Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0454

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Гц

Нэхэмжлэгч Б.Г

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/542 дугаар тушаалын 1 дэх заалтын цагдаагийн хошууч цол хадгалуулах гэснийг цагдаагийн дэд хурандаа гэж өөрчлөлт оруулах, 2015 онд Б/168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Г-ад холбогдох, 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг тус тус илт бусад тооцуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0837/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/542 дугаар тушаалын 1 дэх заалтын цагдаагийн хошууч цол хадгалуулах гэснийг цагдаагийн дэд хурандаа гэж өөрчлөлт оруулах, 2015 онд Б/168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Г-ад холбогдох, 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг тус тус илт бусад тооцуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/542 дугаар тушаалын 1 дэх заалтын цагдаагийн хошууч цол хадгалуулах гэснийг цагдаагийн дэд хурандаа гэж өөрчлөлт оруулах, 2015 онд Б/168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Г-д холбогдох, 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гүйцэт авч хэлэлцэхгүйгээр, түүнчлэн өөрийн сайтар ойлгохгүй байгаа асуудлаар тусгай мэдлэг бүхий шинжээч оролцуулах зэргээр асуудлыг бүрэн гүйцэт ойлголгүйгээр шийдвэр гарсан гэж миний бие үзэж байна. Тухайлбал:

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно." гэж заасан хэдий боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгчийн зүгээс "хууль бусад тооцуулах нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацааг тооцно, харин илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэсэн утгатай зөвлөмж өгсний дагуу нэхэмжлэл гаргагч миний бие дээрх зөвлөмжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрүүдийг илт хууль бусад тооцуулахаар маргасан нь эрх зүйн хувьд мухардалд хүрсэн. Өөрөөр хэлбэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ." гэснийг зөрчсөн нь тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь заалтад "анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал" гэж заасны дагуу анхан шатны шүүхээр маргааныг дахин хэлэлцүүлэх үндэслэл үүссэн гэж үзэж байна.

3.3. Шүүх шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмаар явуулах талаар Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэгт тодорхой тусгаснаас гадна уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна." 106.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана." гэж заажээ.

3.4. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана" гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус тодорхой хуулчилсан.

3.5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/542 дугаар тушаалыг хууль бусад тооцуулах талаар нэхэмжлэлдээ тодорхой дурьдаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс "цагдаагийн цол" болон "цэргийн цолны" ялгааны талаарх мэтгэлцээнийг гүйцэт үргэлжлүүлэхээс татгалзаж, хуульд заасан тодорхой үндэслэлүүд, тэр дундаа хуулийг буцаан хэрэглэх асуудлыг огт харгалзаж үзэхгүйгээр зөвхөн өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргаж байгаа нь шүүгчээс хариуцагчид хандаж, "Тэмүжингийн цол юм уу" гэж асууж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл тухайн шүүгч нь ардчилсан нам, тэр дундаа Тэмүжин гэдэг хүний шийдвэртэй санал нийлэхгүй байх эрхтэй боловч уг итгэл үнэмшлээрээ хуулийг иш үндэс болголгүйгээр шийдвэр гаргах, тэр талаарх үзэл бодлоо илэрхийлэхгүй байх үүрэгтэй гэж үзэж байна.

3.6. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс маргаан бүхий цагдаагийн ерөнхий даргын 2014 оны 350 дугаар тушаалаар олгогдсон "цагдаагийн дэд хурандаа" цол нь цагдаагийн цол мөн /эсвэл цэргийн цол/ эсэх, түүнчлэн уг цагдаагийн цолыг эдэлж байгаагүй гэх баримт байгаа эсэхийг хариуцагч тал нотолж чадаагүй байхад мэтгэлцээнийг таслан зогсоож, шийдвэрийн 4.11 дэх хэсэгт "эдэлж байсан цол гэдэгт хураалгасан цол хамраахгүй /xaмaapaxгүй гэж бичихэд техникийн алдаа гарсан байх/ юм.” гэж дүгнэсэн байх агаад эдэлж байсан цол гэдэгт хураалгасан цол хамаарахгүй гэж ямар үндэслэлээр, аль хуулийг удирдлага болгон шийдвэрлэсэн тухай үндэслэлийг дурьдаагүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тусгасан байгаа "Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны Б/542 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бусад тооцуулах" асуудлыг шийдвэрлээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.5, 121.3.7 дахь хэсэгт заасны дагуу нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Б.Гцын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Б.Г нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цагдаагийн цол олгох тухай” 742 дугаар тушаалаар Цагдаагийн ахмад, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Цол олгох тухай” 240 дүгээр тушаалаар Цагдаагийн хошууч, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлж томилох, албан тушаалын цол олгох, хүүхэд асрах чөлөөг цуцлах, олгох, албанаас чөлөөлөх, цол хураах, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах, тэтгэмж олгох тухай” 350 дугаар тушаалаар Цагдаагийн дэд хурандаа цолуудыг авсан байна.

2.2. Гэвч Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Албан тушаалын цол хураах, олгох тухай” 168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн Цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж, 2 дугаар хавсралтаар Цагдаагийн ахмад цолыг олгосон байна.

2.3. Үүний дараагаар хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/555 дугаар дугаар тушаалаар Цагдаагийн хошууч цол олгосон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/542 дугаар тушаалын 1 дэх заалтаар “...Б.Г-ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж,  цагдаагийн хошууч цол хадгалуулж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгож шийдвэрлэжээ.

2.4. Нэхэмжлэгч Б.Г нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Албан тушаалын цол хураах, олгох тухай 168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн Цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж, 2 дугаар хавсралтаар Цагдаагийн ахмад цолыг олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгож мөн даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/542 дугаар тушаалын 1 дэх заалтын цагдаагийн хошууч цол хадгалуулах гэснийг цагдаагийн дэд хурандаа гэж өөрчлөлт оруулахаар маргасанд анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

2.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх үндэслэлүүдийг тусгайлан заасан ба 47.1.1-д тухайн акт илэрхий алдаатай, түүнийг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар захиргааны акт анхнаас иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан эрх ашгийг хөндөх ёсгүй тохиолдолд тухайн акт илт хууль бус болно.

2.6. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Албан тушаалын цол хураах, олгох тухай 168 дугаар тушаал нь Хууль зүйн сайдын 2015 оны “Журам батлах тухай” А/64 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг үндэслэн албан тушаалыг хурааж шийдвэрлэсэн бөгөөд тухайн А/64 дүгээр тушаалын 2 дугаар заалтад “Хууль зүйн сайдын 2014 оны 03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэхүү журамд нийцүүлэх ба туайн олгосон цолны ½ -ийн хугацаа хүрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулиар хэрэглэж байсан цолыг олгох, харин цагдаагийн дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.7. Энэ тохиолдолд маргаан бүхий 168 дугаар тушаал утга санааны хоёрдмол утгагүй, ойлгомжтой, илэрхий алдаагүй байх ба хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас Хууль зүйн сайдын баталсан журмын дагуу уг шийдвэрүүдийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий актыг захиргааны байгууллага хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр хүчингүй болгох эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус гэсэн шаардлагаар гаргах шаардлагагүй байсан гэж тайлбарлах боловч тухайн заалт нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан заалт учир захиргааны хэргийн шүүх маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааралгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль явцад тус шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах боломжтой бөгөөд шүүхээс өөрчилсөн гэх гомдол тогтоогдохгүй байна.

2.9. Давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэл үнэмшлээр үнэлж хэргийг шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгчийн итгэл үнэмшлээрээ хуулийг иш үндэс болголгүйгээр шийдвэр гаргах үүрэгтэй гэх гомдлыг хянах үндэслэлгүй.

2.10. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 онд Б/168 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Гцад холбогдох, 2 дугаар хавсралтын ахмад цолоор гэсэн 3 дахь заалтыг цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж ахмад цол олгосон шийдвэрийг тус тус илт бусад тооцуулах шаардлагын тухайд Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 1 дүгээр зүйлийн 1.5-д “Хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэвэр тогтоолгосон алба хаагчийг чөлөөнд гарахад цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр эдэлж байсан цагдаагийн цолыг нь хадгалуулна.” гэж зааснаар энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Г нь тэтгэвэр тогтоолгохдоо дэд хурандаа цолтой байсан бол дэд хурандаа цолыг хадгалж албанаас чөлөөлөхийг даалгах боломжтой байна.

2.11. Гэтэл нэхэмжлэгч нь өмнө нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 350 дугаар тушаалаар Цагдаагийн дэд хурандаа цолтой байсан боловч нэгэнт тус цолыг 2015 оны 168 дугаар тушаалаар хураан авсан ба албанаа чөлөөлөгдөх үед хошууч цолтой байсан тул хошууч цолыг хадгалуулж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА