Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 919

 

 

 

 

 

2020          10          22                                 2020/ШЦТ/919  

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч З.Энхжаргал, 

Хохирогч Т.Мөнхзаяа,

Шүүгдэгч Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2009021791114 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж 15 байр 28 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 44-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 08 дугаар сарын 10-ы өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 24 тоотод эхнэр Т.Мөнхзаяаг “гэрээс гаргасангүй” гэх асуудлаас болж маргалдаж улмаар түүнийг зодож /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ эрүүл мэндэд нь “баруун бугалга, баруун далны доод хэсэг, баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхзаяа мэдүүлэхдээ “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нэг сарын дараа төрөх учир бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.  

 

Эрүүгийн 2009021791114 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Мөнхзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед гэртээ унтах гээд байж байтал манай нөхөр “гарч найзуудтайгаа уулзаж уулаа” гэхээр нь би уурлаад “чи яах гээд байгаа юм, дандаа ингэх юм” гээд дургүйцсэн. Тэгээд нөхөр бид 2 маргалдсан. Манай нөхөр над руу гар далайхаар нь би орилсон чинь намайг “үхсэндээ орилоод байгаа юм” гэсэн. Миний баруун мөр хэсэгт 2 удаа цохисон. Нөгөө өрөөнөөс Амархүүгийн ээж нь гарч ирээд бид хоёрын дундуур орсон чинь өмднийхөө тэлээг тайлаад ээжийгээ давуулж намайг суран тэлээгээр 5-6 удаа нуруу хэсэгт ороолгосон. Би уйлаад, бухимдаад шоконд ороод суусан. Амархүүгийн ээж Баяраа Амархүүг өрөөнөөс гараад коридорт гаргасан чинь гал тогооноос хутга бариад намайг “ална” гээд дайраад байсан. Хадам ээж Амархүүг коридорт гаргаад өрөөний хаалга хаасан. Тэгэхээр нь би “одоо чи боль, би яваад өгье, гэрийнхнийгээ дуудъя” гэсэн чинь дууд гээд больсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-13  дугаар хуудас/,

 

Гэрч Т.Отгонзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-наас 2020 оны 08 дугаар сарын 11-нд шилжих шөнө 00 цагийн үед манай хамаатны ах Эрдэнэбат над руу залгаад “эгч чинь уйлаад над руу ярилаа, ах нь машингүй байгаа болохоор очих боломжгүй байна, чи нөхрийгөө дагуулаад очоодох” гэж хэлсэн. Би нөхөр Мөнх-Амгалан, манай аавын дүү Отгонбаатар, эхнэр Байгалмаагийн хамт бид дөрөв эгч Мөнхзаяагийн гэр рүү очсон. Бид нарыг очиход нөхөр нь байгаагүй, юу болсон талаар асуухад манай эгч Мөнхзаяа “нөхөр бид хоёр хоорондоо маргалдаад эгчийг хэд хэдэн удаа цохисон” гэсэн. Би эгчийнхээ хувцсыг бэлдсэн. Харин манай аавын дүү Отгонбаатар ах хүргэн ах Амархүүтэй гал тогооных нь өрөөнд орж уулзаж ярилцсан. Амархүү ах Отгонбаатар ахад “би уураа барьж дийлэхгүй ганц удаа цохичихлоо” гэж хэлсэн байсан. Би эгчийн “хаана чинь цохисон юм харъя” гээд нурууг нь харсан чинь хөхрөөд улаан эрээн болсон байсан. Би эгчээс “хэдэн удаа цохисон юм” гэж асуугаад “хутга барьж мэс барьсан” гэхээр нь буцаж очоод цагдаад шийтгүүлье гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би “найзуудтайгаа гадуур гарна” гэтэл эхнэр Мөнхзаяа “гаргахгүй” гэхээр нь би 2 удаа гар руу нь гараараа алгадсан. Тэгтэл ээж хажуу талаас Мөнхзаяа бид хоёрын дундуур орж ирээд салгах гэж оролдохоор нь би өөрийн тэлээгээ тайлж байгаад гуя, нуруу хэсэгт нь 5-6 удаа тэлээгээр ороолгосон. Хэрүүл даамжраад би хутга барьж Мөнхзаяаг “ална” гэж заналхийлчхээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9316 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Мөнхзаяагийн биед баруун бугалга, баруун далны доод хэсэг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Д.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 24 тоотод эхнэр Т.Мөнхзаяатай “найзуудтай уулзуулсангүй” гэх асуудлаас болж маргалдаж улмаар түүнийг өмдний тэлээгээр ороолгон зодож түүний эрүүл мэндэд “баруун бугалга, баруун далны доод хэсэг, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Т.Мөнхзаяагийн “...Миний баруун мөр хэсэгт 2 удаа цохисон. ...өмднийхөө тэлээг тайлаад ээжийгээ давуулж намайг суран тэлээгээр 5-6 удаа нуруу хэсэгт ороолгосон...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Т.Отгонзаяагийн “...Би эгчийн “хаана чинь цохисон юм харъя” гээд нурууг нь харсан чинь хөхрөөд улаан эрээн болсон байсан. Би эгчээс “хэдэн удаа цохисон юм” гэж асуугаад “хутга барьж мэс барьсан” гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9316 дугаартай дүгнэлт /Т.Мөнхзаяагийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон/,

 

Шүүгдэгч Б.Агийн “...би 2 удаа гар руу нь гараараа алгадсан. Тэгтэл ээж хажуу талаас Мөнхзаяа бид хоёрын дундуур орж ирээд салгах гэж оролдохоор нь би өөрийн тэлээгээ тайлж байгаад гуя, нуруу хэсэгт нь 5-6 удаа тэлээгээр ороолгосон...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч өөрийн эхнэр Т.Мөнхзаяагын биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогчын бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож хохирогчид хүч хэрэглэх үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Т.Мөнхзаяагийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүгдэгчээс гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор хохирогчийн сэтгэл санаанд удаа дараа дарамт үзүүлж байсан байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бие махбодид нь шаналал зовиур үүсгэж тэрхүү үйлдлээ балмад байдлаар үйлдсэн нөхцөл байдлыг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийж, хохирогч Т.Мөнхзаяад хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох ажиллагаа хангагдсан байна. 

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхзаяагаас “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН