Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 792

 

“Улаанбаатар гурил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00218 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Улаанбаатар гурил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Өрнөх сонсголон” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 44 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, Ч.Баярмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тамир шүүхэд гаргасан нэхэмжэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Өрнөх сонсголон” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, бид гэрээний үүргээ биелүүлсэн боловч “Өрнөх сонсголон” ХХК нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “төлбөр гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2016 оны 7 дугаар сарын 18-нд хоёр байгууллага тооцоо нийлж, “Өрнөх сонсголон” ХХК нь 29 900 000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь гэрээт хугацааны туршид нийт 45 140 000 төгрөгийн бараа өгсөн ба үүнээс хариуцагч 14 740 000 төгрөгийн төлбөр төлсөн. Түүнчлэн бараа худалдан авсны урамшуулалд 2015 оны 7 дугаар сард 100 000 төгрөг, 8 дугаар сард 400 000 төгрөг нийт 500 000 төгрөгийг бид хасаж тооцох ёстой. Иймд үлдэгдэл төлбөр 29 900 000 төгрөг, алданги тооцож, хуульд зааснаар 14 950 000 төгрөг нийт 44 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар гурил” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулснаар бидний хооронд эрх зүйн харилцаа үүссэн. “Өрнөх сонсголон” ХХК нь нийт 36 640 000 төгрөгийн бараа хүлээж авсан ба үүнээс 14 740 000 төгрөгийн төлөлт хийж, 21 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ үнийн дүнгээс 50 хувиар алданги тооцвол 10 950 000 төгрөг нийт 32 850 000 төгрөг болох ёстой. Түүнчлэн бид 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” байгуулж, уг гэрээгээр 30 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Мицубиши Фусо маркийн УБК 25-81 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн тул энэ эд хөрөнгөд тооцон худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Өрнөх сонсголон” ХХК-иас 35 792 000 төгрөгийг гаргуулан “Улаанбаатар гурил” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 058 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өрнөх сонсголон” ХХК-иас 336 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар гурил” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль буруу хэрэглэсний улмаас хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд хохироосон шийдвэр гаргасан. Тухайлбал:

“Тооцоо нийлсэн акт” гэх бичиг дээр "Өрнөх сонсголон" ХХК-иас хэн гэдэг ямар албан тушаалтай хүн уг актыг үйлдсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэх баримтанд "Өрнөх сонсголон" ХХК-ийг төлөөлөн уг тооцоо нийлсэн актыг хэн үйлдсэн, хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, уг баримтыг талуудын хооронд үйлдэгдсэн тооцоо нийлсэн акт хэмээн үзэх боломжгүй байхад анхан шатны шүүх үнэлж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Дээрх тооцоо нийлсэн акт гэх баримт бичгүүд 2016 онд үйлдэгдсэн бол талууд 2015 онд төлөхөөр тохиролцохгүй байсан. Шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан зарчимд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2015/08/57 тоот “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний 2.1-д нийлүүлэх бүтээгдэхүүний дээд хязгаар 30 000 000 төгрөг байна хэмээн талууд тохиролцож уг гэрээг  байгуулсан байхад 45 140 000 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байх ба хэргийн материалд авагдсан бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэх 6 ширхэг падаанаар “Өрнөх сонсголон” ХХК-д 45 140 000 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гээд байгаа уг баримтаар “Өрнөх сонсголон” ХХК-д өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Хэрэв бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, авсан баримт мөн бол хүлээлгэж өгсөн, авсан хүний овог, нэр, албан тушаал, компаний тамга, тэмдэг дарагдсан байх ёстой. Иймд "Улаанбаатар гурил" ХХК-иас 45 140 000 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн гэдэг үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг дангаар шаардах эрхтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашиг сонирхолыг илтэд хохироосон. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2015/08/57 тоот “Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Мицубиши Фусо маркийн УБК 25-81 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийг "Улаанбаатар гурил" ХХК-д шилжүүлэн өгсөн талаар талууд маргадаггүй. Ийм байхад "Өрнөх сонсголон" ХХК-иас нийт 35 792 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч “Улаанбаатар гурил” ХХК нь хариуцагч “Өрнөх сонсголон” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 44 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Улаанбаатар гурил” ХХК нь “Өрнөх сонсголон” ХХК-тэй 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, иргэн Ц.Нямбаяр нь дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г нэхэмжлэгчтэй байгуулж, өөрийн өмчлөлийн 25-81 УБК улсын дугаартай, Мицубиши Фусо маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна /хх-5-8, 35-37/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан гурилын үнийг шаардах эрхтэй.

Зохигчдын байгуулсан худалдах, худалдах авах гэрээ,  фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчөөгүй байх бөгөөд эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал болон  худалдах, худалдах авах гэрээний дагуу 14 740 000 төгрөг төлөгдсөн  талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч нь Мицубиши Фусо маркийн 25-81 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тул гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэн,  хариуцагч “Өрнөх сонсголон” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны хооронд 29 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар баталгаажуулсан байна. /хх-60/.

Хариуцагч талаас дээрхи актыг хэн үйлдсэн тодорхойгүй, эргэлзээтэй, он сар нь зөрүүтэй, уг баримтыг талуудын хооронд үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж маргасан боловч нэхэмжлэгч, хариуцагч компаниудын тамга, зохих этгээдийн гарын үсгээр баталгаажуулагдсан байх тул уг баримтыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчээс гаргасан нийт хүлээлгэн өгсөн бараа болон 29 900 000 төгрөгийн үлдэгдлээр тооцоо нийлснийг нотолсон зарлагын падаан, тооцоо нийлсэн акт, төлбөр гүйцэтгэх гэрээ зэрэг баримтыг хариуцагч нь үгүйсгэж маргасан  боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Иймд гэрээний үндсэн үүрэг болон алдангийг тооцон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагчийн өмнөөс иргэн Ц.Нямбаяр өөрийн өмчлөлийн 25-81 УБК улсын дугаартай, Мицубиши Фусо маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан байна /хх 36-37/.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс эд хөрөнгийг өөрийн мэдэлдээ бодитойгоор шилжүүлэн авсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасантай нийцсэн  байх тул  нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр төлүүлэхээр шаардсаныг буруутгах боломжгүй.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа, хэмжээ, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар тохиролцон 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэмж байгуулсан, төлбөр гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Уг гэрээний дагуу шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг 5 892 000 төгрөгний хэмжээнд хангасан нь хуульд нийцсэн, энэ талаархи хариуцагчийн гомдлыг хангах үндэсгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө  гардан  авах  үүргээ  биелүүлээгүй  нь  хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

                                                                    ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                               Д.БАЙГАЛМАА