Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 14

 

Д.Оргилболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогч Ц.Баянбилэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Д.Оргилболд, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Оргилболдод холбогдох эрүүгийн 1736000000049 дугаартай хэргийг хохирогч түүний өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг  үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Өтгөс овогт Дамбадаржаагийн Оргилболд нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 05-50 УБК дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Баянбилэгийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Өтгөс овогт Дамбадаржаагийн Оргилболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өтгөс овогт Дамбадаржаагийн Оргилболдыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, явган зорчигчдыг гарцаар гарахад нь туслах ажлыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өтгөс овогт Дамбадаржаагийн Ориглболд нь нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Оргилболдоос 492800 / дөрвөн сая есөн зуун хорин есөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Баянбилэгт олгож нэхэмжлэлээс 1740000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Оргилболд түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр Ц.Баянбилэгт эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл, болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаар дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл хэргийн оролцогч биш С.Пүрэвцэрэнг Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогоогүй, түүнд учруулсан хохирол болон хор уршиг байхгүй үйлдлийг дүгнэсэн.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран  өмчлөх дундын хөрөнгийг зааж өгсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч иргэний нэхэмжлэгчээр Ц.Баянбилэгийг тогтоосон байхад зам тээврийн ослоос үүдэлтэй хохиролд С.Пүрэвцэрэн гэх хүний 2016 оны мал тооллогоор 1223 толгой мал тоолуулсан гэх мал тооллогын баримт мөн малчин хөлсөлж авсан 4.000.000 төгрөг, аймгаас нүүлгэх болон хужир татсан, хөрзөн аргал буулгасан, навч ачиж буулгасан зардалд 400000 төгрөг зэрэг төлбөрийг гэм хорын хохиролд тооцсон нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч Ц.Баянбилэгт зам тээврийн ослоос үүдэлтэйгээр хор уршиг учирсан гэж шүүх дүгнэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй. Мөн С.Пүрэвцэрэнгийн өмчлөлийн мал тоолуулсан баримтанд тулгуурлан 4.000.000 төгрөг гаргасан осол ямар хуулийн зохицуулалтаар холбон гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогч Ц.Баянбилэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруутай байдалд бодит дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид хэдий хэмжээний хохирол, хор уршиг учирсаныг бодитоор тогтоогоогүй нь хуульд нийцэхгүй байна.

Хохирогч Ц.Баянбилэг эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр хүний байнгын асрамжинд хэвтрийн дэглэм сахин эмчлүүлж байна. Ц.Баянбилэгийн охин П.Золжаргал нь асаргааны зардалд сард 64000 төгрөгийн асаргааны мөнгө авч байгаа. Асаргааны зардалыг нэхэмжлэхдээ  хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 166500 төгрөгнөөс сар бүр авч буй асаргааны мөнгө 64000 төгрөгийг хасаж 102500 төгрөгийг сар бүр гаргуулах, Өөрөөр хэлбэл 102.500 төгрөгийг 12 сар буюу1.230.000 төгрөг нэхэмжилснаас асаргааны зардалд 158750 төгрөг, өвчний улмаас авч хэрэглэсэн эм тарианы үнэ 411600 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Хохирогч Ц.Баянбилэг миний бие нь гэмт хэргийн улмаас биедээ гэмтэл авч хохироогүй бол надад ийм хэмжээний хохирол учирч бүтэн жил өвчиндөө шаналан бие сэтгэлийн дарамтанд орж, ажил амьдралаа алдаж, тусдаа амьдралтай охиныхоо ажил амьдралыг алдагдуулж өөрийгөө асруулж өмгөөлөгч авч, өмгөөлөгчид хөлс төлж хохирохгүй байсан. Хохирч Ц.Баянбилэг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, бие сэтгэл, эдийн засгийн хувьд хохирч сэтгэл санааны гүн дарамтанд орж байгаа тул хэргийг хянан үзэж, надад учирсан хохирлыг Д.Оргилболдоор бүрэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтэд болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан байдаг мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байдаг. Иймд хохирогч болон түүний өмгөөлөгч шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.Оргилболд нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархйрхан багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн Тоёото карина маркийн 05-50 УБК дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Ц.Баянбилэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Оргилболд түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын” . . .анхан шатны шүүх Д.Оргилболдоос 4929800 төгрөг гаргуулснаас 4400000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй . . .” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

            Д.Оргилболдын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч , гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,шинжээчийн 27, шүүхийн шинжилгээний албаны . . .хохирогч Ц.Баянбилэгт хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаарх 493 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүх Д.Оргилболдоос хохиролд 4929800 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хохирогчийн биед учирсан / шууд / хохирлоос гадна, уг хохирлоос болж учирсан гэм хорын хохирлыг нэмж гаргуулсныг буруутгах хууль- зүйн үндэслэл байхгүй байна.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Хохирогч Ц.Баянбилэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “. . . асруулсны зардалд 158750 төгрөг, эм тарианы үнэ 411600 төгрөг нэхэмжилснээс 361050 төгрөг тус тус гаргасныг зөвшөөрөхгүй байна . . .” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн гаргах ёстой хохирлыг гаргасан байх тул түүнийг буруутгах үндэслэл байхгүй байна.

             Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Иймд шүүгдэгч Д.Оргилболд түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогч Ц.Баянбилэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хохирогч Ц.Баянбилэг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Д.Оргилболд, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Д.МӨНХӨӨ

          

Б.ДАМБА