Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 828

 

 

 

 

 

 

 

 

   2020            9            21                                    828

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Будхүү, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн От холбогдох эрүүгийн 1905006770780 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 2 нас, 5 сартай хүүхдийн хамт О.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид-Эрдэнэ” зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Б.Мын Самсунг Галакси Эс-6 Эджэ, Самсунг нөүт-2 загварын гар утас, Гайа маркийн авто машины түлхүүр, бэлэн 40 000 төгрөг, иргэн С.Нгийн Самсунг Галакси Эс-7 Эджэ, Айфоне-6 загварын гар утас, иргэн П.Гын Самсунг Гранд-2 загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас бусдад нийт 988 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.О мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр М над руу 12 цагийн үед залгасан бөгөөд “буудалд 2 найзтайгаа байна, хүрээд ир” гээд намайг дуудсан. Тэгэхэд нь би “найзад нь мөнгө байхгүй” гэхэд “такси бариад хүрээд ир, мөнгийг нь би өгье” гэж хэлэхэд нь би очсон. Намайг очиход тэр буудалд хоносон гээд хоёр эрэгтэй найзтайгаа хамт байсан. Би оролгүйгээр гадаа хүлээж байтал буудлын цаг дууссан байна гээд хажуу талын өрөө рүү орсон. Тэгээд тэд архи уухаар болсон. Би архи уудаггүй болохоор “найз нь пиво ууна” гэж хэлээд Мын найз гэх залуутай хамт гарч хоёр том пиво авсан. Тэгээд шөнө 4 цагийн үед тэд нар унтацгаасан. Би сүүлд нь үлдээд согтуудаа цүнхэн дээр байсан гар утаснуудыг аваад гарсан. Буудлаас гараад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо ломбардад Эс-7 маркийн  утсыг 100 000 төгрөгөөр тавьсан. Тэгээд хүнсний 4-т байдаг найзындаа ороод унтсан. Үлдсэн хоёр гар утасны нэгийг нь би найздаа өгсөн. Харин Айфон 5 маркийн  гар утсыг 5 000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн. Эс-6 маркийн  утсыг ломбардад тавьсан. Дараа нь Мтой Саппорогийн ард байдаг буудалд таарсан. Нөхөртэйгөө хамт явж байсан. Тэгээд нэг шил архи аваад буудалд орсны дараа М гар утаснуудаа авъя гэж хэлсэн. Авсан утаснуудаас нэг гар утас нь байсан болохоор тэр гар утсыг нь өгсөн. Үлдсэн утаснууд байхгүй байсан болохоор өгч чадаагүй. Манай хүүхэд зүрхний цоорхой өвчтэй учир агаарт байх шаардлагтай гэсэн тул би Сэлэнгэ рүү хүүхдээ аваад явсан. Сэлэнгэ аймагт 3-4 сар болсон. Сүүлд нэг залуутай хамт амьдрах болсон учраас гэртээ очоогүй 3-4 сар гадуур байсан. Согтууруулах ундааны зүйлийг би 7 хоногт 1-2 удаа хэрэглэдэг байсан. Хохирлын үнийн дүнг зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна. Хохирол төлбөрийн дүнд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.М мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз С.Н, П.Г нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” нэртэй зочид буудалд хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 26-ны өдөр 13 цагийн үед танил О нь над руу залгаад хүрч ирсэн. Бид түүнийг ирэхээр нь пиво ууцгааж байгаад унтацгаасан. Орой 19 цагийн үед би болон найз Н, Г нар сэрэхэд О байхгүй байсан. Би тухайн үед өөрийн гар утсаа хайтал алга болсон байсан бөгөөд Н, Г хоёрын гар утас бас байхгүй байсан. Бид өдөр нь унтаж амрахынхаа өмнө өрөөгөө солиод хажуугийн 201 дугаарын өрөөнд орсон. Тэр үед бидний эд зүйлс бүрэн байсан. Би 2017 онд 270 000 төгрөгөөр гар утас худалдааны Тэди төвөөс Самсунг Нөүт-2 загварын гар утсыг, 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр 320 000 төгрөгөөр гар утас худалдааны Тэди төвөөс Самсунг Эс-6 Эджи загварын гар утсыг, 2018 оны 8 дугаар сарын эхээр 430 000 төгрөгөөр гар утас худалдааны төвийн Тэди төвөөс Самсунг Эс-7 Эджи загварын гар утсыг, Айфоне-6 загварын гар утсыг 250 000 төгрөгөөр манай найз Н ажлынхаа хүнээс тус тус худалдан авч байсан. Г Самсунг гранд маркийн гар утастай байсан. Би тэр утасны үнэлгээг нь мэдэхгүй байна.

Мөн гар утасны гэрэнд байсан 40 000 төгрөг байсан. Алдсан эд зүйлийнхээ хохирлыг бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 20-21, 55 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд хохирогч- С.Н мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид-Эрдэнэ” нэртэй зочид буудалд Г, эхнэр Мын хамт хоносон. Тэгээд маргааш өглөө нь Мтой фэйсбүүкээр О гэх танил эмэгтэй нь холбоо бариад бид нарын амарч байсан буудалд 11 цагийн үед ирсэн. О ирээд бөөнөөрөө пиво уух уу гэж хэлээд О дэлгүүр гараад 2 ширхэг 2,5 литрийн пиво авчраад манай эхнэр Мтой хуучлангаа ганцаараа авчирсан пиво уугаад байсан. Тэгээд Г бид хоёр 16 цагийн үед унтахаар хэвтсэн. Тэгээд унтаж байсан чинь манай эхнэр дуудахаар нь сэрсэн чинь “нөгөө О чинь байхгүй байна, бид нарын гар утас байхгүй байна” гээд Гоос М “чиний гар утас байна уу” гэж асуусан чинь “байхгүй байна” гэж хэлсэн. Миний Самсунг Эс-7 Эджэ, Айфоне-6 загварын гар утсыг хулгайлсан. Самсунг Эс-7 Эджэ загварын гар утсыг 2018 оны 12 дугаар сард 340 000 төгрөгөөр Драгон төвийн гар утасны худалдааны төвөөс худалдан авч байсан. Айфоне-6 загварын гар утсыг 2018 оны 10 сард найзаасаа 250 000 төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг Эс-7 Эджэ загварын гар утсыг 290 000 төгрөгөөр, Айфоне-6 загварын гар утсыг 200 000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас) 

 

Мөрдөн байцаалтанд хохирогч-П.Г мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид-Эрдэнэ” нэртэй зочид буудалд С.Н, түүний эхнэр М нарын хамт хоносон. Тэгээд маргааш өглөө нь Мтой фэйсбүүкээр О гэх танил эмэгтэй нь холбоо бариад бид нарын амарч байсан буудалд 11 цагийн үед ирсэн. О ирээд бөөнөөрөө пиво уух уу гэж хэлээд О дэлгүүр гараад 2 ширхэг 2,5 литрийн пиво авчраад С.Нгийн эхнэр Мтой хуучлангаа ганцаараа авчирсан пиво уугаад байсан. Тэгээд С.Н бид хоёр 16 цагийн үед унтахаар хэвтсэн. Тэгээд унтаж байсан чинь Нгийн эхнэр дуудахаар нь сэрсэн чинь “нөгөө О чинь байхгүй байна, Н бид хоёрын гар утсыг аваад явсан байна. Чиний гар утас байна уу” гэж асуухаар нь гар утсаа хайж үзэхэд байхгүй байсан. Миний гар утас нь цагаан өнгийн Самсунг гранд-2 загварын гар утас байсан. Тухайн гар утсыг 2018 оны 3 сард 170 000 төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг гранд-2 загварын гар утсыг 100 000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. (хэргийн 30-31 дүгээр хуудас)

 

Кости эстимэйт ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 20/22 тоот албан бичигт:

Samsung брэндийн Galaxy S7 edge /64GB/, iphone6 /64GB/, Galaxy S6 edge /64GB/, Samsung note2, Samsung grand2 загварын гар утаснууд нь Монгол улсын гар утас худалдаа үйлчилгээний газар болон Tedy гар утасны худалдааны төв дээр 2019 оны 1 дүгээр сарын байдлаар Samsung брэндийн Galaxy S7 edge /64GB/ 290 000 төгрөг, iphone 6 /64GB/ 200 000 төгрөг, Galaxy S6 edge /64GB/ 250 000 төгрөг, Samsung Grand2 100 000 төгрөгийн тус тус дундаж үнээр худалдаалагдаж байсныг тодорхойлж байна. Мөн Toyota Gaia маркийн  автомашины түлхүүр 1 ширхэгийн үнэ 8 000 төгрөг болно гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Б.О нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид-Эрдэнэ” зочид буудлын 201 тоот өрөөнөөс хохирогч Б.Мын Самсунг Галакси Эс-6 Эджэ, Самсунг нөүт-2 загварын гар утас, Гайа маркийн авто машины түлхүүр, бэлэн 40 000 төгрөг,

хохирогч С.Нгийн Самсунг Галакси Эс-7 Эджэ, Айфоне-6 загварын гар утас,

хохирогч П.Гын Самсунг Гранд-2 загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас бусдад нийт 988 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М, С.Н, П.Г нарын мэдүүлэг, Кости эстимэйт ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 20/22 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Оээс 398 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мод, 490 000 төгрөг гаргуулж, хохирогч С.Нд олгохоор шийдвэрлэж, хохирогч П.Гын Самсунг Гранд-2 загварын гар утсыг буцаан өгч, хохиролгүй болгосныг дурдав.

Б.Оийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 88 цагийг хасаж тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Оийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Оийн энэ хэрэгт цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг нийтэд тустай ажлын 8 цагаар тооцож, 88 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О 262 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Отггончимэгээс 398 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мод,

490 000 төгрөг гаргуулж, хохирогч С.Нд тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН