Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 857

 

 

 

 

 

 

 

 

    2020           9            30                                    857

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 2005 0191 01470 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Г.

 

Шүүгдэгч Д.Г нь иргэн Ш.Баясгалангийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 59 дүгээр байрны 1-32 тоот нэг өрөө байрыг түрээслэх хугацаандаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Э.Сд өөрийн эзэмшлийн байр мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээслэн 1 000 000 /нэг сая/ төгрөгийн хохирол учрруулан залилсан  гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Г мэдүүлэхдээ:

Тухайн байрны түрээсийг төлөх боломжгүй болоод тодорхой хугацааны дараа мөнгөө буцаагаад өгчих байх гэж бодсон. Гэтэл ажил дээр хулгай ороод түрээсийн мөнгийг буцааж төлж чадаагүй. Би хэн нэгнийг санаатайгаар хуурч, залилах талаар бодоогүй. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Прокурортой сайн дураараа торгох ялыг тохиролцсон. 450 000 төгрөгийн торгуулыг 1 сарын хуагцаанд төлнө. Хохирогчийн хохирлыг дүүгээсээ мөнгө зээлж, төлж барагдуулсан. Харин ашиглалтын зардалын хувьд би барьцааныхаа мөнгийг авах ёстой гэв.

                    

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.С мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр фейсбүүк дээрээс Ganbaatar Damdin гэх хаягаас байр түрээслэнэ гэх зарын дагуу 88900304 дугаараар холбогдоод тэр оройдоо Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 59-1-32 тоот байранд ирж үзээд гайгүй байр болохоор нь Г, Одонцэцэг нараас тус байрыг түрээслэхээр болсон юм. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус байрыг түрээслэхээр Г гэх хүнтэй гэрээ байгуулан барьцаа 500 000 төгрөг болон нэг сарын түрээс 500 000 төгрөг нийт 1 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5068098025 дугаартай данснаас Дамдин Г гэх хүний 5720725998 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тус байранд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нүүн орж амьдарсан ба амьдарч байх хугацаандаа Г гэх хүнээс асууж тодруулах зүйл гараад утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй алга болсон. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байрны эзэн Сэ гэх хүн ирээд энэ байрыг Г гэх хүн түрээслээд сүүлийн нэг сарын түрээсээ төлөлгүй алга болсон гээд ороод ирсэн. Энэ үед Г намайг залилсан байсныг мэдсэн юм.

        Би Д.Гаас өөрийн хохирол болох 1 000 000 сая төгрөгийг бэлнээр хүлээн авч Гтай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журсаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 41, 87 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Сэ мэдүүлэхдээ:

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 59/1-32 тоот нь миний төрсөн ах Ш.Баясгалангийн өмчлөлд байдаг. Тус байрыг 2016 оноос хойш бусдад түрээслүүлж байгаа. Уг байрыг би ерөнхийдөө хариуцаад хүмүүст түрээслүүлдэг ба 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Одгэрэл гэх хүнд нэг сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлсэн ба Одгэрэл нь өөрөө түрээслэхээ болиод Г гэх хүнийг тус байранд оруулсан юм байна лээ. Тухайн үед надад цаг тухайд нь түрээсийн төлбөрөө тушаадаг байсан учраас би тус байранд очдоггүй байсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын дундуур Одгэрэл нь байрнаас гарахаар боллоо байраа хүлээж аваарай гэж хэлсэн ба би тухайн үед байранд очиход С гэх хүн орчихсон байсан ба Сд Г гэх хүн “би энэ байрны эзэн нь байна” гэж хэлээд нэг сарын барьцаа 500 000 төгрөг болон нэг сарын түрээсийн мөнгө гээд 500 000  төгрөг нийт 1 000 000 төгрөг аваад явчихсан байсан. Би Сд үнэн учрыг нь хэлээд өөрийн авах ёстой түрээсийн төлбөрөө аваад өнөөдрийг хүртэл С гэх хүнд уг байрыг түрээслүүлж байгаа. Г гэх хүн нь тус байрнаас гараад явахдаа байрны мөнгө болон СӨХ-ийн мөнгийг тус тус төлөөгүй явчихсан гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн иргэн Э.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5068098025 тоот данснаас Д.Гын эзэмшлийн Хаан банкны 5720725998 тоот данс руу 1 000 000 /нэг сая/ төгрөгийг “байрны төлбөр” гэх утгатай шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. (хэргийн 8 дугаар хуудас)

 

2020  оны 4 дүгээр  сарын 29-ний өдөр иргэн Э.С, Д.Г нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ. (хэргийн 9-11 дүгээр хуудас)

 

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэхээр 1 000 000 төгрөг бусдад өгсөн боловч залилуулсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй 1-4 гэж дугаарлан байрлуулсан зургаас таниас 1 000 000 төгрөг залилан авсан гэх хүн энд байна уу, байвал заана уу гэж асуухад танигч Э.С нь эдгээр хүмүүсийн зургаас надаас 1 000 000 төгрөг залилан авсан хүн 4 гэсэн дугаартай хүн байна гэж сэжигтэн Д.Гын зургийг зааж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 75 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Г нь Ш.Баясгалангийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 59 дүгээр байрны 1-32 тоот нэг өрөө байрыг түрээслэх хугацаандаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Э.Сд өөрийн эзэмшлийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.С, гэрч Ш.Сэ нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түрээсийн гэрээ, таньж олуулах ажиллагаа явуулах тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

               

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.С нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох 1 000 000 сая төгрөгийг бэлнээр хүлээн авч Д.Гтай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журсаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Г нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Гыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Гт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН