалгагдахынхаа өмнө Хэрлэн сумын 2-р  багт ээжтэйгээ амьдардаг байсан юм. Манай аав, ээж хоёр салаад удаж байгаа юм л даа... Би Энхбаатар ахыг танина манай ээжийн талын садан төрөл байгаа юм...Би аавтайгаа утсаар ярьсан. Хохирогч нарын хохирлыг  шүүх хурал болохын өмнө барагдуулах санаатай л байна. Аав маань урьд гэмт хэрэг үйлдээд бид бас хохирлыг нь олон удаа барагдуулж байна даа...гэх мэдүүлэг / хх-ийн 47 хуу /

           

Д.Г-ийн яллагдагчаар өгсөн:...Би 2020 оны 04 дүгээр  сарын эхээр  шиг санаж байна. Хэнтий аймгийн  Мөрөн суманд  архи согтууруулах  ундааны  зүйл  ганцаараа  хэрэглэсэн  нэлээн согтуу  явж байхдаа  өөрийн урьдын  хадам  ах болох  Ч.Энхбаатарын гэр лүү очсон.  Тэр үед  Я.Э  ахын гэрт  нь  хүн байхгүй болохоор  нь хаалганы цүүг нь татаж гэр  лүү нь  ороод гэрийн баруун  хойд талын  шилтэй сервантан дотор  байсан  5 ширхэг мөнгөн  аягыг  хулгайлж  дээлийнхээ энгэрт  өвөртөлж аваад гараад  Мөрөн сумын 24 цагийн цайны  газрын гадаа ирэхэд манай сумын  Дашзэвэг ах машинтайгаа зогсож байхаар  нь уулзаад нэг  мөнгөн аягыг нь өгөөд  буцааж авна шүү гэж хэлээд 10.000 төгрөг  Дашзэвэг ахаас аваад явсан. Ингээд 10.000 төгрөгөөрөө замын машинд суугаад  Хэнтий аймгийн  Жаргалтхаан  сум руу явсан.  Жаргалтхаан суманд ирээд урьд  хамт ажиллаж байсан найз  Н.Төгсөөгийнд ирээд гэрт нь хоноод  маргааш өглөө нь би  Н.Төгсөөд хандан: Нэг мөнгөн  аяга  харуулаад энэ аяга миний өөрийн мөнгөн аяга  байгаа юм.  Чи надад зараад өгчих  би зардал  хийгээд явах гэсэн юм гэж хэлсэн.  Тэгээд  Н.Төгсөө  бид 2 гэрээс нь гараад  гэрийнх нь хажууд айлын гадаа нэг хүнтэй таараад  тэр хүнд мөнгөн аягыг  50.000  төгрөгөөр  зарсан. Тухайн үед тэр  хүнийх нь нэрийг  Хурцаа гэж  байсан шиг санаж байна. Ингээд би Н.Төгсөөгөөс салаад Жаргалтхаан сумын  төв дээр  танихгүй  мотоциклтой хүнтэй  таараад тэр  хүнийг гуйгаад  мотоциклийнх нь  ард  суугаад  Жаргалтхаан сумаас урагшаа цэргийн найз Мөнхбатын  гэр лүү  хүргүүлсэн.  Мөнхбат  нь Жаргалтхаан  сумаас  урагшаа мал маллаж  амьдардаг юм.  Ингээд би Мөнхбаттай уулзаад  2 мөнгөн аягыг  70.000 төгрөгт зарах болоод  эхлээд  Мөнхбатаас 45.000 төгрөг  аваад  төв зам дээр хүргүүлээд  замын унаанд суугаад  Улаанбаатар хот руу  явсан... Ингээд би  замын унаанд сууж  Улаанбаатар хотын  Налайх  дүүрэг  ороод урагшаа  Дорноговь руу эргэдэг зам дээр том  Хово  машины  дугуй нь хагараад  зогсож байхаар нь  үлдсэн мөнгөн аягаа  50.000 төгрөгөөр зарсан...Тэгээд л би Улаанбаатар хот руу  очоод  дан  хотод олон сараар  тэнүүлчилж явсан...Дараа нь  Я.Э ахтай таарахад Я.Э ах надад 6 мөнгөн  аяга  байсан гэж  хэлсэн.  Миний хувьд 5, 6 тооны  ялгааг мэднэ. Яах аргагүй  5 угсраа  мөнгөн аяга тэдний гэрээс хулгайлсан. Үнэнээ л хэлж  байгаа юм...Миний хувьд  шүүх  хуралдаан  болохынхоо  өмнө хохирлоо барагдуулна...Би гэмт хэрэг үйлдсэнээ  хүлээн  зөвшөөрч  гэмшиж  байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 11-14 хуу/

Г.Мөнхбатаас 2 ширхэг мөнгөн аяга, З.Хурцбилэгээс 1 ширхэг мөнгөн аяга нийт 3 ширхэг мөнгөн аягыг  хураан авч, хохирогч Я.Эт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд  /хх-ийн 17-20 хуу/ 

Хохирогч Я.Э алдсан 6 ширхэг мөнгөн аяганы нийт үнэлгээг  1.170.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 2020/ШД263 дугаартай дүгнэлт /хх-ийн 53 хуу/

Д.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 хуу/

Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 101-104 хуу/

Шүүгдэгчийн  шүүх хуралдааны үед гаргаж өгсөн  “Доржпалам Гантөмөр хохирол барагдуулах” гэсэн гүйлгээний утга бүхий Г.Мөнхбатын ХААН банкинд дахь дансанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 70.000 төгрөг, Дашзэвэгийн Отгонпүрэвийн ХААН банкин дахь  дансанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10.000 төгрөг,  З.Хурцбилэгийн  ХААН банкин дахь дансанд  2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 50.000 төгрөг, Я.Э ХААН банкин дансанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 310.000 төгрөг,  2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 148, 149, 150, 151, 152 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Гт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2020 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын  4 дүгээр баг Ноёны 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хохирогч Я.Э  байшингийн цоожний цүүг сугалан орж 6 ширхэг мөнгөн аягыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Я.Э, иргэний нэхэмжлэгч Д.Дашзэвэг, Г.Мөнхбат, З.Хурцбилэг,  гэрч  Ш.Даваасүрэн, Г.Мөнхбат, Н.Төгсөө нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд... хашаагаар  дотогш  ороход  ногоон  дээвэртэй, улаан  өнгийн модон байшин, байшингийн зүүн талд  блокоор  барьсан машины граж байв. Байшингийн  хаалганы  цоож орчимд  эвдэгч багажны мөр байгаа эсэхийг шалгахад  ямар нэгэн ул мөр илрээгүй тул  үзлэгийг  цааш  үргэлжлүүлж  хаалгаар  дотогш ороход  дундуураа тасалгаатай  2 өрөө  байх  бөгөөд  баруун  өрөөний  баруун  хана дагуу зурагт, зурагтын тавиуртай үргэлжээ  шилэн шүүгээ байх бөгөөд  шилэн шүүгээнд зэс  аяга хундага зэрэг  зүйлс харагдаж байв... гэж дурдсан байх бөгөөд уг байшингийн гаднах болон дотоод байдлыг харуулсан гэрэл зураг, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд уг байшинг хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Гийг хулгайлах  гэмт хэргийг  хүн байнга  амьдрах зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Эт 1.170.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын явцад 4 ширхэг мөнгөн аягаа буцааж авсан,  шүүгдэгч нь үлдсэн  хоёр ширхэг мөнгөн аяганы хохиролд тооцож  хохирогчид нийт 320.000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогджээ. Мөн  иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбатад 70.000 төгрөг,  З.Хурцбилэгт 50.000 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Дашзэвэг нь  10.000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэж мэдүүлэг өгсөн байх боловч шүүгдэгч нь Дашзэвэгийн Отгонпүрэв гэх хүний ХААН банкин дахь  дансанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10.000 төгрөг шилжүүлсэн болохыг дурдаж, дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Гийн энэ хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Д.Гийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Гт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Гийн  цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10  дугаар  зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.Г  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ