Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох “Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид ХХК гэх/ нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нарыг оролцуулан шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нар нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 0294607 тоот актаараа нийт 59 227 604.4 төгрөгийн төлбөр ногдуулсан нь татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардаж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байгаа тул тухайн актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. И ХХК-ийг 2013 оны 3 сард Ж ХХК-иас 454 548 000 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-н хуурамч падаан ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн нь прокурорын тогтоол, 2013 оны худалдан авалтын анхан шатны баримт, худалдан авалтанд шилжүүлсэн мөнгөн дүн, орлогын гүйлгээ, харилцах дансны хуулга, кассын бэлэн мөнгөний орлого бүртгэх баримт, зарлагын баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт бичсэн. Учир нь И ХХК цахим сүлжээнд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн 2557746 тоот регистрийн дугаар бүхий худалдагчаас худалдан авалт хийхэд өгсөн татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөд тараадаг албан ёсны баримт болох НӨАТ-н падаан, түүнд дарагдсан компанийн болон санхүүгийн тэмдгүүд нь жинхэнэ эхээрээ байсан баримтыг үндэслэж татварын тайлангаа гаргасанд байгаа юм. Гэтэл татварын улсын байцаагчид дарамт учруулах, хууль бус татвар ногдуулалт хийх, татвар төлөгчид хуулиар олгогдоогүй үүргийг биелүүлэхийг шаардаж байна. Улмаар татварын маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчийн актад холбогдуулан гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан тул хууль бус шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Б.А би Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот актыг хүчингүй болгуулах тухай И ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдуулан  “Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.  

И ХХК-ний нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасантай нийцэж байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч И ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16 тоот албан бичгээр Б.А-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилж, нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгосон байх ба И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ  “... шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тухай”- гаа бичгээр илэрхийлсэн болно.  

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул шүүх хуралдааны явцад дээрхи үндэслэл, нөхцөл байдал илэрсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон       

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Д.Д нарт холбогдох “Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ И ХХК нь бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН