Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0232/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Ж.Хонгорзул 

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                          Ж.Т  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Тт холбогдох 20390000................ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.Т нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар  баг Нөөлгийн 2-2 тоотод  Б.Б  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  түүний баруун гарын бугалга  хэсэгт хутгаар хатгаж  эрүүл мэндэд  нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Б өгсөн:....2020 оны 08 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим би Бэрх тосгоноос Батноров суманд Баяржаргалын гэрт очсон. Баяржаргалтай найз нөхдийн холбоотой. Баяржаргалын гэрт сууж байхад Т гэж хүн орж ирсэн. Т нь Баяржаргалын ээж байгаа юм. Би гэрээс гараад машин дотор сууж байхад Т араас гарч ирээд хутгаар миний баруун бугалга хэсэгт хатгасан. Миний баруун гарын бугалга хэсгээс цус гарсан... Миний баруун бугалгад зүсэгдэж шарх учирсан надад өөр гэмтэл шарх учраагүй... Эмнэлэгт очиж үзүүлээгүй өөрөөр нь эдгээсэн... Т намайг санаатай хутгалсан. Т намайг яв гэж хэлээд хутгалсан... Т эрүүл архи уугаагүй байсан...Таас нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт, гомдол байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 хуу/

            Гэрч О.Анхаагийн өгсөн:... Б.Б өөрөөсөө гадна 3 хүний хамт ирсэн, бүгд согтуу байсан. Б.Б манай эгчийн гэрт ирсэн. Тэр үед манай ээж Т Баяржаргал эгчийн гэрт ирсэн. Б.Быг миний дүү яв энд архидан согтуурахгүй гэж хэлсэн. Б.Б ээжийг хэл амаар доромжилсон түлхэж унагаасан. Дахиад цагдаад дуудлага өгөхөөр болсон. Б.Б гэрт ороогүй машин дотроо сууж байсан. Б.Бын машин дотор доор шалан дээр нь модон иштэй хутга байсан. Тэгээд ээж чи согтуу байж хутгаар яадаг юм гээд хутгыг авсан. Тэгээд ээж хутгыг авахдаа Б.Бын бугалга хэсэгт нь зүсчихсэн. Намайг харахад бол ээж хутга аваад дээш босохдоо Б.Быг болгоомжгүй зүсчих шиг  болсон манай ээж харвалт өгсөн нэг нүд нь хардаггүй, нөгөө нүд нь муу хардаг орон зайн баримжаагүй хүн байгаа юм... /хх-ийн 17 хуу /

            Гэрч Т.Баяржаргалын өгсөн:...Манай найз Б.Б 2020 оны 08 дугаар сарын сүүлээр 3 найзын хамт цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. Тэгээд Б.Б хашаанд орж ирээд машиндаа сууж байсан. Энэ үед манай ээж Т гаднаас манай хашаанд орж ирсэн. Манай ээж Б.Быг эндээс яв гээд байсан тэр 2 маргалдсан. Би гэртээ хоол хийж байсан. Б.Б машинаа асаагаад явах гэж байхад нь манай дүү Анхаа машины  түлхүүрийг нь булааж авсан. Б.Б манай гэрт орж ирж хутга аваад машины кундакторыг хөшиж машинаа асаасан юм. Би гэртээ байсан нэг гарахад Б.Бын баруун гарын бугалга хэсэг зүсэгдэж бага зэрэг цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн хуу 19/

                          Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр  сарын 10-ны   өдрийн 529 дугаартай дүгнэлт:

  1. Б.Б биед дагзны  хуйханд мэс заслын  оёдол  бүхий шарх, зөөлөн эдийн няцрал,  баруун бугалга, зүүн гарын хуруунд зүсэгдсэн шарх, зөөлөн  эдийн няцрал, шилбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн  дал,  баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтлүүд   тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүдээс галт зэвсгийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл тогтоогдсонгүй.
  4. Дээрх зүсэгдсэн  шарх  гэмтлүүд  нь  ир  үзүүртэй  бусад гэмтлүүд  мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул   шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн  чадвар  алдалтанд  нөлөөлөхгүй гэх дүгнэлтийн хуулбар  / хх-ийн 25 хуу /

Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн:...Б.Б биед  учирсан  баруун  бугалганы зүсэгдсэн  шарх  гэмтэл нь  шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

 

Ж.Тийн яллагдагчаар  өгсөн:... Б.Б байнгын архидаж явдаг, үгэнд ордоггүй. Үг хэлэхээр урдаас хэрүүл хийнэ, хэлэх хэлэхгүй үгээр урдаас доромжлоод байдаг юм. Б.Быг би цохих гэж очсон чинь Б.Б намайг хөлөөрөө жийсэн. Би босож ирээд тээврийн хэрэгсэл дотор байсан жолоочийн үрүүл доор байгаа хутгыг аваад чи муу энүүгээр яадаг юм гээд хутгатай гараараа Б.Бын бугалга хэсэгт цохисон чинь хутгаараа Б.Быг хатгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/

Ж.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 68 хуу/

Ж.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 73-74 хуу/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад авсан гэрэл зургууд хх-ийн 80-84 хуу/

Хохирогч Б.Б гаргасан “санал хүсэлт гомдол тэмцэл байхгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 76хуу/

 

Яллагдагч Ж.Тийн  гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 77 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Ж.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Т нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар  баг Нөөлгийн 2-2 тоотод  хохирогч Б.Б  “байнга архидан согтуурлаа, үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар маргалдан  түүний баруун гарын бугалга  хэсэгт хутгалж,  зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч О.Анхаа, Т.Баяржаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд бусдад зодуулж, буудуулсан гэх гомдолд  2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 203900402 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 46 хуу  тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б биед дагзны  хуйханд мэс заслын  оёдол  бүхий шарх, зөөлөн эдийн няцрал,  баруун бугалга, зүүн гарын хуруунд зүсэгдсэн шарх, зөөлөн  эдийн няцрал, шилбэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн  дал,  баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд үүнээс баруун бугалган дахь зүсэгдсэн шарх нь шүүгдэгч Ж.Тийн 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үйлдэлтэй хамааралтай байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Ж.Тт хутгалуулсны дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд мөн бусдад зодуулсан, буудуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.Б  биед учирсан баруун бугалганы зүсэгдсэн гэмтэл  нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Ж.Тийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагч Ж.Таас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 77 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 78 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ж.Т хүлээн зөвшөөрч /хх-ийн  83 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Ж.Тийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Б.Б нь  “санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйлгүй” тухай мэдүүлэг өгсөн, нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 76 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн  бариултай 26 см  урттай хутга 1 ширхгийг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Тийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн  бариултай 26 см  урттай хутга 1 ширхэгийг устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ