Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 347

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Л.Өлзийжаргал, шүүгч С.Отгонтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А,  

Хариуцагч: СБД ЗДТГД,

Гуравдагч этгээд: Д.У, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.А нь СБД ЗДТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг СБД ЗДТГДд тус тус даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг хуульчлахдаа “төрийн байгууллага өөрчлөн, байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасан байхад албан тушаалаас чөлөөлж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм. Өөрөөр хэлбэл Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга гэсэн албан тушаал нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны Б/249 дүгээр тушаалын 2-р хавсалтаар өөрчлөгдөөгүй тул уг албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.А намайг буцаан томилох ёстой байхад томилоогүй нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-ийг зөрчин 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг 92 оноо буюу маш сайн гэж үнэлсэн байхад дээрх тушаалын 2-р хавсралтаар “хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд бууруулан томилсон нь хууль бус юм. Албан тушаалыг захиргааны санаачлагаар бууруулах үндэслэлгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.7-т заасны дагуу урьд эрхэлж байсан тушаал болох Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаал томилох ёстой байсан. 

Дээрх хууль бус захиргааны акт болон хууль бус эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн төрийн албанд ажиллах эрхээ сэргээлгэхээр “СБД ЗДТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 2-р хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, СБД ЗДТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 2-р хавсралтаар албан тушаал бууруулж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг СБД ЗДТГДд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...”гэжээ.

Хариуцагч СБД ЗДТГД-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Б бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/401 дүгээр захирамжаар батлагдсан орон тоонд багтаан албан хаагч нарыг томилохыг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг “...дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасныг баримтлан Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар 77 албан хаагчийг чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар 83 албан хаагчийг үүрэгт ажилд нь томилж, нэхэмжлэгчийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хэлтсийн дарга нарын шуурхай хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж гарч бүтэц, орон тооны байдал өөрчлөгдөж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт “биечлэн уулзах”-т заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсхүл, өөр ажил албан тушаалд ажиллах талаар санал болгосон Ц.А-ын хувьд тус бүтэц орон тоотой холбоотой, томилогдсон албан тушаалын асуудлаар аливаа байдлаар өргөдөл, хүсэлт өгч байгаагүй бөгөөд 2017 оны 01 сард Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллах болсон. 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Төрийн албаны тухай хулуийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг “...холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана., 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж хуульчилсан байх бөгөөд тус асуудлаар төрийн албаны зөвлөлд 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, шүүхэд ТАЗ-ийн шийдвэрийг хүлээн авсан эсхүл, гомдлыг гаргасан 30 хоногийн дуусмагц гаргах буюу сүүлийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргахаар хуульчилсан.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар төрийн албаны зөвлөлд тус гомдол, шүүхэд гаргах нэхэмжлэлийг 30 хоногийн дотор гаргаагүй /2017.01.28/ нь тус хуулийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах тухай өргөдөл, гомдол хүсэлтээ байгууллагад гаргаж байгаагүй тул урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохгүй байх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай ойлголт байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... Ц.А-ын хувьд СБД ЗДТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны Б/249 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, мөн тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан байдаг.

Ц.А нь өөрийг нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр 4 сар гаруйн хугацаанд ажилласан ба энэ хугацаанд л лав Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөө зөвшөөрөхгүй байгаа талаар өргөдөл, гомдол гаргаагүй. Мөн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөгдсөн талаараа ч маргаагүй байна гэж ойлгогдож байна. 

Миний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Намайг уг албан тушаалыг хариуцан ажиллаж байгааг нэхэмжлэгч нь мэдэж байсан билээ. Хэрвээ үнэхээр зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед холбогдох байгууллагад нь гомдлоо гаргах байсан гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ц.А нь СБД ЗДТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг СБД ЗДТГДд тус тус даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно. 

Шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэг: СБД ЗДТГД-ын үүрэг гүйцэтгэгчээс гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын Ц.Аад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” захирамжийн 2 дугаар хэсгийн 2.2-т “Санхүү төрийн сангийн хэлтэс”-ийг Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн бүтэц багтаан баталсныг  үндэслэл болгон Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А/401 дүгээр Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийг  гаргаж дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.

Эдгээр захирамжийг хэрэгжүүлэхээр хариуцагч СБД ЗДТГД-ын үүрэг гүйцэтгэгчээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/249 дүгээр тушаалыг  гаргасан байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, батлагдсан бүтэц, орон тооны дагуу 2 дугаар хавсралтаар нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг эгүүлэн томилсон байна. 

Ингэхдээ тушаалын 1 дүгээр хавсралтаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.А-ыг албан тушаалаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар түүнийг “Санхүү, төрийн сангийн хэлтэс”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон, “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга”-ын албан тушаалд томилгоо хийлгүйгээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгчийг буцаан томилохдоо албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчиж үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус зөрчсөн, актын хууль зүйн үндэслэл нь бүхэлдээ буруу, түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан актыг гардуулах болон сонсох ажиллагааг явуулаагүй...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

а/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, “23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж тус тус заасныг төрийн жинхэнэ албан хаагч нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтантай байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээгээр хангалтгүй дүн авсан буюу ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй байхаар ойлгож хэрэгжүүлэх юм.

Гэтэл нэхэмжлэгч Ц.А нь түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтантай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээгээ 92 оноо буюу “Маш сайн”  үнэлгээтэй дүгнүүлсэн, түүнчлэн Нийслэлийн аудитын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд  тус дүүргийн Тамгын газрын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна”  гэж дурдсан байгаагаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хууль зөрчин албан тушаал бууруулсан болох нь тогтоогдож байна.

б/ Маргаан бүхий акт болох Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтад нэхэмжлэгчийн албан тушаалыг “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга”  гэсэн байх ба мөн тушаалын хоёрдугаар хавсралтын хоёр дахь хэсэгт  “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга” гэж заасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын нэр өөрчлөгдөөгүй нь болох нь тогтоогддог ба түүний төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Гэтэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасныг зөрчин Ц.Аыг урьд нь эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилоогүй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь 2017 оны Б/249 дүгээр тушаалынхаа нэр, агуулгад үл нийцсэн буюу зорилгодоо нийцээгүй үйл ажиллагааг явуулж, нэгэнт батлагдсан орон тоо байсаар атал нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал болох “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга”-ын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлээгүй байх ба энэ эс үйлдэхүй нь хууль бус байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах учиртай байхад захиргааны санаачилгаар түүнийг албан тушаал бууруулсан акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д“, 23.1.2-т заасан үндэслэлийг заагаагүй, эрх зүйн байдлыг хөндөхдөө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна. Мөн захиргааны актыг гаргахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын Ц.А-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ц.Аыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр: Ажилгүй байх үеийн цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг СБД ЗД-д даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэхээр дүгнэсэн ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг СБД ЗДТГДд даалгах” шаардлага нь мөн хангагдах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт болох 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нь “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга”-ын албан тушаалаас чөлөөлөгдсөн хэдий ч хариуцагчийн мөн өдөр гаргасан Б/160 дугаар тушаалаар  “Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилогдон 2017 оны 01 дүгээр сарын 09-нийг хүртэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс “Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар уг албан тушаалаасаа чөлөөлөгджээ. 

Гэвч 2017 оны Б/85 дугаар тушаалын 2 дахь заалтад Ц.А-ын ажил хүлээлцэх өдрийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тогтоосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заажээ.

 а/ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх /Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан/ 02 сар 28 хоног буюу 88 хоногийн ажилгүй байсан үеийн нөхөх олговрыг хэлтсийн даргын болон мэргэжилтний цалингийн зөрүүгээр,  2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 2018 оны 6 дугаар сарын 05-ныг хүртэл 01 жил 01 сар 28 хоног буюу 423 хоногийн ажилгүй хугацааны олговрыг “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга”-ын цалингаас нэхэмжлэгчийн цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...тодорхойлохоор” заасны дагуу тус тус тооцоход

Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сард 969.362 төгрөг, 2 дугаар сард 971.002 төгрөгийн, 3 дугаар сард 987.802 төгрөгийн цалин авч байсан нь нийгмийн даатгалын дэвтрээр  тогтоогдож байх ба 3 сарын хугацаанд авсан цалин 2.928.166 төгрөгийн дундаж нь 2.928.166 /3 сар=976.055 төгрөг;

Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажилласан сүүлийн 3 сард 2017 оны 10 дугаар сарын цалин 1.317.274 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын цалин 1.334.074 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын цалин 2.015.137 төгрөг тус тус авсан болох нь цалингийн тооцооны карт,  нийгмийн даатгалын дэвтрээр  тогтоогдож байх ба 3 сарын дундаж цалин нь 4.702.485/3 сар=1.567.495 /нэг сарын дундаж цалин/ төгрөг болж байна. Үүнээс 1.567.495-976.055=591.440 /цалингийн зөрүү/ төгрөг, үүнийг сарын ажлын дундаж хоногт хуваахад /591.440/21,5=27.508/  1 ажлын өдрийн дундаж цалин 27.508 төгрөг байна. Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан 02 сар 28 хоногийг сарын дундаж ажлын өдөр шилжүүлэхэд 62 хоног болж байх ба 62 хоног*27.508=1.705.496 төгрөгийн зөрүүг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

б/ 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 2018 оны 6 дугаар сарын 05-ныг хүртэлх нийт 423 хоногийг сарын дундаж хоног 30-д хуваахад 14 сар 1 хоног, 14 сарыг сарын дундаж ажлын өдөрт үржүүлэхэд 14 сар *21.5 =301 хоног үүн дээрээ 1 хоногоо нэмээд нийт нийт 302 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга”-аар ажиллаж байх үеийн цалингаас нэхэмжлэгчид олгох зүйтэй ба дээр дурдсанаар нэхэмжлэгчийн 2016 оны 10, 11, 12 дугаар сарын дундаж цалин 2.015.137 төгрөгөөс 1 сарын дундаж цалинг тооцоход 1.567.495 төгрөг, 1.567.495 төгрөгийн сарын дундаж цалинг сарын дундаж ажлын хоног 21.5 хоногт хуваахад /1.567.495/21,5=72.907/ нэг өдрийн дундаж цалин 72.907 төгрөг болж байх ба 72.907 *302 /ажилгүй байсан нийт хоног/=нийт 22.017.914 /хорин хоёр сая арван долоон мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг, үүн дээр цалингийн зөрүү 1.705.496 төгрөгийг нэмээд /1.705.496+22.017.914=23.723.410/ нийт 23.723.410 /хорин гурван сая долоон зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг; 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг тус тус хариуцагч СБД ЗДТГДд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Гурав: Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар: 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “...маргаан бүхий Б/249 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газар дарга тухайн батлагдсан бүтэц орон тооны дагуу ажилтан албан хаагч нарыг чөлөөлж албан тушаалд томилох тухай Б/249 дүгээр захирамжийг гаргахдаа Ц.Аыг Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон. Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэж тайлбарлаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан захиргааны актыг мэдэгдэх үйл ажиллагаатай холбоотой баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэж байх явцад олдоогүй, байж болох эх сурвалжийг хэргийн оролцогч нараас зааж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл дээрх Захиргааны ерөнхий хуулийн зүйл хэсэгт заасан хуулийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн эсэхээс хамаарч нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжтой байх бөгөөд энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж заасанд хамаарахаар байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс  нэхэмжлэгчийн маргаан бүхий Б/249 дүгээр тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан, салбар зөвлөл гомдлыг хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл шийдвэрлээгүй нь захиргааны буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу Ц.А-ыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй” гэж дүгнэжээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБД ЗДТГД-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын Ц.А-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүй СБД ЗДТГД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ц.А-ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23.723.410 /хорин гурван сая долоон зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Аад олгохыг, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч СБД ЗДТГД-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.БАТБААТАР  

                        ШҮҮГЧ                 С.ОТГОНТУЯА

                               ШҮҮГЧ                  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ