Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 819

 

 

 

 

 

 

 

 

2020           9            15                                         819

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /0642/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Сартуул овогт Цэдэнбалын Отгонбаярт холбогдох эрүүгийн 2005023761306 дугаартай хэргийг 2020 оны 09 дугаар сарын 09- ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехникийн коллежийн 3 дугаар курст сурдаг, сард 350 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх,  дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 27 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УП 02241436, Сартуул овогт Цэдэнбалын Отгонбаяр.

 

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Саруулсайханы нүүрэн тус газар цохиж эрүү ясны хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Ц.Отгонбаяр мэдүүлэхдээ:

Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд найз Алтаншагайг өмөөрч ийм хэрэг хийсэн. Манай ар гэрийн зүгээс хохиролд 800 000 төгрөг төлсөн. Мөн өнөөдөр хохиролд 200 000 төгрөг төлөхөөр авч ирсэн. Энэ хэрэг миний буруутай үйлдлээс болсон. Одоо манай хичээл эхэлж, ангийнхан дадлага хийж байгаа. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Саруулсайхан мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 28-нд би Мөрөн, Мөнгөншагай, Амартүвшин нарын хамт дэлгүүр орж хувцас аваад Мөнгөншагай хүмүүстэй утсаар яриад байсан. Тэгээд ирээд бид нарыг ангийнхаа найзуудтай танилцуулъя гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт дагуулж очсон. Хэсэг хүүхдүүдтэй танилцаад хамт архи, пиво уухаар болсон. Нэг залуу нь савтай 2.5 литрийн 2 пиво авч ирээд, нэг пиво сааданд уусан. Тэгээд танилцсан залуучуудтайгаа бөөнөөрөө дээшээ яваад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр очоод нэг пиво уусан. Дахиад дэлгүүрээс нэг 2.5 литрийн савтай пиво аваад нэг шил архи авсан. Би пивоноос 2 аяга уусан. Дахиж уугаагүй. Тэгээд Амартүвшингийн ах нь Өнөө, Шагай гэх хоёр найзтайгаа Амартүвшинг авахаар ирсэн. Тэгэхэд Мөнгөншагай, Амартүвшингийн ах Түвшээ гэх залуутай юунаас болсон юм мэдэхгүй маргалдаад заамдалцаад байж байхад Амартүвшин ахыгаа өмөөрөөд уурласан. Тэгэхэд цаанаас нэг өндөр, малгайгаа буруу харуулж өмссөн залуу Амартүвшингийн нүүр хэсэгт нь цохисон. Тэгэхэд Амартүвшингийн хажуунаас нүүр болон толгойны хажуудаа шивээстэй залуу нь архины шил аваад толгой руу нь цохиход Амартүвшин газар унасан. Тэгэхэд Түвшээ архины шилээр цохисон шивээстэй залуугийн толгойны зүүн талд нь архины шилээр цохиход шил нь хагарсан. Тэгээд зугтаах гээд сааднаас гарахад цаанаас нэг хар бэлтгэлийн цамцтай байсан Отгонбаяр гэх эрэгтэй ирээд намайг чи мөн үү гэсэн. Би юу гэхэд шууд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Миний эрүү эвгүй болоод нүүрээ дараад доошоо газар унахад миний амнаас цус гараад байсан. Отгонбаяр миний нуруу руу өшиглөсөн. Тэр үед цаанаас нь хэнийг нь харж чадаагүй, нэг залуу миний бөгс хэсэгт өшиглөсөн. Би босоод Мөрөнг дагуулаад зугтаасан. Тэгэхэд Амартүвшин ахтайгаа хоёр найзтайгаа бас зугтаасан. Тэгээд эргээд харахад араас уг залуучууд хөөгөөд ирж байсан. Бид нар зугтааж байхад Мөрөн бүдэрч унаад баригдсан. Бусад нь зугтаасан. Мөрөнг уг залуучууд зодохоор нь цагдаа дуудаад, би буцаж очоод миний эрүү хугарчихлаа гэж хэлсэн. Тэгээд уг залуучууд цаашаа явсан. Би Мөрөн, Амартүвшин нарын хамт явсан. Цагдаа нар ирээд машинд суугаад явж байх үед уг залуучуудын өндөр залуу, бас нэг залуу, нэг охины хамт гурвуулаа явж байсан. Тэднийг цагдаа нар машинд суулгаад намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч, үзүүлээд би цагдаагийн газар ирж өргөдөл гаргасан. Эмнэлэгт үзүүлсэн, хагалгаа хийлгэсэн, эм авсан нийт 964 951 төгрөгийн баримт хүлээлгэн өгсөн. Үүнээс 800 000 төгрөгийг Отгонбаярын талаас надад манай эмээгийн данс рууу 300 000 төгрөг болон 500 000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлж өгсөн. Эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 14-15, 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Тэмүүлэн мэдүүлэхдээ:

...зодуулсан гэх О.Саруулсайханы ах, зүс танихгүй залуу өөр гурван хүний хамт ирээд өөрийн дүү болох О.Саруулсайханыг зодсон. Тэгээд бид нар дээр ирээд “та нар яагаад архи уугаад байгаа юм, манай дүү нартай битгий архи уу” гэсэн бөгөөд хажуу талын сааданд 5-10 минут болсны дараа О.Саруулсайханы ах буцаж ирэхэд би цаад талд нь бие засаж байсан. Тухайн сааданд байсан хүмүүс хоорондоо зодолдоод эхэлхэд би тэр зодооныг салгах гэж оролдсон гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Амартүвшин мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 28-нд Саруул, Мөрөн бид гурав Бозоло дэлгүүрээс хувцас аваад явж байгаад Мөнгөншагайтай уулзсан. Мөнгөншагай найз нартайгаа уулзуулъя гээд хамт яваад Өргөө кино театрын ард машин угаалгын газар очоод Мөнгөншагайгийн найз нартай танилцаад угаалгын гадаа сааданд хоёр 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд уг хүүхдүүд пиво авч өгье, манай саад руу очъё гээд Энхбаярын сааданд суугаад хоёр 2.5 литрийн пиво, Хараа нэртэй архи дахиад бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд Мөнгөншагай манай ах Түвшинбаяр руу залгаад хүрээд ир гээд дуудсан. Түвшинбаяр ах ирэхэд Мөнгөншагай, Түвшинбаяр ах руу томроод дайраад байсан. Тэгээд би Мөнгөншагайд “чи манай ах руу яагаад томроод байгаа юм бэ” гэхэд цаанаас нь өндөр, саарал шоорттой, саравчтай малгайтай, цэнхэрдүү даавуун цамцтай залуу ирээд гараараа миний баруу шанаа хэсэгт цохисон. Би зууралдаад газар унасан. Тэгээд ах болон найз нар салгасан. Би босоод зогсож байхад хажуунаас хэн нь мэдэхгүй нэг залуу миний толгой руу архины шилээр цохисон. Тэгээд би сандраад газар суучихсан байх үед Өнөболд ирж намайг босгоод явъя гэсэн. Тэр үед Саруул газар унасан байсан. Хэнд зодуулсныг нь хараагүй. Тэгээд Саруулыг босгоод бид нар зугтаасан. Гэтэл араас уг залуучууд хөөж ирээд Мөрөнг газар унасан байхад нь бөөнөөрөө зодоод байсан. Би Мөрөнг авах гээд буцаад очиход 4 залуу нь намайг нийлээд тал талаас цохисон. Хэн нь мэдэхгүй нэг нь миний хамар луу цохисон. Тэгээд цагдаа дуудсан гэхэд бүгд зугтаагаад явсан. Цагдаа нар ирээд Саруултай уулзсан бөгөөд би Мөрөнтэй хамт гэр лүүгээ явсан гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-А.Тэмүүжин мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 28-нд Алтаншагайгийн ажилладаг Өргөөгийн ард байдаг угаалгын газрын гадаа Алтаншагайг хүлээгээд Отгонбаяр, Тэмүүлэн, Төгсөө, Тогтуунбилгүүн, Бамбу/Баярцэнгэл/, Анударь, Алтанзагас бид байж байсан. Тэгээд над руу Мөнгөншагай залгаад “3 найз нартайгаа уугаад явж байна, уулзаж ууя” гэхээр нь би Төгсөөд утсаа өгсөн. Тэгээд Төгсөөтэй яриад Мөнгөншагай, 3 найзтайгаа ирсэн. Мөнгөншагай, 3 найзтайгаа Тогтуунбилгүүн, Отгонбаяр, Төгсөө, Бамбу нар 3 пиво уух гээд угаалгын гадаа үлдсэн. Би Алтаншагай, Тэмүүлэн, Анударь нартай хамт Тэмүүлэнгийн машиныг гэрт нь хүргээд бараг нэг цагийн дараа ярихад Энхбаярын зам өгсөөд сааданд байна гэхээр нь Алтаншагай, Тэмүүлэн, Анударь бид нар очсон. Мөнгөншагай 3 найзтайгаа Тогтуунбилгүүн, Отгонбаяр, Төгсөө, Бамбу нар пиво уучихсан задлаагүй 2 том 2.5 литрийн пиво байсан бөгөөд бид нар уг пивийг хувааж уусан. Гэтэл нэг залуугийн ах нь гээд залуу ирээд дүүгээ алгадаад, Мөнгөншагайтай маргалдаад орилолдоод байсан. Тэмүүлэн очоод ах нь гэх залуутай барилцаж аваад маргалдаад байхаар нь би “боль” гээд голоор нь ороод салгаж байхад хэн нь мэдэхгүй нэг нь миний ар дагз хэсэг рүү гараараа цохисон. Би урагшаа газар унаад нүүрээ дараад хэвтсэн. Тэгэхэд намайг тал талаас цохисон ба хэн нь хаашаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд босоход Мөрөн хажууд байсан ба би нэг удаа цохисон. Гэтэл араас хэн нь мэдэхгүй нэг нь цохисон бөгөөд би дахиад газар унасан. Тэгээд дахиад тал талаас цохисон. Нүүрээ дараад хэвтэж байхад шил хагарсан. Намайг босоход манай найз нар зугтаагаарай гээд зугтаасан. Тэгээд буцаад ирэхэд уг маргалдсан хүүхдүүд зугтаасан байсан ба манай найз нар араас нь гүйсэн. Би Анударьтай хамт араас нь очиж байхад Анужин гэх охин цагдаа дуудсан гэж байсан. Цаанаас нэг хар хувцастай эрэгтэй нь “энэ хэд миний эрүүг хугалчихлаа” гэсэн. Тэгээд бүгд тараад би Тэмүүлэн, Анударь хоёртой хамт явж байхад араас цагдаа нар уг эрүү нь хугарсан гэх залуутай хамт явж байсан. Уг залуу Тэмүүлэн, Анударь бид гурвыг хараад зодсон хүүхдүүд биш байна. Өөр залуу байгаа, хамт явж байсан гэсэн. Тэгээд бид нар цагдаагийн газар ирсэн гэжээ (хэргийн 23-24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Э.Мөрөн мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 28-нд Амартүвшин, Саруулсайхан бид гурав Бозоло дэлгүүрээс хувцас авч байхад Мөнгөншагай ирсэн. Тэгээд бид нар хамт гараад би үсээ засуулаад Амартүвшингийн ах нь Цуйван хауст байна гэхээр нь уулзчихаад гарсан. Мөнгөншагай найз нартайгаа танилцуулна гээд бид нар Өргөөгийн арын авто угаалга дээр очиход 7-8 залуучууд байсан. Тэгээд Амартүвшин, Саруулсайхан, Мөнгөншагай болон танилцсан 4 залуу бид нар уг угаалгын газрын хажууд 2 том 2.5 литрийн пиво уусан. Тэгээд Энхбаярын замаар өгсөөд сааданд суугаад 7-8 залуу бид нар дахиад нэг пиво уугаад, нэг шил архи уусан. Тэгээд юм яриад сууж байхад Мөнгөншагай Амартүвшингийн ах руу нь утсаар яриад маргалдаад байсан. Гэтэл Амартүвшингийн ах Түвшинбаяр ирээд Амартүвшинг “чи яагаад архи уугаад байгаа юм” гээд алгадсан. Тэр үед Мөнгөншагай Түвшинбаяртай маргалдаад Амартүвшин Мөнгөншагайг “чи манай ахыг яагаад байгаа юм” гээд байж байхад цаанаас өндөр хар хувцастай залуу ирээд Амартүвшинг алгадсан. Тэгээд Түвшинбаяр уг Амартүвшинг алгадсан залуутай манай дүүг алгаддаг хэн бэ гээд маргасан. Хар хувцастай залуу саарал цамцтай залуу хоёр цохиж байхаар нь саарал цамцтай залууг нь жийж унагаагаад хар хувцастай залууг нь татаад холдуулсан. Тэгэхэд Түвшинбаяр толгойдоо шивээстэй залуутай зодолдоод нэг нэгнээ цохиж байсан. Түвшинбаярыг боль гээд дагуулаад бид нар зугтаасан. Би бүдэрч унаад толгойгоо дараад хэвтсэн. Нэг сэргэхэд Түвшинбаяр, Саруулсайхан, Өнөболд, Мөнгөншагай нар хажууд ирсэн, Саруулсайхан намайг татаад босгосон. Тэгээд миний эрүү хугарчихлаа яах уу гэхэд амнаас цус гараад урсаж байсан гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас )

 

Мөрдөн байцаалтанд гэрч- М.Тогтуунбилгүүн мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 28-нд Төгсбаяртай уулзаад хамт сагс тоглож байхад Тэмүүжин ирсэн. Тэгээд бид гурав Тэмүүлэнтэй уулзаад Алтаншагайгийн ажилладаг угаалгын газар очоод Алтаншагайг хүлээгээд байж байхад Мөнгөншагай хамт пиво ууя гээд 3 найзтайгаа ирсэн. Бид Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сааданд очоод пиво аваад Төгсбаяр, Тэмүүлэн, Тэмүүжин, Отгонбаяр бид нар болон Мөнгөншагай хамт ирсэн найз нартай нь ууж байсан. Гэтэл араас Алтаншагай, Амартайван, Баясгалан нар ирээд Амартайван, Баясгалан хоёр буцаад явсан. Удалгүй Мөнгөншагайгийн найзын ах нь гээд 3 залуу ирсэн. Мөнгөншагайг заамдаад зууралдахад Тэмүүлэн боль гээд орилсон. Нэг харахад ах нь гээд цагаан цамцтай залуугийн доор орчихсон цохиулж байхад Төгсбаяр салгасан. Тэр үед Бамбу хажууд нь нэг шар цамцтай өндөр залууд цохиулсан байсан. Би уг шар цамцтай залууг нь салгаад тайвшир гээд байж байхад Тэмүүлэнг цагаан цамцтай ах нь гээд байгаа залуу хоёр найзтайгаа унагаагаад зодож байсан. Тэгэхээр нь би салгахад Тэмүүлэн босоод зугтаасан. Ах нь гээд байгаа цагаан цамцтай залуу намайг заамдаад би бас түүнийг заамдахад миний цамц тайлагдаад салахад уг цагаан цамцтай залуу цаашаа зугтаасан. Би зогсож байхад Тэмүүлэн Төрболд, Батнаран гэх хоёр найзыгаа дагуулаад ирсэн. Тэгээд бид нар араас нь хөөхөд нэг нь бүдрээд унасан. Би гүйж байсан  хүүхдүүдийг хөөгөөд гүйж байхад ард Бамбу газар унасан залууг өшиглөсөн. Тэгээд Батнаран, Төрболд, Тэмүүлэн бид нар зугтааж байсан хүүхдүүдийн араас хөөж байгаад Батнаран, Төрболд, Тэмүүлэн нар ирээд бөөнөөрөө байж байхад Саруул гээд эрүү нь хугарсан байсан залуу ирээд “миний эрүүг хугалчихлаа, намайг цохичихлоо” гээд эрүүгээ барьчихсан ирсэн. Бамбу очоод найз нь ойлгож байна, танай найз нар ямар муухай юм бэ гээд уулзаад салсан. Төгсбаяр, Отгонбаяр, Алтаншагай, Төрболд, Батнаран бид нар очоод байж байхад Алтаншагайг гэрээс нь дуудаад гэрлүүгээ явсан. Тэгээд Төгсбаяр, Отгонбаяр, Төрболд, Батнаран, Тэмүүлэн рүү залгахад цагдаагийн газар байна хүрээд ир гэсэн гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 8856 тоот дүгнэлтэд:

1. С.Саруулсайханы биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.  Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Отгонбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2020 оны 7 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Саруулсайханы  нүүрэн тус газар цохиж, эрүү ясны хугарал бүхий гэмтэл үүсгэж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Саруулсайхан, гэрч Г.Амартүвшин, А.Тэмүүжин, Э.Мөрөн, М.Тогтуунбилгүүн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 8856 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Ц.Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 961 631 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 800 000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 200 000 төгрөг тус тус төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч С.Саруулсайхан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Барилгын политехникийн коллежийн 3 дугаар курст сурдаг, одоо үйлдвэрлэлийн  дадлагад гарсан байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Сартуул овогт Цэдэнбалын Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ц.Отгонбаярт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Отгонбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Отгонбаяр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч С.Саруулсайхан нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Отгонбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН