Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 903

 

 

 

 

 

2020          10          13                                  2020/ШЦТ/901     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг, 

Шүүгдэгч Э.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн 2009018841125 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо бэлхийн 9 дүгээр гудамж 161 тоотод оршин суух, урьд:

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн №149 дугаар магадлалаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн,

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 89 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4, 148.3 дугаар зүйлд зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 11 дүгээр гудамжны 228 тоотод оршин суух иргэн Б.Идэрхангайн гэрээс суурин компьютер иж бүрнээр нь, Samsung note-2 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2009018841125 дугаартай хэргээс:

Хохирогч О.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дүүгээ хараад Сүхбаатар дүүргийн хүүхдийн 2 дугаар эмнэлэгт хэвтэж байсан. Манай хүүхэд Өнөбилэг над руу хажуу айлын утсаар залгаад “аавтай хамт орж ирсэн хүн компьютер аваад гарчихлаа” гэж хэлсэн. Би эмнэлгээс гараад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11-228 тоотод байх гэр рүүгээ харьж явах замдаа цагдаа дуудсан. Би компьютероо 800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4, 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын сүүлээр би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 9-168 тоотод Саранхүүгийн гэрт очсон. Төрсөн ах Батбаяр, ахын найз Идэрээ гэх хүн байсан. Ах Идэрээ гэх хүнтэй хараа гэсэн бичигтэй 0.5 литрийн архи суучихсан сууж байсан. Би хамт архийг хувааж уусан. Идэр гэх хүн “манайд очъё, хоол хийж өгье” гээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ дагуулж ирсэн. Бид хоёрыг гэрт ирэхэд Идэр ахын гэрт хүн байгаагүй. Сууж байгаад би Идэр ахаас “ягаан өнгийн компьютерын процессор ажилладаг юм уу” гэх Идэр ах “ажилладаг” гэсэн. Би “энэ компьютерын процессороо зарах юм уу, авах гэсэн юм” гэтэл Идэр ах “болно, ах нь өгье” гэж хэлсэн. Удалгүй Идэрээ ах унтаад өгөхөөр нь би компьютерыг процессор, хулгана, дэлгэц зэрэг эд зүйлсийг аваад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байх Computer land ороод 80.000 төгрөгөөр зарсан. Би авсан компьютероо зарсан хүнээсээ буцааж аваад Идэрээ гэх хүнд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73  дугаар хуудас/,

Гэрч Б.Идэрхангай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрийн хажууд байдаг хүнсний дэлгүүрт манай гэрийн  хойно амьдардаг Батбаяртай тааралдсан. Дэлгүүрээс гараад би Батбаярын гэрт очоод 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан. Батбаярын гэрт нь дүү Отгонбаяр нь байсан. Архи ууж дуусгаад байж байтал Батбаяр гаднаас дахиад 0,5 литрийн 1 шил архи авчирсан. Би тэр архийг уугаад согтсон байсан. Гэнэт манай хүүхэд намайг гэртээ унтаж байхад 16 цагийн үед сэрээгээд “тантай цаг ирсэн хүн гэрийн суурин компьютер хулгайлаад авч явсан байна” гэж хэлсэн. Тухайн өдөр танилцсан Отгонбаярын гэрийг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 26-27 дугаар хуудас/,

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung маркийн 29 инчийн дэлгэцтэй иж бүрэн суурин компьютер, Samsung note 2 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 665.000 /зургаан зуун жаран таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Отгонбаяр гэх залуу надад “Самсунг дэлгэцтэй улаан хайрцагтай процессор авах уу” гэж манай павилон дээр орж ирсэн. Би “хэдээр зарах вэ” гэхэд “80.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би худалдаж авсан. Уг компьютер одоо надад байхгүй. Үзүүлэлтээр нь угсраад өгч болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 30-46 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 11 дүгээр гудамжны 228 тоотод оршин суух иргэн Б.Идэрхангайн гэрт байхдаа түүний суурин компьютер иж бүрнээр нь, Samsung note-2 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 665.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.Идэрхангай, Г.Ганбаатар нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Оын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг буцаан нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.Оыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчоос “...алдагдсан эд зүйлээ буцаан авсан, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 75/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид Э.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Оыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН