| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2018/0013/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 13
Б.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолтой, Б.*******т холбогдох эрүүгийн 201721000112 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 3 сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 27-ны өдрийн 124 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны Өршөөл үзүүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ******* ******* ******* ******* нь Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* ******* улсын дугаартай эксел маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. мөн дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн *******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* ******* *******ыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 201721000112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6960000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь 80 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах , хөдөлмөрлөх дадал олгох сулгалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүний эзэмшлийн престич маркын хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 08- ны өдрийн 5/47 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, Шүүгдэгч ******* ******* ******* *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан бөгөөд уг заалтад хорих ял оногдуулж тэнсэх талаар заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Б.*******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Б.*******т оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуульд шүүгдэгчид хорих ял оногдуулж тэнсэх талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад зааснаар зүйлчлэгдэх, хэргийн бодит байдал, шүүгдэгчийн гэм буруу, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэргийг хөдөлбөргүйгээр нотолж тогтоогоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийгээгүй орхигдуулж, яллагдагчид ял завшуулсан, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч хүний амь насыг санаатайгаар хохироосон байж болох нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад яллагдагч Б.*******ын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүйгээр нотолж тогтоолгүйгээр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим гэм буруугийн зарчмыг алдагдуулж, гэм буруутай этгээд ял завших боломж олгосон, хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг хүнийг санаатай алах гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан. Хохирогчийн амьсгалын замын хурц дутагдалд орсны улмаас амь насаа алдсан гэж гарсан. Талийгаачид хүч хэрэглэсэн гэдэг нь нотлогдоогүй. Хүүүхдүүд нь шүүгдэгчийн асран хамгаалалтад байсан ба хоорондоо эвлэрэх гэж яваад уг осол гарсан. Анхан шатны шүүх нь хуулийн заалтыг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.
Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг шийтгэх тогтоолд хангалттай дурдсан байдаг. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зан байдлаа зас гэж тэнссэн байдаг. Бага насны 2 хүүхэд нь эхийгээ алдсан ба шүүгдэгч хоригдвол 2 хүүхэд нь бүтэн өнчрөх байсан. Үүнийг шүүх бүрэдлэхүүн анхаарч үзнэ үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Прокурорын эсэргүүцэл, хохирогч түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд дараах байдал тогтоогдов.
1. Ховд аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчдийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаар дүгнэлтэд “...хохирогч ******* нь тархины битүү гэмтэл тархины зөөлөн бүрхүүл доторхи цус харвалт, зөөлөн эдийн няцрал авч ухаан балартсан үед бөөлжсөний улмаас амьсгалын замд хоолны агууламж орж амьсгалын замыг бөглөсний улмаас амьсгал бүтэж нас барсан байна...”гэжээ. /1 дүгээр хх-ийн 117-120 дугаар тал /
2. Шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутгах болсон үндэслэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно.”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөн гэжээ. /1 дүгээр хх-ийн 111 дүгээр тал/
Үүнээс үзэхэд хохирогчийн үхлийн шалтгаан болсон бөөлжсөний улмаас амьсгалын замд хоолны агууламж орж амьсгал бүтэж нас барсан нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогчийн биед учирсан гэмтэлтэй ямар шалтгаант холбоотойг тодруулаагүйгээс дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээ төрүүлэхээр байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөл, зам тээврийн осол хоёрын хооронд ямар шалтгаан нөхцөл байсныг тогтоох шаардлагатай байжээ.
Үүнийг тогтоосноор нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх тодруулалгүй орхигдуулсан байх тул шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэлэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд нь буцаасугай.
2.Хэрэг шүүхэд очтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Н.ТУЯА