Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 850

 

 

 

 

 

 

 

 

    2020            9            29                                    850

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч: Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сд холбогдох эрүүгийн 2005024781407 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, жаазны үйлдэв ажиллуулдаг, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт С.

 

Шүүгдэгч Ч.С нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололын 11-203 тоотод эхнэр О.Утай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.С мэдүүлэхдээ:

Тухайн үед хүнд өгөх гэж ялгаж байсан хувцаснаас болоод бид маргалдсан. Би өмнө нь Уын биед халдаж байгаагүй. Хохирогч У хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул хохирол төлөөгүй. Одоогоор бид тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрсэн хэдий боловч хадам ээж маань биднийг хамт амьдарна гэхэд дургүйцэж байгаа. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.У мэдүүлэхдээ:

Болсон асуудлын талаар гэвэл хэдэн сард гэдгийг мэдэхгүй. Манай хадам ээж гадаадаас хувцас авч ирээд тэр хувцаснуудаа нөхөр бид хоёроор янзлуулахаар манай гэрт тавьсан  байсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хадам ээж над руу залгаад наана байгаа хувцаснуудыг тоолоод хажуу айлынхаа эгчид өгөөрэй гэхээр нь нөхөр бид хоёр тоолох санаатай хадгалсан хувцаснуудыг гаргаад байж байтал манай нөхөр, хоёр хүүхэд тоглоод миний янзалж байсан хувцаснуудыг авч ийш тийш шидээд байсан. Би уг нь ганцаараа хувцаснуудыг янзлана гэж бодож байсан. Тэгсэн боловч манай хоёр хүүхэд янзалж байсан хувцаснуудыг ийш тийш шидээд байсан болохоор нөхөр дээрээ очоод “чи хоёр хүүхдээ харж байгаач, би айл унтахаас өмнө хувцаснуудыг янзлаад өгье” гэхэд манай нөхөр “за би 00 ороод ирье” гэсэн. Нөхөр Ч.С бие засна гээд нойлд ороод удаад байхаар нь “айл унтаж амарлаа, унтахаас нь өмнө бараагаа тоолоод оруулж өгье” гэж хэлсэн. Гэтэл намайг “5 минут бие засуулахгүй ямар ядаргаатай пизда вэ” гэсэн. Тэгэхэд нь би “айл унтаж амрахаас өмнө оруулж өгөмөөр байна, эсхүл чи өөрөө наад хувцасаа тоолоод үнийг нь бичээд оруулаад өг” гэж хэлсэн чинь “чи олж ирсэн мөнгөнөөс нь идэж байж үхсэндээ том дуугараад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “ээжийн чинь барааг зарахад нь тусалдаг” гэж хэлэхэд “чи ганц ч төгрөг олж ирдэггүй юм байж битгий олон юм яриад бай” гэж хэлсэн. Би “2 хүүхдээ хараад гарах боломжгүй байна. Чи мэдсээр байж ингэж хэлж байгаа юм уу” гэж хэлэхэд “би та гурвыг тэжээх албагүй. Чи нэг хүүхдээ тэжээ, би нэг хүүхдээ тэжээнэ” гэсэн. Тэгээд би 2 хүүхдээ унтуулах гээд үүдний өрөөнөөс хувцасыг нь авч байсан чинь хойноос ирээд миний толгой руу гараараа нэг удаа алгадах маягтай цохисон. Тэгэхээр нь би “чи надад нэг биш нэлээд хэдэн удаа гар хүрч байгаа. Одоо би чамайг цагдаа дуудаж өгнө” гээд утсаа аваад цагдаа дуудах гэсэн чинь миний гар утсыг булааж аваад намайг үсдээд доошоо газар хэвтүүлээд хөлөөрөө хоёр удаа гуя руу өшиглөсөн. Би “миний гар утсыг өг, цагдаа дуудна” гэсэн чинь “цагдаа нар чинь юу хийж чаддаг юм бэ, би ганц цаг болохгүй хувцасаа гөвөөд гараад ирнэ” гэсэн. Би гар утсаа булааж аваад нөгөө өрөө рүүгээ ороод ээж рүүгээ залгаж, “цагдаа дуудаад өг, манай нөхөр намайг зодоод байна” гэж хэлээд өрөөнийхөө хаалгыг дотроосоо түгжих гэсэн чинь түлхэж орж ирээд намайг хананд шахаад, хоолой боож, толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод “ингээд цагдаагаа дууд” гэхээр нь би “дуудна” гэсэн чинь намайг үсдээд үүд рүү хэд хэдэн удаа чирээд намайг гэрээс гаргах гээд байсан бөгөөд би тавилганаасаа зуурч үлдсэн. Тэгээд би 2 хүүхдийн хамт өрөөндөө ороод хаалгаа дотроосоо түгжсэн. Удалгүй цагдаа ирсэн.

Өмнө нь намайг 2019 оны 6 дугаар сард гэр бүлийн маргаанаас болоод миний хоолойг боож, нүүр рүү цохиод, газарт унагааж байсан. Тухайн үед зодуулснаас болоод тавиулаад удаагүй байсан спираль доргиод 1 сар орчим доошоо цус алдаж байсан. 2020 оны 4 дүгээр сард мөн гэр бүлийн маргаанаас болоод намайг цохиж, өшиглөж, юм шидсэн. Тэгээд миний толгой хөдөлсөн. Мөн 2020 оны 6 дугаар сард лагерь дээр байхдаа намайг зодож байсан. Тэр үед хадам ээж байсан учраас салгаж байсан. Сүүлд өчигдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зодсон. Би өмнө нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Мөн зодуулахдаа гэрийнхэндээ хэлж байгаагүй. Эвлэрснийхээ дараа ийм зүйл болоод өнгөрсөн гэж хэлдэг байсан. Миний бие Ч.Стай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие ажил ихтэй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 5, 104 дүгээр хуудас)

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9051 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Уын биед тархи доргилт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 55-57 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

                                                                             

Шүүгдэгч Ч.С  нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололын 11-203 тоотод хохирогч О.Утай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Уын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9051 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч О.У  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч О.У нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Ч.С нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Сд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ч.Сд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.С цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч О.У нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН