Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01814

 

М.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01131 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1546 дугаар магадлалтай,

М.Бын нэхэмжлэлтэй

Н.Дд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 149 570 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Д нь 2017 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдөр Булган аймгийн Өвөрхангай суманд н.Банзрагч гэж залуутай хамт очиж үхэр авна, би махны ченж хийдэг, мах өндөр үнээр борлуулах гэрээт газартай гэж өөрийгөө танилцуулаад М.Бын үхрийг үзээд явсан. Наадмын дараа 3 залуутай ирээд 30 эр үхэр ачаад явсан. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 180 үхэр заруулахаар Н.Дд өгсөн. Н.Д тухайн үед мал нядалгааны газруудаар орж 2017оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зарж дуусгаад 117 000 000 төгрөгийг М.Бд өгөөгүй. Мөнгөө авахаар Н.Дтай уулзахад банкны хүүгээс өндөр 3.5-4.5 хувиар мөнгийг чинь өсгөөд өгье би хадлан хадаж байгаа, 50.000 орчим өвс бууж, 1 боодлыг 6 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон Өвөрхангайн өвсний фондод бэлэн мөнгөөр 30 000 өвс өгөхөөр тохиролцон нийт 300 000 000 төгрөг олохоор болсон. Таны мөнгийг хүүтэй нь өгнө гэж хэлсний дагуу зээлүүлэхээр тохиролцсоны дагуу талууд 2017 оны 9 сарын 06-ны өдөр 117000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай Н.Дд зээлж, тухайн өдрөө зээлийн гэрээг бичгээр хийсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор буцааж өгнө гэж гэрээнд тусгасан боловч өгөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний 2.7-д "зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ" гэж заасан. Гэрээнд анзын талаар тохиролцсон учраас хүү зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. Иймд Н.Даас үндсэн зээл 117 000 000, хүү 16 380 000, алданги 16 190000, нийт 149 570 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байна. Бэлэн мөнгө зээлээгүй, үхрийн мах борлуулж хамтран ажиллаж байсан. Хадлангийн техник тракторт оруулсан мөнгө юм. М.Б нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, өөрөө хүлээн зөвшөөрч тоног төхөөрөмж, тракторыг хүлээн авч, гарын үсэг зуран Дорнод руу өөрийн унаагаар хамт явж, 10 гаруй хоног хадлан дээр хамт ажиллаж байгаад гэнэт шийдвэрээ өөрчилж мөнгөө авна гэж уурласан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр надад үхрээ өгч худалдан борлуулаад тохиролцсоны үндсэн дээр хадлан руу орсон. Хадлан дээр очоод М.Баярсайхан нь гэнэт шийдвэрээ өөрчилж мөнгөө авна, буцна гээд байхаар нь аргагүйн эрхэнд мөнгө зээлсэн гэсэн нотариатын гэрээ хийж буцаасан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хадлан дээр өвс преслэж байгаад техникийн осолд орж, аарцаг нуруу хугарч хүнд гэмтсэн. М.Бын мөнгийг техник, тоног төхөөрөмж, трактор худалдан авахад зарцуулсан. Би 4 500 000 төгрөг буцааж өгсөн боловч нэхэмжлэлдээ дурдаагүй байна. М.Б хадлангийн ажилд хамтарч ажиллах тохиролцоонд хүрээгүй бол би эрүүл мэндээрээ хохирохгүй, ийм мөнгөний асуудалд орохгүй байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01131 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар Н.Даас гэрээний үүрэгт 131 158 000 төгрөг гаргуулж, М.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 912 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 905 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 813 740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1546 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаяр хяналтын гомдолдоо: Хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Магадлалын хянавал хэсэгт: ...М.Б, Н.Д нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 117 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сар 24 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан, энэ нь худалдаж авсан зүйлийн үнийг төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр солилцохоор тохиролцсон нь ИХ-ийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ... гэжээ. Хариуцагч Н.Д нь М.Баас 2017 оны 08 дугаар сард үхэр авч, түүнийг цааш нь зарж борлуулан нийт 106 460 000 төгрөгөөр худалдсан байдаг. Ингээд худалдсан үхэрний төлбөрийн оронд Хадуур тоног төхөөрөмж, худалдах худалдан авах гэрээ байгуулан 106 460 000 төгрөгийн үнэ бүхий трактор, преслэгч зэргийг М.Б нь хүлээн авсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхол байгаагүй бөгөөд Дорнод аймагт хадлан дээр өвс преслэж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байсан хэдий ч ажлын явцад М.Б нь оруулсан хөрөнгөө буцаан авахаар шаардаж эхэлсэн байна. Ингээд Дорнод аймгийн нотариат дээр очин зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд 117 000 000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд худалдсан үхэрний төлбөрөөр зээлийн гэрээ байгуулсан гэх боловч хэдий хэмжээний үхрийг нийт хэдэн төгрөгөөр худалдаж, зээлийн гэрээнд бичигдсэн 117 000 000 төгрөг үүссэнийг нотлоогүй. Өөрөөр хэлбэл ХХАГ-ний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж байгаа нөхцөлд үхэр худалдсан гэх үйл баримтыг эхлээд нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Гэсэн ч хариуцагч үхэрний төлбөрийг 106 460 000 төгрөг болсон гэдэгт маргадаггүй бөгөөд тэрхүү төлбөрөөр М.Б нь трактор авсан гэдгийг нотолж, баримтыг гаргаж өгсөн. Мөнгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр алданги, хүү тооцох боломжгүй. 2017 оны 01 сарын 12-ны өдөр талууд “Тооцоо нийлж”, нийт төлбөрийн үлдэгдэл 112 500 000 төгрөг болохыг тохиролцсон байхад бодитоор байгуулагдаагүй зээлийн гэрээний нөхцлийг барьж, хүү, алданги тооцон 131 158 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа юм. Нэхэмжлэгч М.Б нь үхэрнийхээ төлбөрийг авалгүйгээр, тракторт хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавин ажлыг эхлүүлчихээд гэнэт хэлцлээсээ татгалзсаны улмаас хариуцагч Н.Ды эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учрахаас гадна өнөөдрийн байдлаар хүү, алдангийн төлбөр давхар нэхэгдэж байгаа нь хүндрэлтэй байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Хэрэв талууд анхнаасаа зээлийн гэрээ байгуулах хүсэлтэй байсан бол М.Б нь тракторыг хүлээн авах, хариуцагч Н.Д нь зээлсэн мөнгөөрөө заавал хадлангийн бизнес эрхлэх шаардлагагүй байсан зэрэг нь талуудын хооронд зээлийн гэрээ бус хамтран ажиллах хэлцэл хийгдэж байсныг нотолж байгаа юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1546 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, 18 658 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Даас зээлийн гэрээний үүрэгт 149 570 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн төлсөн 4 500 000 төгрөгийг хасч, шаардлагаа багасган, 145 070 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...мөнгө зээлээгүй, үхрийн мах борлуулж, 106 000 000 төгрөг болсноос хадлангийн бизнест хамтран ажиллахаар тохирч, тоног төхөөрөмж, трактор худалдан авсан, нэхэмжлэгч нь нэг трактор авсан тул түүний үнэ 89 000 000 төгрөг, төлсөн 4 500 000 төгрөгийг хасч, 12 857 800 төгрөг төлнө...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 180 толгой үхэр өгсөн, уг үхрийн махыг хариуцагч худалдан борлуулсан үйл баримтыг зохигчид маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь үхрийн махны үнэ 117 000 000 төгрөг болсон, улмаар уг мөнгөн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан гэсэн бол хариуцагч үхрийн махыг зараад 106 000 000 төгрөг болсон, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргасан, зохигчид нь маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан байна.

Талууд өмнөх үүргийг өөр үүргээр солих нь хууль зөрчихгүй тул үхрийн махны үнэ төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүргийг хангуулахдаа хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, үндсэн зээлийг 106 000 000 төгрөг гэж үзэж, хүү, алдангийн хамт тооцож, 115 597 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцжээ. 18 658 000 төгрөгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлаж, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01131 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1546 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251 240 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.               

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА