| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1952 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Р д холбогдох эрүүгийн 1906 06300 2158 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Р .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Р нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Фейсбүүк цахим орчинд “барьцаагүй урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоно” гэх хуурамч зар үүсгэж түүний дагуу холбогдсон иргэн Б.Мөнхнаран, О.Лхагва-Очир нарт “зээл гаргуулахын тулд шимтгэл төлөх ёстой гэж” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Мөнхнарангаас 360.000 төгрөг, иргэн О.Лхагва-Очироос 300.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Лхагва-Очирын өгсөн мэдүүлэг /хх-31-32/, хохирогч Б.Мөнхнарангийн өгсөн мэдүүлэг /хх-35-36/, “Хаан” банкны мөнгө шилжүүлсэн баримт /хх-18/, Төрийн банкны депозит дансы хуулга /хх-24/, шүүгдэгч Б.Р гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-63/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Р нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Фейсбүүк цахим орчинд “барьцаагүй урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоно” гэх хуурамч зар үүсгэж түүний дагуу холбогдсон иргэн Б.Мөнхнаран, О.Лхагва-Очир нарт “зээл гаргуулахын тулд шимтгэл төлөх ёстой гэж” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Мөнхнарангаас 360.000 төгрөг, иргэн О.Лхагва-Очироос 300.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Лхагва-Очирын өгсөн: “...Би тухайн үед ажлаасаа буух гээд Сансарын клонк дээр явж байхдаа найз Б.Мөнхнарантай уулзахад “зээл бүтэхгүй байна, болилоо” гээд байж байхад эхнэр нь зээл гаргах газар олчихлоо гэхээр нь Б.Мөнхнарантай хамт тэдний гэрт очоод эхнэрийг нь аваад явж байхад “фейсбүүкээр зээл гаргадаг хүн оллоо” гэхээр нь би өөрийн гар утсаараа нөгөө зээл гаргана гэсэн хүний фейсбүүк хаяг руу орж иргэний үнэмлэхийн зургийг нь явуулсан чинь надад 10.000.000 төгрөг гарна гэхээр нь “зээлийн шимтгэл 300.000 төгрөг 12 цагаас өмнө шилжүүл, одоо хуралд орох гээд байна” гэхээр нь би өөрийн гар утаснаас интернэт банк ашиглан шимтгэл болох 300.000 төгрөгийг 108800539149 дугаартай Төрийн банкны Ариунжаргал гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд “өдөр хаанаас мөнгө гаргуулж авах уу” гэж асуухад “Шөнийн зах” гэхээр нь “Шөнийн зах” дээр ирсэн чинь биш ээ 21 дүгээр хорооллын “Шөнийн зах” дээр ир гэхээр нь тийшээ очоод ББСБ-ийг хайсан чинь тийм газар байхгүй байхаар нь дахин холбогдоод асуусан чинь миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхнарангийн өгсөн: “...Манай эхнэр анх фейсбүүкээр мөнгө хүүтэй зээлнэ гэсэн зар байхаар нь танайх ямар болзолтой бэ гэж чат бичсэн гэсэн. Тэгсэн нөгөө хүн манай банк бус нэг их бичиг баримт шаардахгүй эхний ээлжид иргэний үнэмлэхийн зургийг нь явуул гэхээр нь миний иргэний үнэмлэхийн зургийг явуулсан гэсэн. Тэгсэн чинь танай нөхөрт 15.000.000 төгрөгийн зээл гарна гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Тэгэхлээр нь манай эхнэр над дээр ирсэн. Би тухайн үед зээл хөөцөлдөөд банкин дээр явж байсан эхнэр ирээд ийм хүн зээл гаргаж байна гэхээр нь хэдэн төгрөг гарах юм байна гэж асуулгахад 12 цагаас өмнө ирж зээл гаргуулж авах юм бол хөнгөлөлттэй 5.000.000 төгрөг гаргуулах юм бол эхний ээлжид шилжүүлэх шилжүүл гэхээр нь 180.000 төгрөгийг 108800539149 дугаартай Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Тэгсэн эхнэр нэг мөсөн 10.000.000 авчих гэхээр нь 20 минутын дараа дахин 180.000 төгрөг шилжүүлсэн.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,
Хаан банкны дансны хуулга /хх-18/,
Төрийн банкны дансны хуулга /хх24/,
Шүүгдэгч Б.Р гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-63/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Б.Р нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Лхагва-Очир, Б.Мөнхнаран нарын өгсөн мэдүүлэг, Б.Р гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Р гийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Фейсбүүк цахим орчинд “барьцаагүй урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоно” гэх хуурамч зар үүсгэж түүний дагуу холбогдсон иргэн Б.Мөнхнаран, О.Лхагва-Очир нарт “зээл гаргуулахын тулд шимтгэл төлөх ёстой гэж” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Мөнхнарангаас 360.000 төгрөг, иргэн О.Лхагва-Очироос 300.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Р гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Р гаас 660.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхнаранд 360.000 төгрөг, хохирогч О.Лхагва-Очирт 300.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан заасан хорих ял шийтгэл
оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Р нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлэн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар уг хорих ялаас 5 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар “...оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлсэн...бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг хугацааг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Р гийн энэ хэрэгтээ 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Р д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Р г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Б.Р д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ялаас эдлээгүй үйлдсэн 5 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Б.Р гийн цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.Р д оногдуулсан 6 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг
нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Р гаас 660.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхнаранд 360.000 төгрөг, хохирогч О.Лхагва-Очирт 300.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Р д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Р д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС