Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

2020        10         16                                  2020/ШЦТ/912      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Т.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Тд холбогдох эрүүгийн 2009016181170 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөрт эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмон 9 дүгээр гудамж 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 9 дүгээр гудамж 14 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Алтанцэцэгтэй “гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэнтэй холбоотой асуудлаас маргаан үүсгэж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун сарвуу, зүүн шууны цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009016181170 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 9-14 тоотод байж байгаад эхнэртэйгээ “нууц амрагтай болсон байна чи” гээд маргаан эхэлсэн. Манай дүү Энхтунгалаг гаднаас орж ирээд маргалдсан. Тэгээд Энхтунгалаг Алтанцэцэгийн цээж рүү түлхсэн. Маргалдаад Билэгсайхан орж ирээд салгаад гаргасан. Маргалдаад байж байтал би Алтанцэцэгийг нэг удаа мангасдсан. Би Алтанцэцэгийг нэг удаа мангасдсан. Нэг удаа алгадсан. Миний буруу би хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 9-14 тоот гэртээ ирэхэд нөхрийн дүү Энхтунгалаг, хүргэн Билэгсайхан нар ирсэн байсан. Манай нөхөр Төмөрхуяг согтуу байсан. Энхтунгалаг намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод дайрсан. Цээж рүү 2 удаа гараараа түлхсэн. Тэгээд хэл амаар доромжилоод байсан. Тэр үед нөхөр Төмөрхуяг босож ирээд намайг эрүүний доороос мангасдаад нүүрээр хөргөгч рүү мөргүүлсэн... гэртээ ороод сууж байсан чинь нөхөр Төмөрхуяг толгой руу 1 удаа цохисон. Миний өмсөж байсан малгай унасан. Тэр үед цагдаадаа хэлье гээд гараад гүйсэн чинь Энхтунгалаг болон цагдаа нар явсан байсан. Гэртээ орсон чинь нөхөр маань дахин “пизда минь чи хорт хавдар тусаж үхнэ”  гээд толгой руу гараараа цохисон. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  Би эмчилгээ хийлгээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Билэгсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед байх ах Төмөрхуягийнд очсон. Төмөрхуяг нь архи уучихсан Алтанцэцэг нь өглөө эрт ирээд явсан. Эхнэр фэйсбүүк үзэж байсан чинь ах Төмөрхуягийн хашаа байшинг зарна гээд зар тавьсан байна гээд эхнэр уурлаад Алтанцэцэг гэх хүн рүү залгаад “та яахаараа ингэж зар тавидаг юм” гээд хэлсэн чинь удалгүй Алтанцэцэг ороод ирсэн. Манай эхнэр рүү “та нар хэзээ ахыгаа боддог болчихов” гээд хэрэлдээд цээжээрээ түлхээд байсан. Манай эхнэр Энхтунгалаг цээж рүү нь түлхээд өөрөөсөө холдуулж байсан. Зодож цохисон зүйл байхгүй. Алтанцэцэгт нөхөр Төмөрхуяг нь гар хүрсэн зүйл байхгүй байх би анзаараагүй. Алтанцэцэг эгч Төмөрхуяг ахын нүүр рүү нь гараараа түлхсэн чинь Төмөрхуяг хойшоогоо 1-2 алхаад саваад ногоон шкафыг мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Энхтунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ах Төмөрхуягийн угаасан хувцасыг гэрт нь хүргэж өгсөн. Төмөрхуяг ах халамцуу сууж байсан. Алтанцэцэг ах Төмөрхуяг руу залгаад загнаад байхаар нь би утсыг нь аваад “чи ахыг минь хаях мөрөөрөө хаяад явахгүй, яагаад загнаад дарамтлаад байгаа юм” гээд утсаар ярьсан чинь “чи битгий хуцаад байгаарай” гэж хэрэлдээд утсаа салгасан. Тэгээд байж байтал Алтанцэцэг орж ирсэн. Намайг заамдаад миний нүүр рүү нулимсан. Зөрүүлээд нулимаад нүүрээ наагаад салахгүй болохоор нь цааш нь хүчтэй түлхэж холдуулсан. Хэрүүл хийж байсан чинь цагдаа нар ирсэн. Би гараад гадаа цагдаад мэдүүлэг өгч байсан чинь манай нөхөр гарч ирээд “гэр дотор Төмөрхуяг, Алтанцэцэг хоёр муудалцаад байна” гээд цагдаа дотогшоо орсон. Намайг дотор байхад тэр хоёр хоорондоо зодолдож цохилцоогүй. Алтанцэцэг над руу нүүрээ наагаад дайраад байхаар нь би цээж рүү нь түлхсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6709 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Ц.Алтанцэцэгийн биед тархи доргилт, цээж, баруун сарвуу, зүүн шууны цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь өөрийн болон бусдын гараар үүсгэгдэх боломжтой ба унахад үүсэх боломжгүй.          

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Шинжээч Б.Ундармаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “..Ц.Алтанцэцэгийн биед учирсан цээж цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Ц.Алтанцэцэгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад цээж цус хуралт, баруун сарвуу, зүүн шууны цус хуралт гэмтэл дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин баруун шууны цус хуралт зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний цус хуралт гэмтэл бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүх Сэтгэц эмгэг судлалын №928 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Т.Т нь өөрийн үйлдлийн бодит шинж чанар аюултай байдлыг ухамсарлах удирдан жолоодох чадвартай байна.
  2. Т.Т нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай байна.
  3. Т.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ дээрхи чадвартай байсан.
  4. Цаашид Т.Тийн өөртөө эсвэл бусдад аюул учруулах эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.
  5. Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  6. Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн боловч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 9 дүгээр гудамж 14 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Алтанцэцэгтэй “гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэлээ” хэмээн маргаан үүсгэж улмаар түүний биед хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6709 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Ц.Алтанцэцэгийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Тийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Алтанцэцэгээс “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 81 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Тийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН