Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0453

 

 

С.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Н нар

Нэхэмжлэгч С.Д

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 111/2021/0015/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Днь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгох”-оор маргасан байна.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: 2.1. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй

болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Иргэн С.Днь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээт дуудлага худалдаа"-нд оролцон 17,500,000 төгрөгөөр ялагч болон гэрээг байгуулж, гэрээнд заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг төлсөн тул аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар захирамжаар Нийтийн орон сууцны зориулалттай 800 м.кв газрыг эзэмшүүлсэн.

3.2. Гэвч Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 99 дүгээр байрны зүүн урд талд байршилтай нийтийн орон сууцны зориулалттай 800м.кв газарт 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр явуулсан дуудлага худалдаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-"ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа болон иргэн С.Дд газар эзэмшүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/808 дугаар захирамжаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.3. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй бөгөөд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны А/899 дүгээр захирамжаар дахин зарлагдсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаанд иргэн С.Д ялагч болон гэрээ байгуулж гэрээнд зааснаар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдааны үнэ болох 63,000,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.3 /Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө/-т гэж заасныг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүрэн төлөөгүй, мөн тус дуудлага худалдааны ялагчийн хувьд дуудлага худалдааны гэрээ байгуулсан нь анхны дуудлага худалдааг хүчингүй болсныг, аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/808 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж шүүх тус тус дүгнэсэн.

3.4. Иргэн С.Днь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/808 дугаар захирамжийг хянан үзэж хүчингүй болгох талаар өргөдөл ирүүлснийг хүлээн авч, хариуг аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1а/1201 тоот албан бичгээр хүргүүлсэн.

3.5. Дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.9-д заасны дагуу дуудлага худалдааны үнэ бүрэн төлөгдөөгүй нь тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцохоор байгаа юм.

3.6. Улмаар аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа болон иргэн С.Д-д газар эзэмшүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/808 дугаар захирамжаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.7. Мөн Аймгийн Засаг даргын 2019 оны А/12 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2017 оны А/660 дугаар захирамжийг сэргээж, 2017 оны А/808 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Тус аймгийн Засаг даргын 2019 оны А/12 дугаар захирамж нь Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчин гаргасан 2017 оны А/660 дугаар захирамжийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, илт хууль бус захиргааны акт юм. Мөн зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу дээрх актууд нь батлан гаргасан үеэс эрх зүйн үйлчлэлгүй байх тул аймгийн Засаг даргын 2019 оны А/12 дугаар захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгосон.

3.8. Иргэн С.Д-тай газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж 000017556 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосныг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгосон мөртөө одоо хүртэл уг гэрчилгээг хүчингүй болгох хуулийн нарийвчилсан зохицуулалт болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Аймаг нийслэл сум дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно"... гэсэн заалтыг баримталж шийдвэрлээгүй буюу гэрээ гэрчилгээг хүчингүй болгоогүй өөрөөр хэлбэл захирамжийн хэрэгжилтээ хангаж ажиллаагүй хууль зөрчсөн байна гэж шүүх буруу дүгнэсэн буюу шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

3.9. Учир нь "Land manager" газрын программд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээний хугацаа дууссан талаарх мэдээлэл шивэгдсэн буюу аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр захирамжийн хэрэгжилт хангагдсан байхад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт үзлэг хийхдээ гэрчилгээг хүчингүй болгоогүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу юм.

3.10. Дээрх үндэслэлүүдээр иргэн С.Д-д Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 99 дүгээр байрны зүүн урд талд байршилтай нийтийн орон сууцны зориулалттай 800 м.кв газар олгох шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Н нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

3.1. Баянхонгор аймгийн Засаг даргаас Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг 99 дүгээр байрны зүүн урд талд байршилтай нийтийн орон сууцны зориулалттай 800м.кв газарт 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээт дуудлага худалдаа" зохион байгуулж, нэхэмжлэгч С.Д нь 17.500.000 төгрөгөөр уг газрыг дуудаж, дуудлага худалдааны ялагч болсон тул гэрээ байгуулан, аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар захирамжаар тус газрыг эзэмшүүлжээ.

3.2. Гэтэл энэхүү дуудлага худалдаа нь хууль, журамд заасны дагуу явагдаагүй гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А/808 дугаар “Дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” захирамжаар дуудлага худалдааг хүчингүй болгон мөн Засаг даргын 2017 оны А/899 дүгээр захирамжаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин дуудлага худалдаа зохион байгуулсанд нэхэмжлэгч С.Д оролцон 63.000.000 төгрөгөөр ялагч болсон тул тус үнийн дүнгээр гэрээ байгуулсан байна.

3.3. Дээрх дуудлага худалдааны дараа Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Өргөдөлд хариу хүргүүлэх тухай” 1а/1138 дугаар албан бичгээр “...Өмнө зарласан дуудлага худалдаанаас 45.500.000 төгрөгийг зөрүү гарч байгаа нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирол гэж үзэж өмнө дуудлага худалдаанд дуудсан үнээр олгохоор шийдвэрлэх байна...” гэсэн албан бичгийг хүргүүлсэн бөгөөд хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/660 дугаар “Газар эзэмших тухай” захирамжийг сэргээж, 000017556 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.

3.4. Гэтэл хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай” А/394 дүгээр захирамжаар 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А/12 дугаар Газар эзэмшүүлэх эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгосонд нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3.5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, 33.2-д “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна.”, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11 дүгээр зүйлийн 11.3-д “Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө.” гэж тус тус уг харилцааг зохицуулсан.

3.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Д-гийн 17.500.000 төгрөгөөр ялагч болсон анхны дуудлага худалдааг хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А/808 дугаар захирамжаар хүчингүй болгосонтой хэргийн оролцогчид маргаагүй байх ба анхны дуудлага худалдааны эрх зүйн харилцаа нэгэнт үйлчлэлгүй, дуусгавар болсон тул нэхэмжлэгч С.Д нь 17.500.000 төгрөгийг төлөх үүрэг үүсэхгүй.

3.7. Харин дараагийн дуудлага худалдаанд С.Д нь 63.000.000 төгрөгөөр дуудаж ялагч болсон бөгөөд уг дуудлага худалдаанд үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулж, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/12 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн тул нэхэмжлэгч С.Д нь тухайн үүрэг үүссэн 63.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

3.8. Хэдийгээр Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Өргөдөлд хариу хүргүүлэх тухай” 1а/1138 дугаар албан бичгээр “...захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирол гэж үзэж өмнө дуудлага худалдаанд дуудсан үнээр олгохоор шийдвэрлэх байна...” гэж хариу өгсөн боловч энэ нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 2.1.4-д заасан “тэгш, шударга оролцоог хангасан байх” зарчим буюу бусад дуудлага худалдаанд оролцогч нарын эрхэд халдсан, гэрээний үнийн дүнг бүрэн төлөх зохицуулалтуудыг зөрчсөн тайлбар байх тул нэхэмжлэгч  дуудлага худалдааны үнийн дүнгээс чөлөөлөгдөх боломжгүй.

3.9. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж зааснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/12 дугаар захирамж нь Газрын тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тулд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Дгаас Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэхэмжлэгч С.Д-ийн Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  -“Баянхонгор аймгийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр Аймгийн засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох тухай захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА