Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0274/З |
Дугаар | 221/МА2022/0427 |
Огноо | 2022-06-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0427
“ЖЭМТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга
Гуравдагч этгээд: “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан \17023\, Дүнжингаравын гудамж, *** тоотын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-гийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Уг бүртгэлийг үндэслэж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м2 талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2018/0274/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад тус тус холбогдуулан “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан \17023\, Дүнжингаравын гудамж, *** тоотын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-гийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Уг бүртгэлийг үндэслэж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м2 талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр:
2.1. “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, 35 дугаар зүйлийн 35.3.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан \17023\, Дүнжингаравын гудамж, *** тоотын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-гийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож,
-2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м2 талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож,
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дайчинхүү дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 167 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна.
3.2. Шүүхэд " ЖЭМТ " ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “О.О-гийн өмчлөлд бүртгэсэн Ү-******** дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож,бүртгэлийг хүчингүй болгохыг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн мөн О.О-гийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх талаар огт дурьдаагүй байдаг.
3.3. Хэрэгт авагдсан баримтаар О.О-гийн өмчлөлд бүртгэсэн барилгын 2 дугаар давхарын хэсгийн бүртгэлийн Ү-******** дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэсэн нь нэхэмжлэгчийн ямар ч өмчлөх болон газар ашиглах эрхийг хөндөөгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурьдсан хэсэг нь дулаан дамжуулах төвийн 2 дугаар давхрын хэсэг.
3.4. Хавтас хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газарт анх “М.К” ХХК нь дулаан дамжуулах шугамыг барьж байгуулан дулааны болон цахилгааны ЦТП-г барьсан байдаг.Энэ нь хавтас хэргийн 32 дугаар хуудсан авагдсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/122 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан баримтаар нотлогдож байна.
3.5. Нэхэмжлэгч мөн нэхэмжлэлдээ " уг ашиглах эрхтэй газрын нутаг дэвсгэрт “М.К” ХХК нь өөрийн хөрөнгөөр дулааны цахилгаан шугам дамжуулах төвийн барилга байгууламж барих тухай манай компанид мэдэгдэж байсан" гэж нэхэмжлэлээ гаргасан нь уг газарт анхнаасаа “М.К” ХХК-нд дулаан дамжуулах төвийг барихыг зөвшөөрсөн болох нь нотлогдож байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбарлахдаа: “М.К” ХХК-нд зөвшөөрсөн, гэхдээ улсын дулаан дамжуулах төв барилга гэж бодсон гэж тайлбарладаг.
3.6. Гэтэл уг газарт баригдсан дулаан дамжуулах шугамаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулаан дамжуулж байгаа бөгөөд уг дулаанаас нэхэмжлэгч дулаанаа авч байна. Үүний дараа "М.К" ХХК нь өөрийн хөрөнгөөр барьсан ЦТП болон дулааны цахилгаан шугам дамжуулах төвийн барилгаасаа зөвхөн 2 дугаар давхарын хэсгийг иргэн О.О-д 96.600.000 төгрөгөөр худалдсан болох нь хэргийн 31 хуудсанд авагдсан “М.К” ХХК болон иргэн О.О- нарын хооронд хийгдсэн төлбөр тооцоо хийсэн протоколыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгсөн байдлаар нотлогдож байна.
3.7. Хэрэгт авагдсан баримт болох 2017 оны 11 дүгээр сарын 15 өдрийн 183/2017/02504 тоот захирамжинд “ЖЭМТ” ХХК нь “М.К” ХХК-ийн барьсан дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаа өөрчилж “М.К” ХХК-ийн барьсан дулаан дамжуулах шугам болон цахилгаан дамжуулах төвөөс “ЖЭМТ” ХХК нь өөрийн барьж буй барилга руу дулаан хангамж цахилгаан хангамжийг үнэ төлбөргүй холболт хийлгүүлж 500.000.000 төгрөг гаргуулахаар тохиролцож эвлэрч байсан бөгөөд энэ захирамжийн дагуу уг дулааны шугамнаас холболт хийж нэхэмжлэгч өөрийн барьж буй барилгадаа дулаан авсан холболт нь одоо ч хэвээрээ байгаа нь дулааны төвийн барилгыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
3.8. Дулааны төвийн барилгын хоёр давхрын хэсэгт О.О- өмчлөх эрхийг гэрчилгээг "М.К" ХХК-той тохирсон тохиролцооны үндсэн дээр бүртгэлийн албанд бүртгүүлсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэхүү шийдвэрийг гарсны дараа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хуралдсан шүүх хурлаар “ЖЭМТ” ХХК-ийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэдэг нь нотлогдохгүй гэж үзэж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02877 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон.
3.9. Энэхүү магадлалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг “Б” ХХК болон О.О- нар хэрхэн зөрчсөн мөн уг барилгыг буулгасанаар ямар эрх сэргэх нь тодорхой бус гэж шүүх үзэж шийдвэрлэсэн. Үүнтэй адилаар Улсын дээд шүүх өмнө энэхүү нэхэмжлэлтэй хэргийг хянаад мөн дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон байхад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргаж тогтоолыг хүчингүй болгосон атал уг иргэний маргаан эцэслэн шийдвэрлээгүй байхад хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н дээрх хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүх хурал дээр гаргахад шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна.
3.10. О.О- анх 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа эд хөрөнгийг эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргахдаа : ЦТП-н 2 давхар барилгын 1 дүгээр давхрыг "М.К" ХХК эзэмшдэг ба 2 дугаар давхар болох 210.6 мкв талбай бухий аялал жуучлал үйлчилгээний зориулалтай хэсэгт гэрчилгээ олгох хүсэлтийг гаргасан зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох О.О-гийн өмчлөлд бүртгэсэн барилгын 2 дугаар давхарын хэсгийн бүртгэлийн Ү-******** дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь нэхэмжлэгчийн ямар ч эрх ашгийг хөндөөгүй,уг гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг сэргэхгүй.
3.11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь "М.К" ХХК-нд дулаан дамжуулах шугам барилга байгууламжийг барихыг зөвшөөрч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад уг барилгын 2 давхрын өмчлөгч О.О-гийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулаад өөрийнхөө ямар эрхийг сэргээлгэх талаар нэхэмжлэлийн шаардлагаар шаардаагүй байхад шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэнд гомдолтой байна.
3.12. Анх "М.К" ХХК нь дулаан дамжуулах шугам бүхий барилга байгууламжийг барьсан нь Улаанбаатар дулааны сүлжээ "ТӨХК-ны 2013 оны 01 сарын 29-ний өдрийн 2/122 тоот баримтаар нотлогдож байгаа. Мөн “ЖЭМТ” ХХК-нь “М.К” ХХК-ийг тухайн газар дээр барилга барьсантай маргахгүй эвлэрсэн талаар Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02504 тоот хүчин төгөлдөр захирамжаар нотлогдоно. Харин сүүлд нь захирамжийг хүчингүй болгож буй үйлдэл дээрхи үйлдлийг үгүйсэхгүй,үгүйсгэх нөхцөл байдал биш болохыг шүүх анхаарч үзнэ үү.
3.13. О.О- нь хариуцагч байгууллагад ямар ч хуурамч баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд баримтыг хуурамч гэдгийг одоо болтол хуулийн байгууллага шалгаж тогтоогоогүй. Уг баримтыг хуурамчаар үйлдсэн бол хуурамч баримтыг эхлээд эрүүгийн журмаар шалгаж шүүх тогтоосоноор нотлогдоно.
3.14. Гэтэл эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн кординат болон кадастрын зургийг танай байгууллага хуурамч эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байхад О.О-гийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болох нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй шийдвэрийг хөдлөшгүй нотлох баримтанд үндэслэн шийдвэрлээгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “Гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэдгийг шүүх зөрчиж шийдвэр гаргасан.
3.15. Нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь уг газрыг зориулалтын бусаар ашигладаг бөгөөд хэргийн 1 хавтас 10 талд авагдсан: Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэсвгэрт газар ашиглах тухай 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2014/0912 тоот гэрээнд “ЖЭМТ” ХХК нь Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын төв Монголын нэг өдөр музей байгуулах зорилгоор газах ашиглах тухай энэхүү гэрээг байгуулав гэжээ.
3.16. “ЖЭМТ” ХХК-д ашиглаж буй газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буй газрыг 2013 оны 05 сарын 03 өдөр 2013/07 дугаартай гэрчилгээгээр ашиглуулахдаа Аялал жуулчлалын зориулалтаар 0,7 га ашиглуулсан нь Тусгай Хамгаалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн уг хүсэлт гаргаж буй газарт одоо маргаж буй дулааны төвийн барилга баригдсан байхад өмчлөгчийг тодруулахгүй нэхэмжлэгчид ашиглуулсныг зөвтгөж буй шүүхэд гомдолтой. Байгаль орчны яамны хууль бус үндэслэлгүй шийдвэрээс иргэд болон компани олон тэрбум төгрөгөөр хохироход хүрч байгаад шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой.
3.17. Нэхэмжлэгчийн уг газрыг хууль зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх нь дулаан дамжуулах төвийн 2 давхарт байрлах гуравдагч этгээдийн өмчлөлийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор сэргэхгүй болохыг шүүх анхаараагүй.
3.18. Нэхэмжлэгч 2008 онд дулаан дамжуулах төв баригдаж улмаар 3 давхар болж байхад гомдол гаргаж байгаагүй бөгөөд 2018 онд анх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд барилга нэг давхраас 3 давхар болтлоо өргөжсөн байгаа нь гомдол гаргах боломжтой байсан илэрхий үйл баримт гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
4.1. “...Давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан давж заалдах гомдлын шаардлагыг хангахгүй байна.
4.2. Гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийн ямар үндэслэл, заалтыг эс зөвшөөрч байгаа нь ямарч ойлгомжгүй ба шүүхийн шийдвэрийн аль хэсгийг зөвшөөрөхгүй байгаагаа тодорхойлоогүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-д заасан шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна.
4.3. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх талаар дурдаагүй гэжээ.
4.4. "ЖЭМТ" ХХК нь "ЖЭМ" ХХК-ийн 2004 оноос ашиглаж байсан газрын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/138 дугаар тушаал, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2013/07 дугаар ашиглах эрхийн гэрчилгээ, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2014/0912 дугаар гэрээний дагуу ашиглах эрхтэй болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/270 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан болно.
4.5. "Б" ХХК, О.О- нь манай компанийн ашиглах эрх бүхий газарт барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авснаас энэхүү маргаан үүссэн байтал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, сэргэхгүй гэх ямарч үндэслэл байхгүй юм.
4.6. Манай компанийн ашиглах эрх бүхий Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингарав гудамж /17023/ хаягт орших 0.7 га ашиглах эрх бүхий газарт О.О-д 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон.
4.7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “ЖЭМТ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингарав гудамж /17023/ хаягт орших 0.7 га ашиглах эрх бүхий газарт 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, уг бүртгэлийг үндэслэж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******** дугаар гэрчилгээ олгосон өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох" гэсэн шаардлага юм.
4.8. Гэтэл давж заалдах гомдол нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бус барилгыг барьсан үеийн болон бусад үйл баримтуудтай холбоотойгоор бичигдсэн байна.
4.9. Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингарав гудамж /17023/ хаягт орших газарт барилга баригдсан явдал нь энэ маргаанд төдийлөн хамааралгүй бөгөөд захиргааны байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчин бүртгэл хийгдсэн эсэхтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
4.10. Анхан шатны шүүхээс “иргэн О.О-гийн 7.5 га газрыг ашиглах 678 тоот гэрчилгээний ард 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр солбицол өөрчлөгдөв, 0.012 га нэмэгдэв гэсэн утгатай өөрчлөлт орсон байх бөгөөд солбицлоор нь гаргаж үзэхэд энэ нь дээрх 7.5 га газартай хамааралгүй, харин “ЖЭМТ” ХХК-ийн ашиглаж байгаа 0.7 га газрын хажуу залгаа одоогийн байршлаар зайсан толгойн баруун талаар дээшээ өгсдөг замын уулзвар дээр олгогдсон газар болох нь хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан зураг, "ЭК” ХХК-ийн гаргасан зураг, шүүхээс хийсэн удаа дараагийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно" гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.
4.11. О.О-гээс хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд улсын бүртгэлээс ийнхүү худал баримтыг нягтлан шалгалгүйгээр бүртгэл хийсэн нь хуульд нийцэхгүй юм.
4.12. Түүнчлэн О.О- нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа хууль зөрчсөн болохыг ч хууль хяналтын байгууллагаас тогтоосон.
4.13. Эдгээр нь Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/964 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрчийн мэдүүлгүүд, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/48 дугаар прокурорын мэдэгдэл, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 397 дугаар Прокурорын тогтоол зэргээр бүрэн нотлогдох юм.
4.14. Маргаж буй Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингарав гудамж /17023/ хаягт орших 0.7 га ашиглах эрх бүхий газартай давхцуулан барилга барьж, үүндээ хуурамч баримт бичиг бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан, хуульд заасны дагуу сайдын тушаал шийдвэргүйгээр Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрчилгээний хавсралтад хууль бусаар солбицол өөрчилсөн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох нь шат шатандаа нэгэнт илэрхий тодорхой нотлогдсон тул үүнийг хамгаалах, зөвшөөрөх хууль, эрх зүйн үндэслэл огт тогтоогдохгүй юм.
4.15. Хууль бус ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ нь ч нэгэнт тогтоогдсон асуудал байтал эрх бүхий байгууллага буюу прокурорын шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй тайлбар байна.
4.16. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээд болон хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалан шүүх хуралдаанд мэтгэлцэж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан \17023\, Дүнжингаравын гудамж, *** тоотын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-гийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Уг бүртгэлийг үндэслэж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м2 талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг гуравдагч этгээд “Б” ХХК эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
3.2. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоолоор уг хэргийг шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2504 дүгээр захирамжийг үндэслэл болгосон бөгөөд уг захирамжаар нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь “М.К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаа “М.К” ХХК-ийн барьсан ЦТП-с барилгын дулаан болон, цахилгааны хангамжийн холболтыг үнэ төлбөргүй хийлгэх, нөхөн төлбөрт 500,000,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн, хариуцагчтай харилцан тохиролцсоноор шүүх эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байжээ.
3.3. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай” 233 дугаар тогтоолоор дээрх нөхцөл байдал өөрчлөгдөж болох үндэслэл бүрдсэн тул Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар тогтоолоор уг захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн өмнөх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0153 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, “ЖЭМТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
3.4. Гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл нь дээрх иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад захиргааны хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байх боловч тус Улсын Дээд шүүхийн тогтоол нь өмнөх шүүхийн шийдвэрт нэгэнт тогтоогдсон гэж үзсэн иргэний хэргийн үйл баримтыг үнэлсэн бөгөөд ““М.К” ХХК-ийн барьсан ЦТП-с барилгын дулаан болон, цахилгааны хангамжийн холболтыг үнэ төлбөргүй хийлгэх, нөхөн төлбөрт 500,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий иргэний хэрэг цаашид үргэлжлэн нэхэмжлэгчээс өөрийн зүгээс хүлээн зөвшөөрсөн буюу эвлэрсэн нөхцөл байдал үгүйсгэгдсэн.
3.5. Мөн уг маргааныг иргэний хэргийн шүүх дахин шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 8427 дугаар захирамжаар “ЖЭМТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М.К” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан. Харин гуравдагч этгээийн өмгөөлөгчийн гомдолд дурьдагдсан “2013/07 дугаар гэрчилгээтэй ашиглах эрх бүхий газар дээр “М.К” ХХК-ийн газар ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараагаар энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодорхойлоход захиргааны хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлж, дүгнэх замаар уг хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
3.6. Нөгөөтэйгүүр дээрх нөхцөл байдал үүссэний улмаас гуравдагч этгээдийн “ЖЭМТ” ХХК нь дулааны төвийн барилгыг хүлээн зөвшөөрсөн буюу “...дулааны шугамнаас холболт хийж нэхэмжлэгч өөрийн барьж буй барилгадаа дулаан авсан холболт нь одоо ч хэвээрээ байгаа...” гэх тайлбарыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт баригдсан “М.К” ХХК-ийн барьсан ЦТП-ийн барилгын дээр баригдсан 2 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, газар эзэмших эрхтэй холбогдуулан маргаж байгаа тохиолдолд О.О-гийн 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 96.600.000 төгрөгөөр худалдан авч өмчлөлд бүртгэсэн барилгын 2 дугаар давхарын хэсгийн бүртгэлийн Ү-******** дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь нэхэмжлэгчийн ямар ч эрх ашгийг хөндөөгүй, уг гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг сэргэхгүй гэж үзэх боломжгүй.
3.7. Тодруулбал "ЖЭМТ" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/138 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/270 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн талбай дээр буюу Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингарав гудамж /17023/ хаягт орших 0.7 га ашиглах эрх бүхий газарт О.О-д 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болох нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл О.О- нь “...бусдын ашиглалтанд байгаа газар дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.5 бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн үүргээ зөрчсөн ...” гэх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт зөв болжээ.
3.8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол дурьдсан “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн байхад гуравдагч этгээдүүдийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7910 дугаар захирамжаар л хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Б” ХХК-д нэгэнт шилжсэн байх тул нэхэмжлэгч ЖЭМТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас иргэн О.О-гийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдээр татан оролцуулсан шүүгчийн захирамжаас О.О- гэснийг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байх тул уг гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
3.9. Түүнчлэн О.О- нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа хууль бус баримт ашигласан талаар зохих шүүхийн шийдвэр гараагүй, гэм буруугүй хэмээн тайлбарлаж байх боловч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх нь эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх тул уг маргаанд хамааралгүй харин захиргааны хэргийн шүүх хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгдсэн эсэхийг шалгах ба энэ тохиолдолд улсын бүртгэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ газар эзэмших эрхийг олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр нь хууль ёсны эсэхийг бүрэн нягталж шалгалгүйгээр бүртгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн үндэслэлд хамаарч байна гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.10. Мөн Нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь уг газрыг зориулалтын бусаар ашигладаг хэмээн гуравдагч этгээдээс тайлбарлаж байх боловч уг газар дээр “М.К” ХХК-ийн барьсан ЦТП-с барилга байгаа үндэслэлээр газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байхад нэхэмжлэгчийг Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын төв Монголын нэг өдөр музей байгуулах зорилгоо хэрэгжүүлээгүй гэж маргах нь ойлгомжгүй.
3.11. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тусгай хамгаалалттай газар нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах шийдвэргүйгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга газрын хэмжээ, солбицол өөрчлөх, нэмэх эрхгүй этгээд үйлдсэн байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.12. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д” Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж зааснаар сайдын шийдвэрээр газар ашиглуулах хуулийн тусгайлан эрх хэмжээ тогтоосон заасан зохицуулалтыг зөрчиж гарсан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт байна.
3.13. Мөн захиргааны актыг илт хууль бус байх тохиолдлыг хуульд тусгайлан заасан ба эдгээр нь тухайн акт анхнаасаа хүчин төгөлдөр байх боломжгүй байх шинжийг агуулсан байдаг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй.
3.14. Иймд “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Зайсан \17023\, Дүнжингаравын гудамж, *** тоотын 2 давхрын хэсэг болох 210.6 м2 үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-гийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА