| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00758/И |
| Дугаар | 102/ШШ2017/00734 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/00734
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/00734 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 4 дүгээр байрны 04 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Гаова /Gaowa, ПАС-Е78093223/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Их Монгол овогт Сэмжидийн Гарьд /РД-ХП79071277/-ын,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч БНХАУ-ын иргэн Гаовагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Гаова, Ц.Дэлгэрсайхан нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. Сүүлдээ утсаа салгаад алга болсон учир надад итгэмжлэл олгосны дагуу Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч тус шүүхийн шүүгчийн захирамжаар Ц.Дэлгэрсайхан нь хаягтаа байдаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
БНХАУ-ын иргэн Гаова нь надад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан болон шүүхэд хүсэлт гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон учир өөрийн оршин суугаа газрын хаягаараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Улсын Дээд шүүхийн тогтоолд итгэмжлэл авч байгаа этгээд нь зохигчийн адил эрх эдлэхээр заасан учир өөрийн хаягаар шүүхэд хандсан.
Иймээс Ц.Дэлгэрсайханыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч БНХАУ-ын иргэн Гаовагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьд нь Ц.Дэлгэрсайханыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ц.Дэлгэрсайхан нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Гаовагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаар захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 6, 8 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Гаовагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьдын хүсэлтийг хангаж, Сүж овогт Цэдэнсодномын Дэлгэрсайхан /РД-ГН66051512/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сүж овогт Цэдэнсодномын Дэлгэрсайхан /РД-ГН66051512/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагчийн хаяг: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 4 дүгээр байрны 04 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Гаова /Gaowa, ПАС-Е78093223/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Их Монгол овогт Сэмжидийн Гарьд /РД-ХП79071277/, утас-96969657.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД