Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

 

2020            9            15                                    818

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эд холбогдох эрүүгийн 2005 0214 51327 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 8, нөхөр, 2-18 насны 6 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Э.

 

Шүүгдэгч П.Э нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ОД” ХХК-ны хашаанд иргэн М.Зыг зодож, түүний биед тархи доргилт, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би тухайн компанид туслан гүйцэтгэгчээр 10 гаруй ажилчдын хамт 45 хоног инженерийн зааврын дагуу ажил хийж гүйцэтгэсэн. Гэтэл хохирогч М.З нь “ажилчдын чинь цалин өгч чадахгүй, ажилчдаа аваад яв” гэх зэргээр хэл амаар доромжилсон болохоор би хэцүү байдалд орж, хохирогч руу чулуу шидэж, хэл амаар доромжилсон. Би хохирогчоос мөрдөгч, прокурорын хажууд уучлалт гуйж, “миний дүү дансаа өгчих, хохирол барагдуулъя” гэж хэлэхэд “би 108 000 төгрөг авах гэж цагдаад гомдол гаргаагүй” гэж гэсэн. Мөн утсаар нь холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан тул хохирлыг төлж чадаагүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Тиймээс хохирол төлж барагдуулна гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч- М.З мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Байгууламж Од” ХХК-ийн хашаанд барилгын талбай дээр питон шал хийх ажлын питон суваг нь зөрж алдаа гарсан талаар Ба мэдээд уг асуудлын талаар туслан гүйцэтгэгч Булгаагаас асуухад “инженер Зын буруу, тэр ингэж хий гэсэн юм” гэж хэлсэн. Би талбай дээр очих үед гүйцэтгэгч Булгаа болон түүний эхнэр Э нар над руу “чи ингэж хий гэсэн биз дээ, чи инженер юм бол ажлаа мэдэж хийхгүй яасан юм” гэж хэлээд маргаан үүсгэсэн. Би Булгаатай маргаж байх зуур түүний эхнэр Э дундуур орж ирээд “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд надтай маргаж, намайг үсдэх гээд байсан. Тэгэхээр нь би хойшоо ухраад зугтаах явцад Ба, Булгаа нар дундуур орж ирээд бид хоёрыг хоёр тийш нь салгаад, Булгаа эхнэр Эыг цааш нь авч явсан. Э холоос над руу орилж, хашгираад  газраас атгасан гарын хэмжээ бүхий чулуу авч  над руу шидэх үед нь би бултаад оногдоогүй. Тэгсэн дахиж газраас атгасан гарын хэмжээ бүхий чулуу авч шидэх үед тус чулуу нь миний толгойн дух хэсэгт онох үед миний толгойноос нүүр хэсэг рүү цус урсаад тогтохгүй байсан. Тэгээд чи хүний толгой хагалчихлаа гэж хэлсэн чинь Э надад хандаж “яадаг юм, чамайг нэг мөр гүйцээнэ” гэж хэлээд дахиж чулуу шидсэн. Гэхдээ тэр чулуу нь оноогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирэх зуур намайг хэл амаар доромжилж бас заналхийлсэн.

Э намайг зодож, миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Намайг зодсон өдрөөс хойш миний биеийн байдлыг асууж, надтай холбоо бариагүй учир би гомдолтой байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Одоо харин би эмчилгээ хийлгэх хугацаанд ажилдаа яваагүй, өөрийн мөнгөөр эмчилгээ хийлгэсэн, бариа заслаар явж толгойгоо бариулсан, сэтгэл санааны хохирол энэ мэтчилэн Эаас нийт 3 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 19, 20-21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед барилга хариуцсан даамал Ба нь “барилгын питон цутгалт алдаатай болсон байна, яаж засах уу, чи ирэх хэрэгтэй байна” гэхээр нь би Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Од” ХХК-ийн байгууламжинд байх шалны цутгалтан дээр ирсэн. Намайг ирэхэд даамал Ба, бригад хариуцсан дарга Булгаа, инженер З, Ү нар ирсэн байсан. Би алдаа шалгаж байхад Булгаа, инженер З хоёр хоорондоо хэрүүл хийж эхэлсэн. Би тэр хоёрын хэрүүлийг намдааж байхад Булгаагийн эхнэр Э хүрч ирээд Зтай хэрүүл хийж эхэлсэн. Булгаа болон Ба нар тэр хоёрын дундуур орж хэрүүлийг болиулах гэхэд Булгаагийн эхнэр Э газраас атгасан гарын хэмжээ бүхий чулуу авч З руу шидэхэд З тус чулуунаас бултсан. Тэр хоёрыг болиулах гээд Ба Булгаа хоёр дундуур нь орж хоёр тийш нь салгаад тэр хоёрын хооронд 2-оос 3 метрийн зай гарсан байх үед Э газраас дахин атгасан гарын хэмжээ бүхий чулуу авч З руу шидэхэд дух хэсэгт нь оносон. Зын духнаас нүүр хэсэг рүү нь цус ихээр урсаж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, З Э хоёрыг цагдаагийн байгууллага руу аваад явсан гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Ф.Ү мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед барилга хариуцсан даамал Ба нь “барилгын питон цутгалт алдаатай болсон байна, чи ир” гэхээр нь барилга дээр явж очсон. Намайг очих үед бригад хариуцсан дарга Булгаа, инженер З, Б, Ба нар байсан. Цутгалтын алдаа гарсан байна гэж Ба хэлэхэд З, Булгаа хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэд хоорондоо хэрүүл хийгээд байж байхад Булгаагийн эхнэр Э нөхрөө өмөөрөн Зтай хэрэлдээд эхлэхээр нь би машиндаа очиж суугаад тэд нарыг харж байсан. З, Э хоёрын хэрүүлийг болиулах гээд Булгаа, Ба хоёр голоор нь орж холдуулахад Э З руу чулуу авч шидээд толгой хэсэгт нь онож харагдсан. Зын толгойноос цус гарч байхад Э “чамайг би гүйцээнэ” гэж хэлээд орилоод байсан гэжээ. (хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Т.Ба мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Од” ХХК-ийн хашаанд хийсэн барилгын питон цутгалт алдаатай болсон учир би 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зургийн автор Б, /88002824/ зургийн актор Ү /84828144/, талбайн инженер З, тэнд ажилласан бригадын ахлах Булгаа нарыг дуудсан. Тэд нар 10 өнгөрөөгөөд алдаатай цутгалт хийсэн талбай дээр ирсэн. Би алдааг яаж засах талаар зургийн автор Бтой ярилцаж байгаад уг цутгалтыг гардаж хийсэн Булгаа, З нарт хандан “энэ алдааг засах гэхээр мөнгө их орох гээд байна, хэн энийг хариуцах юм” гэж хэлсэн чинь З, Булгаа хоёр хоорондоо маргаад биенээ хэл амаар доромжлоод эхэлсэн. З, Булгаа хоёр хэрэлдэж байхад Булгаагийн эхнэр Э хажуугаас нөхрөө өмөөрч, Зтай хэрүүл хийж эхэлсэн. Хэрүүл хийж байхад Булгаагийн эхнэр Э газраас атгасан гарын хэмжээтэй чулуу авч З руу шидэхэд З бултаад уг чулуунд оногдоогүй. Нөхөр Булгаа нь эхнэр Эаа “боль” гээд цааш нь аваад явахаар нь би Зыг түлхээд холдуулсан. Тэр хоёр нэгнээсээ 2 метр орчим холдоход Э дахиж газраас атгасан гарын хэмжээ бүхий чулуу авч шидэхэд Зын нүүр хэсэг рүү нь онож, цус нь урсаж фудволк нь битүү цус болсон. Тэгээд Б З хоёр нэг нь цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд З, Э хоёрыг аваад явсан гэжээ. (хэргийн 30-31 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7233 тоот дүгнэлтэд:

1. М.Зын биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

П.Э эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч П.Э нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” ХХК-ийн хашаанд хохирогч М.Зтай маргалдаж, түүний биед тархи доргилт, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Зын мэдүүлэг, гэрч Б.Б, Ф.Ү, Т.Ба нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7233 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 108 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж, эмчилгээ хийлгэх хугацаанд ажилдаа яваагүй, эмчилгээ хийлгэсэн, бариа засал хийлгэж, толгойгоо бариулсан, сэтгэл санааны хохирол гэж П.Эаас нийт 3 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.  

 

Хохирогч М.Зд энэ гэмт хэргийн улмаас 108 000 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар нотлогдож байх тулд П.Эаас 108 000 төгрөг гаргуулж, хохирогч М.Зд олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч М.З нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг П.Эд  даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арвантаван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар П.Эаас 108 000 төгрөг гаргуулж, хохирогч М.Зд олгосугай.

 

6. Хохирогч М.З нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

            9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН