Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 15

 

 

 

Д.Ганзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Д.Ганзориг түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, прокурор Н.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ганзоригт холбогдох эрүүгийн 201721000002 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1990 оны 03 сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, Соёон овогт Дүгэрсүрэнгийн Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 19-24 ХОҮ дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 –гийн а, 9.2, 2.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ч.Өнөрбаянгийн амь насыг хохироосон, иргэн М.Нямжавын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Соёон овогт Дүгэрсүрэнгийн Ганзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч Соёон овогт Дүгэрсүрэнгийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож 62 хоногийг нэмж нийт эдлэх ялыг 4 жил 62 хоногоор тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт оногдуулсан 4 жил 62 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн 201721000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн куртик, хар өнгийн дотуур өмд, хоёр талаараа хар оруулгатай  плаж, хар өнгийн тааран цамц, хар өнгийн нэг хос түрийтэй гутал, цэнхэр өнгийн оймс, шар өнгийн шилэн трико, нокиа маркын арын таглаагүй гар утас, куртикний хар өнгийн бүс, саарал өнгийн хөхний даруулга, цагаан захтай хар өнгийн цамц, шаргал өнгийн дотоож, хар өнгийн сандаал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад, бор өнгийн сандаал, ягаан өнгийн утсыг хохирогч М.Нямжавд, 19-24 ХОҮ улсын дугаарыг шүүгдэгч Д.Ганзориг нарт буцаан олгож, цэнхэр өнгийн хагархай гупер, мөн Киа гэсэн бичигтэй гупер, хагарсан толины гэр, урд гуперний хагархай хэсгүүд, хагарсан толины хэсэг, толины суурь төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригоос 5122621 /таван сая нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат нь хохирогч нас барснаас учирсан хохирол болох цалин тэтгэмжийн зөрүү болон 8 нас хүрээгүй хүүхдийг асран тэтгэх зардлаа,  мөн хохирогч М.Нямжав нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй ба хохирогч М.Нямжавд 470000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад 200000 төгрөг тус тус төлснийг дурдаж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Д.Ганзоригт оногдуулсан 4 жил 62 хоногийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар 3 сарын хугацаанд арга хэмжээ авахыг даалгаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Ганзоригт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж,

 шүүгдэгч Д.Ганзоригийн 76-96 ХОҮ Элентра маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, Вонго J-2 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан.

            Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан бөгөөд уг заалтад хорих ял оногдуулж тэнсэх талаар заагаагүй байна.

            Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Д.Ганзоригт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,

            4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 62 хоногийг нэмж нийт эдлэх ялыг 4 жил 62 хоногоор тооцож шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуульд шүүгдэгчид хорих ял оногдуулж тэнсэх талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг  хүлээлгэж болохоор заасан байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Д.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Анхан шатны шүүхээс 3 сарын хугацаанд хохирлыг барагдуул гэсэн учраас ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч, хохирлыг нь 1 сарын хугацаанд барагдуулсан.

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Д.Ганзоригийн өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй гэж үзэж байна.       Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д тодорхой заасан байхад хуучин хуулиар ял оногдуулж, тэнсэж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар энэ заалт байхгүй болсон гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.                                                                                                     

             Учир нь: Шүүгдэгч Д.Ганзоригийн үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.      

            Шүүх Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  шүүгдэгч Д.Ганзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т  зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож 62 хоногийг нэмж нийт эдлэх ялыг 4 жил 62 хоногоор  тооцож  хорих ял оногдуулж  мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Д.Ганзоригт оногдуулсан 4 жил 62 хоногийн хорих ялыг 2  жилийн хугацаагаар  тэнсэж

            Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан , эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлаагүй  мөн шинэ, хуучин эрүүгийн  хуулийг зэрэг хэрэглэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн алдаанууд гаргасныг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “ оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай ойлголт, хэм хэмжээ тусгагдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад” . . . таван жил хүртэл хугацаагаар тэнсэж . . .” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “. . . хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно “ гэж тодорхой зааж хуульчилсныг 2002 оны Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт зохицуулагдсан “ тэнсэх” гэсэн эрүүгийн хариуцлагын төрөлтэй адилтган төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн уг хэргийг зөв шийдвэрлэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ганзоригт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ганзоригт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд нь буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Д.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.                                                                  

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                  

Б.ДАМБА