| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1848 |
| Огноо | 2020-10-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Түмэннаст |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1848
2020 10 23 2020/ШЦТ/1848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч М.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б т холбогдох эрүүгийн 2006 02718 1955 дугаартай хэргийг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаартай 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 91.2.15, 126 дугаар зүйлийн 12.2.1 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр өвчний учир ялаас хугацааны өмнө суллагдсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэг үйлдэж 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнссэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 999 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэн, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 28 дугаар байрны дээд талын сагсны шийдэн дээр иргэн Б.Тайванжаргалын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хохирогч Б.Тайванжаргалын өгсөн мэдүүлэг /хх-10/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6856 дугаартай дүгнэлт /хх-16-17/, Б.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-26-28/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 28 дугаар байрны дээд талын сагсны шийдэн дээр иргэн Б.Тайванжаргалын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тайванжаргал өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагийн үед би, Эрдэнэбаатар, Гантөгс, Мартбаяр, Томоо нарын хамтаар Баянзүрхийн дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны дээд талын сагсны шийдэн дээр 2 том пиво, 2 шил архи хувааж ууцгаасан бөгөөд өдөржингөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгтэл Эрдэнэбаатар, Томоо хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд хоорондоо зодолдсон. Тэгээд Эрдэнэбаатарын толгой руу Томоогийн эхнэр 2,3 удаа чулуугаар цохисон. Тэгтэл цагдаа нар ирсэн бөгөөд Эрдэнэбаатар, Томоогийн эхнэр гурвыг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд би явсны дараа би Гантөгстэй нэг том пиво хувааж ууж байсан. Гэтэл 19 цагийн үед Гантөгсийн эхнэр ирээд Гантөгсийг авч явсан. Гантөгсийг явсны дараа сагсны шийдэн дээр тэр хавийн хүүхдүүдтэй тоглож байтал Томоо ирсэн бөгөөд “Та нар яагаад манай эхнэрийг цагдаад өгдөг ямар зэвүүн гөлөгнүүд вэ, Тайвнаа ахаа би таныг ална” гээд орилоод байсан. Тэр үед Томоо дүү нартай маргалдаж байгаад яваад өгсөн. Тэгсэн Томоогийн том ах нь болох /жинхэнэ нэрийг мэдэхгүй/, Томоогийн ээж хоёр шийдэн дээр ирсэн бөгөөд Бааяа миний нүүр хэсэгт миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би яагаад байгаа юм “Ахын дүү болиоч” гэсэн чинь Бааяа “Тайванаа ах та яагаад байгаа юм” Манай дүүгийн эхнэрийг цагдаад барьж өгөөд, яагаад байгаа юм бэ, би таныг ална шүү, нүдийг чинь ухна шүү, би хүн алаад гянданд сууж байгаад гарч ирсэн” гэж хэлээд юм ярьж суугаад миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиод яваад өгсөн.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6856 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Тайванжаргалын биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-17/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 15 цагийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны шийдэн дээр нь ганцаараа явж очиход Тайванжаргал ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой согтуу байсан. Тэр үед “манай дүүг яагаад цохиж байгаа юм бэ” гээд зүүн гараараа нэг удаа Тайванжаргалын баруун нүд рүү цохисон. Гэтэл баруун талын нүд нь хөхөрч хавдсан.Тэр үед Тайванжаргал миний баруун талын мөр орчимд нэг удаа цохисон. /хх-26-28/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,
Шүүгдэгч Б.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоол /хх-52-53/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.Б ын 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 28 дугаар байрны дээд талын сагсны шийдэн дээр иргэн Б.Тайванжаргалын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Тайванжаргал гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Б ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 29 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулах торгох ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 999 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэн, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан бол...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн тул шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б ыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Б.Б ын цагдан хоригдсон 29 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч нийт 915 нэгжтэй тэнцэх хэмжээний 915.000 торгох ялаар тогтоосугай.
4. Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 999 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 915 нэгжтэй тэнцэх хэмжээний 915.000 торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС