Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 920

 

 

 

 

 

2020           10           23                                   2020/ШЦТ/920      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Н.Уранбайгаль, 

Иргэний хариуцагч Ц.Отгонгэрэл,

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн 2003000000342 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 7 гудамж 214 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо бага тойруу 50 дугаар байр 1 тоотод түр оршин суух, урьд:

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 04 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 29 дүгээр байрны хойд замд Ц.Отгонгэрэлийн эзэмшлийн “Тоёота” маркийн “приус” загварын 09-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан Г.Алтан-Од /3 настай, эрэгтэй/-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Иргэний хариуцагч Ц.Отгонгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг нэг гэр бүл учраас хамт төлнө...” гэв.

 

Эрүүгийн 2003000000342 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 50-р байрны гаднаас 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Т.Приус-30 маркийн 09-65 УБЧ улсын дугаартай автомашинаа унаад зүүн гар тийшээ эргээд байрны дотор талын замаар 10 орчим км/цаг хурдтай явж байтал 10 орчим насны эрэгтэй хүүхэд автомашины урдуур гүйсэн. Би уг хүүхдийг хараад торомз гишгэн зогсож өнгөрөөгөөд зүүн гар талынхаа толиндоо хараад хөдөлсөн. Хөдлөх үед нэг юм мөргөсөн. Тухайн үед би бөмбөг мөргөчихлөө гэж бодоод ухас гээд зогсоод автомашинаасаа буугаад харсан чинь автомашины хойд талын хоёр дугуйны голд 3 орчим насны эрэгтэй жаахан хүүхэд уйлаад хэвтэж байхаар нь татаж гаргасан. Энэ үед эхлээд автомашины урдуур гүйсэн хүүхэд гүйгээд хүрээд ирсэн. Уг хүүхэд ах нь байсан. Осол болох үед байрны гадаа автомашинаа угаагаад зогсож байсан залуу эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Мөн удаагүй хүүгийн аав нь гарч ирээд “Гэмтлийн эмнэлэг явъя” гэхээр нь би автомашиндаа суулгаад явсан. Эмнэлэг орж хүүхдийг үзүүлэхэд эмч нар үзээд хөлийг нь гипсдээд дараа нь шууд сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гантөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд гэртээ байхад манай охин Алтанзаяа “аав сая дүү Алтан-Од автомашинд дайруулчихлаа, гээд дүү Алтанхучир чипны утсаар хэллээ” гэхээр нь би шууд гэрээсээ гарсан. Манай 29-р байрны 4-р орцны харалдаа байх явган хүний гарцны хажууд Т.Приус 30 маркийн автомашин зогссон. Уг автомашины ард талд хүү Алтан-Одыг зүс таних залуу тэвэрсэн зам дээр сууж байхаар нь хүүхдээ тэвэрч аваад “эмнэлэг явъя” гэж жолооч залууд хэлсэн. “За” гээд автомашинаа унаад хүү бид 2-ыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хүүгийн баруун талын 3 хавирга хугарсан. Дунд чөмөг нь хугарсан, зүүн гаран дээрээ 4 оёдол тавиулсан, нүүрэн дээрээ сорвитой болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Алтанхучир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн байр буюу 29-р байрны 4-р орцны үүдэнд найз нарынхаа хамт тоглож байсан. Манай бага дүү Алтан-Од над руу ирэх гээд тоглоомын талбайн шатаар доошоо буусан. Буугаад явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд алхсан. Энэ үед хойноосоо урагшаа явж байсан жижиг суудлын автомашин дүүг явган хүний гарц дээр мөргөсөн. Би шууд мөргөсөн машин руу очсон. Дүү машины хойд талын хоёр дугуйн доор байхаар нь татаад гаргах гэсэн чинь би дийлээгүй. Мөргөсөн жолооч ах машинаасаа гарч ирээд дүүг хамт татаж гаргасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Дэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн Т.Приус-30 маркийн машинаа угаагаад зогсож байтал байрны дундуур зүүн тийшээ явсан замаар 52-р байранд хүнсний дэлгүүр ажиллуулдаг зүс таних залуу Т.Приус-30 маркийн автомашинтайгаа явж байгаа харагдсан. Би машинаа угааж дуусаад гэр рүүгээ орох гээд 6-р орцны үүдэнд чип уншуулаад зогсож байтал пид пад хийх тод дуу гарахаар нь эргээд 3-р орцны зүг руу харсан чинь дэлгүүр ажиллуулдаг залуугийн Т.Приус-30 маркийн автомашины хойд талаас нь манай байрны 5-р орцонд амьдардаг 3 настай эрэгтэй хүүхдийг жолооч залуу тэврээд босоод ирсэн. Би гүйж очоод жолооч залууг “чи хүүхэд дайрчихлаа шүү дээ” гэж хэлсэн. 3 настай эрэгтэй хүүхдийн ах нь хажууд зогсож байхаар нь “ахын дүү аав, ээждээ хэлээрэй, дуудаарай” гэж хэлээд гэр рүү нь явуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Ц.Отгонгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...манай нөхөр Отгонбаяр нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр миний нэр дээр байдаг Т.Приус-30 маркийн 09-65 УБЧ улсын дугаартай машинтай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 29-р байрны арын байрны дунд замаар явж байхдаа 3 настай эрэгтэй хүүхэд мөргөж гэмтээсэн. Би уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаагаа мэдэж байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Замын цагдаагийн газар, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10254 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Алтан-Одын биед цээжний хэнхэрцгийн няцрал, баруун уушигны авчилт, цээжний хөндийн баруун талын хий, цус хуралт, зүүн 7-8-9-р хавирганы далд хугарал, баруун дунд чөмөгний хугарал, нүүр, их бие мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ “Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-54 дүгээр хуудас/,

 

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №152 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд “...1. Тоёота Приус-30 маркийн 09-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            2. Явган зорчигч Г.Алтан-Одын эцэг, эх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Өвчний түүх /хх-ийн 62-74 дүгээр хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 76-81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Т.Амарсайханы мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Ж.Төмөр-Очирын мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №388 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-43 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 04 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 29 дүгээр байрны хойд замд Ц.Отгонгэрэлийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 09-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн хурдаа хасаж, уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан Г.Алтан-Од /3 настай, эрэгтэй/-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гантөмөрийн мэдүүлэг,

 

- Гэрч Б.Дэлгэр, насанд хүрээгүй гэрч Г.Алтанхучир нарын мэдүүлэг,

 

  • Иргэний хариуцагч Ц.Отгонгэрэлийн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Т.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

 

- ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №10254 дугаартай дүгнэлт /Г.Алтан-Одын биед шинжилгээ хийж хүнд гэмтэл учирсан талаар/,

 

- №152 дугаартай Мөрдөгчийн магадлагаа,

 

- Өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Т.О “Тоёота приус” маркийн 09-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Г.Алтан-Очирыг /3 настай/ мөргөж гэмтээсэн болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогчид хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Т.Оын үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.О нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцож, тухайн хүүхэд явган хүн гаргах боломжтой гарцаар зорчиж байхад түүнийг мөргөхгүй байх арга хэмжээ авалгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авсан, гэм хорын хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Оыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Т.О нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гантөмөрт хүүхдийн эмчилгээний төлбөрт 1.500.000 төгрөгийг, цаашид гарах эмчилгээнд 3.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж түүнтэй эвлэрч төлбөр эвлэрсэн гэрээ байгуулж эрх бүхий этгээдээр баталгаажуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гантөмөрийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Оыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас 3 настай Г.Алтан-Одын эрүүл мэндэд амь биед нь аюултай хүнд гэмтэл учирч одоогоор бүрэн эдгэрээгүй гэж үзэхээр байх тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс иргэний журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.   

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Оаас насанд хүрээгүй хохирогчид учирсан гэм хорын хохирлыг арилгахад гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нэхэмжилсэн баримтаар учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Т.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Т.О нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

        

         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Ог Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Т.От ял оногдуулахыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль, зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гантөмөр нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН