Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

 

 

 

2020       09       15                                             820

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч: Б.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /1697/ нарыг оролцуулж,тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ст холбогдох эрүүгийн 2002003900250 тоот дугаартай, хавтаст хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Боловсрол телевизэд эвлүүлэгч, графикч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, өвөө, дүү нарын хамт С. 

 

             Шүүгдэгч Б.С нь 2020 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 10 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 114.3014 грамм цэвэр жинтэй  “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.С мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр утсандаа программ суулгачихаад гэр рүүгээ харих замдаа үйлдвэр комбинатын хөшөөтэй автобусны буудал дээр буухад миний гэдэс эвгүйрхэж, базлаад байхаар нь автобусны буудлын хойно хүнгүй нэхмэлийн үйлдвэрийн грашууд байдгийг мэддэг болохоор очоод хүндэрч байтал миний урд цэнхэр ууттай, уутнынх нь ам нээттэй зүйл байсан. Түүнийг очоод хартал “өвс” гэх нэршилтэй бодис мөн байхаар нь цэнхэр ууттай зүйлийг цүнхэндээ хийж гэртээ аваачиж, хэрэглэж үзсэн. Би “өвс” гэх нэршилтэй бодис олсон газраа нүдний шилээ үлдээсэн байсан учир буцаж очоод нүдний шилээ аваад явах гэж байтал 2 хүн ирээд “Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс явж байна. Чиний биед үзлэг хийнэ” гэж хэлээд миний биед үзлэг хийсэн. Би өвс хэрэглээд удаагүй байсан тул миний шээснээс “өвс” гэх нэршилтэй бодис илэрсэн. Тиймээс би үнэн учраа цагдаа нарт хэлж “би сая грашны хажуугаас ууттай зүйл олоод, гэртээ аваачиж тавьсан. Одоо гаргаад өгье” гээд гэр рүүгээ очоод “өвс” гэх нэршилтэй зүйлийг ууттай хэвээр нь цагдаа нарт гаргаж өгсөн. Уг сэтгэцэд нөлөөт мансууруулах өвс гэх зүйлийг хэрэглэж үзэхэд надад таалагдаагүй. Өмнө нь хүмүүс сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис хэрэглэхээр инээдэг гээд байсан болохоор гэртээ аваачиж хэрэглэж үзсэн. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа ээждээ тусалж, дүүгээ сайн харна гэв.

            2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлд:

...Б.Ст “танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж, хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэхэд Б.С нь “миний биед ямар нэгэн хууль бус, мансууруулах төрлийн бодис байхгүй, би гэрт байсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодисоо өөрийн санаачилгаар бүгдийг нь гаргаж өгсөн. Би гэрт байсан өвснөөсөө өнөөдөр ганцаараа хэрэглэсэн гэжээ. (хэргийн 4 дүгээр хуудас)

 

            2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Алтай хотхоны 10 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарын 36 тоотод үзлэгийг явуулав. ...танай гэрт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон түүнийг хэрэглэхэд ашигладаг эд зүйл байгаа эсэхийг асуухад “өвс байгаа” гээд өөрийнхөө өрөөний зүүн урд буланд байгаа бор өнгийн шүүгээний тавцан дээр улаан кант бүхий гялгар уутанд боосон ургамал мэт зүйлийг заасныг 1 гэж дугаарлаж, цахилгаан жин дээр жинлэхэд 6.7 грамм, түүний хажууд байсан гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг 2 гэж дугаарлан жинлэж үзэхэд 6.5 грамм, мөн бөөрөнхийлж хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас зэргийг 3 гэж дугаарлан хурааж авлаа. Уг өрөөний шүүгээ, ор, цонхны тавцанд нэг бүрчлэн үзлэг хийхэд өөр зүйл илрээгүй. Уг өрөөнөөс гарч урд талын том өрөөнд орж буйдан, гал тогоо, шүүгээ зэрэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой эд зүйл илрээгүй. Ертөнцийн зүгээр зүүн тийш харсан тагт дээр гарч үзлэг хийхэд “Vita” цэвэр усны саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийг 4 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 12.78 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлд:

-ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/,

3 минутын дараа тестийн савны 2 талын нийт 10 ширхэг баганы ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

2020 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:

       1. Улаан цагаан өнгийн судалтай гялгар ууттай өвс ургамал мэт зүйл ногоон өнгийн хатсан, нунтаг шинж байдалтай цэвэр жин 5.3711 грамм байна.

2. Ямар нэгэн бичиглэлгүй, өнгөгүй, гялгар ууттай өвс ургамал мэт зүйл нь ногоон өнгөтэй, хатаж нунтагласан шинж байдалтай байх бөгөөд цэвэр жин 4.4941 грамм байна.

3. Мөнгөлөг өнгийн тугалган цаасны тасархай нь гол хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон байна.

4. AR7935487 серийн дугаартай 500 төгрөгний мөнгөн дэвсгэрт нь зах ирмэгээрээ харлаж шатсан, бөөрөнхийлж хуйлсан шинж тэмдэгтэй байна.

5. Vita гэсэн бичигтэй хуванцар савны амсар хэсгийг зүсч онгойлгосон, дотор нь өвс ургамлын үртэс мэт зүйлээр бохирлогдсон байна.

6. Ямар нэгэн бичиггүй, зиплок түгжээ бүхий гялгар уутанд хуванцар саван доторх ургамал мэт зүйлийг савлаж хийсэн байх бөгөөд, нихүүн хурц үнэртэй, нойтон, ялзарч муудсан байдалтай цэвэр жин нь 103 грамм болж байна. Үзлэгээр өөр ач холбогдолтой зүйл илрээгүй гэжээ.  (хэргийн 28 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4121 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн улаан алаг гялгар ууттай ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйл, хар өнгөтэй зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, “АТ0131024” серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, /AR7935487/ серийн дугаартай 500-ын мөнгөн дэвсгэрт, “4” гэж дугаарласан ‘VITA’ гэсэн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл тус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн улаан алаг гялгар ууттай ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйл, хар өнгөтэй зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, “АТ0131024” серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, /AR7935487/ серийн дугаартай 500-ын мөнгөн дэвсгэрт, “4” гэж дугаарласан ‘VITA’ гэсэн шошготой хуванцар савтай ургамал мэт зүйл тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’ конвенцийн  жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээнийн үндэсний хүрээлэгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 4122 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “С 2020.07.23” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “С 2020.07.23” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэжээ. (хэргийн 50-51 дүгээр хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 762 тоот дүгнэлтэд:

1. Б.С нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.С нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.С нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 7 дугаар сарын 23- 24-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Б.С нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Б.Ст эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Б.С нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудасанд:

Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Б.С нь 2020 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 10 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 114.3014 грамм цэвэр жинтэй  “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4121, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 4122 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгасан, Нийслэлийн прокурорын газраас Б.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрзүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

1. Улаан эрээн уутны хамт 6.6739 грамм, цэвэр жин 5.5605 грамм, үүнээс шинжилгээнд дээж авч, үлдсэн 5.3711 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис,

2. Өнгөгүй гялгар уутны хамт 6.4845 грамм, цэвэр жин 4.7409 грамм, үүнээс шинжилгээнд дээж авч, үлдсэн 4.4941 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис,

3. “VITA” гэсэн бичиглэл бүхий хуванцар савны хамт 129 грамм, цэвэр жин нь 104 грамм, үүнээс шинжилгээнд дээж авч, үлдсэн 103 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгах,

“АТ0131024” серийн дугаартай 50-ын мөнгөн дэвсгэрт, “AR7935487” серийн дугаартай 500-ын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Сыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаарзүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ст хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

            3. Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

-улаан эрээн уутны хамт 6.6739 грамм, цэвэр жин 5.5605 грамм, үүнээс шинжилгээнд дээж авч, үлдсэн 5.3711 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис,

-өнгөгүй гялгар уутны хамт 6.4845 грамм, цэвэр жин 4.7409 грамм, үүнээс шинжилгээнд дээж авч, үлдсэн 4.4941 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис,

-“VITA” гэсэн бичиглэл бүхий хуванцар савны хамт 129 грамм, цэвэр жин нь 104 грамм, үүнээс шинжилгээнд дээж авч, үлдсэн 103 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгаж, “АТ0131024” серийн дугаартай 50-ын мөнгөн дэвсгэрт, “AR7935487” серийн дугаартай 500-ын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН