Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0228/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                          Ш.С нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.С-д холбогдох 2039000000211  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.С нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1 дүгээр гудамжны 10 тоотод Б.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагаах, нүүр рүү гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.С нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1 дүгээр гудамжны 10 тоотод Б.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 53-91 УБН улсын дугаартай Avante маркийн тээврийн хэрэгслээр төрсөн эгч У, түүний нөхөр У нарын хамт ээжийнхээ төрсөн дүү болох Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1-10 тоотод байх Б-ийн гэрт 12 цагийн үед очсон юм. Очих үед Б эгч ажилдаа явсан түүний нөхөр Б гэртээ танихгүй 2 залуутай байсан. Биднийг очиход тэр хоёр залуу зөрөөд гараад явсан. Би очихдоо 0.75 грамын “Ерөөл” нэртэй архитай очсон юм. Бид архиа уугаад талдаа орж байхад С гэх /танихгүй/ хүн гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ архи уучихсан халамцуу байсан.  С, У нар гэнэт маргалдаад эхлэхээр нь Б гэрээс гар, эр хүмүүс байна, гарч учраа ол гээд гэрээс гаргасан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. С, У нар гэрийн баруун орон дээр, би гэрийн зүүн хойд талд сууж байсан юм. Манай эгч У “хүн аллаа” гээд бахираад байхаар нь гарахад У газар хэвтчихсэн С дээрээс нь дараад цээжин хэсэг дээр нь мордоод газар өвдөглөөд суучихсан байсан. Би салгах гэж очоод “яагаад зодоод байгаа юм бэ” гэж хэлээд зүүн мөрөн дээрээс нь татахад чамд хамаагүй хоёуланг чинь ална гээд түлхэж унагаасан. Би түлхүүлээд унахдаа газарт толгойн ар дагз хэсгээр саваж унаад ухаан алдсан байсан. Намайг сэрэхэд толгой, баруун нүдний дээд хэсэг язарч цус гарч байсан. Тэгээд ээж Б, миний төрсөн дүү Г, охин О, О нар ирээд бид С-ын гэрийн дараа очиж дуудаж гаргаж ирээд уулзсан юм. Тухайн үед Сын эхнэр машинтай ирээд эмчилгээний төлбөр гарвал бид төлнө, цагдаад битгий дуудлага өгөөрэй гэж гуйгаад байхаар нь бид явцгаасан. ... Бид хоёр муудалцсан юм байхгүй. Би У-ыг зодож байхаар нь салгах гэж очсон. Яагаад намайг зодсоныг мэдэхгүй байна. Бидэнд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа өс, хонзон байхгүй. ...У харж байсан. У-ыг зодуулж байх үед би салгах гэж очсон юм. ...Миний баруун талын нүдний дээд хэсэгт язарсан, хөхөрч хавдсан, баруун чихний дээд хэсэгт хагарсан, толгойн баруун ар хэсэгт хагарсан, зүүн эгэмний ясны дээд талд шалбарсан. Уын биед ямар гэмтэл, шарх учирсныг мэдэхгүй байна. ...Би цамцных нь ар хэсгээс л татсан. Бид харилцан зодолдоогүй. ...Надад өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд гарсан төлбөрийг өгөөгүй. ... Миний эмчилгээний зардалд гарсан төлбөрийг барагдуулаагүй байгаа. Би Саас эмчилгээний төлбөр нэхэмжилнэ, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна... “  гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

2. Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний төрсөн дүү А манай гэрт өглөө 9 цаг өнгөрч байхад ирэхдээ хүргэн ах Б-ын гэрт очъё гэхэд нөхөр бид хоёр зөвшөөрч хоёр хүүхдээ дагуулаад Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1-10 тоотод байх миний ээжийн хамгийн бага дүү Бийн гэрт 10 цаг болж байхад очсон. Бид очихдоо 0.75 граммын савлагаатай “Ерөөл” нэртэй архи авч очсон юм. Биднийг очиход эгч Б эгч байхгүй түүний нөхөр нь болох Б танихгүй 2 хүнтэй хамт байж байсан. Тэгээд бид авч очсон архиа задлаад сууж байхад хөрш айлынх нь С гэдэг хүн орж ирсэн. Орж ирэхдээ 0.75 граммын “Стандарт” нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд би хоол хийж байх зуур миний нөхөр У, С нар хоорондоо маргалдаад байсан ямар шалтгаанаар маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэд гэрээс гараад удаагүй эргээд ороод ирсэн. Тэр үед А, С-д хандан та манай хүргэн ахыг яах гэж авч гарсан бэ?, яах гэж зодох гээд байгаа юм бэ? гэж хэлээд маргалдаж байгаад тэр хоёр хамт гарцгаасан 10-20 минутын дараа миний охин А ах зодуулчихлаа, ухаан алдчихсан байна гэж надад хэлсэн. Би тэр даруй гараад очиход А нь ухаан алдсан, нүүр орчмоор цус болчихсон байсан. Тэгээд би ус цацаж, үнэртэй ус үнэртүүлж байгаад сэрээгээд ээж Б-ыг дуудсан. ...Би хараагүй гэрт хоол хийж байсан юм. Миний охин “А ах зодуулчихлаа” гэхээр нь би гэрээс гарсан. Намайг гарахад С гэр лүүгээ алхаад явж байсан. Харин А газар хэвтэж байсан. ... Миний дүү А бол их уугаагүй, биеэ удирдаад аваад явчихаар байсан. ...Тэр хоёр бол зодолдоогүй. Зууралдаж байгаад С У-ыг нэг удаа унагаасан тэгээд тэд ороод ирсэн. ... Манай нөхрийн биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй. Харин миний төрсөн дүү А-ийн толгой хагарсан, нүүр орчмоор цус болчихсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/

3. Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... А манай гэрт өглөө ирээд хүргэн ах Б-ы гэрт хамт очъё гээд би эхнэр хүүхдүүдээ дагуулаад Хэрлэн сумын 5 дугаар багт манай хадам ээжийн төрсөн дүү Б-ийн гэрт очсон. Бид очихдоо “Ерөөл” нэртэй нэг шил архиа авч очсон юм. Биднийг очиход Б танихгүй 2 хүнтэй хамт байж байсан. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн. Танихгүй хоёр залууг явсны дараа архиа задлаад сууж байхад баруун талын хашааных нь залуу С орж ирсэн. С орж ирээд намайг хоёулаа барилдъя гээд бид гэрээс гарч барилдсан намайг нэг унагаасан ахиж барилдаад би давсан юм. Надад ойчсондоо уурлаад намайг цохих гэж далайсан. Тэгээд бид гэрт ороход А, С хоёр хоорондоо маргалдаад гэрээс гараад хэсэг хугацааны дараа А гэрт орж ирэхдээ зодуулсан байсан. ... Намайг бага байхад У гэдэг байсан юм. Намайг 16 нас хүрээд паспорт авах үед У нэрээр сольсон. Манай гэрийнхэн У гэж дууддаг, цахим үнэмлэх дээр У нэрээр явдаг. ... Би 2-3 хундага архи уусан. Тэгээд би барилдахаар гарсан ахиж архи уугаагүй... Би хараагүй. Аийг зодуулчихаад орж ирэхийг харсан. ...Би мэдэхгүй байна... Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй. Харин Аийг мэдэхгүй байна... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/

4. Насанд хүрээгүй гэрч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би аав, ээж, дүү, А ахын хамт Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын 1-10 тоотод байх Б ахынд очсон. Аав, ээж, А ах, Б ах нар архи ууцгаасан. Архиа ууж байхад нь С гэдэг ах орж ирээд цуг уусан. Манай аав, С гэдэг хүнтэй муудалцаад гэрийн гадаа гарсан. Аавыг С гэдэг хүн газар унагаад дээр нь гарч суугаад байсан. Тэр үед А ах салгах гэж гэрээс гарч ирээд гарнаас нь татахад түлхэж унагаад зодоод байсан. Тэгээд би ээжийг дуудахад С гэдэг хүн гэр лүүгээ яваад өгсөн. ...Танихгүй Б ахынд орж ирээд архи уугаад байсан. ...Аав, ээжтэй хамт архи ууж байсан. С гэдэг хүн гэрийн гадаа аавыг унагаад дээр нь сууж байхад А ах салгах гээд очиход түлхэж унагаад нүүрэнд нь гараараа цохисон. ... Баруун талынх нь нүд хавдаад, цус гарч байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

5. Гэрч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын А1-10 тоотод байх гэртээ байж байхад манай хөрш С, миний найз Амь-бөх хоёр гэрт орж ирээд удаагүй байхад манай ангийн залуу Э “Ерөөл” нэртэй 0.75 граммын архитай гэрт ирсэн. Энхбатын авч ирсэн архийг уугаад сууж байхад А, У, У нар 12 цагийн үед “Ерөөл” нэртэй 0.75 граммын нэртэй архитай ирсэн. Тэд нарыг ирэх үед ууж байсан архи маань дуусч байсан болохоор Энхбат, Амь-бөх нар яваад өгсөн. Аийн авч ирсэн архийг А, У, У, С бид нар хувааж уугаад дуусч байхад У, С хоёр маргалдаад байсан. Юунаас болж маргалдсан талаар би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас мэдэхгүй байна. Гэрт маргалдаад байхаар нь гэрийн хамаг юм эвдчихнэ гэж бодоод гэрээс гарч учраа ол гээд У, С, А, У нарыг гаргасан. Гэрээс гараад хоорондоо муудалцаад, орилолдоод байсан. Би гэрээс гарч хараагүй. Би 5 жилийн өмнө мотоциклтой аваарт ороод миний баруун гар хатчихсан мэдээгүй болохоор хөндчихнө гэж бодоод гарч салгаагүй. Одоо би группт байдаг юм. ...Яагаад ирсэн талаар мэдэхгүй. Манай эхнэрийн хамаатан садан болохоор ирсэн байх. Би дуудаагүй. ... Би мэдэхгүй байна. Гэрт маргалдаад байхаар нь гарцгаа гээд гаргасан юм. ... Гэрт ноцолдоод байсан. Цохиж, зодолдсон асуудал байхгүй. ... Тасраагүй биеэ удирдах чадвартай байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/

6. Гэрч Г.Урансайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний нөхөр, бид хамт амьдраад 9 жил болж байна. Гэр бүлийн батлах байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй. ... Миний нөхөр Ш.С нь төлөв даруу хүн. Хэнтий аймгийн Хан-Хэнтий чуулгад дуучин хийдэг. Олон түмэнд хүндлэгдсэн, их шударга, аливаад хүлээцтэй, хүнд их тусархаг, найз нөхөддөө нэр хүндтэй, уур уцаар багатай, гэр бүлдээ анхаарал халамж сайн, ажилласаг хүн. Хүнтэй муудалцаж, зодоон цохион хийгээд байдаггүй, архи, тамхийг бага хэмжээгээр хэрэглэдэг. Ямар нэгэн гаж, муу зуршилгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

7. Шүүгдэгч Ш.С-ын мөрдөн шалгах ажилллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би хөрш айл болох Бы гэрт өглөө 09 цаг өнгөрч байхад ороод Б, А, Э нарын хамт 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж ууж дуусаад гэртээ харьсан. Өдөр 12 цагийн үед эргээд Б-ы гэрт ороход Ууганаа гэх залуу эхнэртэйгээ ирсэн. Түүний араас А гэх залуу цагаан өнгийн суудлын автомашинтай ирэхдээ 0.75 граммын савлагаатай “Ерөөл” нэртэй архи авч ирсэн. Авч ирсэн архийг нь бид хувааж уугаад сууж байхад Ууганаа намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “Чи зүгээр бай, боль” гэж хэлэхэд намайг заамдаад авсан. Тухайн үед Б-ы гэрээс гарч учраа ол гээд бид гадаа гарч барьцалдаад зогсож байхад А ирээд миний араас зүүн гараараа хүзүүгээр боож баруун гарынхаа долоовор, дунд хуруугаа нүдэнд хийж би хүний нүд ухдаг хүн гэж хэлсэн. Би боолгоод ухаан балартаад манарч байхад Ууганаа гэх залуу усны төмөр савны тагаар толгойн тус газар 10 орчим удаа цохисон. Тэр үед би биеэ хамгаалах гээд Аийг түлхэж унагаад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд гэртээ харьсан. Хэсэг хугацааны дараа А цагаан өнгийн суудлын машинтай ирэхдээ ээжийгээ болон 2 хүүхдээ мөн нэг залууг дагуулж ирсэн. Би А-д хандан хоёулаа эвлэрье гэж ярилцаад тэврэлдээд салцгаасан юм. ... Би А-ийг түлхэж унагаад нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Бид харилцан зодолдсон. Миний нүдэнд хуруугаа хийсэн, биеийн араас хүзүүгээр тэвэрч боосон. ... Миний толгойн баруун, зүүн, ард хэсэгт овойж хавдсан, хүзүүний ард хэсэгт маажсан, нүдний ухархайд хуруугаа хийж гэмтээсэн, баруун мөрний дээд үе хөндүүр болсон. Зүүн хөлний өвдөг зулгарсан. ... Бид маргалдах шалтгаан байгаагүй, У архи их уусан байсан болохоор босож ирээд заамдсан тэгээд бид гэрээс гарсан. ... Бид ямар  нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. А-ийг зүс танихаас өөр зүйл мэдэхгүй. ... Гэмшиж байна. Би А-ийн хохирлыг барагдуулна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн №478 дугаартай: “...

1. Ш.С-ын биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт нөсөө гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.5. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/

9. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн №472 дугаартай: “...

1. Б.А-н биед тархи доргилт, хуйханд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд нөсөө, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 33-35 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5935103859 дугаарын данс руу 300.200 төгрөг шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 77 тал/-аар тогтоогдож байх тул эмчилгээний зардалд 300.200 төрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг  харгалзан үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ш.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.С-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ГАНЗОРИГ