Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 814

 

                               Г.Батсайханы нэхэмжлэлтэй,                          

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2016/01544 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Батсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3660 дугаар захирамжаар Г.Батсайхан, Г.Золжаргал нараас 17 504 801 төгрөгийг гаргуулж, "Хөгжил финанс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Г.Батсайхан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031875 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-282а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах У.Төгсөөгийн эзэмшлийн газрыг шийдвэр гүйцэтгэгч Г.Алтансувд нь шинжээч томилж хувийн сууцыг 10 800 000 төгрөг, газрыг 4 620 000 төгрөг нийт 15 420 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3660 дугаар захирамжаар Г.Золжаргал, Г.Батсайхан нараас 17 504 801 төгрөг гаргуулж "Хөгжил финанс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 282а тоотод байрлах 72 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах У.Төгсөөгийн эзэмшлийн эзэмших эрхтэй газрын хамт 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 183/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/02 тоот тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нар нь хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар үнэлгээ тогтоолгоход хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 10 800 000 төгрөг, эзэмших эрхтэй газрын үнэлэгдсэн үнэ болох 4 620 000 төгрөг нийт 15 420 000 төгрөгөөр тогтоосон ба 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/31693, 3/31694, 3/31695 дугаар албан мэдэгдэл, хөндлөнгийн үнэлгээний байгууллагын үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 10 794 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/32743, 3/32744, 3/32745, 3/32746 дугаар албан мэдэгдэлүүдээр төлбөр төлөгч, өмчлөгч, эзэмшигч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээ үндэслэлтэй гэж үзэж байна. Би эдийн засагчийн хувьд үзэхэд барилга долоон буудлын намагтай газар байрлалтай тоосгон биш сэндвэчин барилга бөгөөд газар маш бага байсан гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй тухай нэхэмжлэгч Г.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2, 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн. Дээрх хууль зүйн үндэслэлүүд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулах зорилготой эрх зүйн зохицуулалт юм. Үүнээс үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж,  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргасан тайлбарыг бодитойгоор үнэлэлгүйгээр илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Миний бие шүүх хуралдааны явцад барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2013 онд үнэлүүлсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдаа, үйлдвэрлэлийн “ГБЗЛ" ХХК нь өртгийн хандлагаар тооцон 73 579 200 төгрөг, зах зээлийн хандлагаар тооцон 68 400 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ болон нотлох баримтын шаардлага хангуулан гаргасан үнэлгээг харьцуулан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг бодитой үнэлээгүй, бүрэн шинжлээгүй гэх бодит үндэслэлийг харуулж байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Батсайхан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3660 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Хөгжил финанс ББСБ” ХХК, хариуцагч Г.Золжаргал, Г.Батсайхан нар нэхэмжлэлийн шаардлага болох 17 382 370 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна /хх-31-32/.

Төлбөр төлөгч нар шүүгчийн захирамжид дурдсан хугацаанд төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 183/01 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 282а тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031875 дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай сэндвичен барилга, дээрх  хаягт байрлах 700 м.кв газрыг битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан /хх-30, 34, 40, 43/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагджээ.

 Нэхэмжлэгч Г.Батсайхан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний “БЭСГЭ" ХХК-ийн өртгийн хандлагаар тооцон үнэлсэн үнэлгээтэй харьцуулан дүгнээгүй гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт өмчлөгч У.Төгсөөгийн хүсэлтээр маргаж буй хөрөнгийг 2013 онд үнэлсэн “БЭСГЭ” ХХК-ийн үнэлгээний тайлан авагдсан байх боловч үүнийг 2016 оны зах зээлийн үнэлгээтэй цаг хугацаа, мөнгөний ханшны өөрчлөлтийн хувьд харьцуулан үзэх боломжгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан журмын дагуу тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар санал ирүүлэхийг үүрэг гүйцэтгүүлэгч “Хөгжил финанс ББСБ” ХХК, үүрэг гүйцэтгэгч Г.Батсайхан, Г.Золжаргал, өмчлөгч У.Төгсөө нарт мэдэгдсэн боловч талууд шинжээч томилох хүсэлт гаргасан байна /хх-47-50/.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба талуудын хүсэлтээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй /хх-51, 52/.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2016/01544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                                                                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                                   Д.БАЙГАЛМАА